Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Иргэний хэргийн танхимаас санаачлан ”Ерөнхий харьяаллын болон дагнасан шүүхийн хянан шийдвэрлэх маргаан, анхаарах асуудлууд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шүүгчид биечлэн болон цахимаар оролцов.
Арга хэмжээг нээж, Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, хэлэлцүүлгийн үндсэн сэдвийн хүрээнд тулгамдаж буй тодорхой асуудлуудын талаар тоймлон танилцуулсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батчимэг “Хэргийн харьяалалтай холбоотой шүүхийн практикт гарч буй анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр, хөдөлмөрийн маргаан, улсын бүртгэлтэй холбоотой маргаан, нийгэм хамгааллын эрх зүйн маргаан, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын маргааны талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгамдаж буй асуудлыг илтгэлдээ дэлгэрүүлэн танилцууллаа.
Түүний дараа Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч “Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны онцлог, ялгаа, нэхэмжлэлийг хүлээн авахад анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа. Түүний хувьд илтгэлдээ, захиргааны болон иргэний хэргийн процессын онцлог буюу ялгагдах шинж, захиргааны болон иргэний хэргийн маргааны ялгаа болон хэргийн харьяалал, шийдвэрлэлтэд шүүхийн анхаарах асуудал, шийдлийн талаар тухайлан танилцуулсан юм.
Үндсэн илтгэлүүд тавигдаж дууссаны дараа оролцогч шүүгчдийн дунд хэлэлцүүлэг өрнөлөө.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зөв тогтоох, иргэдэд үзүүлж буй шүүхийн эрх зүйн хамгаалалтыг үр дүнтэй, чирэгдэлгүйгээр хүргэхийн тулд дээрх хэлэлцүүлгийг өрнүүлж буй талаар Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа онцолсон юм.
Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Улсын дээд шүүхээс шат дараалсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгээр шүүгчид иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зөв тогтоох, цаашид шүүхийн практикт хэвшүүлэх талаар ийнхүү хэлэлцлээ.