Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, оюутны хөгжлийг дэмжих  зорилготойгоор Хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч 4 дүгээр сард байгуулсан билээ. Тэгвэл уг санамж бичгийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнуудын төлөөлөл 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Оюутнуудыг хүлээн авах  арга хэмжээнд Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Мөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Х.Батсүрэн, Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн нар оюутнуудыг албан өрөөндөө хүлээн авч, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

Энэ үеэр оюутнуудын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонслоо.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р курсын оюутан Д.Дашийсүрэн “Улсын дээд шүүхтэй танилцах энэхүү хөтөлбөрөөр маш олон шинэлэг мэдээллийг олж авлаа. Миний хувьд судлаач болох сонирхолтой. Шүүхийн практик судлалаар илүү мэргэшиж, суралцах хүлсэлтэй явдаг.Тэгвэл Улсын дээд шүүх дээр энэ чиглэлээр дадлага хийх боломжууд байгааг сонсоод баяртай байна. Уулзалтын үеэр шүүгч нараас “Шүүгчийн ажлын онцлогын талаар асуусан. Олон жилийн туршлагатай шүүгч нарын хариултаас харахад “Шүүх  гэдэг бол нийгэмд шударга ёсыг тогтоож, ард иргэдээ хамгаалдаг газар. Шүүхийн судалгааны ажил нь маш өргөн цар хүрээг хамарсан сонирхолтой салбар гэдгийг ойлгож авлаа” гэв.

Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р курсын оюутан Ц.Батжаргал “Би МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурдаг. Дөрөвдүгээр курсын шалгалтаа өгч дууссан. Одоо тавдугаар курсад орно. Улсын дээд шүүх рүү анх удаа орж, танилцлаа. Өмнө нь Улсын дээд шүүхийн үйл ажиллагааг төдийлөн сайн мэддэггүй байсан. Өнөөдөр дэлгэрэнгүй танилцлаа. Бичиг хэрэг мэдээлэл лавлагаа авдаг хэсгээс эхлээд л мэдэхгүй зүйлсээ мэдэж авсан. Мөн энэхүү байгууллагад ажилладаг ажилчдын мэргэжлийн онцлог зүйлстэй танилцлаа. Тухайлбал, шүүгчийн туслах, судлаачдын ажил гэх мэт нь сонирхолтой байсан. Миний хувьд шүүхийн байгууллагад орж, шүүгч болж ажиллах хүсэл эрмэлзэл, мөрөөдөлтэй. Энэ утгаараа Улсын дээд шүүхтэй танилцаж, шүүгчидтэй ярилцсан маань аз завшаантай тохиолдол байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.