2016 оны 7 дугаар сарын 1-нээс Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсууриас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр эдгээр хуулиудыг боловсруулах, батлуулах ажлын хэсэгт ажилласан юм.
-Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. Эдгээр хуулийн үзэл баримтлалаас яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд хоёр хуулийн талаар жижигхэн танилцуулгыг хүргэх замаар яриагаа эхэлье. Захиргааны ерөнхий хууль гэхээр иргэд маань төр, захиргааны байгууллага, албан тушаалтанд хамааралтай, иргэдэд төдийлөн ач холбогдолгүй хууль гэж андуурч магадгүй. Харин эсрэгээр, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан иргэний өргөдөл, хүсэлтийг ямар хугацаанд, ямар журмаар, хэрхэн шийдвэрлэх, шийдвэр гаргахдаа тэдний оролцоог хэрхэн хангах, шийдвэрээ яаж мэдэгдэх зэрэг төрөөс иргэнтэй харилцах харилцааг зохицуулсан хууль юм. Үндсэн хууль төрийн дээд эрх мэдлийг хуваарилсан боловч иргэн, төр хоёрын өдөр тутмын харилцааг зохицуулдаггүй, харин "Захиргааны ерөнхий хууль" энэ харилцааг зохицуулдаг. Энэ утгаараа нарийвчилсан “Үндсэн хууль” гэж нэрлэх нь бий. Тэгвэл захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь нарийвчилсан “Үндсэн хууль” хүчин мөхөсдөж, иргэний эрх зөрчигдлөө гэж үзвэл шүүхэд хандаж эрхээ сэргээлгэхийг зохицуулсан хууль юм. Энэ утгаараа нэгнийх нь шинэчлэл нөгөө хуулийн шинэчлэлгүйгээр хэрэгжих боломжгүй “барилдлагатай” хуулиуд.
-Нарийвчилсан “Үндсэн хууль” гэж хэллээ. Тодруулахгүй юу?
-Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ардчилсан ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байхаар заасан. Ардчилсан ёсны зарчим гэдэг нь төрөөс гаргаж буй шийдвэр ил байгаад зогсохгүй тухайн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд оролцож, санал бодлоо илэрхийлдэг, захиргааны байгууллага нь иргэдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргахын өмнө тэдэнд танилцуулдаг, саналыг нь авдаг, тусгадаг байхыг хэлдэг. Гэсэн хэдий ч төр, захиргааны байгууллагаас үүнийг хангалттай хэрэгжүүлэхгүй байна. Учир нь эдгээр үйл ажиллагааг баталгаажуулсан хуулийн зохицуулалт алга. Захиргааны ерөнхий хуулиар төрийн байгууллага, албан тушаалтанд ардчилсан зарчмыг хэрэгжүүлэхийг үүрэг болгож байгаа. Тиймээс “нарийвчилсан Үндсэн хууль” буюу ардчиллын “задаргаа” хууль гэж нэрлэх нь бас бий.
-Тийм чухал хууль юм бол яагаад батлагдахгүй өдий болтол явсан юм бол?
-Улсын Их Хурлаас 2002 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан байдаг. Үүнээс хойш үе үеийн Хууль зүйн сайд нар Захиргааны ерөнхий хуулийн төслийг боловсруулах ажлыг эрхэлж байсан ч Засгийн газар дээр амжилт олоогүй. Энэ хууль төрийн байгууллагын үйл ажиллагааг “гацаана” гэсэн болгоомжлол тухайн үеийн Засгийн газарт байсан. Тиймээс 2015 онд уг хууль батлагдах хүртэл захиргааны шүүх байгуулагдан ажиллаж байсан ч хэрэглэх хуульгүй өдий хүрсэн гэж хэлж болно. “Замын цагдааг нь байгуулчихаад дүрмийг нь батлаагүй” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн. Энэ ч үүднээс хуулийг урагшлуулахын тулд Төрийн тэргүүн хуулийн төслийг гартаа авч ажлын хэсэг дэргэдээ байгуулж, яамны боловсруулсан төслийг шинэчилж, Улсын Их Хуралд өргөн барьсан. Харин Улсын Их Хурал эргэлзэлгүй баталсанд баяртай байдаг.
-Засгийн газарт халгаатай хууль юм болов уу?
-Өмнө батлагдсан байсан хуулиудыг аваад үзэхэд төрийн байгууллага, албан тушаалтанд дандаа эрх олгосон, иргэдэд ерөнхийдөө үүрэг болгосон маягийн заалтууд их байсан. Харин Захиргааны ерөнхий хууль маань эсрэгээр, төрийн байгууллага, албан тушаалтны иргэдтэй харилцах харилцааг журамлаж, албан тушаалтныг үүрэгжүүлж, иргэдэд эрх олгосон. Үүгээрээ захиргаанд халтай мэт ойлголт төрүүлж болно. Гэхдээ нөгөө талаасаа захиргаа иргэдтэй харилцахдаа ямар стандарт баримтлах ёстой гэдгийг хуульчилснаар албан тушаалтан бүрэн эрхээ яаж хэрэгжүүлэх нь тодорхой болж, үл ойлголцол багасч буй сайн талтай. Захиргааны албан хаагч нар маань энэ талаасаа харж, хуулийг эергээр хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.
-Иргэдэд мэдэгдэнэ, иргэдээс саналыг нь авна гэхээр их хугацаа орох юм байна. Захиргааны үйл ажиллагаа шуурхай байх ёстой биш үү?
-Шийдвэр хурдан гарч байгаагаар бус, тэр шийдвэрийн үзүүрт эрх нь хөндөгдөж байгаа иргэний оролцоонд хэр суурилж байгаагаар ардчиллыг үнэлдэг. Нэг талаас төрийн байгууллага, албан тушаалтан ажлаа шуурхай явуулах нь зүйтэй боловч иргэний эрхгүй, оролцоогүй шуурхай байх нь урт насгүй шийдвэр гаргахад хүрдэг. Захиргааны шийдвэр хуульд нийцсэн, иргэдийн санаа бодолд тулгуурласан байж хүлээн зөвшөөрөгдөнө, бас чанаржина. Хууль тогтоох ажиллагаа нь иргэний оролцоотой явдаг болж байхад захиргааны байгууллага иргэний оролцоогүй, даргын үзэмжээр шийдэгдээд байж болохгүй биз дээ.
-Засгийн газар, яам, агентлаг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гээд олон захиргааны байгууллагаас нийтэд хамаатай дүрэм журам баталдаг. Хуульд нийцэж байгаа эсэхийг нь мэдэхгүй иргэд дагаад л явдаг. Үүнийг цэгцлэх үү.
-Үндсэн хуулиар хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хэрэгжүүлнэ гэж заасан. Амьдрал дээр бүх нийгмийн харилцааг хуулиар зохицуулах боломжгүй учир хууль тогтоох эрхийг шилжүүлснээр захиргааны байгууллагаас нийтэд үйлчилдэг журам тогтоодог. Харин эрх шилжүүлээгүй байхад журам тогтоодог, ингэхдээ эрх нь хөндөгдөж болзошгүй иргэдээс саналыг нь авахгүй гаргах явдал хэвшил болсон. Үнэндээ хуульд заасан иргэний эрх журмаар хязгаарлагдах явдал байдаг. Хуульд тусгай зөвшөөрөл авахад 5 баримт бүрдүүлэх ёстой бол журмаар 10 болгодог. Ингээд хуульд байхгүй, даргын баталсан журмаар иргэний эрх хязгаарлагддаг. Ямар дарга байгаагаас иргэний эрх хамаарч болохгүй. Тиймээс нийтэд хамаатай журамд сонсголыг заавал зохион байгуулахаар төсөлд тусгаж, тухайн журам зайлшгүй хэрэгтэй юу гэдэгт шинжилгээ хийдэг, бүртгэл хяналт тавьдаг цогц зохицуулалт тусгагдсан байгаа. Товчоор дарга үзэмжээрээ журам баталж иргэний эрхийг хязгаарладаг байдал үгүй болно.
-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар яриагаа үргэлжлүүлье. Энэ хууль шинэчлэн батлагдсан. Тиймээс өмнөх хуулиас гол нь юугаараа өөрчлөгдсөн бэ?
-Би ярилцлагын эхэнд “Захиргааны ерөнхий хууль” амьдралд хүчин мөхөсдөж, иргэний эрх зөрчигдвөл шүүхэд хандаж эрхээ хамгаалахад “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” тусална гэж хэлсэн. Тэгэхээр суурь хууль болох ерөнхий хууль батлагдсан учир уялдаад энэ хуулийг шинэчлэх шаардлага гарсан. Хуулийн үзэл баримтлалыг багцалбал хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, нэгдүгээрт, иргэдийг шүүхэд хандах боломжийг өргөтгөлөө. Иргэд зөвхөн зөрчигдсөн эрхийн хүрээнд өөрт нь чиглэсэн захиргааны шийдвэртэй маргах эрхтэй байсан бол өөрт нь хандсан төлөвлөлт, хэм хэмжээний актаас гадна төрийн бус байгууллага “хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч” зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлээ. Жишээ татахад, өмнө нь захиргааны төлөвлөлт гэдэг зүйл эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн. Ерөнхий хуульд иргэн рүү хандсан төлөвлөлтийг хийхдээ заавал саналыг нь авсны үндсэн дээр баталдаг байхыг журамласан. Төлөвлөлт нь дангаараа иргэний эрхийг зөрчдөггүй учир шууд шүүхэд хандахад одоо үйлчилж байгаа хуулиар нэхэмжлэлийг хүлээж авахгүй. Тиймээс шинэ Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “зөрчигдөж болзошгүй эрх” гэсэн ойлголтыг оруулж, иргэдэд энэ талаар эрхээ хамгаалах боломжийг өргөтгөсөн. Ингэснээр суурь хуульд заасан эрх амьдрах боломжтой болж байна.
-Анзаараад байхад нэг асуудлаар эрүү, иргэн, захиргааны гээд хэд хэдэн шүүх дамнасан маргаан байх шиг. Энэ талаар нааштай өөрчлөлт байгаа юу. Иргэдэд их чирэгдэлтэй байдаг.
-Мөн нэг чухал зүйл бол төрийн байгууллагаас тодорхой шийдвэр гаргаад иргэнийг хохироосон бол одоо үйлчилж байгаа хуулиар эхлээд захиргааны шүүхээр төрийн байгуулагын шийдвэрийг хүчингүй болгуулаад, үүний дараа ердийн шүүхээр хохирлоо барагдуулдаг байсныг халж, захиргааны шүүхэд хандах, захиргааны шүүх хохирлын асуудлыг хамтатган шийдвэрлэх боломж бүрдлээ. Ингэснээр хоёр шүүхээр дамжин явдаг байсан хүнд суртал багасч байна. Энэ нь иргэдэд шүүхэд хандах шинэ боломжийг олгоод зогсохгүй нөгөө талаас, шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн үйлчилгээний “шинэ стандарт”-ыг нэвтрүүлэх үзэл баримтлалын хүрээнд хийгдсэн.
-Шүүхийн үйлчилгээний шинэ стандарт гэхээр содон сонсогдож байна.
-Шүүх бол “иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх” үйлчилгээг үзүүлдэг төрийн нэг байгууллага. Тиймээс энэ үйлчилгээг хэрхэн үр өгөөжтэй, хүртгээмжтэй болгож, хүнд суртал, чирэгдэл багатай үзүүлэх вэ гэдэгт анхаарч ажилладаг. Энэ үүднээс, хоёрдугаар гол шинэчлэл бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай журам нэвтрүүлж, маргааны онцлогт тохирсон хэрэг хянан шийдвэрлэдэг ажиллагаатай боллоо. Захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэгддэг зарим хэрэг, тухайлбал, сонгууль, тендерийн маргаан нь маш богино хугацаанд шийдвэрлэгдэх шаардлагатай байдаг. Өмнө нь сонгуулийн маргаан жил дамнан үргэлжилдэг байсан бол саяхны жишээ дурдахад нэг намын сонгуулийн бүртгэлтэй холбоотой маргааныг хоёр шатны шүүх хорин гурав хоногт багтаан эцэслэж, шийдвэрийг нь гардуулсан. Энэ бол шүүхийн практикт байгаагүй шинэ хандлага нэвтэрсний илрэл юм. Гуравдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах нөхцлийг бүрдүүллээ. Шүүх бол өрөөндөө сууж, шийдвэр гаргадаг захиргааны албан тушаалтнаас хурлын танхимд, талуудын оролцоо, мэтгэлцээн дээр суурилж шийдвэр гаргадгаараа ялгардаг. Одоо үйлчилж байгаа хуулиар хэргийг шийдвэрлэх явцад талуудаас гаргадаг хүсэлтийг шүүх “өрөөндөө” шийдвэрлэдэг байсныг халж, гагцхүү шүүх хурлын танхимд, талуудын оролцоотой гаргадаг байх зохицуулалт орууллаа. Үүний зэрэгцээ үндэслэлгүй хурлыг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байсан олон заалтыг хасч, иргэдийн нэхэмжлэлийг богино хугацаанд шийдвэрлэх боломж бүрдлээ.
-Ер нь ажиглаад байхад төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжээд байдаг. Харин иргэд “шүүхдэнэ” гэхээр бөөн цаас цуглуулаад, баримтжуулаад байх шиг. Энийг шийдвэрлэсэн үү?
-Шинэ хуульд “цахим баримт” гэсэн нэр томъёог оруулж, цахим баримтыг шүүх цуглуулах, үнэлж болох талаар тусгасан. Жижигхэн юм шиг энэ өөрчлөлтийн цаана “e-court” буюу “цахим шүүх”-ийн том үзэл баримтлал бий. Эхний ээлжинд, төр, иргэний хооронд харилцааны талаарх “цахим” баримтыг шүүх заавал хэвлүүлэн, нотариатаар баталгаажуулдаг байдлыг болиулж, талууд маргахгүй бол энэ талаар тэмдэглэлд тусгаад нотлох баримтын хэмжээнд үнэлдэг болно. Цаашдаа улс орны төсөв боломжтой үед “е-court” aplication-ыг гар утсанд нэвтрүүлж, иргэд заавал өөрийн биеэр ирж, бичиг цаасаар нэхэмжлэл гаргадаг байдлыг халж, цахим хэлбэрээр нэхэмжлэл гаргах боломжтой болно. Зөвхөн шүүх хуралд оролцох үеэр шүүхэд ирэх бөгөөд хэрвээ алс хол, зардлаас авахуулаад оролцох боломжгүй бол онлайн шүүх хурал явуулах боломжийг ч нэвтрүүлнэ. Мэдээж технологийн дэвшлийг шүүхийн үйлчилгээнд ашиглахын тулд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Гэхдээ үүний эхлэлийг шинэ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тавьж чадсанд сэтгэл өөдрөг байгаа.
-Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа биелэгдэхгүй байгаа явдал зөндөө байдаг. Шинэ хууль гарснаараа заавал биелэгдэх шинж чанар хэр хангагдсан бэ?
-Манайд захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байх тохиолдол байсаар байна. Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халж, бусдын газар эзэмших эрхийг хууль бусаар хүчингүй болгосныг нь шүүхээс тогтоогоод, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээчихээд байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа алдуулдаг. Энэ бүхний эцэст иргэд, хуулийн этгээд, хөрөнгө, мөнгө, цаг хугацаагаар хохирох асуудлыг арилгах зорилгоор шинэ хуулийг дагалдуулан Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд албадлагын арга хэмжээ хэрэглэх, сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлага хүлээлгэх зохицуулалтууд тусгагдсан. Нөгөө талаас, шүүгч шийдвэр гаргаад орхих бус, гаргасан шийдвэр нь биелэгдэж байгаа эсэхэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээ авахаар заасан. Ер нь хуулийг бүхэлд нь авч үзвэл төр иргэний хоорондын харилцаа болон шүүхээс төр, иргэн хоёрын маргааныг шийдвэрлэх ажиллагаанд тус бүр шинэ эрх зүйн стандарт нэвтэрч иргэний Үндсэн хуульд заасан эрх илүү баталгаажсан гэж хэлж болно.
“Өдрийн сонин”-ы 2016 оны 6 дугаар сарын 28-ны №152/5471/ дугаарт нийтлэгдсэн.