Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр болон Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Чарльз Болландыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, ОУЭЗХБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Төслийн зохицуулагч Б.Баясгалан нар болон бусад албаны хүмүүс байлцав.
Уулзалтын үеэр Шүүх байгуулах тухай хуулиар 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай холбоотойгоор хэрхэн хамтарч ажиллах, тухайн дагнасан шүүхийн мэргэжилтнүүдийг бэлтгэх процесс, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулж, боловсронгуй болгох талаар санал солилцлоо.