Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Нийт шүүгчийн хоёрдугаар чуулганд танилцуулсан “ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН СОРИЛТ, ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт илтгэлийг хүргэж байна.
Монгол Улсын нийт шүүгчийн II чуулганд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, эрхэм шүүгчид, мэргэжил нэгт хуульчид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгагдсан шинэ зохицуулалтын дагуу бид хоёр жилийн дараа ийнхүү дахин уулзаж ололт амжилт, сорилт бэрхшээлээ хуулиар тогтоож өгсөн чиг үүрэгт нийцүүлэн хэлэлцэхээр цугларсан байна.
Анхдугаар чуулган болсон 2021 он бол Ковидын цар тахлын мөчлөг дуусаагүй байсан үе. Хэдий тийм ч Ажлын хэсэг чуулганаа амжилттай зохион байгуулж, шүүгчид чуулгандаа ач холбогдон өгөн өндөр ирцтэй оролцож, товлосон асуудлуудаа хугацаандаа хэлэлцэн шийдвэрлэж байсан.
Цар тахлын хүнд үе дуусч шүүхийн үйлчилгээ хэвийн байдалд орсон хэдий ч бидэнд санаж явбал зохих сургамжууд үлдээжээ. Юуны өмнө шүүхийн үйлчилгээг тасралтгүй, шуурхай хүргэхэд цахимжилтын шинэ арга, хэлбэр ашиглах боломжтойг нотлон харууллаа. Үүний зэрэгцээ шүүгчид бусдын адил, хүнийхээ хувьд эрүүл байх хэрэгцээ, шаардлага тулгарч байлаа. Давчуу, агааргүй орчинд, илүү цагаар удаан ажиллаж байгаагийн үр дагавраар шүүгчид, ажилтнууд цар тахлын үед олноор өвдсөн. Тодруулбал, 2021 онд шүүгчийн эрүүл мэндийн даатгалын 247 тохиолдол, 2022 онд 194 тохиолдол бүртгэгдсэн.
Бүтээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэхийн эхлэл нь шүүгч өөрөө эрүүл, мэндбайх явдал юм. Шүүгчийн биеийн төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэнд анхаарлын төвд байх асуудал мөн. Иймд 2024 онд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг шүүгч нарын хэрэгцээ шаардлагад тулгуурлан чанартай зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө авах нууцлал хангагдсан, үр өгөөжтэй тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр идэвх санаачилга гаргах шаардлага байна.
Илтгэлийнхээ гүн рүү орохоос өмнө өнөөдөр бидний чуулах нөхцөлийг бүрдүүлж, техник, зохион байгуулалтыг ханган ажилласан чуулганы Ажлын хэсэг болон Шүүхийн ерөнхий зөвлөлд нийт шүүгчийн өмнөөс талархал илэрхийлье!
Эрхэм шүүгчид ээ,
Одоогоос дөрвөн жилийн өмнө Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хөрс суурин дээр Монгол Улсын шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсан.
Хууль хэрэгжсэнээс хойшхи хоёр жилийн хугацаанд шүүх эрх мэдлийн байгууллагуудын тогтолцооны шинэчлэл хийгдэж энэ чиглэлээрх зохицуулалтын хэрэгжилт хангагдлаа. Шүүхийн захиргааны төв байгууллагын бүрэлдэхүүн бүрэн томилогдож, Шүүхийн сахилгын хороо шинэчлэн байгуулагдаж, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн өрхөө татаж, үүдээ нээлээ.
Дараагийн шатанд шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, шуурхай, хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилгод нийцсэн процессийн хуулийн шинэчлэлийн асуудлууд хүлээгдэж байна.
Шүүхийн шинэчлэл аяндаа, урсгалаар хийгдэх ажил биш. Аливаа шинэчлэл хүний идэвх санаачилга, зүтгэлээс амжилт олдог. Тиймээс хуулийн бичвэрийг ойлгох асуудал нэг хэрэг, харин түүнд амь оруулж хэрэгжүүлэх нь удирдлагын манлайлал, хамтран зүтгэгчдийн ойлголцол, байнгын хичээл зүтгэл шаардах ажил.
Тэдгээр ажил бүрийг нэг илтгэлд багтаан танилцуулах боломжгүй тул ойрын хугацаанд хамаарах буюу дараагийн III чуулган хүртэлх хугацаанд үр дүн гаргавал зохих заримыг энд тухайлан хөндөе.
НЭГ. ЭХЛЭЛИЙГ ЭРГЭН ЦЭГНЭХЭД
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга үйлчилж эхэлснээс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ чуулган хийсэн ажлаа эргэн цэгнэх, эргэцүүлэх, илүү сайжирах арга замаа тодорхойлох боломж бүрдүүлж байна.
Баттай дурдаж болох дараах үр дүнтэй Та бүхэн санал нийлэх болов уу гэж бодож байна.
• Эрх зүйн орчин тодорхойгүйгээс 10 гаруй жил зогсоод байсан хууль тайлбарлах ажил гацаанаас гарч хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн алхамуудыг Улсын дээд шүүх авч, тайлбарууд гарч эхэлсэн;
• 30 жилийн хугацаанд шүүхийн захиргааны янз бүрийн загвар нэвтрүүлж үзсэн Монгол Улсын хувьд шүүхийн захиргааны бие даасан загварыг анх удаа нэвтрүүлж, энэ нь өмнөх загваруудаас олон давуу талтайг Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа таниулж байна;
• шүүгчийн хариуцлагын асуудлыг авч үзэх хараат бус, бие даасан институт бүрдсэн нь шүүх сахилга, ёс зүйтэй байх итгэлийг иргэдэд бодитой төрүүлнэ;
• шүүхийн өөрийн удирдлага өргөжих эхлэл ажлууд хийгдсэн;
• Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шүүн таслах ажиллагаанд шаардлагатай судалгаа, мэдээлэл боловсруулах ажлыг зохион байгуулаад зогсохгүй судлаач-шүүгчдийг хуульд заасан журмын дагуу эрдэм шинжилгээний ажил эрхлэх нөхцөл бүрдүүлж эхний тайлангууд нийтлэгджээ. Мөн шүүгчийн сургалтын цахим системийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн нь шүүгч ажлын байран дээрээ хөгжих боломжийг нэмэгдүүлсэн юм;
•Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүхийн стандартын шаардлага хангасан барилга байгууламжтай болох эхний алхам хийгдэж, Улсын дээд шүүхийн барилгын ажлын зураг төсөл бэлтгэгдээд байна. Цаашид энэ стандартыг бүх шатны шүүхэд хэрэгжүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах боломж нэмэгдэнэ;
•Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах талаар шинэлэг заалтууд тусгагдсаны нэг нь шүүхийн шийдвэрийг хураангуйлж энгийн, ойлгомжтой хэллэгээр иргэдэд хүргэх зохицуулалт. Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, жишиг болохуйц эхлэл ажлуудыг амжилттай хийлээ. Энэхүү ажил нь хэрэг маргааны талаарх бодит мэдээллийг олон нийтэд хүргээд зогсохгүй, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн үнэт зүйлийн чиг баримжаанд эерэгээр хувь нэмрээ оруулах ач холбогдолтой;
•Түүнчлэн, энэ хугацаанд бид гадаад харилцаагаа тэлж, туршлага хуваалцах боломжоо өргөтгөх арга хэмжээ авлаа. Тухайлбал 2023 онд Европын Холбооны ТВИНИНГ буюу хөгжлийн ижилсэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноор шүүхийн шинэчлэлийн үр дүнг өсгөх, шүүхэд евро стандартыг нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байна. Монгол Улсын дээд шүүх, Ерөнхий шүүгчийн хувиар эл ажлыг хэмжигдэхүйц тодорхой үр дүнд хүргэнэ гэдгээ илэрхийлье.
Ийнхүү хууль батлагдсанаас хойшхи хоёр жилийн хугацаанд шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шүүх эрх мэдлийн байгууллага, албан хаагч бүр хувь нэмэр оруулж эдгээр үр дүнг бүтээлцсэн юм.
Бид хийж гүйцэтгэсэн ажлуудаа тодотгохоос гадна анхаарч сайжруулах, улам эрчимжүүлэх шаардлагатай дараах асуудлыг ярих ёстой.
1/ Шүүгчийн дутуу орон тоо, ажлын өндөр ачаалал ужгирсан асуудал хэвээр байна.
Шүүгчийн ажлын хэтийдсэн ачаалал олон асуудал дагуулах болсныг хоёр жилийн өмнөх чуулганы үеэр бид хэлэлцэж байсан. Өнөөдөр ч дахин ярихаас өөр аргагүй байгаа нь харамсалтай. Хоёр жилийн өмнө бүх шатны шүүхэд нийт 512 шүүгч ажиллаж байсан бол одоо 516 шүүгч ажиллаж байна. Энэ хугацаанд шинээр, нөхөн болон дээд шатны шүүхэд нийт 66 шүүгч томилогдсон.
Шүүхийн ерөнхий зөвлөл анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог 2022 онд 37, 2023 онд 57-оор тус тус нэмэгдүүлж сонгон шалгаруулалт зарласан ч шалгалтад оролцогчдын дундажаар 15 хувь нь тэнцэж, зарласан сул орон тооны нөхөн бүрдүүлэлт дунджаар 49.8 хувьтай байгаа нь цаашид хэрэгцээтэй орон тоонд хүрэхэд нэлээд хэдэн жилийн хугацаа орж болзошгүй байна.
Гэтэл шүүхэд ирэх хэрэг маргааны тоо жил бүр өссөөр байна. 2022 оны байдлаар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн тоо 115 байгаа нь өмнөх оноос 17.7 хувиар, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид оногдох хэргийн тоо 435.1 байгаа нь өмнөх оныхоос 34.8 хувиар өссөн.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт болон шүүгчийн зохист ачааллыг Шүүхийн ерөнхий зөвлөл баталсан нь хэтийдсэн ажлын ачааллыг шийдвэрлэхгүй ч, өдөр тутам илүү цагаар ажиллаж буй шүүгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах шалгуур болох ёстой.
Цаашид нэмсэн орон тооны хэмжээгээр нөхөн бүрдүүлэлт хийгдэхгүй, хуульчдаас шүүгчийг шилж олох ажил дорвитой урагшлахгүй байгаагийн цаад учир шалтгаан, нөхцөлийг судалж, шаардлагатай арга хэмжээ авч, зайлшгүй тохиолдолд хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулж хүргүүлэх боломжийг эрэлхийлэх шаардлага байна. Тухайлбал, шүүхэд шилдэг хуульчдыг татахад шүүгчийн цалин хөлсний эдийн засгийн үнэ цэнэ хуулийн салбарын бусад цалингийн тогтолцоотой өрсөлдөхүйц байж чадахгүй байгаа нь үнэн.
Шүүгчийн сонгон шалгаруулалтад дөнгөж 15 хувь нь тэнцэж байгаатай холбоотой Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Академи болгон үйл ажиллагаагааг нь тэлэх хэтийн зорилго байна. Хүрээлэн нь Академи болсноор шүүн таслах ажиллагаанд шаардлагатай судалгаа хийж гүйцэтгэхээс гадна шүүгч болох зорилготой хуульч нарт шаардлагатай мэргэжлийн болон ёс зүйн сургалтуудыг зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэснээр асуудлыг шийдвэрлэх боломж нээгдэх юм.
2/ Шүүгчийн аюулгүй байдал анхаарал татахаар байна.
Орон нутагт тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа байнгын тохиолдол нь адил шатны өөр шүүхийн шүүгч томилолтоор ажиллах хүндрэл үүэсгэж, энэ нь байх ёстой “хэвийн үзэгдэл” мэт боллоо.
Бодит байдалд шүүгчийн томилогдон очсон газарт түр байрлах байр байдаггүй, томилолтын зардал хүрэлцээгүйгээс автомашиндаа хонох, шөнөөр замд гарах, аюулгүй байдлын шаардлага хангаагүй газарт байрлах, замд машин техник эвдрэх тохиолдол түгээмэл. Энэ нь шүүгчийн аюулгүй, хараат бус байдалд эрсдэл учруулж, шүүх хуралдаанд зохих ёсоор бэлтгэх хөдөлмөрийн буюу сэтгэл зүйн чадамж алдагдах эрсдлийг бодитой үүсгэж байна.
3/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын хуулийн шинэчлэл хүлээгдэж байна.
Өмнөх чуулганд тавьсан илтгэлдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар тухайлан дурдаж байсан. Шүүх байгуулах хуулийн саналтай холбогдуулан бага үнийн дүнтэй маргаан, мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой хэрэг, баривчлах, цагдан хорих зөвшөөрөл олгох, зөрчил шийдвэрлэх, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх зэрэг процессын хэм хэмжээг хийдэл, эрхээ урвуулан ашиглах явдлаас сэргийлж шинэчлэх шаардлага бодитой тулгарсаар байна.
Шүүхийн тухай хуульд шүүх байгуулах асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх байгуулах асуудлаар Улсын дээд шүүхэд хоёр удаа санал ирүүлж, Улсын дээд шүүх тухай бүр холбогдох саналыг хүргүүлээд байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан шүүхийг тойргийн зарчмаар байгуулах зохицуулалтыг хэрэгжүүлж шүүхийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаад буй олон асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгааг Улсын дээд шүүх дэмжиж саналаа тодорхой өгсөн.
4/ Шүүхийн үйлчилгээний чанар шүүгчийн болон шүүхийн захиргааны ажлаас нэгэн зэрэг хамаарна.
Шүүхийн үйлчилгээний чанарт ахиц авчирах ажил шүүгчийн ажлаас гадна шүүхийн захиргаанаас шууд хамааралтай. Иймд шүүхийн захиргааны хөгжлийг шинэчлэлийн гадна орхих боломжгүй.
2022 оны 9 дүгээр сарын байдлаар 229 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажиллаж байгаагаас 48 хувь нь нэг хүртэл жил ажилласан, 10 ба түүнээс дээш жил ажилласан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга байхгүй байна. Үүний зэрэгцээ зарим шүүхүүдэд жилийн дотор нэг шүүгчийн туслах дунджаар 3 удаа солигдон ажиллаж байгаа тохиолдол ч байна.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулж Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төсөл дэх шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг тусгайлан тогтоох бодлого нь хэтдээ шүүхийн захиргааны албан хаагчдын тогтвортой, мэргэшсэн байдалд эерэг үр дүн авчирах ач холбогдолтой. Шүүхийн захиргааны албан хаагчийн эрх зүйн байдлыг тухайлан тогтоох явдал нь “гүйцэтгэх эрх мэдлийн болон шүүхийн шууд удирдлагын бус, "бие даасан шүүхийн захиргааны загвар”-ыг үр дүнтэй, зүй ёсоор хөгжүүлэхэд чухал алхам болно.
Шүүхийн захиргааны байгууллагад мэргэжлийн дадлага хийж шалгалтад оролцох эрх олж авах боломжтой ажлын байр байхгүй нь мэргэшсэн захиргааны ажилтан бэлтгэх бодлогод сөргөөр нөлөөлж буй. Шүүгч төрийн тусгай албан хаагчид хамаардаг, харин туслах, нарийн бичгийн дарга болон захиргааны бусад албан хаагчид нь гүйцэтгэх засаглалын албан хаагчдад зориулсан зохицуулалт, цалингийн сүлжээнд хамрагдаад явж буйг эргэн харах шаардлагатай байна.
Шүүхийн захиргааны үндсэн чиг үүргийн нэг бол шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангахад оршдог. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 76 дугаар тогтоолоор шүүхийн Тамгын газруудад 1878 шүүхийн захиргааны ажилтан ажиллахаар орон тоо батлагдсан. Гэвч 2022 оны байдлаар 1355 ажилтан ажиллаж, 523 ажилтны орон тоо дутуу байна. Сул байгаа орон тооны 47.8%-ийг шүүгчийн туслахын ажлын байр эзэлж буй.
2022 оны байдлаар анхан болон давж заалдах шатны 116 шүүхийн 41 Тамгын газарт нийт 454 шүүгчийн туслах ажиллаж байгаагийн 230 нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө аваагүй байна. Ирэх оноос эдгээр албан хаагчдад төрийн захиргааны албан хаагчдад тавигдах шаардлага дээр нэмэгдээд тус зөвшөөрлийг заавал авсан байх шаардлага тавих хуулийн зохицуулалт үйлчилснээр хүний нөөцийн хомсдол улам нэмэгдэх эрсдэл бий болсон.
Шүүхийн захиргааны хүний нөөцийн хомсдол иргэдийн зөрчигдсөн эрхээ зохих ёсоор сэргээлгэх, шүүхийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, цаашлаад шүүхэд итгэх иргэдийн итгэл буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг мөн.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл УИХ дээр удаж буй, яаралтай батлуулах шаардлагатай, төрийн бус байгууллага, компанийн хуулийн зөвлөх хуульчаар дадлагажсанд тооцогддог бол шүүх хуралдааны нарийн бичиг тооцогддоггүй хуультай байгааг хууль тогтоогч анхаарах нь зүйтэй.
5/ Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийн тухайд
Хяналтын шатны шүүхийн хянан хэлэлцэх хэргийн хүрээг 2023 онд өргөтгөсөн явдал нь шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэх явцдаа хянаж сайжруулсан, практик хэрэгцээнд тулгуурлан хийсэн ажил боллоо. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.б заалтыг өөрчлөн найруулж, 25.7.5.г заалтыг нэмсэнээр “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” хэргийг Улсын дээд шүүх хяналтын журмаар хянан шийдвэрлэх болсон юм.
Ингэснээр “эрх зүйн тодорхой байдлын зарчим” шүүхийн шийдвэрийн хүрээнд улам бэхжиж, Монгол Улс шүүхийн хяналтын холимог загварыг хүлээн зөвшөөрөх хандлагад улам төвлөрлөө.
Хяналтын шатны шүүхийн ачаалал огт буураагүй, нэмэгдсэн
Хяналтын журмаар хянан шийдвэрлэх хэргийн хүрээг шүүхийн тухай хуулиар нэрлэн зохицуулснаар хүлээн авах гомдлын төрөл цөөрсөн мэт боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохион байгуулалтын хувьд өргөжсөн. Тухайлбал, хяналтын журмаар гаргасан бүхий л гомдлыг Улсын дээд шүүхийн холбогдох танхимын бүх шүүгчид нэг бүрчлэн судалж, танхимаараа хэлэлцдэг болсон. Гомдол бүхий хэргүүдийг тухайн танхим хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулснаар зарим гомдол, түүний үндэслэл, холбогдох хэргийг хоёр удаа хянан хэлэлцэх ажиллагааг явуулж байгаа. Өнгөрөгч 2022 онд Улсын дээд шүүхийн танхимууд давхардсан тоогоор 112 өдөр гомдлын буюу Танхимын нийт шүүгчийн хурал, 179 өдөр хяналтын шатны шүүх хуралдаан явуулж, нийт 291 өдрийн хуралдаан зохион байгуулсан ба давхардсан тоогоор 5650 хэргийн гомдол болон холбогдох шүүхийн шийдвэрийг хэлэлцсэнээс бид бодит тоон мэдээллийг харж болно.
Түүнчлэн шүүн таслахаас бусад ажиллагаа, тухайлбал Нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөний статистикаас үзвэл 2016-2020 он хүртэл 5 жилийн хугацаанд Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдаан 7 удаа, Шүүгчдийн зөвлөгөөн 15 удаа зохион байгуулагдсан бол шинэ Шүүхийн тухай хууль үйлчилж эхэлсэн 2021, 2022 онд Нийт шүүгчийн хуралдаан 24 удаа, Шүүгчдийн зөвлөгөөн 14 удаа зохион байгуулагдсан байна. 2022 онд гэхэд Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдаан 13 удаа товлогдож 51 асуудлыг, Шүүгчдийн зөвлөгөөн 7 удаа товлогдож 12 асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэжээ.
"Хуулийн албан ёсны тайлбар гаргах", "улс төрийн намын бүртгэл хөтлөх", "хууль тогтоомжид заасан эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж батлах", "хуулийн төсөлд албан ёсоор санал өгөх" зэрэг шүүн таслахаас бусад цар хүрээ өргөнтэй чиг үүргийг Улсын дээд шүүх хэрэгжүүлж байна.
Өмнө нь шүүхийн урьд гаргасан шийдвэрийг дараа дараагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд агуулгын хувьд de facto харгалздаг байсан ч тэр нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг ерөнхий нэг хүрээнд зангидах байдлаар хязгаарлагддаг байсан (эх газрын эрх зүйн Jurisprudence Constante зарчим).
Шинэчлэлийн хүрээнд хийгдсэн зохицуулалтаар хяналтын шатны шүүхийн шийдвэр нь шүүгчид ижил төстэй маргааныг шийдвэрлэхэд (Radio Decidendi) заавал харгалзах, хэрэглэгдэх хууль зүйн ач холбогдлыг олсон (нийтлэг эрх зүйн тогтолцооны Stare Decisis зарчим).
"Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг нэмэгдүүлэх" энэхүү зохицуулалт нь шүүгч, хуульчдаас "шүүхийн", тэр дундаа "хяналтын шатны шүүх"-ийн практикийг өргөн хүрээнд судлах, хянан шийдвэрлэж буй хэрэгтэй төсөөтэй тогтоолыг зөв тодорхойлох чадварыг шаардаж байгаа. Энэ тал дээр Монгол Улсын дээд шүүх идэвхийлэн ажиллаж 2021 оноос хойших хяналтын шатны шүүхийн тогтоолуудыг олон хувьсагчаар задалж, цахим сан бүрдүүлэх, улмаар шүүхийн шийдвэрийг өндөр нарийвчлалтайгаар хайх, олж авах боломжийг бүрдүүлж байна. Хэргийн хөдөлгөөний цахим системийг боловсронгуй болгох шинэ программын техник, эдийн засгийн үнэлгээнд уг функцийг суулгах, хэрэглээг нь олон хүнд нээлттэй болгохоор тусгасан.
Түүнчлэн, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд Монгол Улсын дээд шүүхээс шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хуулийн хэд хэдэн албан ёсны тайлбар гаргасан нь хэм хэмжээний агуулгыг нэг мөр ойлгох, шүүхийн процессыг хүний эрхийг хамгаалах, хүндрэл чирэгдлийг бууруулах хэрэгцээнд улам нийцүүлэх алхам болж байна. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга үйлчилж эхэлснээс хойш Дээд шүүх материаллаг болон процессын хуулийн 40 орчим зүйл, хэсгийг албан ёсоор тайлбарласан 14 тогтоол гаргасан.
Эдгээр тайлбар, түүний үндэслэл болсон шүүхийн практик нь хууль тогтоох эрх мэдлийн хувьд процессын хуулиудыг сайжруулан батлах "эх сурвалж", "үзэл баримтлал" хийгээд агуулгын хувьд "түшиц" болох онол практикийн ач холбогдолтой юм.
Мөн “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”, “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”ыг баталсан нь хүний эрхийг хамгаалах, шүүхийн процессыг хөнгөвчлөх ажилд ач холбогдолтой.
ХОЁР. ШҮҮХИЙН БИЕ ДААСАН, ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ АНХААРАЛ СУЛТГАЛГҮЙ, СЭРЭМЖЛЭН ХАМГААЛЖ БАЙХ ШААРДЛАГАТАЙ
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал бол нэг удаа бүрэн хангагдаад төгсдөг биш, нийгмийн хувьслыг дагасан шинэ сорилтуудаас тогтмол хамгаалах шаардлагатай, үргэлжилсэн ухагдахуун юм. Цааш цаашдын чуулганд ч энэ талаар тулгарсан сорилт, даван туулах арга замыг байнга хэлэлцэн анхаарах шаардлагатай.
1/Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог хэмжиж, сорилт, даван туулах чадамжийг тодорхойлдог байх шаардлагатай.
“Шүүгчийн хараат бус байдал” нь аливаа хэрэг маргааныг хөндлөнгийн нөлөөнөөс ангид шударгаар шийдвэрлэх баталгаа болдог бол “шүүхийн бие даасан байдал” нь тухайн нийгэмд шударга ёсны систем зүй ёсоороо ажиллах, нийгэмд эрх зүйт ёс дээдлэгдэх, иргэд асуудал зөрчилдөөнөө шүүхээр шийдвэрлүүлэх эрмэлзэлтэй болох баталгаа юм. Энэ утгаараа бие даасан шүүх эрх мэдэл нь улс орны хөгжлийн системд зайлшгүй шаардлагатай эрх зүйн ухамсар, соёлын амин чанарыг тээж явдаг төдийгүй эрх мэдлийн тэнцлийг хангах замаар тусгаар тогтнолыг бэхжүүлэх багана нь болдог.
Нийгмийн өмнө хүлээсэн энэхүү хариуцлагаа бид ямагт ухамсарлаж, шинжлэх ухаанч, оновчтой арга зүйгээр нөхцөл байдлаа тодорхойлж ажиллах шаардлагатай. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хэмжиж тодорхойлдог жишиг олон улсад цөөнгүй. Rule of law индекс боловсруулж нийтэлдэг World Justice Project 2006 оноос хойш эрх зүйт ёсны индексийн хүрээнд энэ талын хэмжилтийг хийж эхэлсэн бол Шүүх Эрх Мэдлийн Зөвлөлийн Европын Сүлжээ (European Network of Council for the Juriciary) 2022-2023 оны шүүхийн бие даасан байдал, хариуцлага, шүүн таслах ажиллагааны чанарын талаарх судалгааны тайлангаа өнгөрөгч 6 дугаар сард нийтэлсэн. Энэ жишгийг нэн даруй нэвтрүүлж бие даасан, хараат бус байдал, түүнтэй салшгүй холбоотой "хариуцлага, чанар"-ын асуудлыг хэмжиж тодорхойлох ажлыг эхлүүлэх нь зүйтэй.
Rule of law 2022 оны индексээр Монгол Улсын эрх зүйт ёсыг дээдэлж буй үзүүлэлт нэг байраар ухарч 140 улсаас 62-т жагсахдаа “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөлөл” гэсэн шалгуураар иргэний хэрэгт 0.47, эрүүгийн хэрэгт 0.38 оноотой болсон нь олон улсын ба бүсийн дунджаас хавь доогуур үнэлгээ юм. Иргэний хэрэгт олон улсын болон бүсийн дундаж 0.52 байгаа бол, эрүүгийн хэрэгт олон улсын дундаж 0.47, бүсийн дундаж 0.48 байна. Сүүлийн жилүүдэд төрийн эрх мэдлийн тэнцэл, шүүхийн бие даасан байдалд тулгарч буй эрсдэл нэмэгдэх үзэгдэл дэлхийн 40 гаруй оронд ажиглагдаж байна. Аль ч улсад шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал нь шүүхийн үйл ажиллагааны суурь, тулах багана тул аливаа шинэчлэл, хөгжлийн эхлэх цэг, үргэлжлэх нуруу нь болох учиртай.
2/Шүүх иргэдийг бодит мэдээллээр хангах гол "эх сурвалж" тул энэ ажлаа шуурхай хийж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг тогтмол нэмэгдүүлж байх ёстой.
Шүүхийн тухай хуулиар шүүхийн бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг сайжруулж, шүүгчдийн өөрийн удирдлагыг хуульчилсан нь сайшаалтай боловч эрх зүйн бус аргаар мэдээлэл, харилцааны технологийн боломжид тулгуурлан хэрэг маргааныг нэг талын өнцгөөс ташаа мэдээлэх, шүүхийн талаарх олон нийтийн ойлголт, үнэмшлийг “харлуулах”, иргэдэд таалагдаагүй үйл явдал, улс төрийн асуудлыг шүүхээс шалтгаалсан мэтээр ойлгуулах явдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явах боллоо.
Үүнд зарим тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх, шүүгчид мэдээллээ тухай бүр, энгийн ойлгомжтой өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгаан ч нөлөөлж байгааг бид хүлээн зөвшөөрч, анхаарах ёстойг шүүгчиддээ сануулья.
Гагцхүү эрх зүйт ёс, хууль дээдлэх зарчимд суурилан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хуулиар тогтоосон иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь шүүхэд оногдсон үүрэг юм.
Тиймээс шүүгч "ямар үндэслэлээр" тухайн шийдвэр гаргаснаа олон түмэнд энгийн ойлгомжтой байдлаар, шуурхай таниулж байх хуульд тусгагдсан боломжийг идэвхийлэн ашиглаж байх нь зүйтэй. Шүүхийн үйл ажиллагааны талаарх албан ёсны мэдээллийг шүүхээс нь нэн тэргүүнд авдаг байх соёл, практик тогтоход шүүгчид бид өөрсдөө чухал үүрэгтэй юм шүү.
Зарим хөндлөнгийн судалгааны байгууллагаас гаргасан 2021 оны Монгол Улсын “шүүхэд итгэх олон нийтийн итгэл”-ийн үзүүлэлт 53.17 хувьтай гарсан нь гадаад улсуудтай харьцуулахад бас ч доогуурт тооцогдохооргүй судалгаа гарчээ. Тухайлбал, Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн 38 орны эл үзүүлэлтийн дундаж нь 54% (2014) байсан бол Европын консулын Евростатын хэмжилтээр Европын холбооны уг үзүүлэлт 2017 оноос хойш 54 хувьтай байсан ба 2021 онд 53 хувьтай тодорхойлогджээ.
Хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэж, нийгэм дэх шударга ёсыг тогтоох системийн үндсэн баталгаа болохын хувьд шүүх, шүүгч аль нэгэн байр суурийг хүчтэй илэрхийлэх, аливаа мэдээллийн орон зайд идэвхтэй оролцох боломж хязгаарлагдмал байдгийг хэвлэл, мэдээлэл, олон нийтийн байгууллагууд анхаараасай гэж хүсэж байна.
ГУРАВ. ШҮҮХИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ХӨГЖЛИЙН УРТ ХУГАЦААНЫ ЗОРИЛТ БОЛОХ УЧИРТАЙ
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг дотооддоо хангаж, эрх зүйн орчин, шүүхийн үр ашигтай байдлыг сайжруулан, шүүгчийн болон шүүхийн захиргааны хүний нөөцийг хөгжүүлсний үндсэн дээр шүүхийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Энэхүү урт хугацааны зорилт нь шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийн ахицтай нягт холбоотой.
1/Шүүхэд итгэх итгэлийг өндөрт авч явах шаардлага нэмэгдэж байна.
Даяаршил, олон улсын худалдаа арилжааны өргөжилтөөс шалтгаалан олон улсад хэргийн оролцогчид маргаанаа зөвхөн дотоодын шүүхийн харьяаллаар бус, өөрсдөд нь илүү үр ашигтай, хурдан шуурхай, шударгаар шийдэх чадамжтай гэж итгэсэн шүүхээр шийдвэрлүүлэх хандлага өсөж байна. 2017 оноос 2021 оны хооронд дэлхийн улсуудын 20 гаруй хувьд шүүхийн бие даасан байдлын эрсдэл зогсолтгүй нэмэгдсэн тухай харамсалтай үзүүлэлт гарсан. Ийм үзэгдэл маргагч талууд хэргээ гадаад улсын шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд нөлөөлөх нэгэн хүчин зүйл болдог.
Тухайлбал, Сингапур, Нидерланд зэрэг улсууд газар зүйн байршлаас гадна хэргийг хараат бус, шударгаар шийдвэрлэх чадамж; шүүхийн системийн үр ашигтай, зардал, чирэгдэл багатай байдал; хүний нөөцийн мэргэшсэн, хүлээн зөвшөөрөгдсөн байдал; эрх зүйн орчин ба шүүх, арбитрын тогтолцооны төрөлжсөн, таатай нөхцөл зэргээс шалтгаалан олон улсын тавцанд нэр хүнд өндөртэй байна. Тухайн улсын шүүх эрх мэдлийн олон талын индекс, олон улсын буюу арилжааны төрөлжсөн шүүх, арбитрын үр ашигтай, ил тод байдал, хуульч, эрдэмтэн, шүүгчдийн үйл ажиллагаа, бүтээл олонд танигдсан байх нь шүүхийн төдийгүй улс орны хувьд өндөр ач холбогдолтой байна.
2/Шүүхийн өрсөлдөх чадварыг тодорхой хэмжих боломжтой.
“Rule of law index” нь иргэний хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд шүүхийн хүртээмж; иргэд санхүүгийн байдлаас үл шалтгаалаад шүүхэд эрхээ хамгаалуулах боломж; шүүх хөндлөнгийн нөлөөнөөс ангид хэргийг хянан шийдвэрлэх чадамж; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа; шийдвэр гүйцэтгэлийн үр дүнтэй байдлаар индекс тогтоодог. 2022 онд манай улсын иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагааны индекс 0.54 буюу бүсийн дундаж үзүүлэлт болох 0.58-иас 0.4 оноогоор доогуур үнэлэгдсэн. Энэ нь өмнөх оны 0.55-аас буурсан ба дэлхийн 140 орноос 65-д жагссан байна. “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөлөл”, “шүүхийн шийдвэр үр нөлөөтэй хэрэгжих эсэх” гэсэн 2 шалгуур үзүүлэлтээр дэлхийн болон бүсийн дунджаас доогуур үнэлгээ авсан бол хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлдэг эсэх шалгуураар Монгол Улс 0.58 гэсэн индекстэй байгаа нь олон улсын дунджаас дээгүүр үзүүлэлт бөгөөд энэ шалгуурын хувьд 140 улсаас 30-д эрэмбэлэгдсэн. Эндээс харвал бидэнд бусад үзүүлэлтээ ч сайжруулах бололцоо, хөгжүүлэх боломж, чадамж байгааг илтгэж байна.
Дэлхийн Шударга Ёсны Төсөл (World Justice Project) байгууллагын эрх зүйт ёсны индексээс гадна өөр хэд хэдэн байгууллагын хэмжилт, тайлангаас шүүхийн олон улсын тавцан дахь индекс, чадамжийг илэрхийлэх боломжтой байдаг. Дэлхийн Эдийн засгийн Чуулганы “Олон Улсын Өрсөлдөх Чадварын Тайлан”-д шүүхийн бие даасан, үр ашигтай, ил тод байдлын үнэлгээг тусгадаг бол Транспэрэнси Интэрнэшнл байгууллагын “Авлигын төсөөллийн индекс” болон АНУ-ын Өв Сангийн (Heritage Foundation) “Эдийн засгийн эрх чөлөөний индекс”-ийн шүүхийн үр ашигтай байдал, өмчлөх эрхийн хамгаалалтын индекс зэрэг нь шүүхийн үнэлгээ, нэр хүндийг илэрхийлэх үзүүлэлт болж байна.
Дэлхийн 198 улсын 150 гаран салбарыг хамран эрсдлийн үнэлгээ боловсруулдаг Вериск Мапл-крофт (Verisk Maplecroft) байгууллагын “Хүний эрхийн төлөв байдал”-ын тайланд шүүхийн бие даасан байдал хамгийн өндөр эрсдэлтэй байгаа улсуудаас онцлох улсууд төлөрч нэрлэгддэг бөгөөд Монгол Улсын шүүх нэрлэгдэж байгаагүйг дуулгах хэрэгтэй.
3/Хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд шүүхийн цахимжилт өндөр түвшинд хөгжсөн байх шаардлагатай.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хамгийн их анхаарал хандуулж байгаа асуудлын нэг. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах, хиймэл оюун ухааны тусламжтай эрх зүйн тодорхой байдлыг нэмэгдүүлэх, шүүхийн ачаалал, хэргийн оролцогчдын чирэгдлийг бууруулах зэрэгт шүүхийг цахимжуулах ажил өндөр ач холбогдолтой. Ялангуяа шүүхийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр шүүхийн болон захиргааны ачаалал, иргэдийн явдал, зардлыг үлэмж хэмжээнд буруулах боломжтой. Тухайлбал, ачаалал өндөртэй зарим дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 онд давхардсан тоогоор 35,178 иргэнд шүүхийн үйлчилгээг үзүүлсэн байх ба үүнээс 75.3 хувь нь шүүхийн байранд биечилж, үлдсэн хувь нь бусад хэлбэрээр үйлчлүүлсэн бол шүүхийн байранд биечлэн ирж үйлчлүүлсэн хэргийн оролцогч талуудын 44 хувь нь нэхэмжлэлийн хувь гардаж авах, эрх үүргээ тайлбарлуулах, хэргийн материалтай танилцах, зарим тохиолдолд зөвхөн баримтад гарын үсэг зурахаар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж үйлчлүүлжээ. Төрөөс бүрдүүлэх нотлох баримтыг төрийн цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан бүрдүүлэх, шүүх цахим нотлох баримтыг хүлээн авч үнэлэх явдлыг хөгжүүлэх, сайжруулах хэрэгцээ улам нэмэгдэж байна.
Манай улсын шүүхийн байгууллагад хэрэглэдэг системүүд нь “хоорондоо” болон төрийн ХУР, ДАН систем, цагдаа, прокурорын байгууллагад хэрэглэгддэг системүүдтэй огт уялдаа холбоогүй, цаасан суурьтай, гар ажиллагаатай хэргийн хөдөлгөөнийг удирдаж байгаагаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд чирэгдэл учруулсаар байна.
Шүүхийн цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд төсвийн хүрэлцээгүй байдлаас үл шалтгаалан шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөцийг олон улсын ба гадаадын байгууллага, сангийн тусламжтай бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Монгол Улсын дээд шүүх БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлагийн (Койка) дэмжлэгтэйгээр бүх шатны шүүхийн техник, төхөөрөмжийг шинэчлэх 11 сая долларын хөрөнгө оруулалт бүхий төслийн ТЭЗҮ-г боловсруулж хүргүүлээд байна.
Шүүхэд дэвшилтэт цахим системийг нэвтрүүлснээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран хэргийн оролцогчид ухаалаг гар утас, таблет, суурин компьютер ашиглан тухайн цахим системд хандаж, нэхэмжлэл гаргах, тэмдэгтийн хураамж төлөх, хэргийн материалтай танилцах, хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэргээр шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Энэхүү систем нь хуурамч бичиг баримт илрүүлэх функцтэй, хэргийн оролцогч мөн эсэхийг Biometric /нүүр таних аргачлал/ өгөгдлөөр таних, OCR буюу оптик тэмдэгт таних функцтэй, зургаас текст рүү хөрвүүлэх, баримт бичгийн доторх бүтэц, засвар орсон эсэхийг шалгах, мөн ХУР, ДАН зэрэг системээс хэргийн оролцогчийн иргэний бүртгэлийн /төрд байгаа/ мэдээллээс авч харьцуулалт хийх, шалгах ажиллагааг хийх чадвартай байх зэрэг технологийн шаардлагуудыг тусгаад байна.
Шүүхийн цахимжилтын асуудал Алсын хараа 2050 болон Шүүхийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан, чухал зорилт болохыг тэмдэглэн хэлье.
Анхаарал тавьсанд баярлалаа, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.