Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Малайз Улсын Куала Лумпур хотод 2024 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази, Номхон далайн бүсийн орнуудын Ерөнхий шүүгчдийн 19 дүгээр хуралд оролцлоо.
Уг хурлын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн 30 орны Ерөнхий шүүгчид шүүхийн хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, хил дамнасан хамтын ажиллагааны асуудлаар 3 өдрийн турш хэлэлцэв. Хурлын хүрээнд талууд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийг шүүхийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахад ашиглаж буй туршлага, шүүхийн хараат бус, бие даасан байдалд учруулж болзошгүй бэрхшээл, шүүгчийн эрүүл мэнд, аюулгүй байдлын баталгааг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй туршлага, хиймэл оюун ухааны хуульчийн мэргэжлийн ирээдүйн чиг хандлагад нөлөөлж буй нөлөөлөл, шүүх болон хэвлэл мэдээллийн байгууллагын харилцааны асуудлаар илтгэл хэлэлцүүлж, туршлага солилцсон юм.
Нийгэм, эдийн засаг, технологийн хөгжлөөс үүдэн бий болж буй шинэ тутам хэрэг маргааныг шийдвэрлэх, шүүхийн хүртээмжийг сайжруулахад хиймэл оюун ухааны зохистой хэрэглээний олгож буй давуу талыг ашиглаж шүүхийн процессыг хөнгөвчлөх, хялбаршуулан тохируулах боломжтой болохыг дурдаж, сайн туршлагыг хуваалцав. Гэвч хиймэл оюун ухааны хөгжилтэй уялдан гарч буй эрсдэлийг харгалзан үзэх шаардлагатай бөгөөд аюулгүй болон найдвартай байдлын асуудлыг шийдвэрлэхэд шүүхүүд хамтран ажиллах, бүс нутгийн хэмжээнд ажлын хэсэг байгуулж харилцан мэдээлэл туршлага солилцон зохих удирдамжийг боловсруулан хүргүүлэх шаардлагатай болохыг дурдлаа.
Шүүгчийн эрүүл мэнд, аюулгүй байдлын баталгааг хангах чиглэлээр улс орнууд шүүгчийн ажлын орчныг сайжруулах, сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах хөтөлбөр, арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх, шүүгчийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтыг тогтмол зохион байгуулах, ажил, амьдралын зохист тэнцвэрийг хадгалах, ажлын ачааллыг бууруулах зорилгоор цахим системийг нэвтрүүлэн ажиллаж буй туршлагаа мөн солилцлоо.
Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий шүүгчдийн 19 дүгээр хуралд Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нар оролцсон бөгөөд зарим улсын Ерөнхий шүүгчидтэй хамтын ажиллагааны асуудлаар уулзалт хийж, санал солилцов. Уулзалтын үр дүнд Монгол Улсын шүүгчдийг гадаад улсын Шүүхийн академид сургах, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийг бэхжүүлэхэд хамтран ажиллах, шүүгчид нэр дэвшигчдийн сургалтыг зохион байгуулахад туршлага солилцох, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг асуудлыг тохирлоо.