“Захиргааны төрөлжсөн анги”
МУИС-ийн Хууль зүйн сургуульд захиргааны эрх зүйгээр мэргэшсэн эрх зүйч бэлтгэх “захиргааны анги” 1993 оноос эхлэн тусад нь бий болгож, манай төгсөлтийнхөн захиргааны ангийн 2 дахь төгсөлт байсан энэ цаг үед захиргааны эрх зүй нь оюутнуудын нийтийн сонирхдог салбар эрх зүйд хамаардаггүй байлаа. Магадгүй шалтгаан нь иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй гэсэн бусад хоёр том салбар эрх зүйг бодвол уйтгартай, хөгжил хөдөлгөөнгүй, хөшүүн санагддаг байсантай холбоотой болов уу.
“Засаг дарга болох нь захиргааны ангид орсон” гэж бусад ангийнхнаас хошигнодог тэр төсөөлөл нь яг л бюрократ (bureaucratie) гэдэг үгийн Францаас анх үүссэн “бүтээлэгтэй ширээ”-нд түшмэд суудаг байснаас уламжлалтай “Захиргааны эрх мэдэл” хэмээх ойлголттой утга нэгэн адил захиргаа гэхээр бидний оюутан үед ч мөн адил саарал байшин, дүрэм журам, албан хаагч, албархуу байдал нүдэнд буудаг хэвээр байжээ.
Бидний оюутан байх 1994-1998 оны үед захиргаа гэдэг үг гарчигт нь орсон ганцхан хууль нь “Захиргааны хариуцлагын тухай хууль” байлаа. Ийм ч болохоор захиргааны эрх зүйгээс илүү захиргааны процесс давамгайлан судлагдаж байсныг Ж.Долгорсүрэн багшийн номоор төлүүлэн ойлгож болно.
Энэ үед ямар ч хуулийн тайлбар байгаагүй нь оюутан үед олдоогүй боломжийн нэг байсан юм. Г.Совд багш тэргүүтэй хуульчдын бичсэн Үндсэн хуулийн тайлбар ном нь 2000 онд анх гарсан билээ.
Шигтгээ: Манай ангийн нэг оюутан Захиргааны эрх зүйн хичээлийн бие даалтандаа “хүн өдөртөө захиргааны эрх зүйн харилцаанд 12 удаа оролцдог” гэж бичиж, түүнийг мэдсэн бид онигоо болгон хошигнох нэг сэдэв болгосон бөгөөд бүгдийн санадаг нэг онигоо хэвээр үлдсэн байна.
“Захиргааны эрх зүйн багш”
МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 1998 онд төгсөгчдөөс цөөнгүй багш төрсөн бөгөөд, зөвхөн “захиргааны ангиас” гэхэд 9 төгсөгч багшилж байсан нь түүх болжээ. Тэдний нэг нь болох миний нэгэн адил Захиргааны эрх зүйн хичээл заах шинэхэн багш нарт Б.Чимид багшийн 1988 оны “БНМАУ-ын Захиргааны эрх зүй” гэсэн цагаан хавтастай ном л үндсэн гарын авлага болдог байсан даа. Мэдээж тэр номны социалист үзэл сурталтай хэсгийг нь хасаж ашиглана. Ихэвчлэн орос хэлээр гарын авлага, ном ашиглах шаардлагатай болдог байсан нь тухайн үеийн номын олдоц, бас хэлний мэдлэгтэй холбоотой байсан бизээ.
Биднийг төгссөний дараа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргааны анхны ангийг төгсөгчдийн нэг Ж.Сүхбаатар “Захиргааны эрх зүйн ерөнхий ангийн гарын авлага”, бидэнд Захиргааны эрх зүйн хичээл заасан Д.Ганзориг багш “Захиргааны эрх зүйн тайлбар толь” гаргаснаар монгол хэлээр энэ салбарт сурах бичиг, гарын авлагын эхлэл болсон юм.
Ханнс Зайделийн сангийн хамтын ажиллагаа Монгол Улсын нийтийн эрх зүйн салбар, тэр дундаа захиргааны эрх зүйн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлснийг дурдах нь зүй ёсны хэрэг болно. МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Удирдлагын академитай хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-д хууль зүйн магистраар суралцсан төгсөгчид өнөөдөр захиргааны эрх зүйн хөгжилд өөрсдийн жинтэй хувь нэмрийг оруулж байна. Тухайлбал, доктор П.Одгэрэл Захиргааны эрх зүйн ерөнхий ангийн сурах бичиг гаргаж, доктор Г.Банзрагч Захиргааны эрх зүйн бодлого, дасгалын хураамж, Эдийн засгийн захиргааны эрх зүй зэрэг гарын авлага гаргаад байгаа нь энэ салбар эрх зүйн хөгжлийн дараагийн алхамд түүчээ болж байгаагийн илрэл гэж хэлж болох буйзаа.
“Захиргааны хэргийн шүүх”
2000-2002 онд миний бие ХБНГУ-д магистрт суралцах хугацаандаа Үндсэн хуулийн эрх зүй түүн дундаа хүний эрхийг хамгаалах механизмын талаар болон Захиргааны эрх зүйн хүрээнд олон шинэ ойлголттой танилцсанаа хүлээн зөвшөөрөх нь зүйд нийцэх бизээ. Жишээ татахад магистрын сургалтын явцад Захиргааны эрх зүйн хичээлээр өгсөн аман шалгалтанд “захиргааны байгууллагын шийдвэр гаргахад сонгох эрх” сэдэв ирж байсан ба энэ нь өнөөдөр бидний боловсруулсан Захиргааны ерөнхий хуулийн төсөлд энэ томьёоллоор ороод буй ойлголт билээ. Энэ үед өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлж 2002 онд “Захиргааны хэргийн шүүх байгуулах нь хүний эрхийг хамгаалахад томоохон алхам болно” хэмээх өгүүллийг “Эрх зүйн шинэчлэл” сэтгүүлд хэвлүүлж байжээ.
Салбарын олон судлаачид, эрдэмтэд, багш нар олон жил судалж, харилцан ойлголцож, хамтран зүтгэсний хүчинд 2002 онд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” Монгол Улсад анх батлагдаж, 2004 онд хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын Захиргааны эрх зүйн хөгжилд нэгэн шинэ хуудас нээгдсэн билээ.
Захиргааны хэргийн шүүх нь анх чихэнд шинэ, сонсоход содон байсан ойлголт өнгөрсөн 10 жилийн хугацаанд зөвхөн хуульчдад төдийгүй нийтэд хэдийнээ танил болсноор үл барам нийт 7441 нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэжээ. Энэ хэрээр цаана нь хүний эрх хамгаалагдаж буй асуудал бөгөөд эрх зүйт төрийн багана, тулгуур нь захиргааны үйл ажиллагааг хууль ёсны эсэхэд хяналт тавих үүрэгтэй энэхүү шүүх мөнөөсөө мөн билээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдан газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх болсноор Захиргааны хэргийн шүүхийн ач холбогдол илүү тод мэдрэгдсэн гэж бодож байна.
Энэ хүрээнд 10 жил ажилласан шүүгчээс гадна судлаач, өмгөөлөгчид мэргэшиж ялангуяа захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс шийдвэр гаргахдаа үндэслэх зарчим, явц, журмыг хуулийн дагуу байх шаардлагыг хэвшүүлэхэд анхаарах, энэ хэрээр дур зоргоороо шийдвэр гаргах асуудал хумигдаж байгаа нь ололттой тал яах аргагүй мөн юм.
Ийнхүү энэ хууль батлагдсан нь ардчилсан Үндсэн хуулийн салшгүй нэг хэсэг нь болсон хүний эрхийг хамгаалах үйлсийг шинэ шатанд гаргаж урагшлуулсан гэж дүгнэлттэй санал зөрөх хуульч байхгүй гэж найдаж байна.
Албархаг төрийн албан хаагч, дүнсгэр байшин, эрх мэдэл, бичиг цаас, дүрэм журмаар захиргааг төлөөлүүлэн ойлгодог байсан үеийг бодвол зөвхөн төрийн захиргааны байгууллага төдийгүй ИТХ, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, сургууль зэрэг байгууллага, түүнчлэн эрх шилжүүлэн авсан төрийн бус байгууллага хүртэл ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА гэдгийг ойлгодог болсон төдийгүй ИРГЭНД ОЙР ЗАХИРГААНЫ тухай ойлголт танил болж байна.
Шигтгээ: Б аймгийн Б сумын ИТХ-аас 2013 онд шүүхийн шийдвэрийг хүлээж авах эсэхээ хэлэлцэн хүлээж авахгүй байхаар шийдвэрлэн ИТХ-ын тогтоол гаргасан нь өнөөдөр хэвлэл, мэдэээллээр олж үзэх боломжтой байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.13 дугаар зүйлд заагдсан захиргааны байгууллага болох Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ийм шийдвэр гаргаж байгаа нь энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш 10 жилийн хугацаанд ч цаашид шийдвэрлэх асуудал байсаар байгаа нь харагдана.
“Төгсгөлийн оронд”
Өнөөдрийн хуулийн ангийн оюутнууд бидний оюутан байсан үе болох 16 жилийн өмнөхтэй харьцуулвал Захиргааны байгууллага, захиргааны албан тушаалтан, Захиргааны акт гэдгийг тодорхойлсон, захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзвэл хэрхэн шийдвэрлэх механизмыг тогтоосон гартаа барих хуультай, түүний тайлбарыг ч монгол хэлээр унших боломжтой болжээ.
Цаашлан өнөөдрийн хуулийн ангийн оюутнууд монгол хэлээр гарсан ерөнхий ангийн сурах бичиг, гарын авлагатай, хууль, хуулийн тайлбар, шүүхийн шийдвэр зэрэг эх сурвалжийн олон төрлийг ашиглах өргөн боломж нээлттэй байна. Технологийн хөгжлийн үр дүн цахим хэлбэрээр хууль, шүүхийн шийдвэрийг үзэх боломж ердийн хэрэглээ болоод уджээ.
Түүнчлэн нээлттэй шүүх хуралдааны танхимд очиж суух боломжтой бөгөөд улмаар шүүх хуралдааныг коридорт нь шууд үзэх боломж сүүлийн хагас жилд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд бий болоод байна.
Захиргааны эрх зүйн бодлого, дасгалтай ажиллах нь ердийн хичээлийн хэлбэр болж, клиник сургалтын хүрээнд өргөжүүлэн тэлэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт тэргүүтэй судлаачид, багш нар хувь нэмрээ оруулж яваа билээ.
Магадгүй 10 жилийн дараа өнөөдрийн ХЗЯ-наас боловсруулсан Захиргааны ерөнхий хууль батлагдсан байвал түүхийн нэгэн шинэ хуудсыг Захиргааны эрх зүйн хөгжилд нэмж өгүүлэн суух нь дамжиггүй буйзаа.
Энд дурдсан 16 жилийн хугацааны зурвасаар оюутан, багш, өмгөөлөгч, төрийн захиргааны албан хаагч болох нэг хүнд илрэх байдлаар Монгол улсын захиргааны эрх зүйн хөгжлийн тусгалыг зурвас тольдоход нэмэртэй гэж найдаж байна.
ХЗЯ-ны ТЗУГ-ын дарга, УА-ийн дэд профессор Д.Сүнжид /Dr.jur/
“Хууль дээдлэх ёс” цахим сэтгүүлд нийтлэгдсэн.