Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд хэрхэн авч үзэх нь улс төрч, хуульч, судлаачдын дунд ихээхэн маргаан дагуулсан сэдвийн нэг болсон тул энэ асуудлыг холбогдох хуулийн зорилго, зарчимд нийцүүлэн хэрхэн зохицуулах, тухайлбал прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тохироогүй буюу илт хөнгөдсөн, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөх тохиолдолд хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээг сэргээн хуульчлах шаардлагатай эсэх талаар саналаа боловсруулж та бүхний анхааралд толилуулж байна.
Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд хэрхэн авч үзэх нь улс төрч, хуульч, судлаачдын дунд ихээхэн маргаан дагуулсан сэдвийн нэг болсон тул энэ асуудлыг холбогдох хуулийн зорилго, зарчимд нийцүүлэн хэрхэн зохицуулах, тухайлбал прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тохироогүй буюу илт хөнгөдсөн, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөх тохиолдолд хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээг сэргээн хуульчлах шаардлагатай эсэх талаар саналаа боловсруулж та бүхний анхааралд толилуулж байна.
“Эрүүгийн хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээ” сэдвийн хүрээнд дараахь асуудлыг тоймлон авч үзнэ. Үүнд:
1.Өмнөх хуулийн зохицуулалт, прокурорт буцаасан хэргийн судалгаа
2.Гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалт
3.2015 оны ЭХШХШТ хууль дахь зохицуулалт, тулгамдаж буй асуудал
4.Санал, дүгнэлт
1.1.Өмнөх хуулийн зохицуулалт[1], прокурорт буцаасан хэргийн судалгаа
Манай улсын хувьд шүүхээс хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах зохицуулалт анх 1949 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хуульчлагджээ. “Анхан шатны шүүхүүдийн шүүн таслах ажиллагааны тухай” хэмээх бүлгийн 263, 267 дугаар зүйлд шүүгч хэргийг хүлээн аваад “... бэлтгэл цуглаанд хянан хэлэлцүүлэхээр оруулах” ба “... хэргийг нөхөн мөрдүүлэхээр прокурорт эргүүлэн өгөх” эрхтэй болохыг заасан нь эрүүдэн шүүж, хилс хэрэгт яллаж, шүүхтэй шүүхгүй шийтгэж байсан 20 дугаар зууны “Их хэлмэгдүүлэлт”-ийн дараахан цаг үед ихээхэн дэвшилттэй зохицуулалт байсан гэж дүгнэх үндэстэй.
1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 231 дүгээр зүйлд:
1.Урьдчилсан мөрдөн байцаалт бүрэн биш бөгөөд тэр нь шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх бололцоогүй бол,
2.Хэрэг бүртгэх буюу урьдчилсан мөрдөн байцаалт явуулах үед эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байвал,
3.Урьд сонсгосон ял дээр өөр ял нэмж сонсгох, эсхүл ялыг хүндрүүлэх буюу жинхэнэ бодит байдлаар нь ялын төлөвлөгөөнд дурдсанаас онцын ялгаатай болгон өөрчлөх үндэс байвал,
4.Уг хэрэгт холбогдуулан өөр хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татах үндэс байгаа бөгөөд тэдний материалыг хэргээс тусгаарлаж болохгүй байвал,
5.Хэргийг буруугаар нэгтгэсэн буюу тусгаарласан тохиолдолд тус тус хэргийг прокурорт буцаахаар заасан байна.
Шүүх хэргийг буцаахдаа “Захиран тушаах хурал” хийж, хэргийг нэмж мөрдөн байцаалгахаар прокурорт ямар үндэслэлээр буцааж байгаа, юу нэмж тодруулахыг магадлалдаа тодорхой заах үүрэгтэй байв.
Ингэж хэргийг нэмж шалгуулахаар буцаахдаа мөрдөн байцаагч, прокурорт чухам юуг, яаж хийхийг зааж сургах энэхүү үүрэг социалист шүүхийн тухайн нийгэмд гүйцэтгэж байсан чиг үүрэгтэй нь шууд холбоотой юм.
Тухайлбал, 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 4, 116-117 дугаар зүйлд зааснаар шүүх гэмт хэргийн шинж илэрсэн тухайд эрүүгийн хэрэг үүсгэж, гэмт хэрэг гарсан байдал ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, түүнд ял шийтгэл оногдуулах талаар хуульд заасан бүх арга хэмжээг авах ёстой байжээ.
1995 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 231 дүгээр зүйлд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шүүхийн эрх хэмжээг дараахь байдлаар хуульчилсан.
Дор дурдсан тохиолдолд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргана:
1.Урьд сонсгосон ял дээр өөр ял нэмж сонсгох, эсхүл ялыг хүндрүүлэх,
2.Уг хэрэгт холбогдуулан өөр этгээдийг эрүүгийн хариуцлагад татах үндэслэл байгаа бөгөөд түүний хэргийг тусгаарлах боломжгүй байх,
3.Хэргийг буруу нэгтгэсэн буюу тусгаарласан,
4.Яллагч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн.
Шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахдаа хэргийг буцааж байгаа үндэслэл, нэмж шалгах асуудлыг тодорхой зааж, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн байвал зохино гэж заасан байна.
1995 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 254 дүгээр зүйлийг “Мөрдөн байцаалт явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн, эсхүл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөнөөс шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг бүрэн нотолж чадаагүй гэж шүүх хуралдааны явцад үзвэл шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 30 хүртэл хоногоор хойшлуулж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх саналыг яллагчид тавьж болно” гэж томьёолон, мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжийг хуульчилсан.
2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах шүүхийн эрх хэмжээг дараахь байдлаар хуульчилсан.
230.1. Дор дурдсан тохиолдолд хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
230.1.1. Хэргийг буруу нэгтгэсэн, тусгаарласан бол,
230.1.2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол,
230.1.3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, энэ хуулийг ноцтой зөрчсөн бол,
230.1.4. Улсын яллагч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн.
Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2-т зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ мөн хуулийн 230 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах асуудлыг шүүгч дангаараа шийдвэрлэх эрхтэй байжээ.
Хэргийг прокурорт буцаах тухай үндэслэлүүд нь анхан шатны шүүхээс гадна давж заалдах, хяналтын шатны шүүхэд мөн адил хамаарах ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т давж заалдах шатны шүүх “... тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-д хяналтын шатны шүүх “... тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах”-аар тус тус хуульчилжээ.
Дээрх зохицуулалт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэсэн зарчимд нийцсэн байна.
1.2.Прокурорт буцаасан хэргийн судалгаа.[2]
Монгол Улсын шүүхийн 2009 оноос 2017 хүртэл хугацааны эрүүгийн хэргийн нэгдсэн мэдээг судалж үзэхэд жилд дунджаар нийт хүлээн авсан эрүүгийн хэргийн 7 орчим хувийг буюу 500-700 орчим хэргийг прокурорт буцааж байсан нь тухайн үеийн мөрдөн шалгах ажиллагааны чанарыг дүгнэх нэг үзүүлэлт юм.
Шүүхээс прокурорт буцаасан нийт хэргийн 80 орчим хувийг анхан шатны шүүх, 18 орчим хувийг давж заалдах шатны шүүх, 2 орчим хувийг хяналтын шатны шүүх буцаажээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд талуудын эрх тэгш байдлыг хангаж, мөрдөн шалгах ажиллагааны талаар оролцогчдоос гаргасан үндэслэл бүхий хүсэлтийг хүлээж аваагүй, холбогдох шийдвэрээ хэргийн оролцогч нарт танилцуулж гомдол гаргах эрхийг хангаагүй, оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлээгүй, хэргийг мөрдөн шалгахдаа хэт нэг талыг барьсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих зүйл”-ийг дутуу шалгаж, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулахгүй орхигдуулсан, шүүхээс өмнөх шатанд прокурор зарим үйлдэл холбогдлыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрт дурьдсан заалтыг биелүүлээгүй зэргээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нийтлэг алдаа зонхилж байсан.
Шүүхээс нэг жилд буцаасан 500-700 орчим хэргийн 70 гаруй хувь нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, 15 орчим хувь нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 7 орчим хувь нь хэргийг буруу нэгтгэсэн буюу тусгаарласан, 4 орчим хувийг улсын яллагч яллахаас татгалзах санал гаргасан, үлдэх хувийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй, шүүхээс оргосон зэрэг бусад үндэслэл эзэлж байжээ.
Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааны улмаас хэргийг прокурорт буцаах нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлэх замаар хэргийг шударгаар хянан шийдвэрлэж хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргаж хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилго агуулдагийг тэмдэглэх нь зүйтэй.
2.Гадаадын зарим улсын Эрүүгийн процессын хууль дахь зохицуулалт[3]
Эх газрын эрх зүйн системд хамаарах улс орнуудын мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааны уламжлалт хэв маяг, түүнчлэн эрх зүйн шинэчлэлийг амжилттай хийсэн зарим улсын хууль тогтоосон туршлага, онцлог зэргийг харгалзан ОХУ, Латви, Казахстан, ХБНГУ, Франц улсын эрүүгийн процесс ажиллагааны хуульд шүүхээс хэргийг прокурорт буцаах асуудлыг хэрхэн зохицуулсныг харьцуулан авч үзье.
2.1. ОХУ-ын Эрүүгийн процесс ажиллагааны тухай хуульд
ОХУ-ын Эрүүгийн процессын хуулийн 237 дугаар зүйлд /Эрүүгийн хэргийг прокурорт буцаах/ прокурорын яллах дүгнэлт, ял сонсгосон тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу уг яллах дүгнэлтийг үндэслэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон, мөн тухайн хэргийг өөр эрүүгийн хэрэгтэй нэгтгэн шалгах шаардлагатай зэрэг 6 үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар заажээ.
Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг ОХУ-д 2002 оны 7 дугаар сараас хэрэглэхээ больсон нь эрдэмтэн судлаачид, хуулийн ажилтнуудын дунд ихээхэн маргаан дагуулж байсан бөгөөд ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх хэргийг прокурорт буцаахтай холбогдсон хэд хэдэн хэргийг хянан шийдвэрлэжээ.
2.2. ХБНГУ-ын Эрүүгийн процесс ажиллагааны хуульд
ХБНГУ-ын Эрүүгийн процесс ажиллагааны хуульд (Code of Criminal Procedure) зааснаар шүүх прокуророос шилжүүлсэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг эхэлж шийдвэрлэх ба энэхүү ажиллагаа нь гэм буруугүй этгээд эрүүгийн хэрэгт яллагдан, шүүх хуралдаанаар шүүгдэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилготой. Энэ шатанд шүүгч яллагдагчийг дуудан ирүүлж, түүнд яллах дүгнэлтийг танилцуулж, хэрэгт авагдаагүй бусад нотлох баримт (individual evidence)-ыг цуглуулж авахуулах, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд татгалзал бий эсэхийг тодруулна. Хуулийн 202 дугаар зүйлд “...хэргийн бодит байдлыг сайтар судалж тогтоох зорилгоор шүүх нэмэлт нотлох баримт цуглуулахаар шийдвэрлэж болох ба түүнд хэн ч гомдол гаргах эрхгүй” гэж заажээ. Үүний дараа шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхээ шийдвэрлэдэг. Эс хэлэлцэх тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл түдгэлзүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргана. Хэлэлцэхээр бол шүүх прокурорын ялласан хэмжээнд, эсхүл сонсгосон ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлж шийдвэрлэх эрхтэй байна.
2.3. Казахстан Улсын Эрүүгийн процесс ажиллагааны хуульд
Эрүүгийн процесс ажиллагааны тухай хуулийн 303 дугаар зүйлд зааснаар шүүгч шүүх хуралдааныг товлон зарлахын өмнө өөрийн санаачилгаар, эсхүл талуудын хүсэлтийн дагуу дараах тохиолдолд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана:
1/ яллагдагч өөр хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, эсхүл өөр этгээд хэрэгт хамааралтай бөгөөд хэргийг тусгаарлан шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол,
2/ яллах дүгнэлтэд дурдсан ялыг хүндрүүлэх, эсхүл анх сонсгосноос өөр ял сонсгох шаардлагатай бол,
3/ хэргийг буруу нэгтгэсэн, тусгаарласан, эсхүл эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд саад учруулахуйц байвал.
2.4. Франц Улсын Эрүүгийн процесс ажиллагааны хуульд
Франц Улсын Эрүүгийн процесс ажиллагааны хууль (Code of criminal procedure)-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ мөрдөн шалгах тогтолцоотой. Шүүхийн мөрдөн байцаагчийн оролцоо процесс ажиллагаанд их нөлөөтэй. Эрүүгийн процесс нь шүүхийн өмнөх (pre-trial phase) болон шүүхийн (trial) гэсэн хоёр шаттай. Хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлснээр шүүхийн өмнөх шат дуусгавар болно.
Энэ хуулийн “Зайлшгүй авах шаардлагатай бус болон онцгой тохиолдолд авах шаардлагатай арга хэмжээнүүд” (Optional or exception al measures) хэмээх 283-287 дугаар зүйлүүдэд шүүхийн өмнөх шатанд мөрдөн байцаах ажиллагаа дутуу явагдсан, түүнчлэн хэргийг нэг мөр шийдвэрлэхэд тодорхой үйл баримтыг тогтоох гарцаагүй шаардлагатай гэж үзвэл даргалагч шүүгч захирамж гаргаж мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар заасан байна.
2.5. Латви улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль
Социалист системийн задралын дараа Латви улс үндэсний хууль тогтоомжоо Европын холбооны хатуу стандарт, шаардлагад амжилттай нийцүүлсэн туршлагыг дэлхийн олон улсад жишиг болгодог.
Латви улсын 2005 онд баталсан Эрүүгийн процесс ажиллагааны хуульд шүүхэд шилжүүлсэн хэргийг нэмж шалгуулахаар шүүхийн өмнөх шатанд буюу прокурорт буцаах зохицуулалт байхгүй. Харин Эрүүгийн процесс ажиллагааны хуулийн 461 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон прокурор урьд сонсгосон ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж өөрчлөх шаардлагатай бол энэ тухай үндэслэлээ танилцуулж ялыг өөрчлөх үүрэгтэй бөгөөд хэргийн зүйлчлэлийг өөрчлөх асуудлыг дараахь байдлаар зохицуулсан байна.
- Хэргийн бодит байдал өөрчлөгдөхгүйгээр зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх бол шинээр сонсгож буй ялын талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана.
- Хэргийн бодит байдал өөрчлөгдсөнөөр зүйлчлэлийг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж өөрчлөх бол шүүх, яллагдагч, түүний өмгөөлөгчийн шаардсанаар прокурор нь шинээр ял сонсгох тухай бичгээр мэдэгдэнэ. Ялыг өөрчлөн сонсгоход хугацаа хэрэгтэй бол прокурорын хүсэлтээр хуралдааныг завсарлаж болно.
- Шүүх хуралдааны явцад хэргийн өөр нөхцөл байдал тогтоогдож, зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шаардлагатай бол прокурорын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэмж явуулахаар шүүх хуралдааныг завсарлуулах ба энэ хугацаа нэг сараас илүү байж болохгүй.
Шинэ ял сонсгож буйтай холбогдуулан яллагдагч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, шинээр сонсгож буй ялтай танилцах боломж олгодог байна /462 дугаар зүйл/.
Дээр дурьдсан улс орнуудын Эрүүгийн процесс ажиллагааны хуулийг харьцуулан судалж үзэхэд ОХУ, Казакстан зэрэг улс орон хуульд заасан тодорхой нөхцөлд шүүхээс хэргийг прокурорт буцаах заалт үйлчилж байхад, ХБНГУ, Латви улсад мөрдөн байцаалтын явцад гарсан зөрчлийг арилгах, дутуу ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх асуудлыг шүүхийн шатанд гүйцэтгэхээр зохицуулсан байна.
3.2015 оны ЭХШХШТ хууль дахь зохицуулалт, тулгамдаж буй асуудал
Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан "Шүүх эрх мэдэл"-ийг хэрэгжүүлэх нэг чухал нөхцөл нь шүүхийн эрх хэмжээ болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тусгайлан хуульчилж, шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шударга шийдвэр гаргах эрх зүйн орчныг баталгаажуулах явдал билээ.
2015 оны Эрүүгийн хуульд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж заасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж тодорхойлсон байна.
Иймд шүүхээс хэргийг прокурорт буцаах нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлсийг гэмт халдлагаас хамгаалах, ... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах,… хүний … зөрчигдсөн эрхийг сэргээх...” хуулийн зорилтод нийцэх эсэхийг нарийвчлан авч үзье.
Эрүүгийн хуулийн зорилгыг хангахын тулд төрийг төлөөлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнууд нь хэргийн бодит байдлыг, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг хуульд нэг бүрчлэн зааж хуульчилсан. Тухайлбал,
ЭХШХТХ-ийн 1.7 дугаар зүйл. Хэргийн бодит байдлыг тогтоох
1.Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
2.Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.
3.Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.
ЭХШХШТХ-ийн 16.2 дугаар зүйл. Нотолбол зохих байдал
1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно:
1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;
1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн;
1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;
1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;
1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;
1.6.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл.
2012 онд батлагдаж 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдсөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно." гэсэн зарчмыг хуульчилсан.
Гэтэл Монгол Улсын Их хурал 2017 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэн батлахдаа анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах заалтыг зарчмын хувьд дэмжихгүй хассан бөгөөд ийнхүү хасахдаа мөн хуулийн 39.9 дүгээр зүйлд заасан “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр”, мөн хуулийн 40.8 дугаар зүйлд заасан “Хяналтын шатны шүүхийн шийдвэр” гэсэн хэсэгт “… нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх” асуудлыг зохицуулахгүй орхигдуулсан нь уг хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 2, 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтуудтай зөрчилдсөн бөгөөд шүүхээс шударга шийдвэр гаргах нөхцөлийг хумьж, шүүхийн эрх хэмжээг дордуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан “Шүүхийн хараат бус байдал”-ын зарчмыг зөрчсөн явдал болсон.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан “нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол; хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол; мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт; хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал, хүсэлт” зэргийг шүүх талуудын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар хэлэлцэн шийдвэрлэх ба уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй бол хэргийг зөвхөн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас прокурорт буцаахаар заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан 4 асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл тухайн асуудлыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судалж, шийдвэр гаргахад холбогдох оролцогчдын санал, хүсэлт, байр суурийг зайлшгүй сонсох, тэднээс хэрэгт ач холбогдол бүхий зарим зүйлийг тодруулах буюу асуудлыг шүүх хамтын зарчмаар хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу тухайн асуудлыг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэнэ гэж заасан хэдий ч анхан шатны шүүх хуралдаанаар шүүх хэргийг прокурорт буцааж болох эсэхийг хуульчлаагүй орхигдуулсан байна.
Энэ тохиолдолд шүүх хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаахаас өөр зохицуулалтгүй байна.
Харин улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн; эсхүл хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа шүүхэд бичгээр гаргаж болохоор хуульчилсан ба энэ тохиолдолд шүүх хэргийн талаар урьдчилсан дүгнэлт хийхгүйгээр хэргийг прокурорт буцааж болно.
Давж заалдах шатны шүүхийн хувьд өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.2 дахь хэсэгт заасны дагуу “Тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах” эрх хэмжээг шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хассан бөгөөд өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь зөвхөн хөнгөн ялтай хууль хэрэглэх, эсхүл ялыг хөнгөрүүлэх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй буюу ялыг хүндрүүлэх боломжгүй байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх нь хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан атлаа мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах”-аар хуульчилсан нь ойлгомжгүй, зөрчилтэй болжээ.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөх боломжгүй нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасанд нийцэхгүй бөгөөд шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шударга шийдвэр гаргах хууль зүйн баталгааг алдагдуулсан байна.
Энэ асуудал хяналтын шатны шүүхэд мөн хамаарах ба Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт хяналтын шатны шүүх нь “Шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасан нь мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана.”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзнэ.” гэж заасантай зөрчилдсөн ба хяналтын шатны шүүх нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, хэргийг прокурорт буцаах эрхгүй гэсэн агуулгаар шүүхийн эрх хэмжээг хязгаарлажээ.
Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тодорхой мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй илт хөнгөдсөн тохиолдолд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг сэргээх нь зүйтэй гэж үзэж байна.
Ялангуяа шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх өөрчлөх шаардлагатай тохиолдолд хэргийг прокурорт буцааж, шинээр ял сонсгох, өөрөөр хэлбэл яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх”, өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцсанаар өөрийгөө өмгөөлөх болон бусдаас мэргэжлийн хууль зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу шинээр баримт сэлт гаргаж өгөх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, нэмж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгогдсон эрхийг бүрэн, бодитой эдлүүлэх шаардлагатай бөгөөд дээр дурьдсан нөхцөл хангагдсан тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Одоо шүүхийн практикт анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхөөр бол хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, улмаар холбогдох хэргийг прокурорт буцаах, харин давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг дээр дурьдсан нөхцөлд хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, улмаар анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр дээд шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй эсэхийг дахин хэлэлцэн шийдвэрлэж байна.
Энэхүү нөхцөл байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, зардлыг нэмэгдүүлж, оролцогчдыг чирэгдүүлэх, зарим тохиолдолд гэм буруутай этгээдийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял завших боломжийг олгож байгаагаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэсэн заалтад нийцэхгүй байна.
Шүүхээс хэргийг прокурорт буцаах, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэх хуулийн зохицуулалт үгүй болсноор шүүх нэг талыг барьж бүрэн бус мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийг мэдсээр байж эцэслэн шийдвэрлэх, үндэслэлгүйгээр цагаатгасан, эсхүл ялласан шийдвэр гаргах, улмаар хохирогч болон нийтийн эрх ашиг хохирч, шударга ёс гажуудах нөхцөлийг бий болгож байна.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг судалж үзэхэд зөвхөн Нийслэлийн 9 дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэмжээнд 61 хүнд холбогдох 42 хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.
Өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан “Гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох заалт шинэчлэн найруулсан хуулиар хасагдсан, түүнчлэн шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөх тохиолдолд хэргийг прокурорт буцаах зохицуулалт байхгүйгээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлийг төсөөтэй хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх, эсхүл хэргийг буруу зүйлчилж, ял завшуулах нь хэргийн бодит байдлыг тогтоох, ял шийтгэл гарцаагүй байх, хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зарчимд нийцэхгүй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцээгүй, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хууль зөрчсөн алдааг зөвтгөхгүйгээр шүүгдэгчийн гэм бурууг шүүх эцэслэн шийвэрлэх боломжгүй нөхцөлд анхан шатны шүүх хуралдаанаас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан тохиолдолд прокурор шинэ нөхцөл байдал илэрсэн үндэслэлээр тухайн шүүгдэгчид өөр ял сонсгож, түүний гэм бурууг шүүхээр дахин хэлэлцүүлэхээс өөр аргагүй болох ба энэ нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн “Double jeoparty” буюу шүүгдэгчийг гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчих болно.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг шударгаар оногдуулах, хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль хэрэглээний талаар оролцогчийн гаргасан үндэслэл бүхий гомдлыг хангах шүүхийн эрх хэмжээг шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хасаж, хязгаарласан нь буруу бөгөөд хуулийн зарим зүйл, хэсэг хоорондын зөрчил, хийдлийг хуулийн зорилго, үндсэн зарчимд нийцүүлэн арилгах зайлшгүй шаардлага бий болсон байх тул шүүхийн эрх хэмжээтэй холбоотой дараахь нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэсэн заалтад нийцүүлж, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж тус тус өөрчлөх,
мөн хуулийн 39.9 дүгээр зүйл болон 40.8 дугаар зүйлд “… нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх” заалтыг нэмж хуульчлах,
мөн “Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ”-г тогтоосон 40.5 дугаар зүйлд “Хяналтын шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэсэн заалтыг сэргээж хуульчлах саналтай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээр дурьдсан өөрчлөлтийг хийхээс гадна уг хуулийн 40.8 дугаар зүйлд “Хяналтын шатны шүүхийн шийдвэр”-тэй холбоотой харилцааг зохицуулсан 1.1, 1.2, 1.3 заалтыг дараахь байдлаар өөрчлөх шаардлагатай.
40.8 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхийн шийдвэр
1.Хяналтын шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1.1.гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;
1.2.анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, түүнтэй холбогдуулж гарсан шүүхийн бусад шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл өөрчлөлт оруулах;
1.3.анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах, эсхүл хэргийг прокурорт буцаах;
1.4.шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх зөвхөн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, түүний эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, харин шүүх хуралдаанд тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг зайлшгүй хүндрүүлж өөрчлөх шаардлагатай тохиолдолд тухайн хэргийг прокурорт буцаадаг уламжлалт зохицуулалтыг сэргээх нь хүний эрхийг хангах, түүнд процессын хуульд заасан эрхийг эдлүүлэх талаасаа зөв зохицуулалт юм.
Учир нь хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй бөгөөд сонсгосон ялын эсрэг өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөөс мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт шалгуулах, эсхүл нэмж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах талаар хуульд заасан эрхийг нь эдлүүлэх, эсхүл шинээр сонсгосон ялыг хүлээж зөвшөөрч, хуульд заасан хөнгөлөлтийг эдлэх боломжоор хангагдах эрхтэй. Эрүүгийн процесс ажиллагаанд хүний эрхийг хангах асуудлыг тухайн хэргийг илрүүлж тогтоох эрх ашигтай нэг түвшинд авч үзэх ёстой.
4.Санал, дүгнэлт
Монгол Улсын Үндсэн хуульд заасан Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх хүрээнд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэл хүндрэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөх тохиолдолд хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээг хязгаарлаж болохгүй.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах шүүхийн эрх хэмжээг хассан нь хохирогч болон нийтийн эрх ашиг зөрчигдөж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны зарчим алдагдах зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байгаа бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах талаар хуулийн тогтсон уламжлалыг сэргээх нь хэргийн бодит байдлыг тогтоож, гэм буруутай хүнд зохих ялыг шударгаар оногдуулж, хүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэсэн шүүн таслах ажлын эрх ашигтай салшгүй холбоотой гэдгийг зориуд тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс хэргийг прокурорт буцаах эрх зүйн зохицуулалтыг хүчингүй болгохын сөрөг тал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чанаргүй явуулж, хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн хууль сахиулагч хариуцлага хүлээхгүй үлдэхээс гадна ял шийтгэл гарцаагүй байх Эрүүгийн хуульд заасан зарчим хэрэгжихгүй байх нөхцөл үүсч болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж,
Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасан нь хэдийгээр тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх заалтууд мөн боловч гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх ашиг алдагдаж, шударга ёс гажуудах шалтгаан болох ёсгүй юм.
Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 10 дугаар зүйлд “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй” гэж, 11 дүгээр зүйлд “Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй” гэж,
Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Баривчлагдсан буюу эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль ч хүнийг шүүгч буюу хуулийн дагуу шүүн таслах эрх хэмжээ олгогдсон бусад албан тушаалтанд даруй шилжүүлэх бөгөөд хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх буюу суллагдах эрхтэй ...” гэж тус тус заасан нь хүний суурь эрхийг хамгаалсан төдийгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аль болох богиносгох зорилгыг агуулсан хэдий ч шүүх зөвхөн хуульд заасан тодорхой үндэслэлээр, тухайлбал, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөх тохиолдолд хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл биш юм.
Хэргийн бодит байдлыг тогтоож, хүний эрхийг хангах, түүний дотор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гаргасан үндэслэл бүхий гомдлыг хангах зорилгоор анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах заалтыг сэргээж хуульчлах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах... эрхтэй”, 19 дүгээр зүйлд “Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалт, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах,… хүний … зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтод бүрэн нийцнэ гэж үзэж байна.
[1] УЕПГ, ХЗҮХ-ийн судалгааны тайлан
[2] УДШ-ийн практик судлалын хэлтсийн судалгааны тайлан
[3] УЕПГ, ХЗҮХ-ийн судалгааны тайлан