Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню
A A

1927 оны эхээр Улсын Дээд шүүх таслах газар нь дарга, хоёр гишүүн, нарийн бичгийн даргаас бүрдэж байсан бөгөөд бусад түшмэл, бичээч, зарлага зэрэг ажилтнуудыг Шүүх яамны албан хаагчдаас хавсран хэрэглэж байлаа. Тэдгээр нийт 14 хүний дотор Чингисийн угсааны тайж 4, ард 10, эрэгтэй 14, цөм монгол бичиг мэдэх хүмүүс байв.          

1928 оны 01 дүгээр сарын 13-ны “БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын түр дагаж явах дүрэм”-д тус газрын даргын эрхлэх хэргийн хүрээнд тус газрын албан хаагчдыг томилон авах, шилжүүлэх, чөлөө олгох, албанаас халах зэрэгт тушаал гаргаж гүйцэтгэнэ, харин тус газрын нарийн бичгийн даргын гүйцэтгэх хэргүүдэд “урьдаар гишүүдтэй зөвлөн хэлэлцэн тогтоон ..бичээчийн зэрэг албан хаагчдыг томилон авах ба халах зэргийг эрхэлж болно” гэж зааснаас үзэхэд шүүх таслах газрын даргын дэргэдэх эрх бүхий захиргааны бие даасан анхны алба хаагч нь Дээд шүүх таслах газрын нарийн бичгийн дарга байжээ гэж үзэх үндэс байна. Энэ дүрэмд зааснаар нарийн бичгийн даргаас гадна туслах түшмэл, байцаагч түшмэл, нягтлан бодох, бичээч зэргийн захиргааны орон тоог албан ёсоор тусгайлан зааснаас үзэхэд Дээд шүүх таслах газар нь өөрийн гэсэн захиргааны орон тооны албан хаагчтай болсон байна.          

БНМАУ-ын Ардын Их Хурлын IV дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар буюу 1960 оны 7 дугаар сарын 4-нд “Шинэ Үндсэн хууль”-ийг баталсан бөгөөд уг хуулийн 65 дугаар зүйлд “БНМАУ-ын Дээд шүүх бол шүүн таслах дээд байгууллага мөн. Дээд шүүх нь тус улсын шүүхийн байгууллагын бүх ажлыг удирдаж шүүн таслах ажиллагаанд хяналт тавина[]” гэж заасан нь шүүхийн захиргааны чиг үүргийг үндсэн хуулиар харьяалуулан бэхжүүлсэн явдал юм.          

1959 онд Шүүх яамыг татан буулгаснаар түүний үндсэн үүрэг Улсын Дээд шүүхэд шинжсэнтэй холбогдож, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 176 дугаар тогтоолоор Улсын Дээд шүүхийн аппаратын орон тоог 40 нэгжтэйгээр баталсан байна. Энэ нь Дээд шүүх ба Шүүх яам хоёрын нийлсэн тооноос 19-өөр цөөн гэсэн үг юм. Тухайн үед Шүүх яамаас Дээд шүүхэд шилжсэн нэг үндсэн үүрэг бол шүүхийн тоо бүртгэлийн ажил юм.          

1961 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 535 тоот БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсын Дээд шүүхийн орон тоог 45 нэгжтэй байхаар баталж, 1959 оны 176 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ. Энэ орон тооны зохион байгуулалтаар Шүүхийн байгууллагын хэлтсийг бий болгож дараах үндсэн чиг үүргийн хэрэгжүүлж байжээ. Үүнд:

  • Тэргүүлэгчдийн хуралд хэлэлцэгдэх асуудлыг боловсруулах, тогтоолын биелэлтэд хяналт тавих;
  • Орон нутгийн шүүхүүдийг шалгаж зааварлаж ажил;
  • Шүүхүүдийн ажлын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих;
  • Боловсон хүний асуудал;
  • Хугацаат даалгаврын биелэлтэд хяналт тавих;
  • Мэдээлэл;
  • Сонгуультай холбогдох асуудал;
  • Аппаратын зөвлөгөөн;
  • Нотариатын ажил;
  • Хуулийн суртал нэвтрүүлэг, олон түмний ажил;
  • Шүүхүүдийн нэгдсэн тоо бүртгэл;
  • Ардын төлөөлөгчийн зөвлөл хэсгийн ажил;
  • Тэргүүний туршлага судлах нэвтрүүлэх ажил;
  • Шүүхийн практик сэтгүүл;
  • Тогтоол гүйцэтгэлийн ажил;
  • Шүүхүүдийн тайлан илтгэл зэрэг болно.          

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 653 дугаар тогтоолоор Улсын Дээд шүүхийн орон тоог 21,3 хувиар хорогдуулж, 37 нэгж болгосон байна.          

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 463 дугаар тогтоолоор баталсан Улсын Дээд шүүхийн орон тооны тухай тогтоолоор Улсын Дээд шүүхийн орон тоог 39 нэгжтэй байхаар баталж, 1961 оны 653 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.          

Улсын Дээд шүүхийн даргын 1965 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тушаалаар Улсын Дээд шүүхийн дэргэдэх Улсын Нотариатын конторыг 1965 оны 4 дүгээр сарын 1-ээс эхлэн Улаанбаатар хотын шүүхийн дэргэдэх нотариат болгон шилжүүлэн ажиллуулжээ.          

Энэ үед Цагаатгалын үнэмлэх олгох ажлыг Улсын Дээд шүүхийн тоо бүртгэлийн мэргэжилтэнд шууд эрхлүүлж, байнгын хяналт тавьж шалгах ба удирдаж байх үүргийг 1 дүгээр орлогч даргад хариуцуулж байжээ.          

Улсын Дээд шүүхийн орон тоонд кодификаторын албан тушаалыг 1965 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн бий болгож, шүүхийн байгууллагын хэлтсийн бүрэлдэхүүнд оруулжээ.          

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 1968 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Улсын Дээд шүүхийн орон тоог 42 нэгжтэйгээр, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 1970 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Улсын Дээд шүүхийн зохион байгуулалт, орон тоог 39 нэгжтэйгээр тус тус баталжээ. 1968 оны 16 дугаар тогтоолоор зөвхөн 42 орон тоотой гэж баталж байсан бол энэхүү тогтоолоор 39 нэгжтэй буюу Удирдлага, Эрүүгийн хэрэг эрхэлсэн коллеги, Цэргийн коллеги, Иргэний хэрэг эрхэлсэн коллеги, Шүүхийн байгууллагын хэлтэс, Боловсон хүчин сургуулийн тасаг, Тусгай тасаг, Нарийн бичгийн дарга нарын аппарат, Аж ахуйн хэлтэс гэж есөн нэгжид хуваасан байна.          

Улсын Дээд шүүхээс гүйцэтгэж байсан зарим үүрэг БНМАУ-ын Шүүх Яаманд шилжих болсонтой холбогдуулан Дээд шүүхийн орон тоо зохион байгуулалтыг Дээд Шүүхийн Тэргүүлэгчдийн 1972 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21/28 дугаар тогтоолоор 37 орон тоотой байхаар шинэчлэв.          

Энэхүү тогтоолоор Улсын Дээд шүүхийн орон тоог шинэчлэн баталснаас гадна Шүүхийн практик нэтгэх статистикийн хэлтсийг шинээр байгуулжээ.          

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар тогтоол, БНМАУ-ын Сайдын нарын Зөвлөлийн 1978 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолоор Улсын Дээд шүүхийн аппаратад шүүхийн практик судлах хэлтэс, боловсон хүчин, шүүхийн статистик, тогтоол гүйцэтгэлийн ажил эрхэлсэн тасаг байгуулж, аж ахуйн хэлтсийг аж ахуйн тасаг болгосонтой холбоотойгоор БНМАУ-ын Дээд Шүүхийн Тэргүүлэгчдийн хурлаас Улсын Дээд шүүхийн хэлтэс, тасгийн зохион байгуулалт, орон тоо, тэдгээрийн ажлын хуваарийг батлан гаргажээ.          

Орон тоог шинэчлэн баталснаас гадна дээрх 5 хэлтэс, тасгийн орон тоонд өөрчлөлт орж, нарийн бичгийн дарга нар, архивч, номын сангийн эрхлэгч, бичээч, бичиг хүргэгч зэргийг Тусгай тасагт шилжүүлсэн байна.          

Улсын Арбитрын коллеги байгуулсантай холбогдуулан Улсын Дээд шүүхэд нэгдүгээр орлогч дарга бөгөөд улсын ерөнхий арбитрч 1, Дээд шүүхийн гишүүн бөгөөд улсын арбитрч 3, зааварлагч 3, улсын арбитрын коллегийн нарийн бичгийн дарга 1 орон тоог Ардын Их           

Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан байдаг.          

БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1984 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2-р тогтоолоор Улсын Дээд шүүхийн Шүүхийн байгууллагын хэлтсийг шүүх, арбитрын байгууллагын хэлтэс, Шүүхийн практик судлах хэлтсийг Шүүх, арбитрын практик судлал, статистик, системчлэлийн хэлтэс болгож өөрчилж, зарим тасгийг Захиргаа, боловсон хүчний хэлтэс, Тогтоол гүйцэтгэлийн хянан байцаах хэлтэс байгуулахаар заасныг үндэслэн Дээд Шүүхийн Тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн хэлтсүүдийг шинээр байгуулж, ажил үүргийг хуваарилсан байна.          

Шүүхийн байгууллагын хэлтэс нь тогтоол гүйцэтгэлийн ажлыг гүйцэтгэдэг байсан бол дээрх тогтоолоор тухайн ажлыг Тогтоол гүйцэтгэлийн хянан байцаах хэлтэст шилжүүлж, Шүүх, арбитрын практик судлал, статистик, системчлэлийн хэлтсийн орон тоо нэмэгдэж, мэргэжилтнүүдийн ажил үүргийн хуваарийг эрүү болон иргэний шүүн таслах ажлын практик судлах, арбитрын практик судлах, статистикч, хууль тогтоомж системчлэгч мэргэжилтэн гэж тус тусад ялгаж өгчээ.           

Мөн Захиргаа, боловсон хүчний хэлтэс шинээр байгуулагдсанаар Шүүхийн байгууллагын хэлтсийн авч хэрэгжүүлж ирсэн нилээдгүй ажлыг эрхлэн гүйцэтгэх болсон байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар тогтоолыг үндэслэн 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Дээд шүүхийн тэргүүлэгчдийн хурлын 16 дугаар тогтоолоор Улсын Дээд шүүхийн төв аппаратын орон тоог 59 болгож баталжээ.          

Дээрх тогтоолоор Улсын Дээд шүүхийн бүтцийг дарга, орлогч дарга болон 3 коллеги, 4 хэлтэс, 1 тасагтай байхаар шинэчлэн баталжээ. Шүүхийн зохион байгуулалтын тухай БНМАУ-ын Бага хурлын 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Дээд шүүхийн даргын 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаар тушаалаар БНМАУ-ын Хууль зүйн яамны мэдэлд Шүүхийн зохион байгуулалт, боловсон хүчний хэлтэс (хэлтсийн дарга-1, ахлах зааварлагч-3, зааварлагч-2); Тогтоол гүйцэтгэлийн хянан байцаах хэлтэс (хэлтсийн дарга-1, улсын ахлах байцаагч-1, улсын байцаагч-2) шилжүүлжээ.          

Шүүн таслах ажлын ил тод байдал, шүүх, хэвлэл мэдээллийн байгууллагын үр нөлөөг хангах зорилгоор Дээд шүүхийн дэргэд хэвлэл мэдээллийн албыг орон тооны бус нэг дарга, зургаан гишүүнтэйгээр 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан байна.          

БНМАУ-ын Дээд шүүхийн даргын зөвлөлийн 1991 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн протоколыг үндэслэн Улсын Дээд шүүхийн даргын 1991 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаар тушаалаар Улсын Дээд шүүхийн Тамгын хэлтэс шинээр байгуулагдаж байжээ.          

1992 оны Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилан хэрэгжүүлэх зарчмыг тунхаглан баталгаажуулж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч цорын ганц байгууллага нь хараат бус, бие даасан шүүх болохыг хуульчилан  тодорхойлсон билээ.         

Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлэх үүднээс орчин үеийн шүүхийн үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлсон “Шүүхийн тухай хууль” 1993 онд батлагдсан нь нийгэм, эдийн засгийн цоо шинэ харилцаанд нийцүүлэн шүүхийн бүтэц, үйл ажиллагааг шинэчлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.          

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 53 дугаар дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Шүүхийн тамгын газрыг байгуулах, түүний дүрмийг батлах, зохион байгуулатын бүтэц орон тоог тогтоох тухай 05 дугаар тогтоол гаргажээ. Энэ тогтоолоор Улсын Дээд шүүхийн Тамгын газарт нийт 53 орон тоо батлагдсан байна.          

Дээрх тогтоолоор Дээд шүүхийн бүтэц орон тоонд өөрчлөлт орсноос гадна Ерөнхий шүүгчийн ажлын албыг 5 хүний орон тоотой байхаар зааж, шинээр байгуулсан явдал юм. Улсын Дээд шүүхийн даргын 1991 оны 28 дугаар тушаалаар Тамгын хэлтэс нь 23 нэгжтэйгээр байгуулагдаж байсан бол Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дээрх 5 тоот тогтоолоор 53 нэгжтэй болж 30 орон тоогоор нэмэгдсэн ажээ. Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1996 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн хуулиар монгол улсын Дээд шүүхийн Тамгын газрыг татан буулгаж Монгол улсын шүүхйин ерөнхий зөвлөлийн 1996 оны 53 дугаар тогтоолоор тамгын хэлтсийн бүтэц, орон тоог баталжээ.          

Уг тогтоолоор тамгын хэлтэс нь Тамгын хэлтсийн дарга, Ерөнхий шүүгчийн ажлын алба, Шүүхийн судалгааны төв, Захиргаа, аж ахуйн алба гэсэн зохион байгуулалттай, нийт 51 нэгжтэй ажиллаж байлаа.          

Харин 2002 онд шинээр батлагдсан “Шүүхийн тухай хууль”-иар Улсын Дээд шүүхийн Тамгын газар байгуулагдаж, үйл ажиллагаагаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн өмнө хариуцан тайлагнахаар хуульчлагджээ.          

Харин энэ үеэс эхлэн Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргыг Ерөнхий шүүгч, шүүгч орлох эрхгүй байхаар хуульчилсан нь шүүн таслах ажил, шүүхийн захиргааны ажлын заагийг тодорхойлж, бие даасан хэлбэрт шилжүүлжсэн нь чухал зохицуулалт болсон юм.           

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Тамгын хэлтсийн бүтцийг Улсын Дээд шүүхийн Тамгын газар болгон өөрчлөн, нийт 51 хүний орон тоотой байхаар батлав. Мөн захиргаа, аж ахуйн албаны эрхлэх ажлыг Дотоод ажил, зохион байгуулалтын алба, Санхүү, хангамж үйлчилгээний албуудад шилжүүлжээ.          

Улсын Дээд шүүхэд Захиргааны хэргийн танхим шинээр байгуулагдсантай холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Улсын Дээд шүүхийн Тамгын газрын орон тоог 57 болгон нэмэгдүүлж, хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албыг 3 орон тоотой байхаар шинээр бий болгожээ.




Улсын Дээд шүүхийн тамгын газрын хамт олон 2004 он




Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 5 дугаар тогтоолоор батлагдсан

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын бүтэц орон тоо.




Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 1996 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаар тогтоолоор батлагдсан

Улсын Дээд шүүхийн Тамгын хэлтсийн бүтэц орон тоо.




Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар тогтоолоор батлагдсан

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын бүтэц орон тоо.




Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2005 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 49 дугаар тогтоолоор батлагдсан

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын бүтэц орон тоо.




Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 6 дүгээр сарын 12-ний өдрийн 8 дугаар тогтоолоор батлагдсан

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын бүтэц орон тоо.