НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХҮҮД
Ардын эрхт төрийн ёсонд нийцсэн шүүхийг жинхэнэ ёсоор нь байгуулах, шүүх таслах шинэ цааз хуулийг тогтооход 1925 оны эцсээр хуралдсан Улсын хоёрдугаар Их хурал түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ хурлаас гаргасан тогтоолыг үндэслэн Засгийн газрын гишүүдийн 1926 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаар тогтоол, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 21-р хурлаас “Аливаа шүүх таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай” дүрмийг 3 бүлэг, 24 зүйлтэйгээр баталсан бөгөөд энэ дүрэмд нь Монгол Улсад ардын ёсны жинхэнэ шүүх таслах байгууллагуудын системийг бүрдүүлэх эрх зүйн үндсийг анх удаа хуульчилж, энэ үеэс ардчилсан шүүх таслах газруудыг ээлж дараатайгаар үүсгэн байгуулж эхэлсэн.
Улаанбаатар хотын Захиргааны газрын Гуравдугаар их хурлын 1926 оны арванхоёр дугаар сарын 15-ны оройн 3 цагт хуралдсан 2 дугаар хуралдааны тогтоолын Нэгдүгээр зүйлд “Тус хотын шүүх таслах газрыг эсэргэн 17 дугаар оны нэгдүгээр сарын нэгний өдөр нээн байгуулах учир, Түшмэл, төлөөлөгч нарыг дүрмийн ёсоор сонгуулах хэмээсэн тухайг хэлэлцээд Түшмэлд тус Захиргааны газрын дарга С.Батсүх, төлөөлөгч арван хоёрт Жамсран, Балжирлхүндэв, Бат-Очир, Занабазар, Мэндбаяр, Рэнцэн, Гончигдулам, Сономханд, Ишдулам, Цэнд-Аюуш, Гэндэн, Баяр, орлогч 6-д Нацаг, Дамдинжав, Дэндэв, Гомбо, Гомбожав, Элбэгбат нарыг сонгов.” хэмээжээ. Дээрх түүхэн баримтад үндэслэж 1927 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын буюу одоогийн “Нийслэлийн шүүх”-ийн түүх эхэлдэг.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо жинхэнэ Ардчилсан шүүх байгуулагдсан нь аливаа дарлал мөлжлөг, хатуу харгис эрүү шүүлт, бурангуй дэглэмийг устгаж, нийт ард олны эрх, эрх чөлөө, язгуур ашиг сонирхлыг тууштай хамгаалах, орон нутагт Ардын шүүхүүдийг байгуулахад нэг ёсны үлгэр жишээ болсон байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 277 дугаар тогтоолоор Нийслэлийн шүүхэд Эрүүгийн болон Иргэний хэргийн танхим байгуулагдаж, тэдгээрийн тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 3 жилийн хугацаагаар томилдог болсон явдал анхан шатны шүүхүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, шүүн таслах ажлын чанарыг дээшлүүлэхэд нөлөө бүхий өөрчлөлт болсон.
1935 оны үед Улаанбаатар хотын шүүх нь дарга, орлогч дарга, прокурор, байцаагч түшмэл, тогтоол гүйцэтгэгч, хэлмэрч, зарлага зэрэг бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан байна.
1940 оноос Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг шинэчлэн өөрчлөх замаар Ардын шүүхийн зохион байгуулалтын ололт амжилт, туршлагыг бататган, шүүхийн систем, шүүн таслах ажиллагааны ардчилсан зарчмууд болон шүүхийг зохих шатны хурлуудаас сонгож байгуулах журмыг хуульчлан баталгаажуулсны үр дүнд шүүн таслах ажиллагааг зөвхөн мэргэжлийн шүүн таслах газрууд эрхлэн гүйцэтгэх болжээ.
1943 оноос хороодын дарга нарыг шүүн таслах үүргээс чөлөөлж, 1945 оны дунд үеэс Улаанбаатар хотод Ардын хэсгийн шүүхүүдийг шинээр зохион байгуулжээ.
1965 онд Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсөнтэй холбогдуулан Ардын хэсгийн шүүхүүдийг “Районы ардын шүүх” болгон өөрчилсөн ба шүүхийн зохион байгуулалтыг улам бэхжүүлэхтэй холбогдуулан 1978 онд батлан гаргасан “БНМАУ-ын Шүүхийн байгууламжийн хууль”-д шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим, зорилго чиглэлийг нарийвчлан тодорхойлов.
“БНМАУ-ын Шүүхийн байгууламжийн хууль”-д зааснаар БНМАУ-д бүх шүүхүүдийг сонгуулиар байгуулах болсны үндсэн дээр Улаанбаатар хотын шүүхийг Хотын ардын депутатуудын хурлаас 3 жилийн хугацаагаар сонгож дарга, орлогч дарга, шүүхийн гишүүн, ардын төлөөлөгчдөөс, районы ардын шүүх нь шүүхийн дарга, шүүгч, ардын төлөөлөгчдөөс тус тус бүрдэж, районы ардын шүүхийн дарга нь хотын шүүхийн гишүүний эрхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байв.
1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль, шүүх эрх мэдлийн шинэ тогтолцооны үзэл санааны дагуу Монгол Улсын Их Хурлаас баталсан 1993 оны 6-р сарын 14-ний өдрийн “Шүүх байгуулах тухай хууль”-иар Улаанбаатар хотын шүүхийг “Нийслэлийн шүүх” хэмээн нэрлэж, түүний харьяанд 8 дүүргийн шүүх (Багануур-Багахангай, Баянгол, Баянзүрх-Гачуурт, Налайх, Сонгинохайрхан-Жаргалант, Сүхбаатар, Хан-Уул-Туул, Чингэлтэй)-ийг тамгын хэлтэстэйгээр шинэчлэн байгуулсан бөгөөд 1994 оны 7-р сарын 8-ны өдрийн хуулиар Баянзүрх-Гачуурт, Сонгинохайрхан-Жаргалант, Хан-Уул-Туул гэсэн гурван дүүргийн шүүхийн нэрийг өөрчилж Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн шүүх, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар Багануур-Багахангай дүүргийн шүүхийг Багануур, Налайх дүүргийн шүүхийг Багахангай-Налайх дүүргийн шүүх гэж нэрлэхээр тогтоожээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн хүрээнд Улсын Их Хурлаас баталсан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Шүүхийн бүтэц зохион байгуулалтын шинэтгэлийн нэг гол онцлог бол давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан явдал юм. Улмаар 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар Нийслэлийн давж заалдах шатны шүүх /хуучнаар/ нь Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх болон хэрэг маргааны төрлөөр дагнан үйл ажиллагаагаа явуулах болсон. Энэ хуулиар нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв аймгийн зарим сумдын нутагт гарсан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон өөрчлөгдсөн бөгөөд Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид гарсан хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байсан.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан хүмүүс:
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
2004 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан билээ. Тус шүүхийн зорилго нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, сэргээн тогтоох явдал юм. Энэ нь эрх зүйт төрийн төлөвшилд томоохон шинэчлэл үүсгэсэн, ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болж чадсан.
2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нь давж заалдах болон хяналтын шатны чиг үүргийг хамтад нь хэрэгжүүлж ирсэн. Ийнхүү давж заалдах шатны чиг үүргийг Захиргааны хэргийн танхимын 6 шүүгч хэрэгжүүлж байсан нь дагнасан шүүхийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчимд төдийлөн нийцэхгүй байсан учир Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулах нэн шаардлагатай байсан юм.
Иймээс шүүхэд эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэн, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог улам боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулж, ажиллуулах шаардлага зүй ёсоор тавигдсан юм.
Энэ асуудлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх тухай тогтоол гаргаж, УИХ-ын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай” хууль, “Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай” 77 дугаар тогтоолыг тус тус хэлэлцэн баталсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 55 дугаар зарлигаар анх тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогт, шүүгчээр М.Батсуурь, А.Отгонцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Т.Энхмаа нар, мөн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаар зарлигаар Б.Мөнхтуяа, Д.Батбаатар нар тус тус томилогдож ажиллаж байсан ба Улсын Их Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүгчийн орон тоо батлах” тухай 12 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 12 байхаар баталсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 74 дүгээр зарлигаар тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Мөнхтуяа, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр зарлигаар шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан, Э.Халиунбаяр, Н.Хонинхүү, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаар зарлигаар шүүгч Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарыг тус шүүхийн шүүгчээр томилсон байна. Ингэснээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ерөнхий шүүгч, шүүгч 9, Тамгын газрын дарга, мэргэжилтэн, шүүгчийн туслах 10, нарийн бичгийн дарга 3, мэдээлэл лавлагааны болон мэдээлэл технологийн мэргэжилтэн, төрийн үйлчилгээний албан хаагч 11, нийт 38 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байсан.
Тус шүүх нь аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс давж заалдах журмаар гаргасан гомдолтой болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар ирүүлсэн захиргааны хэрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, ёс зүйн хорооны болон мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэртэй хэргүүдийг тус тус хүлээн авч, давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэдэг.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг дөрвөн районд бүсчилэн хувааж, засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан Найрамдлын районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар хуралдаанаар Найрамдлын районы Ардын шүүхийг үүсгэн байгуулжээ.
Шүүхийн анхны даргаар Д.Алтангэрэл, шүүгчээр Г.Цэдэндамба, ардын төлөөлөгчөөр Д.Цэвээнравдан, нарийн бичгийн дарга Ж.Дашдаваа, бичээч Д.Ишбалжир, зарлага Д.Цэвэлмаа, тогтоол гүйцэтгэгч Н.Будхүү нар ажиллаж байв.
Найрамдлын районы шүүхийн даргаар:
1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар Найрамдалын районы Ардын шүүхийг “Баянзүрх дүүргийн шүүх” гэсэн нэртэйгээр шинэчлэн байгуулсан бөгөөд 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулснаар Дүүргийн 3 дугаар шүүх буюу “Баянзүрх дүүргийн шүүх” хэмээн нэрлэх болжээ.
Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр:
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль”-(Шинэчилсэн найруулга)-иар “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх”-ийг байгуулав. Тодруулбал, Баянзүрх дүүргийн шүүх, Сүхбаатар дүүргийн шүүх, Чингэлтэй дүүргийн шүүхүүд нэгдэж улмаар иргэний хэргийн дагнасан шүүх болсон юм.
Мөн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль” (Шинэчилсэн найруулга)-ийг мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн учир энэ өдрөөс эхлэн “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн нэршилтэй болж үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
Дээрх хугацаанд буюу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Гавьяат хуульч Б.Баатар ажиллаж байсан болно.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулах тухай хуулиар, “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх” байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тус шүүхийн Ерөнхий шүүгчээр С.Амардэлгэр 2016-2020 онд, Ц.Цэрэндулам 2020 оноос ажиллаж байна.
“Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”, УИХ-ын 2016 оны “Анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо батлах тухай” 42 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигийн үндсэн дээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь Ерөнхий шүүгч, 16 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байгаа болно.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг 4 районд бүсчилэн хувааж, засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан Сүхбаатарын районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар чуулганаар Сүхбаатарын районы ардын шүүхийг анх байгуулжээ.
Шүүхийн анхны даргаар М.Төмөржав, шүүгчээр Ж.Норзод, Г.Долгорсүрэн, Г.Лхамжав, Б.Цэдэн, нарийн бичгийн дарга Ц.Минжмаа, Б.Отгон, бичээч Д.Цэндсүрэн, зарлага Н.Балжирмаа, 25 ардын төлөөлөгч ажиллаж байв.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Дүүргийн Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийг байгуулсан бөгөөд эдгээр нь Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт гарсан эрүү, иргэний хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэх болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхүүдийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэж нэрлэх болсон юм.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар “Чингэлтэй дүүргийн шүүх”-ийг шинээр байгуулжээ.
Тус шүүхийн анхны ерөнхий шүүгчээр Д.Мөнхтуул, шүүгчээр Л.Бямбаа, С.Ичинхорлоо, Ж.Энхтуяа, Р.Аззаяа, Д.Хуяг, Н.Батхолбоо, нарийн бичгийн дарга Б.Дамдинбазар, С.Дэлгэрцэцэг, Д.Наранцэцэг, бичээч Л.Энхбилэг, зарлага Н.Ёолк нар ажиллаж байв.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Дүүргийн Эрүүгийн хэргийн 1 дүгээр шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийг байгуулсан бөгөөд эдгээр нь Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт гарсан эрүү, иргэний хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэх болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхүүдийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэж нэрлэх болсон юм.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг 4 районд бүсчилэн хувааж, засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан Октябрийн районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар чуулганаар Октябрийн районы ардын шүүхийг анх үүсгэн байгуулжээ.
Шүүхийн анхны даргаар Б.Раапил, шүүгчээр Г.Цэгмид, Д.Лувсанцэрэн, ардын төлөөлөгчөөр 60 хүн сонгогдон ажиллаж байв. Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар Октябрийн районы ардын шүүхийг “Баянгол дүүргийн шүүх” нэртэйгээр шинэчлэн байгуулсан байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийг байгуулсан бөгөөд эдгээр нь Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт гарсан эрүү, иргэний хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэх болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхүүдийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж нэрлэх болсон юм.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг 4 районд бүсчилэн хувааж, засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан Ажилчны районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар чуулганаар Ажилчны районы ардын шүүхийг анх байгуулжээ.
Шүүхийн анхны даргаар Б.Дашдондог, шүүгч Л.Сүрэнхорлоо, нарийн бичгийн дарга О.Очмаа, ардын төлөөлөгчөөр 60 хүн сонгогдон ажиллаж байв.
Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар Ажилчны районы ардын шүүхийг “Хан-Уул-Туул дүүргийн шүүх” гэсэн нэртэйгээр шинэчлэн байгуулсан бөгөөд 1994 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Шүүх байгуулах тухай” хуульд өөрчлөлт оруулснаар “Хан-Уул дүүргийн шүүх” хэмээн нэрлэх болсон байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийг байгуулсан бөгөөд эдгээр нь Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт гарсан эрүү, иргэний хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэх болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхүүдийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж нэрлэх болсон юм.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар “Сонгинохайрхан-Жаргалант дүүргийн шүүх” нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Шүүх байгуулах тухай” хуульд өөрчлөлт оруулснаар “Сонгинохайрхан дүүргийн шүүх” хэмээн нэрлэх болжээ.
Тус шүүхийн анхны Ерөнхий шүүгчээр Б.Сарантуяа, шүүгчээр Ү.Түмэнжаргал, Н.Ичинхорлоо, Б.Идэрчулуун, Т.Доржбат, Д.Чулуунбаатар, П.Сарантуяа, нарийн бичгийн дарга Ж.Кульдана, Ц.Оюунчимэг, бичээч И.Сэлэнгэ нар ажиллаж байв.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийг байгуулсан бөгөөд эдгээр нь Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт гарсан эрүү, иргэний хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэх болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхүүдийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж нэрлэх болсон юм.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
БАГАНУУР ДҮҮРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаар зарлигаар Багануурын районыг байгуулж, мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр Багануурын районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар чуулган хуралдаж Багануурын районы ардын шүүхийг байгуулжээ.
Шүүхийн анхны даргаар С.Намнансүрэн, шүүгчээр Н.Чадраабал, нарийн бичгийн дарга бичээчээр Г.Туул, зарлага-үйлчлэгчээр Ч.Баярсайхан, тогтоол гүйцэтгэгчээр Б.Сэдэд нар ажиллаж байв.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийг байгуулсан бөгөөд эдгээр нь Нийслэлийн Багануур дүүрэгт гарсан эрүү, иргэний хэрэг маргааныг харьяалан шийдвэрлэх болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхүүдийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж нэрлэх болсон юм.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Багахангай-Налайх дүүргийн шүүх нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1962 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн зарлигаар “Налайх хотын ардын шүүх” гэсэн нэртэй анх байгуулагджээ.
Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар “Налайх дүүргийн шүүх”-ийг шинэчлэн байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар Багахангай-Налайх дүүргийн шүүх гэж нэрлэхээр тогтоосон байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийг байгуулсан бөгөөд Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт гарсан эрүү, иргэний хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэх болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүх Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж нэрлэх болсон юм.
2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Монгол Улсын Их Хурал 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”, “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль”, Захиргааны хэргийн шүүхийн “Шүүгчийн орон тоо батлах тухай” тогтоол зэргийг батлан гаргажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 96 дугаар зарлигаар Х.Батсүрэн, Н.Дуламсүрэн, А.Отгонцэцэг, Ц.Цогт, Л.Амарсанаа, Т.Энхмаа нарыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 140 дүгээр зарлигаар Д.Дамдиндоржийг мөн шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус томилсон байна.
2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх болон хэрэг маргааны төрлөөр дагнан үйл ажиллагаагаа явуулах болсон.
Харин 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэж нэрлэх болсон юм.
--------о0о--------