Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023.05.17-ны өдрийн №85 тогтоол
Тоймын дугаар, огноо: №39 /ЭХТ-13/, 2023.06.22
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Б нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албаны чиг үүргийн дагуу царцаатай тэмцэх ажлыг удирдан зохион байгуулахдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар хуваарилсан санхүүжилтээс түлш, шатахууны зардалд “ХАБ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн нийт 53,787,000 төгрөгөөс гурван удаагийн үйлдлээр бэлнээр болон бусдын дансыг ашиглан 40,500,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан байна.
Анхан шатны шүүх Б-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болох 40,500,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Б болон түүний өмгөөлөгч нар “... Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хангалттай нотлох баримт байхгүй, гэрчүүдийн мэдүүлэг тогтворгүй, зөрүүтэй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргаж, шүүхийн шийдвэрийг давж заалдсан.
Давж заалдах шатны шүүх Б-ийн албан тушаалаа урвуулан ашигласан гурван удаагийн үйлдлээс бусдын дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан үйлдлийг нотлогдсон, харин үлдсэн хоёр удаагийн бэлнээр мөнгө гаргуулан авсан үйлдлийн талаар гол гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй гэсэн дүгнэлт хийсэн байна. Улмаар “Гэм буруугийн талаар үндэслэл бүхий эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг баримтлан хоёр удаагийн бэлнээр мөнгө гаргуулан авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй уялдуулан Б-ээс гаргуулах төлбөрийн хэмжээг 16,000,000 төгрөг болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Дээд шүүх прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, хоорондын харилцан хамаарал, талуудын мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох бөгөөд нотлох баримтуудыг цогц байдлаар бүхэлд нь авч үзээд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн талаар бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрснийг гэм буруугийн талаар эргэлзээ бий болсонд тооцох бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болдог.
Давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүх нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж, үнэлээгүй, гэм буруугийн талаар үндэслэл бүхий эргэлзээ үүссэн асуудлыг хоёр гэрчийн мэдүүлгээр хязгаарлан дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй гэж хяналтын шатны шүүх үзсэн байна.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://supremecourt.mn/printc?id=38870
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн