Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран 11 дүгээр сарын 01-ний өдөр номын өдөрлөг зохион байгууллаа.

Номын өдөрлөгт Улсын дээд шүүхийн шүүгчид, албан хаагчид, Шүүхийн академийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, удирдлагууд болон номын санчид оюутнууд оролцлоо.

Өдөрлөгийг нээж, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр "Номын утга тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт” хэмээн Ц.Дамдинсүрэн гуай хэлсэн байдаг.  Өнөөдөр Дээд шүүхийн их танхимд хуулийн салбарын оюуны уурхай болсон бүтээлийн дээжээс толилуулж байна. Энэ удаагийн номын өдөрлөг нь Улсын дээд шүүх, МУИС-ийн Хууль зүйн сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй олон ажлын нэгээхэн хэсэг юм. Бид бүхний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэж найдаж байна” хэмээв.

Харин Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа  өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Улсын дээд шүүх болон МУИС-ийн Хууль зүйн сургууль энэ оны 04 дүгээр сарын 30-нд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Өнөөдрийн номын өдөрлөгийг ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо гэж харж байна. Багш нар номоо Улсын дээд шүүхийн шүүгчид, албан хаагчдад танилцуулна гэдэг нэр төрийн хэрэг” гэв.  

Мөн МУИС-ийн Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа өдөрлөгтэй холбоотойгоор “Номын өдөрлөгийн үеэр  шүүгчид уншсан номынхоо талаар ярьж, оюутнуудад  уншвал зохих номын талаар зөвлөсөн нь сонирхолтой, сайхан үйл явдал боллоо. Өнөөдрийн өдөрлөгт Хууль зүйн сургуулийн 25 оюутан оролцож байна. Өнгөрсөн хавар оюутнуудыг Дээд шүүхтэй танилцуулах өдөрлөгийг мөн зохион байгуулсан” гэдгийг тодотгов.  

Түүнчлэн өдөрлөгийн үеэр Улсын дээд шүүхийн шүүгчид “Шүүгчийн онцолсон ном” сэдвийн хүрээнд ширээнийхээ номын талаар өдөрлөгт оролцогчидтой санал бодлоо  хуваалцаж, хууль зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад уншвал зохих номын талаар зөвлөгөө өгөв. Өдөрлөгийн үеэр болсон онцлох үйл явдлын нэг нь  Улсын дээд шүүх болон МУИС-ын Хууль зүйн сургууль номынхоо дээжээс солилцож, Улсын дээд шүүхийн албан хаагчид номын сангийнхаа фондыг улам өргөжин тэлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, ном хандивласан явдал байлаа.