Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023.03.15-ны өдрийн №49 тогтоол

Тоймын дугаар, огноо: №33 /ЭХТ-11/, 2023.04.04

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн М нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас 58 ширхэг хуш, 40 ширхэг нарсны зулзаган ургацыг худалдан борлуулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр үндэстэй нь ухаж гарган гялгар цаасаар баглаж,  Улаанбаатар хот руу тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.  

 

Прокуророос М-ыг  хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх М-ыг хууль бусаар мод бэлтгэсэн  гэм буруутайд тооцож,   зорчих эрхийг 1 жилийн хугацаагаар хязгаарлах ялаар шийтгэж, Булган аймгийн Сэлэнгэ сумаас гарч явахыг хоригложээ. Мөн уг гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 29,079,402 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар гурав дахин нэмэгдүүлж буюу 87,238,206 төгрөгийг төлүүлж, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг нэмж гаргуулан,  мод үржүүлгийн “Нүри” ХХК-ийн хүлэмжинд түр шилжүүлэн суулгасан 98 ширхэг зулзаган модыг худалдан борлуулж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

М-ын өмгөөлөгч “... нийт 98 ширхэг зулзаган хуш, нарсыг огтолж хөрөөдөөгүй, тасдаж цагаалаагүй, үндсийг нь гэмтээлгүйгээр тээвэрлэж яваад хураалгасан. Эдгээр моднууд нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Гүнтийн аманд Байгаль орчны яамны харьяа мод үржүүлгийн газарт хэвийн үржиж ургаж байгаа. Цаашид шилжүүлэн суулгаж ургуулах учир байгаль орчинд хохирол учирсан гэж үзэхгүй бөгөөд ойн санд учирсан гэх хохирлын нөхөн төлбөрийг төлөх ёсгүй” гэсэн гомдол  гаргаж, шүүхийн шийдвэрийг давж заалджээ.

 

Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, модыг огтолж цагаалахгүйгээр үржүүлэн ургуулах зорилгоор үндэстэй нь ухан авч, гялгар уутаар ороож хамгаалан тээвэрлэснийг “мод бэлтгэсэн” гэж үзэхгүй тул иргэн М-ын үйлдэл нь гэмт хэрэг биш, харин эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүйн хувьд зөрчлийн шинжтэй үйл ажиллагаа гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М-ыг цагаатгасан байна.

 

Дээд шүүх  прокурорын эсэргүүцлийг үндэслэн тус хэргийг хэлэлцэж, давж заалдах шатны шүүхийн  магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Ойн нэр томьёоны тайлбар толь хэмээх эрх зүйн бус эх сурвалжид хэл зүйн тайлбар хийх замаар “мод бэлтгэх” үйл ажиллагааг хуулиас өөр агуулгаар тайлбарласанд үндэслэж давж заалдах шатны шүүх алдаатай дүгнэлт хийсэн байна. Модыг огтлоогүй ч үндэстэй нь хөрснөөс сугалах, булгалах зэргээр зөвшөөрөлгүйгээр газрын гадарга, хүрээлэн буй орчноос салган авч ойд хохирол учруулах,  төлөв байдлыг доройтуулах аливаа үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэх үйл ажиллагаанд хамаарах болохыг үндэслэлтэй, зөв тодорхойлоогүй байна. Худалдан борлуулж, хувийн ашиг хонжоо олох зорилгоор нарсны овгийн сибирь, хуш төрлийн бага насны, нойтон, 98 ширхэг модыг хөрснөөс салган авч тээвэрлэж,  мод бэлтгэх зөвшөөрөлгүй атлаа зөвшөөрөгдөөгүй зориулалт, аргаар мод бэлтгэсэн байхад шүүх гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь  тухайн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд учруулж  болох аюулын хэр хэмжээг зөв шалгуураар тооцон үзээгүйг харуулж байна гэж хяналтын шатны шүүх дүгнэжээ.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:  https://supremecourt.mn/printc?id=38158

 

 Тоймыг бэлтгэсэн:  Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр