Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.03.07-ны өдрийн №001/ХТ2023/00036 тогтоол
Тоймын дугаар, огноо: №30 /ИХТ-9/, 2023.03.21
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Ц хариуцагч “Д" ХК-д холбогдуулан “ажил олгогч орон тоо хасагдсан шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо тэтгэмжийг эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрт заасан 24 сарын хугацаанд авсан дундаж цалингаар бус байгууллагын хамтын гэрээнд заасан 12 сарын үндсэн цалингаар тооцож олгосныг зөвшөөрөхгүй” гэж марган, тэтгэмжийн зөрүүд 33,618,332.5 төгрөг нэхэмжилсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 31,862,580 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ “2021 оны Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн актын дарааллыг хууль, хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам гэж эрэмбэлсэн, уг эрэмбийн дарааллаар салбарын хамтын хэлэлцээр нь байгууллагын хамтын гэрээнээс дээгүүр хүчин чадалтай байх тул хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө салбарын хамтын хэлэлцээрт заасны дагуу 24 сараар тэтгэмж олгох байжээ” гэсэн дүгнэлт хийжээ.
Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ маргааны үндэслэл болсон “хамтын хэлэлцээр” болон “байгууллагын хамтын гэрээ” гэдэгт юуг ойлгох, эдгээрийн зорилго, зохицуулах зүйлийн хүрээ, ялгааг хуулиар хэрхэн тодорхойлсныг харгалзах нь ач холбогдолтой.
Хуулийн агуулгыг үзвэл хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нийтлэг харилцааг зохицуулдаг бол хамтын гэрээ нь илүү нарийвчилсан харилцааг буюу нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ, ажил олгогчоос ажилтанд олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ зэрэг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд үйлчлэх, хуулиар тогтоосноос илүү таатай нөхцөлийг ажилтанд олгосон, ажил олгогч, ажилтны эд хөрөнгийн эрхтэй холбоотой харилцааг шууд зохицуулах шинжтэй байдгаараа ялгаатай байна.
Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй 2021-2022 оны Эрчим хүчний салбарын хамт (тариф)-ын хэлэлцээрийн 5.1.7 дах заалт нь эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдах үеийн буюу “бөөнөөр халах” үед ажилтанд 24 сарын тэтгэмж олгох тухай нийтлэг зохицуулалт юм. Харин энэхүү маргааны хувьд уг хамтын хэлэлцээрт заасан бөөнөөр халах үеийн тохиолдол бий болоогүй.
Хариуцагч байгууллагын 2020 онд батлагдсан хамтын гэрээний 2.3-т зааснаар “ажил олгогчийн санаачилгаар орон тоо бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд ...ажилтны хууль ёсны эрх ашиг, нийгмийн баталгааг хангах зорилгоор ...16 ба түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 14,710,800 төгрөгийн тэтгэмж олгосон нь хууль зөрчөөгүй байна. Тодруулбал, 2021 оны Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас халагдсан үеийн тэтгэмжийг 4 ба түүнээс дээш сарын үндсэн цалингийн дундаж гэж заасан бол ажил олгогч хамтын гэрээндээ 12 сарын үндсэн цалингаар олгохоор заасан нь ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон байх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://supremecourt.mn/mn/printc?id=38022
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг