Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022.11.28-ны өдрийн №001/ХТ2022/0074 тогтоол

Тоймын дугаар, огноо: №22 /ЗХТ-11/, 2022.12.05

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Туршилтаар

 

Биеийн тамир, спортын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад авсан оноогоор нэгдүгээрт Л.Н, хоёрдугаарт Ц.Б нар эрэмбэлэгдсэн байна.

 

Хамгийн өндөр оноо авсан Л.Н нь өөр ажилд орох болсон учир уг албан тушаалд томилогдохоос өөрөө татгалзсан тул хоёрдугаар байранд орсон Ц.Б нь “тусгай шалгалтын онооны дарааллаар, дахин сонгон шалгаруулалт зарлахгүйгээр намайг нэр дэвшүүлэх ёстой” гэж, Төрийн албаны зөвлөл “сул орон тоо журмын дагуу нөхөгдөөгүй, ахлах мэргэжилтний албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлах ёстой” гэж тус тус маргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

 

Хяналтын шатны шүүхээс “төрийн албаны тусгай шалгалтад оролцож, хамгийн өндөр оноо авсан этгээд уг албан тушаалд томилогдохоос өөрөө татгалзсан нь тухайн  ажлын байранд дахин сонгон шалгаруулалт зарлах үндэслэл болохгүй” гэж үзэв.

 

Тодруулбал, хамгийн өндөр оноо авсан Л.Н-ийн хувьд түрүүнд томилогдох боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан тул төрийн албаны тусгай шалгалтад оролцож тэнцсэн нэхэмжлэгч Ц.Б-г онооны дарааллаар нэр дэвшүүлэх боломжтой гэж шүүх дүгнэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Б-г ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн байна.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=37070

 

Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн