Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр М.Пүрэвсүрэн
Шийдвэрийн огноо 2023.05.17
Шийдвэрийн дугаар 85
Хэргийн индекс 164/2021/0055/Э
Маргааны төрөл
Хуулийн зүйл, заалт 22.1-1
Шийдвэрлэсэн байдал

Тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.12.15, дугаар: 159
Анхан шатны шүүх Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2023.02.14, дугаар: 08
Давж заалдах шатны шүүх Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 05 сарын 17 өдөр
Дугаар: 85
Улаанбаатар хот


 

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай


Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Б.Одбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар магадлалтай, Б.Б д холбогдох 1916001930029 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Б.Одбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б.Б .

 

Шүүгдэгч Б.Б  нь ГААХХААГ-ын  даргын албан тушаалд ажиллаж байхдаа Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/238 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар томилогдон Говь-Алтай аймгийн Т сумын нутаг дэвсгэрийн 16,800 га газарт царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ХХААХҮС-ын 2017 оны А-01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/131 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу царцаатай тэмцэх арга хэмжээнд зориулан улсын төсвөөс хуваарилсан санхүүжилтээс түлш, шатахууны зардалд “Х” ХХК-ийн Хаан банкны ... тоот данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг тус компанийн захирал Ш.Наас бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2017 оны 10 сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөгийг Д.Эийн Хаан банкны ... тоот дансаар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг “Х” ХХК-ийн захирал Ш.Нын эхнэр Я.Эгаас бэлнээр тус тус авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б ийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг 15 нэгжээр тооцон торгох ялаас хасч, шүүхээс оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, шүүгдэгч Б.Б эс 40,500,000 төгрөг гаргуулан ХХААХҮЯ-нд олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 200,000 төгрөг гаргуулан “Ашид билгүүн” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Б д холбогдох хэргээс “Х” ХХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь ... тоот дансанд 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг “Х” ХХК-ийн захирал Ш.Наас бэлнээр, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг “Х” ХХК-ийн захирал Ш.Нын эхнэр Я.Эгаас бэлнээр авсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б эс 16,000,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ХХААЯ-д олгож, 24,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 200,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б эс гаргуулж “Ашид билгүүн” ХХК-д олгож, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй” гэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулжээ.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяа хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. ХХААХҮЯны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/131 дүгээр тушаалын хавсралтаар 2017 онд Говь-Алтай аймагт 29,800 га газарт царцаатай тэмцэх арга хэмжээ зохион байгуулахаар 119,460,000 төгрөгийн төсөв баталж, ГААХХААГ-ын  дарга Б.Б , нягтлан бодогч Т.Г, мэргэжилтэн Э.П нартай Царцаатай тэмцэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлын 170606/04-081 дүгээр гэрээ байгуулжээ. Үүний дагуу Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/238 дугаар захирамжаар царцаатай тэмцэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг ахлагчаар Б.Б ийг томилсон байна. Б.Б  нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Х” ХХК-ийн захирал Ш.Нтай “Т суманд хийгдэх царцаа устгалын ажилд шатахуун нийлүүлэх гэрээ”-г байгуулж, улмаар “Х” ХХК-ийн Хаан банкин дахь эзэмшлийн ... тоот данс руу ХХААГ-аас нийт 53,787,000 төгрөг шилжүүлсэн болох нь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 104, 4 хх 58-59/, 199, 240, 490 дугаартай төлбөрийн баримтууд /1 хх 30, 32, 34/, гэрч Ш.Н, Я.Э нарын мэдүүлгээр тогтоогдсон. Шүүгдэгч Б.Б  нь “Х” ХХК-ийн захирал Ш.Нтай 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Т суманд хийгдэх царцаа устгалын ажилд бензин шатахуун нийлүүлэхээр байгуулсан гэрээний дагуу шатахууны төлбөрт шилжүүлсэн мөнгөнөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг “Х” ХХК-ийн захирал Ш.Н, түүний эхнэр Я.Э нараас 2017 оны 09 дүгээр сард Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 1-32 тоот гэрийнхээ хашааны гадна бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөгийг Д.Эийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч 2017 оны 10 дугаар сарын 21-22 өдөр нийт 6 удаагийн зарлагын гүйлгээгээр АТМ-аас авсан, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг “Х” ХХК-ийн захирал Ш.Нын эхнэр Я.Эгаас гэрийнх нь гадаа бэлнээр авсан болох нь гэрч Ш.Н, Я.Э нарын мэдүүлэг болон “Х” ХХК-ийн дансны хуулга, гэрч Д.Эийн Хаан банк ХХК дахь эзэмшлийн ... тоот дансны хуулга, гэрч Ш.Э, Д.Э нарын мэдүүлгээр нотлогдсон. Мөн анхан шатны шүүх хуралдаанд Ш.Н, Я.Э нар гэрчээр оролцохдоо дээрх 2 удаагийн үйлдлээр 24,500,000 төгрөгийг Б.Б д бэлнээр өгсөн талаараа мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан үзэх үүрэгтэй.

Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Тодруулбал, давж заалдах шатны шүүх гэрч Ш.Н, Я.Э нарын мэдүүлгийн нотолгооны ач холбогдол, мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага үнэлэхдээ алдаа гаргасан. Гэрч Ш.Н, Я.Э нар нь гэрчээр өгсөн эхний мэдүүлэгтээ Б.Б д өгсөн мөнгөн дүн, мөнгийг хэрхэн яаж өгсөн гэдгээ мартаж санаснаас болж өөр өөр байдлаар мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад 3, 4 дэх удаагаа өгсөн мэдүүлгүүддээ “...2 удаа нийт 24,500,000 төгрөг өгсөн...” талаараа тогтвортой мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүхээс Ш.Н, Я.Э нар 24,500,000 төгрөгийг Б.Б д өгсөн гэдэг нь эргэлзээтэй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримт цуглуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгах боломжгүй болсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн болно.

2. Яллагдагч Б.Б  нь царцаатай тэмцэх ажилд зарцуулагдах 53,787,000 төгрөгийн санхүүжилтээс бодитоор 40,500,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгээгүй буюу хохирол учруулсан байхад гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 24,500,000 төгрөгийг хасч тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: ХХААХҮЯнаас Говь-Алтай аймагт царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулсан. Дээрх ажлыг Говь-Алтай аймгийн ХХААГар хариуцаж, дарга Б.Б  ажлын хэсгийг удирдан зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд Б.Б  нь “Х” ХХК-тай Шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр Говь-Алтай аймгийн ХХААГраас тус компанийн дансанд нийт 53,787,000 төгрөгийг шилжүүлсэн. Шүүгдэгч Б.Б  нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг гэрийнхээ гадаа Ш.Н, Я.Э нараас бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 16,000,000 төгрөгийг иргэн Д.Эийн дансаар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг бэлнээр авсан нь гэрч Ш.Н, Я.Э, Ш.Э, Д.Э нарын мэдүүлэг, банкны гүйлгээний хуулга зэргээр тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын явцад гэрч Ш.Н 22,000,000 төгрөг бэлнээр өгсөн газраа андуурч мэдүүлсэн хэдий ч залруулсан байдаг. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо 2 удаагийн үйлдлээр нийт 24,500,000 төгрөг бэлнээр өгсөн тухайгаа батлан мэдүүлсэн. Шүүх эдгээр гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримтыг бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрч Ш.Н, Я.Э нарын шүүгдэгчид өгсөн 24,500,000 төгрөгийн эх сурвалж тодорхой бус гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн ХХААГраас шилжүүлсэн 53,787,000 төгрөгөөс 40,500,000 төгрөгийн ажил гүйцэтгэгдээгүй болох нь царцаа устгах ажилд дайчлагдсан сумын иргэдийн мэдүүлгээр тогтоогдсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасны дагуу хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

... анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлж, хэт нэг талыг баримталсан, хийсвэр дүгнэлтийг хийсэн. Учир нь:

1. Б.Б д 40,500,000 төгрөгийг гэрч, “Х” ХХК-ийн захирал Ш.Н, Я.Э нар бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөн гэж анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг дүгнэсэн. Гэрч Ш.Н, Я.Э нар нийт 5-7 удаа мэдүүлэг өгөхдөө өөр хоорондоо харилцан зөрүүтэй, тогтвортой бус мэдүүлснээс гадна эх сурвалжаа зааж чадаагүй.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоогоогүй бөгөөд шүүгдэгч Б.Б д гэрч Я.Э, Ш.Н нарын өгсөн гэх мөнгийг ямар эх үүсвэрээс гаргаж өгсөн, мөн тэдний гэрчээр өгсөн мэдүүлэгт авагдсан мэдээллийн эх сурвалжийг заавал тодруулж, хэргийн үйл баримтыг хангалттай, бодитой тогтоосны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан байхад прокуророос гэрч Я.Э, Ш.Н нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж тэдний өмнө өгсөн мэдүүлэг болон мэдүүлгийн эх сурвалжийг бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Гэрч Я.Э нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэхдээ “манай нөхөр шатах тослох материалынхаа үнийг аваад үлдсэн мөнгийг бэлнээр өгсөн гэж хэлсэн” /1-р хх 141/, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлэхдээ “илүү гарсан 30 гаруй сая төгрөг өгсөн талаараа надад хэлсэн” /1-р хх 156/, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэхдээ “би 22 сая төгрөгийг бэлнээр орлогоосоо өгсөн... 40,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн... 16 саяыг манай нөхөр шилжүүл гэж хэлсэн...” /1-р хх 174/, “Гэрийнх нь гадаа 22 саяыг бэлнээр өгсөн... 2,5 саяыг орлогоосоо өгсөн...” гэж /3-р хх 165/ тус тус мэдүүлсэн.

Гэрч Ш.Н 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэхдээ “...шатах тослох материалаа тооцож аваад бусдыг нь Б д бэлнээр өгсөн... 2 удаа өгсөн...” /1-р хх 144/, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “тооцоо дуусгаад дэвтрээ устгасан, 34-35 саяыг ажил дээр нь бэлнээр 2 удаагийн давтамжтай өгсөн. Яг хэдэн төгрөг өгснөө мэдэхгүй байна... эхнэр мэдэж байгаа...” гэж /1-р хх 153/, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “мөнгө шилжсэний дараа 22 саяыг бэлнээр авмаар байна гэхээр нь аймгийн төвд 22 саяыг бэлнээр ажлын өрөөнд нь аваачиж өгсөн... дараа нь 16 саяыг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн... 2,500,000 төгрөгийг манай эхнэрээс бэлнээр ирж авсан 40,500,000 төгрөгийг өгсөн үүнээс 24,500,000 төгрөгийг бэлнээр...” гэж /2-р хх 172/, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлэхдээ “...16 сая төгрөг эхнэртээ шилжүүл гэж хэлээгүй андуурсан байна... над руу удаа дараа ярьсан...” гэж /3-р хх 12/, “Гэрийнх нь гадаа 22 саяыг эхнэртэйгээ аваачиж өгсөн...” гэж /3-р хх 155/ тус тус мэдүүлсэн.

Дээрх мэдүүлгүүдээс харахад Ш.Нын эхнэр Я.Э анх мэдүүлэг өгөхдөө Б.Б д ямар нэгэн байдлаар бэлнээр мөнгө өгсөн талаараа огт мэдэхгүй, нөхрөөсөө сонссон гэж мэдүүлж байснаа сүүлдээ 22,000,000 төгрөгийг өөрөө ажил дээр өгсөн гэж, дараа нь гэрт нь хүргэж өгсөн гэж анх өгсөн мэдүүлгээсээ тэс өөрөөр мэдүүлдэг.

Мөн 16,000,000 төгрөгийг анх манай нөхөр шилжүүл гэж хэлэхээр нь би шилжүүлсэн гэж мэдүүлсэн бөгөөд нөхөр Ш.Н нь ингэж хэлээгүй гэж мэдүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Н, Я.Э нар мэдүүлэг өгсөн боловч өмнөх 5-7 удаагийн мэдүүлгийн зөрүү арилаагүй, мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Б ийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг ноцтой зөрчсөн бөгөөд Б.Б д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг шалган тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай, эргэлзээгүй, бүрэн дүүрэн тогтоогоогүй бөгөөд зөвхөн хууль сануулж мэдүүлсэн гэрч нарын мэдүүлэг үнэн зөв, шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болох учир худал ч мэдүүлэг өгч болно гэсэн хэт нэг талыг баримталсан дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

“Х” ХХК-ийн 3 жилийн татварын тайлангаас үзэхэд жилдээ дунджаар 10-15 сая төгрөгийн ашиг орлого олдог, 2017 оны борлуулалтын орлого 60 гаруй сая төгрөг байсан бөгөөд Говь-Алтай аймгийн Хөдөө аж ахуйн газраас шилжүүлсэн мөнгийг тэр даруйд нь шатах, тослох материалын захиалга хийж “У” ХХК руу шилжүүлсэн нөхцөл байдлыг огт анхаарч үзсэнгүй. Гэрч нарт хууль сануулан мэдүүлэг авсан учир хуульд нийцсэн гэж үзсэн ч эдгээр гэрч нарыг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэдгийг нотлохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэрч нар үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэх дээр холбогдох ажиллагааг буюу гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж болох 40,500,000 төгрөгийг хаанаас, хэзээ ямар байдлаар олсон эсэхийг, гэрч нарын орлогыг шалгах бүрэн боломжтой байхад уг ажиллагааг огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийг ноцтой зөрчсөн.

2. Шүүгдэгч Б.Б ийн холбогдож буй хэрэг нь 2017 оны 08 дугаар сард үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчлөн найруулсан билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “...Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тоолно...” гэж заасан бөгөөд миний үйлчлүүлэгч Б.Б д холбогдох хэрэг нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төгссөн, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “...энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн...” тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнд тооцно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Б.Б д холбогдох хэргийн хувьд 5,400 нэгжээс 27,000 нэгжээр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан нь хөөн хэлэлцэх хугацааны хувьд 5 жил байхаар байна. Тэгэхээр Б.Б д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад давж заалдах шатны шүүхээс түүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж, түүнийг гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

...Гэрч Ш.Н, Я.Э нар мөнгө өгсөн гэх байршил, өгч авсан гэх мөнгөн дүнг мэдэхгүй байсан хүмүүс сүүлдээ өөрөө авч очиж өгсөн болдог. Говь-Алтай аймгийн ХХААГраас шилжүүлсэн мөнгөнөөс Б.Б д бэлнээр гаргаж өгсөн гэж “Х” ХХК-ийн дансыг шалгаж үзэхээр хүүхдийнхээ хадгаламжид 30 гаруй сая төгрөг, “У” ХХК-ийн дансанд 20 орчим сая төгрөг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Говь-Алтай аймгийн ХХААГраас шилжүүлсэн шатахууны төлбөрүүд өөр өөр дансанд орсон байгаа. Хоёр гэрч шүүхийн хэлэлцүүлэгт “Бидэнд их хэмжээний бэлэн мөнгө байсан” гэж мэдүүлсэн боловч прокуророос тухайн мөнгө ямар үйл ажиллагааны үр дүнгээс бий болсон эсэхийг тогтоох санаа байгаагүй, ажиллагаа хийгээгүй ... Түүнчлэн Д.Эийн картаас түүний нөхөр мөнгө авсан, эсвэл Б.Б  авсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй атлаа Б.Б ийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар магадлал хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг, магадлалыг хүчингүй болгож, Б.Б ийг цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Б.Б д холбогдох эрүүгийн хэрэг анхан шатны шүүхээр 2 удаа давж заалдах шатны шүүхээр 2 удаа хянан хэлэлцэгдэж байна. Өмнө нь Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар магадлалаар гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг /гэрч Н, Э нарын орлого эх үүсвэрийг шалгаж/ тогтоох шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаасан. Гэтэл энэхүү ажиллагаатай холбоотой 2017 онд болсон үйл явдалтай холбогдуулж 2019-2021 оны гэрч нарын дансны хуулгыг хэрэгт хавсаргаж нэр төдий ажиллагаа явуулсан. Давж заалдах шатны шүүхээс гэрч нарын бэлэн өгсөн гэж ярьдаг 22,000,000 төгрөг, 2,500,000 төгрөгийн эх сурвалжийг нотолж чадаагүй, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй эргэлзээтэй гэж дүгнэж зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэ хэргийн гэрч Э, Н нар нь гэр бүлийн хамаарал бүхий ашиг сонирхолтой гэрчүүд юм. Түүнчлэн гэрч Эгийн тухайд цагдан хорих байранд шүүхийн зөвшөөрөлгүй хоригдох үедээ эрүү шүүлт тулгаж сэжигтнээр Б ийн эсрэг мэдүүлэг авсан байдаг. Сэжигтнээр Б ийн эсрэг мэдүүлэг авснаас хойш 2 жилийн хугацаанд дахин огт гэрчээр ч мэдүүлэг аваагүй. Өөрийгөө хамгаалж өгсөн ашиг сонирхол бүхий сэжигтний хууль зөрчиж авсан мэдүүлгийг Б ийн эсрэг ашиглаж гэм буруутайд тооцож байгаа нь хуулийн үндэслэлгүй юм.

Ашиг сонирхол бүхий тухайн хэрэгт холбогдолтой байж болзошгүй гэрч нарын өөрсдийгөө хамгаалж байгаа, бусад нотлох баримтаар нотлогдоогүй мэдүүлгээр Б ийг гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл гэрч, сэжигтэн Э, царцаа устгалын ажилд жолоочоор ажиллаж Нтай шатахуун тос, тослох материалын тооцоо хийж байсан. Тухайн царцаа устгалын ажилд хэдэн төгрөгийн шатахуун зарцуулагдсан, хэдэн төгрөг болохыг мэдэх хүмүүс Н болон Э нар байсан бөгөөд 16 сая төгрөг Эгийн эхнэрийн данс руу орсон байдаг.

... Ш.Э, Ш.Н нар царцаа устгалын ажилд хэрэглэх бензинийг өгч, авч байсан ба тэдний хоорондын харилцаа холбоог огт шалгалгүйгээр Б.Б ийг ялласан нь хууль зөрчсөн. Ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүдийн мэдүүлгийг ялгаж салгаж ойлгох нь зүйтэй. Хэдэн төгрөгийн бензин өгсөн, зарцуулсан болох нь Ш.Э, Ш.Н нарын хооронд болсон асуудал байтал Б.Б ийг авч ашигласан гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Дээрх нөхцөл байдлын ялгаа заагийг гаргаагүйгээс 20,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн 16,000,000 төгрөгийг Б.Б  авсан уу, эсхүл Ш.Э авсан уу гэдгийг тогтоогоогүй. Ш.Эг сэжигтнээр байцааж, Б.Б ийн эсрэг мэдүүлэг авсан. Тухайн үед Ш.Эгаас ямар нөхцөл байдалд мэдүүлэг авсан тухай баримтууд түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдэд тодорхой байдаг. Тэгэхээр Эгийн мэдүүлэг үнэн зөв, бодит эсэх нь эргэлзээтэй. Хоёр жил орчмын дараа яллагдагчаар татахдаа гарын үсгийн шинжилгээ хийсэн боловч хариу нь ирээгүй байхад хэрэг шийдвэрлэгдсэн. Иймд хэргийн бодит байдлыг тогтоож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Б  хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “... намайг буруугүй, Эийн дансаар мөнгө аваагүй гэдгийг нотлох тайлбарыг гэрч Ш.Э бичгээр гаргаж өгсөн нь хавтас хэрэгт байгаа. Мөн эхнэр Э нь дансаар орсон мөнгийг хэн авсан гэсэн асуултад манай нөхөр авсан гэж хариулсан нь хавтас хэрэгт байгаа. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтад тооцож авч үзээгүй. Прокурор анхаарч мэдүүлэг, тайлбарын үнэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, шүүх нягтлаагүй. Ш.Э болон түүний гэр бүлийг айлган сүрдүүлж, дарамтлан мэдүүлэг авсан талаар өмгөөлөгч Мөнхнасандаа хэлсэн байдаг. Өмгөөлөгч Мөнхнасан прокурорт хандан “цагдан хорих байранд мөрдөгч орж гарсан камерын бичлэг, мөрдөгчөөс Ш.Эгийн эхнэр, хүүхэд рүү нь залгасан утасны ярианы билл зэргийг хэрэгт хавсаргах” хүсэлт гаргаж, мөрдөгчийн хууль бус үйлдэлд гомдол гаргасан боловч энэ асуудлыг тодруулах зорилгоор ажиллагаа хийгдээгүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй хийсвэр дүгнэлт хийсэн.

Ш.Эг цагдан хорьж байхдаа мэдүүлэг авсан, түүнээс хойш дахин мэдүүлэг авч зөрүүг арилгаагүйг шүүх анхаарч үзээгүй. Ш.Эгийн эхнэр Э өөрийнхөө дансаар яагаад ийм мөнгө орж ирээд хаашаа яаж зарцуулагдсаныг 2017-2019 оны хооронд 2 жилийн хугацаанд мэдсэн байж таарна. Тэгэхээр Э, Б.Б  намайг авсан бол Б.Б  авсан гэж хэлэх ёстой. Харин ч эсрэгээрээ манай нөхөр авсан гэж 1 удаа мэдүүлсэн байгааг шүүх ач холбогдлыг үнэлээгүй, нотлох баримтаар тооцохгүй байна. Ш.Эгийн эхнэр Э манай нөхөр тухайн үед өөрийн гэсэн данс, картгүй байсан ба миний картыг ашигладаг байсан гэж мэдүүлдэг. Ш.Э тухайн үед өөрийн ямар нэг банкны картгүй эхнэрийнхээ картыг ашиглаж байсан эсэх, өөрийн гэсэн банкны карттай байсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоох боломжтой. Харин ч Ш.Э өөрөө эхнэр Эийн дансаар мөнгө авсан нь тодорхой харагдаж байна.

Мөн Ш.Э гэдэг хүн өдөр болгон шатахуун, тос тослох материал авч царцаатай тэмцэх ажлыг газар дээр нь хийж байсан ба Ш.Нтай шатахуун авах асуудлаар өдөр болгон харилцаж байсан хүн юм. Тиймээс Ш.Н Ш.Э нар хоорондоо шатахууны зөрүүний асуудлаар мөнгө, төгрөгийн тохиролцоо хийж, өөрсдөө авсныг прокурор, мөрдөгч шалгаж нягтлаагүйг шүүх анзаарч үзээгүй. Миний бие Ш.Н, Ш.Э нар тохиролцож, үгсэн хуйвалдаж надад хэрэг тохож өөрсдөө хийсэн хэргээсээ мултарсан гэж үзэж байна. Ш.Н, Ш.Э нар болон шүүх, прокурор нь миний эрхийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх хүсэлт өгөхөд хийхгүйгээр үл барам шууд захирамж гаргасан ба захирамжтай холбоотой тэмдэглэл бусад материал хавтас хэрэгт байхгүй. Ер нь надад ял өгөх гэсэн улс төрийн захиалга байгаа. Учир нь би 2016-2020 оны хооронд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байсан. Надад олон удаагийн улс төрийн дарамт шахалт, заналхийлэл ирж байсан. Энэ улс төрийн дарамт, шахалт, заналхийлэлд бууж өгөөгүй учраас захиалгаар гүтгүүлж 4-5 жилийн хугацаанд хууль шүүхийн байгууллагаар явж байна.

... гэрчүүд “...хэдэн литр шатахуун авсныг мэдэхгүй, хар дэвтрээ устгачихсан” гэж мэдүүлсэн атлаа 13 сая төгрөгийн шатахуун авсан гэдгийг мэддэг. Түүнчлэн “Х” ХХК нь 2015, 2016 онуудад 15 сая төгрөгийн шатахуун борлуулсан. Харин манай ажил хийгдсэн 2017 онд 60 сая төгрөгийн шатахуун борлуулсан. Эргээд 2018 онд 21 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь санхүүгийн тайлангаас харагдана ... Д.Эийн данснаас хэн мөнгө авсан болохыг нотлох камерын бичлэгийг авах хүсэлт гаргасан боловч мөн л шийдвэрлээгүй. Иймд намайг хилс хэрэгт гүтгэж буй асуудлыг шийдвэрлэж, намайг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсвэл мөрдөн байцаалт руу буцааж эргэлзээтэй байгаа асуудлуудыг тодруулж намайг гэм буруугүй гэдгийг нотлох боломжоор хангаж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Б.Одбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Б д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2. Шүүгдэгч Б.Б  нь ГААХХААГ-ын  даргын албаны чиг үүргийн дагуу тус аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/238 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар томилогдон Говь-Алтай аймгийн Т сумын нутаг дэвсгэрийн 16,800 га газарт царцаатай тэмцэх ажлыг удирдан зохион байгуулахдаа ХХААХҮС-ын 2017 оны А-01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар хуваарилсан санхүүжилтээс түлш, шатахууны зардалд “Х” ХХК-ийн Хаан банкны ... тоот данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг компанийн захирал Ш.Наас бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2017 оны 10 сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөгийг Д.Эийн Хаан банкны ... тоот дансаар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг “Х” ХХК-ийн захирал Ш.Нын эхнэр Я.Эгаас бэлнээр тус тус авсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

3. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бодитой сэргээн тогтооход хүрэлцэхүйц байна.

4. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субъектийг нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан бөгөөд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцжээ. Гэмт санаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ урвуулан ашиглаж давуу байдал олж авах гэсэн зорилгод үндэслэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн эдгээр хуульчилсан шинжүүд нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенц болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын үзэл санаатай шууд уялдана.  


Шүүгдэгч Б.Б ийн ГААХХААГ-ын  даргын албаны чиг үүргийн дагуу аймгийн Засаг даргын захирамж, салбарын яамтай байгуулсан гэрээгээр олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлж бэлчээр хамгаалах зорилгоор улсаас төсөвлөн зохион байгуулсан ажлыг удирдан гүйцэтгэхдээ түлш, шатахууны зардлаас 40,500,000 төгрөгийг хувьдаа авч өөртөө хууль бусаар давуу байдал бий болгосон үйлдэлд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.


5. Харин давж заалдах шатны шүүхээс “... гэрч Ш.Н, Я.Э нарын Б.Б д бэлэн мөнгө өгсөн талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь орон зай, цаг хугацаа, мөнгөний хэмжээний хувьд өөр хоорондоо зөрүүтэй, өөр бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримт цуглуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгах боломжгүй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б д холбогдох хэргээс зарим үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудын харилцан хамаарал, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлтийг нэг бүрчлэн үндэслэлтэй няцаан үгүйсгэж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, эсхүл түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулсан гэж бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүйд хүрвэл үүнийг үндэслэл бүхий эргэлзээнд тооцох ба ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болно.

Харин тухайн хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй буюу нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд хоорондоо зөрчилтэй тохиолдолд аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй бол эргэлзээ үүссэн гэж үзэхгүй.  

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ХХААХҮЯны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/131 дүгээр тушаалаар Говь-Алтай аймагт нийт 29,800 га газарт царцаатай тэмцэх арга хэмжээ зохион байгуулахаар 119,460,000 төгрөгийн төсөв баталж, аймгийн ХХААГрын дарга Б.Б , нягтлан бодогч Т.Г, мэргэжилтэн Э.П нартай Царцаатай тэмцэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулж, хэрэгжүүлэх ажлын 170606/04-081 дүгээр гэрээ байгуулсан. /1 хх 51-55/ Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/238 дугаар захирамжаар царцаатай тэмцэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг ахлагчаар Б.Б ийг томилсноор дээрх санхүүжилтийг зарцуулах эрх үүссэн. /1 хх 58/ Энэ ажлын хүрээнд Б.Б  нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Х” ХХК-ийн захирал Ш.Нтай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан байх боловч гэрээний гол нөхцөл болох нийлүүлэх шатахууны тоо хэмжээ, үнийг  тусгаагүй. /1 хх 38-40/ Мөн Б.Б  нь “Х” ХХК-ийн 3 ширхэг тамгатай хоосон санхүүгийн баримтыг шаардаж авсан талаар гэрч Ш.Нын өгсөн мэдүүлэг /3 хх 149/, уг санхүүгийн хоосон баримтыг үндэслэн гүйлгээ хийхийг шаардсан, хоосон баримтаар санхүүгийн гүйлгээ хийх боломжгүйг сануулахад өөрөө бөглөж уг гүйлгээ хийгдсэн талаар аймгийн ХХААГрын нягтлан бодогч ажилтай Т.Ггийн өгсөн мэдүүлэг /3 хх 117, 127/ болон №199, 240, 490 дугаартай төлбөрийн баримтууд /1 хх 30, 32, 34/,  “Х” ХХК-ийн ... тоот дансанд гурван удаагийн орлогын гүйлгээгээр нийт 53,787,000 төгрөг орж ирснийг бэхжүүлсэн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 104, 4 хх 58-59/, Б.Б  аймгийн ХХААГраас шилжүүлсэн мөнгөнөөс дансаар болон бэлнээр нийт 40,500,000 төгрөг авсан талаар гэрч Ш.Н /1 хх 144, 153, 2 хх 172, 3 хх 12, 150, 155, 7 хх 8/, гэрч Я.Эгийн /1 хх 141, 2 хх 156, 174, 3 хх 164, 168, 7 хх 2/ нарын өгсөн мэдүүлгүүд, гэрч Ш.Н бэлнээр 22,000,000 төгрөг өгсөн газраа зааж өгч чадна гэсний дагуу мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад Б.Б ийн гэрийг заасан болохыг бэхжүүлсэн тэмдэглэл /3 хх 156/, Б.Б  бусдын дансыг ашиглаж “Х” ХХК-аас мөнгө шилжүүлж авсан талаар ХХААГар жолоочоор ажилладаг, царцаа устгах ажилд оролцсон Ш.Эгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2 хх 222-224/, хуулийн этгээд, иргэдийн дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудыг бүхэлд нь дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б  нь “Х” ХХК-ийн дансанд шилжүүлсэн царцаа устгах ажилд зарцуулагдах шатахууны зардлаас 40,500,000 төгрөг хувьдаа авсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэрч Ш.Нын 8 удаагийн, гэрч Я.Эгийн 7 удаагийн мэдүүлгийг харьцуулан шинжлэн судлахад шатахууны зардалд зарцуулах мөнгөний тодорхой хэсгийг Б.Б  шаардаж авсан гэдгийг анхнаасаа тогтвортой мэдүүлдэг бөгөөд бэлэн мөнгөний хэмжээ, мөнгө өгсөн газраа зөрүүтэй мэдүүлж байсныг дараагийн мэдүүлгээр арилгаж, уг мөнгийг гэрт нь хүргэж өгснөө гэрч Ш.Н баталж мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцжээ.

7. Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Б.Б д холбогдох хэргээс бэлнээр мөнгө авсан 2 удаагийн үйлдлийг эргэлзээтэй гэж үзэн хэрэгсэхгүй болгохдоо нотолгооны хэмжээ хязгаарыг дээрх нэр дурдсан хоёр гэрчийн мэдүүлгээр хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн агуулгатай нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх гэрч Ш.Н, Я.Э нарын мэдүүлгийн зөрүүг гаргах зорилгоор хийгдсэн бусад ажиллагаанууд, тухайлбал “Х” ХХК-ийн дансны хуулгууд, нутаг орны иргэдийн өгсөн мэдүүлгүүд, гэрч Ш.Нын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэгтэй харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай шалгаж, үнэлэхийн оронд хоёр гэрчийн мэдүүлгийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг зөрчиж байна.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэг үйлдэх үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу тоолох ёстой гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан зохицуулалт нь хугацаа тоолох журмыг тогтоосон шинжээрээ процессын хэм хэмжээний мөн чанарыг агуулдаг тул гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацааг тоолох хууль зүйн үндэслэлгүй.

9. Харин анхан шатны шүүх, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, улмаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөөгүйгээс гадна, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар шүүх хуралдаанд санал, дүгнэлт гаргах эрхийг хязгаарлаагүй гэж үзсэн болно.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хяналтын шатны шүүхээс тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн бичсэн эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Б.Одбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

 

                                        ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                                                         М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                         Б.ЦОГТ