Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн 172-176 дугаар зүйлд заасан журмыг баримтална. Үүнд:
172 дугаар зүйл.Хяналтын журмаар гомдол гаргах
172.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
172.2.Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана:
172.2.1.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
172.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
172.2.3.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
172.2.4.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.
172.3.Хяналтын журмаар гомдол гаргасан этгээд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
172.4.Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
173 дугаар зүйл.Хяналтын журмаар гаргасан гомдол хүлээж авах
173.1.Хяналтын журмаар гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээж авах бөгөөд энэ хуулийн 163.1-д заасан ажиллагааг гүйцэтгэнэ. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа гаргах эрхтэй.
173.2.Гомдол хүлээж авсан шүүх хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохигчийн гомдлыг хавсарган гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нийслэлд 3 хоногийн дотор, хөдөө орон нутагт 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
173.3.Хяналтын журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ.
173.4.Хяналтын журмаар гомдол гаргахад энэ хуулийн 167.5, 173.3-т заасныг хангаагүй бол анхан шатны шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.
173.5.Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана.
173.6.Энэ хуулийн 173.5-д заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана.
173.7.Энэ хуулийн 173.5, 173.6-д заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй.
173.8.Гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцохгүй.
174 дүгээр зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх хугацаа
174.1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.
175 дугаар зүйл.Хэргийн оролцогчид мэдэгдэх
175.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хяналтын шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэнэ.
175.2.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
176 дугаар зүйл.Хяналтын шатны шүүх хуралдаан
176.1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн 114.1-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.
176.2.Шүүх хяналтын журмаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:
176.2.1.шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
176.2.2.шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах;
176.2.3.магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
176.2.4.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
176.2.5.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах.
176.3.Тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын гомдлын болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана.
176.4.Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй.
176.5.Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш долоо хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид хүргүүлнэ.
176.6.Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.
----------о0о---------