Монгол Улсын дээд шүүхийн Захиргаа болон Иргэний хэргийн танхим, Нээлттэй нийгэм форумаас хамтран Шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нь сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтыг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд үдээс өмнөх үйл ажиллагааны сэдэв нь захиргааны хэргийн шүүхийн эргэн тойронд өрнөв.
Арга хэмжээг нээж, Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа хэлэлцүүлгийн үндсэн сэдвийн хүрээнд тодорхой асуудлуудын талаар тоймлон танилцуулсан юм.
Үүний дараа Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч М.Батсуурь “Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалтыг Улсын дээд шүүхээс тайлбарласан үндэслэл” сэдвээр илтгэл тавилаа.
Мөн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох эрх зүйн зохицуулалт” сэдвээр Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Д.Сарантуяа илтгэл тавьж, асуултад хариулсан юм.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ч.Отгонбаатар “Өмгөөлөгч нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл танилцууллаа.
Түүнчлэн Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч Ө.Эрдэнэ-Очир, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг нар “Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад тулгарч байгаа асуудал, шийдэл: ТББ ба бусад этгээд” сэдвээр мэдээлэл хүргэж, оролцогчдын асуултад хариулт өгөв.
Үндсэн илтгэл өндөрлөсний дараа “Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нь: Асуудал, шийдэл” сэдвийн хүрээнд оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнөлөө.
Арга хэмжээний хоёрдугаар үе буюу үдээс хойших үйл ажиллагааг Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нээж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх, шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх сэдвийн хүрээнд тулгарч буй зарим асуудлын талаар танилцуулав.
Үүний дараа Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батзориг “Иргэний процесс дэх прокурорын оролцоо, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьсан юм.
Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Х.Батчимэг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох зохицуулалт” сэдвээр мөн илтгэл танилцууллаа.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад төрийн бус байгууллагыг төлөөлж, “Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ” ТББ-ын гишүүн Г.Дашдэмбэрэл “Иргэний хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нь” сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл тавьсан юм.
Оролцогчид “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь прокурорын оролцоо, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд үдээс хойших хэлэлцүүлгийг хийж, тулгарч буй асуудлын гарц шийдлийн талаар тогтон ярилцав.
Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Улсын дээд шүүхээс шат дараалсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж буй. Энэ удаагийн хэлэлцүүлгээр оролцогчид шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх, тэднийг төлөөлж нэхэмжлэл гаргах, тулгарч буй асуудал, захиргаа болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын оролцох эрх зүйн зохицуулалтыг ийнхүү хэлэлцлээ.