Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Захиргааны хэргийн дагнасан шүүхийн төлөвшил орон нутагт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Хурлыг нээж Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа үг хэлэв.
Эрдэм шинжилгээний хуралд Улсын дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт цахимаар оролцож, илтгэл толилуулсан юм.
Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжид, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор А.Алтанзул, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Улсын дээд шүүхийн Мэдээллийн аюулгүй байдал, технологийн албаны дарга Б.Энхтөр нар илтгэл тавилаа.
Мөн Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр хуралд биечлэн оролцож, Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй онцлох үйл ажиллагаа болж буй талаар тухайлан тэмдэглэж, эрдэм шинжилгээний хурлын нийт оролцогчдод амжилт хүссэн юм.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд хууль, шүүхийн салбарынхнаас гадна бүс нутгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн Тамгын газрын удирдах албан тушаалтнууд тэргүүтэй нийт 150 гаруй төлөөлөгчид оролцсоноороо онцлог юм.
Оролцогчдын хувьд тулгамдаж буй асуудалдаа гарц шийдэл олсон үр дүнтэй эрдэм шинжилгээний хурал болсныг тодотгож байлаа.