ЛЭГЦЭГИЙН БААСАН
(1944-2024)
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч асан, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Лэгцэгийн Баасан өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Л.Баасан нь 1944 онд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрж, 1967 онд Монгол Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсжээ. 1967-1970 онд Өвөрхангай аймгийн Прокурорын газарт чухал хэргийн мөрдөн байцаагч, мөрдөн байцаалт эрхэлсэн туслах прокурор, 1970-1972 онд Говь-Алтай аймгийн прокурорын газарт Ерөнхий хяналт эрхэлсэн прокурор, 1972-1984 онд Монгол Улсын Их Сургуульд багш, 1984-1990 онд Улсын дээд шүүхэд шүүгч, 1992 онд Улсын бага хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн Төрийн байгуулалтын тэнхимийн эрхлэгч, 1992-1998 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, 1998-2024 он хүртэл Отгонтэнгэр Их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, зөвлөх профессороор ажиллаж байлаа.
Л.Баасан Монгол Улсын хууль зүйн салбарт 50 гаруй жил, үүнээс Улсын дээд шүүхийн шүүгчээр 6 жил, Улсын дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 6 жил ажиллахдаа иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулан ажилласан юм.
Л.Баасан нь иргэний эрх зүй, түүний дотроос хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр онол, практикийн өндөр мэдлэгтэй байсан бөгөөд 1995 онд “Хөдөлмөрийн маргааны зохицуулалтын асуудал” сэдвээр дэд докторын зэрэг, 1999 онд “Хөдөлмөрийн гэрээний онол практикийн асуудал” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалан, 40 гаруй ном сурах бичиг, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичиж хууль зүйн салбарын эрдэм судлалын ажилд үнэлж баршгүй их өв үлдээсэн билээ.
Түүний ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, 1985 онд Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, 1990 онд Прокурорын тэргүүний ажилтан, 1997 онд Алтангадас одон, 2000 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2007 онд Шүүхийн тэргүүний ажилтан, 2014 онд Монгол Улсын Гавьяат багш цолоор тус тус шагнажээ.
Л.Баасангийн шударга, зарчимч, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч, ухаалаг зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ