Б.М-т холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр Ч.Хосбаяр
Шийдвэрийн огноо 2023.03.15
Шийдвэрийн дугаар 49
Хэргийн индекс 2233000690064
Маргааны төрөл
Хуулийн зүйл, заалт 24.6-1
Шийдвэрлэсэн байдал

Тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.10.14, дугаар: 68
Анхан шатны шүүх Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2022.12.06, дугаар: 04
Давж заалдах шатны шүүх Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар: 49
Улаанбаатар хот


  

Б.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийндавж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 84 дугаар магадлалтай, Б.М-т холбогдох 2233000690064 дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Э.Улаанаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал унтраах автомашины жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх Б.М-ыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Булган аймаг Сэлэнгэ сумаар тогтоож, 1 жилийн хугацаанд Булган аймаг Сэлэнгэ сумаас гадагш явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас хохирол төлбөр 87,238,206 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн банкны тоот дансанд оруулж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Киа Бонго пронтер маркийн 74-85 УНЗ улсын дугаартай автомашины үнэ болох 3,825,000 төгрөгийг шүүгдэгч Б.М-аас гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох Нийслэлийн Байгаль орчны газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороон дахь мод үржүүлгийн газрын гүйцэтгэгч компани болох “Нүри” ХХК-д актаар хүлээлгэн өгсөн 58 ширхэг хуш, 40 ширхэг нарс модыг худалдан борлуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн банкны тоот дансанд тус тус оруулж,

2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Киа Бонго пронтер маркийн 74-85 УНЗ улсын дугаартай автомашиныг өмчлөгч Б.М-д буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийндавж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-ыг цагаатгаж, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар хэргийг хэрэг бүртгэлд буцааж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Э.Улаанаа хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар магадлалыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйл, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, 35.3 дахь хэсэг, 35.4 дэх хэсгийн 35.4.2 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 1.3-т мод бэлтгэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхлэн явуулахыг хориглосон зохицуулалт зөрчигдсөн байхад давж заалдах шатны шүүх Ойн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам” зэргийг үндэслэн “мод бэлтгэх” гэдгийг зөвхөн “огтлох” гэдэг явцуу агуулгаар ойлгож тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Б.М-ын яллагдагчаар өгсөн “...Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Уртын ам” гэх газраас зулзаган хуш 58 ширхэг, нарс 40 ширхгийг Улаанбаатар хотод авчирч худалдан борлуулах зорилгоор авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116-117-р тал/, “Нури” ХХК-нд зулзаган хуш 58 ширхэг, нарс 40 ширхгийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 134-139-р тал/, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б.М-ын жолоодож явсан 74-85 УНЗ улсын дугаартай “Киа пронтер” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9-р тал/, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-20-р тал/ зэрэг нотлох баримтаар Б.М зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, улмаар тээвэрлэсэн үйлдэл хангалттай нотлогдсон.

Б.М-ын шунахайн сэдэлтээр зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг Экологийн цагдаагийн газар хураан авч, үрсэлгээ арчилгаа хийх чиг үүрэг бүхий “Нүри” ХХК-нд шилжүүлж, уг модыг хамгаалсан болох нь тогтоогдсон. Гэвч энэхүү гэмт хэрэг нь хууль зөрчсөн санаатай үйлдлээр төгссөн гэмт хэрэг байна. Тухайлбал, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зохих зөвшөөрөл авсан иргэн мод бэлтгэх харилцааг зохицуулсан. Түүнчлэн Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ...энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”, 35.4 дэх хэсгийн 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэхийг хориглосон байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 1.3 дахь хэсэгт заасан “Арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг тусгай журмаар зохицуулна", 2.1.1-2.1.3 дахь хэсэгт заасан “Арчилгаа”, “Цэвэрлэгээ”, “Үйлдвэрлэлийн ашиглалтын болон уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх” зэрэг чиглэлээр Б.М нь мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй байна.

Б.М-ын үйлдлийн улмаас хууль бусаар зах зээлд худалдан борлуулагдах гэж байсан модны хэд нь ургах боломжтой байгаа талаар дүгнэлт хийх боломжгүй, модыг хөрс, үндэстэй нь гэмт хэрэг үйлдэгдсэн газраас салган авч явснаар хүрээлэн байгаа орчинд шууд хохирол учирсан гэж үзэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ойн дагалт баялгийг бэлтгэсэн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт 3 дахь заалтад “зөвшөөрөлтэйгөөр мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй”, мөн хэсгийн 4 дэх заалтад “Мод бэлтгэх, эсхүл ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн” зэрэг заалтыг судалж үзвэл модыг огтлолгүй авсан үйлдлийг зөрчлийн шинж болгон төсөөтэй хэрэглэх зохицуулалт байхгүй байна.

Түүнчлэн худалдаа хийх зорилгоор модыг огтлолгүйгээр үндэс, хөрсний хамт хууль бусаар бэлтгэж, авч явсан үйлдлийг Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам” зэрэг хууль тогтоомжоор зөвшөөрөөгүй тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор О.Сарангэрэл хууль зүйн дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх, мод бэлтгэх ажиллагаа нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан огтлолтоор мод бэлтгэх ажиллагаа байх бөгөөд арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван төрөлтэй байхаар хуульчилсан. Шүүгдэгч Б.М-ын хувьд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Уртын ам гэх газраас зөвшөөрөлгүйгээр зулзаган хуш 58 ширхэг, нарс 40 ширхгийг бэлтгэн “Киа пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 87,238,206 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь зохих зөвшөөрөл аваагүй, зарж борлуулах зорилгоор Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан талаараа мэдүүлсэн байдаг. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3, 35.4.2-т иргэн, аж ахуйн нэгж байгууллага мод бэлтгэхдээ заавал зөвшөөрөл авах шаардлагатай, зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр зохицуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх зөрчлийн шинжтэй гэдэг үндэслэлээр шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.М нь Ойн тухай хууль, Эрүүгийн хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан Ойгоос мод бэлтгэх журам зэргийг зөрчсөн байна. 98 ширхэг зулзаган модыг бэлтгэсэн ажиллагаа нь хууль бус бөгөөд байгальдаа ургах ёстой мод цаашид ургах боломжтой эсэхийг бид тогтоох боломжгүй. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Б.М-ын хувьд мод бэлтгэх зөвшөөрөлгүй байсан гэдэгт маргадаггүй. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хууль хэрэглээ, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, модыг бэлтгэх, унагах, цагаалах, зөөж тээвэрлэх, ямар нэгэн зүйлд хэрэглэхээр зэхсэн, үндэс ёзоороос нь салгаж авах зорилгоор хөрөөдөж унагаснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангана. Б.М-ын хувьд мод бэлтгэх зөвшөөрөлгүй байсан гэдэгт маргадаггүй бөгөөд давж заалдах шатны шүүх шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийжээ. Учир Б.М-ын үйлдэл нь модыг огтолж, хөрөөдөж, тастсан үйл ажиллагаа биш. Харин модыг үндсээр нь гэмтээлгүйгээр авч тээвэрлэж явсан. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг авч үзвэл зулзаган хуш моднууд нь Байгаль орчны яамны харьяа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Гүнтэд хэвийн үржиж байгаа. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Э.Улаанаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

 Шүүгдэгч Б.М нь зохих зөвшөөрөлгүйгээр 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Уртын ам” гэх газраас зулзаган хуш 58 ширхэг, нарс 40 ширхгийг бэлтгэж, 74-85 УНЗ улсын дугаартай “Киа-Пронтер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 87,238,206 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэсэн үйл баримтыг анхан шатны шүүх тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн жинхэнэ байдалд эргэлзэхэд хүргэхээр процессын алдаа гаргасан, оролцогчийн эрхийг хязгаарласан явдал гаргаагүй байна.

                

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.

 

Тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүх эрх зүйн талаас дүгнэхдээ шүүгдэгч Б.М-ын хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүхээс Ойн нэр томьёоны тайлбар толь, товхимлыг иш татан мод бэлтгэлийг ой, ойн сан бүхий газарт ургасан титэм бүхий гол иштэй, олон наст модлог ургамлыг гар болон цахилгаан хөрөө ашиглан үндэс ёзоороос нь салгах зорилгоор хөрөөдөн унаган тасдаж, цагаалах үйлдэл хэмээн тайлбарлаж улмаар зөвшөөрөлгүйгээр ой, ойн сан бүхий газраас зулзаган хуш 58 ширхэг, нарс 40 ширхгийг үндэстэй нь ухан авч үндсийг нь хамгаалах зорилгоор гялгар уутаар боож, түүнийгээ бусдад борлуулахаар тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хориглосон зөвшөөрөлгүй мод бэлтгэх үйл ажиллагаа бус харин Зөрчлийн тухай хуулиар тодорхойлсон зөрчлийн үйлдлийн шинжтэй гэж дүгнэн Б.М-ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүхээс Б.М-ын үйлдэл Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна түүнд эрүүгийн хариуцлага оногдуулж, хохирол төлбөрийг гаргуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас үзэв.

 

Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн “мод бэлтгэх” шинжийг шүүгдэгчийн үйлдэл хангахгүй байна гэж Ойн нэр томьёоны тайлбар толь хэмээх эрх зүйн бус эх сурвалжид хэл зүйн тайлбар хийх замаар алдаатай дүгнэлт хийж хууль зүйн үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

 Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 хэсэгт арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван зориулалтаар зөвшөөрөлтөйгөөр зөвхөн огтлолтоор  мод бэлтгэхийг хууль ёсны гэж үзсэн байх ба мөн зүйлийн 35.4 хэсэгт гэрээ, зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрсөн тоо хэмжээ хэтрүүлж мөн зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.

 

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүй мод бэлтгэх” шинжид ой, ойн сан бүхий газарт ургасан модыг зохих зөвшөөрөлгүйгээр шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, тасдах, цагаалах зэрэг огтлох үйлдлээс гадна модыг технологийн бус аргаар тухайлбал, үндэстэй нь хөрснөөс сугалах, булгалах зэргээр газрын гадарга, хүрээлэн буй орчноос салган авч ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, төлөв байдлыг доройтуулсан аливаа сөрөг үйлдэл хамаарна гэж дүгнэх нь эрүүгийн эрх зүйн тулгуур зарчмуудад нийцнэ.

 

Б.М нь бусдад худалдан борлуулах зорилгоор нарсны овгийн сибирь, хуш төрлийн бага насны, нойтон, 98 ширхэг модыг үндэснээс нь салган авч тээвэрлэн мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээс гадна зөвшөөрөгдөөгүй зориулалт, арга замаар мод бэлтгэсэн байхад шүүх үүнийг тухайн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болгосон нь үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд учруулж болох аюулын хэр хэмжээг зөв шалгуураар тооцон үзээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Зөвшөөрөлгүй боловч ойн цэвэрлэгээ хийх байдлаар түлшний хэрэглээнд унанги мод, гишүү түүж бэлтгэхдээ байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулах, доройтуулах, гэмтээх, нөөц баялгийг хомсдуулах болон экологийн тогтолцоог алдагдуулах үр дагавар учруулаагүй зарим үйл ажиллагааг гэмт хэрэг эсвэл зөрчлийн алинд хамааруулахыг шүүх ялган шийдвэрлэсэн шүүхийн өмнөх жишигт Б.М-ын үйлдэл хамаарахгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн магадлалыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 84 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Э.Улаанаагийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

 

                                    ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН


                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                 Ч.ХОСБАЯР

 

                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН