Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны  2024.04.22-ны №001/ХТ2024/0040 тогтоол

Тоймын дугаар, огноо: №47 /ЗХТ-18/ 2024.05.20

Шийдвэрийн төлөв:Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Нэхэмжлэгч Б нь “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт хууль зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа зөрчигдсөн, тус байгууллагад 26 жил ажилласан намайг оюуны өмчөөр мэргэшээгүй 4 сар ажилласан хүнтэй өрсөлдүүлж ажлаас чөлөөлсөн, ... газрын дарга болж болохгүй бол улсын байцаагчаар ажиллах эрхтэй” гэх зэргээр маргажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Оюуны өмчийн газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж, орон тоо нэмэгдсэн бөгөөд Хяналт шалгалтын хэлтэс нь Хяналт шалгалтын газар болсноор газрын даргын албан тушаалын орон тоонд удирдах ажилтны сонгон шалгаруулалт явуулсан, уг сонгон шалгаруулалтад Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан Б орсон хэдий ч хамгийн өндөр оноо аваагүй, улмаар түүнийг хяналтын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, уг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан У-г Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд томилсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан У-г нэр дэвшүүлсэн нь чадахуйн зарчмыг шалгуур болгож, хамгийн сайн хангасан хүнийг томилох зохицуулалтад нийцсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хяналтын шатны шүүхээс хууль буруу хэрэглэсэн гэж үзэв.

Төрийн албаны хуульд зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу эхний ээлжид тухайн байгууллага дотор болон холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, мэргэжил, хэрэгжүүлж байгаа чиг үүрэг адилхан, тухайн асуудлаар мэргэшсэн албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, дэвшин ажиллах боломж олгосны дараа тухайн шалгалтад хэн нь ч тэнцээгүй тохиолдолд нөөцөд байгаа иргэдээс сонгох зарчимтай.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан “чадахуйн зарчим” нь хувь хүний мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах шалгууртай байхад оюуны өмчийн байгууллагад 4 сар ажилласан У-г “оюуны өмчөөр мэргэшсэн” гэж үзэж, удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оруулсан буруу, “байгууллагад ажиллаж байгаа” гэх хуульд заасан шалгуурыг хариуцагч буруу хэрэгжүүлсэн гэж дүгнэв.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=42235

 

                     Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ