БНМАУ-ын 1924 оны Үндсэн хуулийн 27 дугаар зүйлд “Засгийн газар бол тус улсын ерөнхийлөн захирах газар мөн бөгөөд гишүүд нь Ерөнхий сайд, жинхэнэ, орлогч сайд, бүх цэргийн ба эдийн засгийн зөвлөх тэргүүлэгчид, бүх цэргийн жанжин, улсын хянан байцаагч, дотоод, гадаад, цэрэг, санхүү, аж үйлдвэр, шүүх, ардын гэгээрүүлэх яамны сайдууд байна” гэж заажээ. Хэдийгээр 1924 оны Үндсэн хуульд шүүхийн талаар тодорхой бүлэг зүйл ороогүй боловч уг Үндсэн хууль шүүх таслах газар, түүний дотор шинэ үеийн Улсын Дээд шүүх байгуулахад чухал нөлөө үзүүлжээ.
1924 оны II хагаст болсон Намын III Их хурлаас Шүүх яамны илтгэлийг хэлэлцээд шүүн таслах ажлыг юуны өмнө тус яамнаас эрхлэн буй шүүн таслах ба захиргааны хоёр төрлийн үүрэг нөгөө талаар шүүх, мөрдөн байцаах ажлыг тусгаарлан шүүхийн зохион байгуулалт үйл ажиллагааны эрхийн зохицуулалтыг үндсээр нь хувьсгаж явуулахыг тухайлан заажээ.
Шүүн таслах ажлын талаар намын III их хурлаас тодорхойлсон эл чиг шугамыг гүнзгийрүүлэхийн тулд 1925 онд МАХН-ын IV их хурлаас баталсан намын хоёр дахь программын “Шүүх таслах явдлын тухай” гэсэн 51 дүгээр зүйлд: “жинхэнэ ардаас сонгосон шүүн таслах газруудыг байгуулах…” эзэрхэг засгийн үед хэрэглэж байсан элдэв эрүү шүүлтийг устган “шүүх таслах хууль цаазыг …нарийн тодорхой болгож ард түмний ашиг тусад нийцүүлэн сайжруулбал зохино” гэжээ.
1925 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр БНМАУ-ын 2 дугаар Их Хурлаас гаргасан тогтоолын Шүүх Таслах газруудыг зохион байгуулах тухай гэсэн хэсэгт зааснаар Шүүн таслах газруудыг хэргийн харьяаллаар нь ерөнхий ба тусгай гэж ангилж, Улсын Дээд шүүх Таслах газар, хошууд, аймгийн гэх ерөнхий шүүхүүд болон цэргийн тусгай шүүх таслах газруудыг Ерөнхийлөн захирах чиг үүрэг бүхий Ерөнхий ба Цэргийн хоёр салбар анги байгуулжээ.
Монгол Улсын 16 дугаар /1926/ оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хуралдсан 69 дүгээр тогтоолын нэгдүгээр зүйлд “Засгийн Газрын 48 дугаар Хурлын тогтоолын хуулга ба мөн тогтоолын 3 дугаар зүйлд дурдсан Ардын ангийн гишүүдийг сонгон томилох зэрэг асуудлыг хэлэлцээд Улсын Дээд шүүх таслах газрын дарга Г.Гүрсэд, … Ардын ангийн гишүүдэд Шүүх Яамны эрхэлсэн түшмэл Сүндэвдоной, гишүүн бус нарийн бичгийн даргад Цогтцэнбал нарыг сонгон томилж, Засгийн газраас явуулан гүйцэтгүүлэхээр тогтов” гэжээ. Ийнхүү 1925 оны Улсын ll Их хурал, 1926 оны Засгийн Газрын 35 дугаар хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 69 дүгээр хурлын тогтоол зэрэг Төрийн эрх барих Дээд байгууллага, тэдгээрээс гаргасан эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн Засгийн газрын гишүүдийн 1926 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар хурлаас Улсын Дээд шүүхийг албан ёсоор байгуулж, 1927 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулахаар тогтжээ.
Засгийн Газар, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1927 оны 1 дүгээр сарын 6-нд баталсан “БНМАУ-ын Дээд Шүүх таслах газрын түр дагаж явах дүрэм”-д тус шүүхийн үндсэн үүрэг зорилт, байгуулагдах журам, бүрэлдэхүүн, зохион байгуулалтын бүтэц болон бүтцийн хэсэг, албан тушаалтнуудын эрх хэмжээг нарийвчлан тогтоожээ. Уул дүрэмд “Дээд Шүүх таслах газар бол ардын ба цэргийн шүүх таслах газруудыг ерөнхийлөн захирч аливаа хэрэгт хууль цаазыг баримтлан таслан шийтгэх бүрэн эрх бүхий дээд газар…” хэмээн ардын төрийн шүүн таслах дээд байгууллага мөн болохыг тодорхойлсон байна. Байцаан шийтгэх хуулиар харьяалуулсан аливаа хэргийг таслан шийдвэрлэхээс гадна тус улсын шүүхийн системийг толгойлж, шүүх таслах ажиллагаанд дээд хяналт тавьж, төрөөс тогтоосон хувьсгалт ардчилсан зарчим, хууль ёс, шүүхийн нэгдсэн бодлогыг тууштай хангах явдалд тус дээд шүүх таслах газрын үндсэн зорилт оршиж байв.
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1927 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн тогтоолоор Улсын Дээд шүүхийн байгуулсныг баталгаажуулжээ. Улсын Дээд шүүх Таслах газар (УДШТГ) 1927 оны 1 дүгээр сарын 3-нд дарга гишүүдийн Анхдугаар хурлаа хийж, 1 дүгээр сарын 4-нд ДХГ-аас үйлдүүлсэн Тамгаа хүлээн авч үйл ажиллагаагаа нээн явуулснаа олон газруудад мэдээлжээ.
Дээд шүүх таслах газар нь анх дарга, 4 гишүүнээс бүрэлдэв. Дарга, ардыг төлөөлсөн хоёр гишүүнийг Улсын бага хурлаас сонгож, цэргийг төлөөлсөн хоёр гишүүнийг Бүх цэргийн зөвлөлөөс томилон мөн бага хурлаас баталдаг байжээ. Үүнээс гадна бүгд хурлаас томилж, Засгийн газраар батлагдсан нарийн бичгийн дарга мөрдөн байцаах, шалгах ажил эрхэлсэн байцаагч түшмэд, санхүү, бичиг хэргийн орон тоо бий болгов. Тус шүүхийн зохион байгуулалтын бүтцийг Бүгд хурал, 2 ангитай байхаар тогтоожээ.
Бүгд хурал буюу тухайн үед нэрлэж байснаар “Бүгд гишүүдийн хурал” нь Дээд Шүүхийн дарга, ангийн (коллегийн) гишүүд, Шүүх явдлын яамны орлогч сайдаас бүрэлдэж байв. Дээд шүүх таслах газрын эрх хэмжээнд багтсан асуудлаар нийт шүүхийн үйл ажиллагаанд шүүхийн дээд хяналт тавьж, хувьсгалт хуулийн бодлогыг нэг мөр хангуулах нь Бүгд хурлын үндсэн үүрэг байсан ажээ. Энэ зорилгоор Бүгд хуралд дээд шүүхийн даргын оролцуулснаар онц чухал хэргийг хянан үзэх, шүүхээс даган мөрдөж буй хуулийг хэрхэн хэрэгжүүлэх тухайг авч хэлэлцэж удирдамж заавар гаргах, шүүхүүдийг хянан байцаах (шалгах) эрх олгожээ.
Ийнхүү Улсын Дээд шүүх таслах газар нь Шүүх таслах газруудыг байгуулах тухай дүрмийн 5 дугаар зүйлд заасны дагуу Ардын ба Цэргийн шүүх таслах газруудыг ерөнхийлөн захирах, Хэрэг байцаан шийтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу аймаг, хот зэрэг газруудын анхны тасалсан тогтоолыг үл зөвшөөрөн гомдол учрыг гаргаж, өөрчлөн шийтгүүлэхийг эрж заалдан ирсэн хэргүүдийг хянан тогтоох, хөдөөгийн шүүхүүдийн зарим нэгэн хүнд чухал буюу үлэмж будлиантай эрүүгийн ба иргэний хэргийг хэрхэн шийтгэснийг хянах, хариу зааварлах, засаж залруулах зэргээр ажиллаж эхэлжээ.
Дээд шүүх нь цэргийн гэмт хэрэг шийдвэрлэх цэргийн анги, иргэдэд холбогдсон эрүү, иргэний хэрэг шийдвэрлэх ардын анги гэсэн хоёр хэсэгт хувааж, хэргийг дарга 2 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн даргыг суулцуулан анх тутам буюу эсвэл давж заалдах шатны журмаар хэлэлцэн шийдвэрлэж, хоёр анги нь тус тусдаа харьяалах хэргийг анх тутамд хэлэлцэх захиран тушаах хурал, таслан тогтоож шийтгэх хурал, аливаа заалдан мэдүүлснийг хянан шийтгэх хурал гэсэн зохион байгуулалтын гурван хэлбэрээр авч хэлэлцэж байжээ. Дээд Шүүх таслах газрын түр дүрмээр дарга, Бүгд хурал, цэргийн болон ардын ангийн гишүүд, нарийн бичгийн даргын эрхлэх ажил үүргийг хуваарилан тогтоожээ. 1926 оны 7 дугаар сарын 6-нд “Шүүх таслах газруудад аливаа хэргийг байцаах ба шийтгэх тухай хууль” /Эрүүгийн байцаан шийтгэх хууль/, 1926 оны 11 дүгээр сарын 24-нд БНМАУ-ын шүүх цаазны бичиг” /Эрүүгийн хууль/-ийн тусгай анги зэрэг хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн чухал баримт бичгүүдийг батлан гаргасан байна.
“Аливаа шүүх таслах газар байгуулах тухай дүрэм”-ийг 1928 онд найруулан зассанаас гадна Засгийн газрын 1930 оны 25 дугаар тогтоолоор Улсын Дээд шүүх таслах газрыг ийнхүү өөрчлөн “Улсын Ерөнхий шүүх таслах газар” гэж өөрчлөн нэрлэжээ. 1926-1927 онд Шүүх явдлын яам, Дээд Шүүх таслах газраас орон нутгийн ажилтан нарт зориулан хуулийг хэрхэн биелүүлэх, хэрэглэх тухайн заавар, захидал, бичиг баримтын загвар зэргийг боловсруулан гаргасаар байв.
1926-1927 онуудад гаргасан Эрүүгийн хууль, Иргэний хуулийн зарим бүлгийг 1929-1930 онд шинэчлэн баталж байцаан шийтгэх хийгээд шүүхийн зохион байгуулалтын хуулиудад багагүй нэмэлт оруулахын хамт Шүүх явдлын яам, Дээд Шүүх таслах газраас орон нутгийн ажилтан нарт зориулан хуулийг хэрхэн биелүүлэх, хэрэглэх тухайн заавар, захидал, бичиг баримтын загвар зэргийг боловсруулжээ.
1928 оны 6 дугаар сарын 1-нд хуралдсан БНМАУ-ын 11 дүгээр Бага хурлын “Дээд шүүх таслах газрын тухай” тогтоолд: Олон шүүх таслах газруудад биеэр очиж хянах зааварлах ба захидлаар харилцах зэргээр удирдан сайжруулах явдлыг чанартайгаар гүйцэтгэхийг үүрэг болгосон байна. 1929 онд уг хуульд бүх шүүхийн тогтоолыг БНМАУ-ын нэрийн өмнөөс гаргаж уншин сонсгож байх тухай нэмэлт оруулсан нь шүүхийн нэр хүндийг дээшлүүлэхэд чухал алхам болжээ.
1930 оны 8 дугаар сард Засгийн газар болон Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Улсын Ерөнхий шүүх таслах газар”-ын тухай, “Цэргийн шүүх таслах газар ба прокурорын газрын тухай”, 4, 5 дугаар бүлэг нэмж, (1926 онд 3 бүлэг 24 зүйл байсныг) 5 бүлэг 65 зүйл болгон баталжээ. Энэ дүрмээр урьд дээд, тусгай шүүхүүд тусдаа дүрэмтэй байсан явдлыг зогсоож шүүхийн нэгдмэл системийг нэг хуулиар бэхжүүлэх зорилтыг хангав.
Улсын Ерөнхий шүүх таслах газрыг дарга, орлогч дарга бөгөөд цэргийн коллегийн дарга, гишүүд, мөн иргэдийг төлөөлсөн 10, цэргийн албан хаагчийг төлөөлсөн 9 ардын төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулах болгов. Мөн Улсын Ерөнхий шүүх таслах газрын дарга, гишүүдийг Улсын бага хурал сонгож байсныг Засгийн газар томилж, Бага хурлаас баталдаг болгов. Засгийн газар урьдчилан томилдог нь Дээд Шүүхийн дарга, Шүүх яамны орлогч сайдын үүргийг хавсран гүйцэтгэх болсон хийгээд Засгийн газар шүүн таслах ажилд хяналт тавих эрх эдэлж байсантай холбоотой.
1930 оны 10 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан “Монгол Ард Улсын Шүүх явдлын яамны дүрэм”-д Ерөнхий шүүх таслах газар нь Шүүх явдлын яамны нэг газар бөгөөд Ерөнхий шүүх таслах газар бол тэргүүлэгч яамны сайдын орлогчоор удирдуулан шүүх таслах газруудыг байгуулах тухайн хуульд заагдсан тусгай дүрэмтэйгээр ажил явуулгыг гүйцэтгэх бөгөөд эрхлэх товчоо, эрүүгийн ба иргэний онц хэргийг шүүх таслах коллеги кассационный хэмжээг шүүх таслах тухайтай заавар дүрэм зөрчсөний тухайтай гомдлыг хянан үзэх ба апеклиционной хэмээх уул хэргийн үнэн голыг илрүүлж, дахин хянахыг мэдүүлснийг хянах коллеги хийгээд цэргийн коллегитой байна.” гэж заажээ.
1930 онд Засгийн газрын 26, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 31 дүгээр хурлын тогтоолоор аливаа хэргийг байцаан шийтгэх хуулийн 1 дүгээр бүлгийг нийтэд нь өөрчилж бүх шатны шүүхийн хэргийн харьяаллыг шинэчлэн тогтоосон байна. Тухайлбал, Дээд Шүүх нь “Ардын хувьсгалд тэрслэх”, “улс төрөөс урвах”, “улсыг гадаад лугаа найрамдах явдал дор хор хүргэх” гэмт хэрэг, мөн шүүх цаазны бичгийн 58, 70, 135, 136 дугаар зүйлд заасан хэргийг таслан шийдвэрлэнэ гэжээ.
Түүнчлэн Дээд Шүүх нь Шүүх яамны сайд, Улсын прокурор, Дээд шүүхийн даргын эсэргүүцлээр тус тус хэргийг “хянан үзэх” буюу хяналтын шатны эрхээр хэлэлцэх журмыг тогтоожээ.
1926-1927 онд батлан гаргасан бүх төрлийн хууль тогтоомж нь шүүхийн систем төлөвшүүлэн тогтоох бэлтгэл шат болж өгсөн бол 1929-1930 онд оруулсан алив нэмэлт өөрчлөлтийн гол ач холбогдол нь анхны хуулиудыг шүүхийн үйл ажиллагаагаар туршин нэгэнт бүрэлдсэн шүүх, шүүн таслах ажлын системийг хуульчлан бэхжүүлсэнд оршино.
1934 онд Ардын Сайд нарын Зөвлөлийн 15 дугаар хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 19 дүгээр хурлын тогтоолоор “Шүүх таслах ба прокурорын газруудын дагаж явах дүрэм”-ийг баталжээ. Энэхүү дүрмээр 1931 оны дүрмийг шинэчлэн Ерөнхий шүүх таслах газрыг дахин Дээд Шүүх таслах газар хэмээн нэрлэжээ. Дүрмээр Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүн, байгуулагдах журамд онцгой өөрчлөлт ороогүй бөгөөд шүүхийн нэгдсэн бодлогыг улсын хэмжээнд биелүүлэгч шүүн таслах дээд байгууллага мөн болохыг дахин бэхжүүлжээ.
2.Улсын VIII их хурлаас 1940 оны 6 дугаар сарын 30-нд баталсан БНМАУ-ын Үндсэн хуулийн “Шүүх ба прокурорын газар” гэсэн 7 дугаар бүлэгт “БНМАУ-д шүүн таслах хэргийг Улсын Дээд шүүх таслах газар, Улаанбаатар хотын шүүх таслах газар, аймгийн шүүх, анги нутгуудад ардын шүүх таслах газруудаас гүйцэтгэнэ” гэж шүүхийн системийг тодорхойлжээ.
Энэ үеэс Дээд Шүүхийн даргыг Сайд нарын Зөвлөлөөс урьдчилан
томилодог зэрэг хуучин журмыг хүчингүй болгосноор шүүх төрийн захиргааны
байгууллагаас зарим талаар хараат байдалтай байсныг устгаж, шүүхийн биеэ даасан
онцгой эрхийг анх бэхжүүлжээ.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 8
дугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын Ардын Шүүх таслах газрууд ба
прокурорын байгууллагын (1934 оны) дүрмийн 5 дугаар бүлгийг өөрчлөн тогтоож,
БНМАУ-ын Дээд Шүүх таслах газар нь тус улсын бүх шүүхийн дээд байгууллага
болохын хувьд шүүн таслах ажилд хяналт тавьж шүүхийн нэгтгэсэн бодлогыг
хэрэгжүүлнэ гэж зааж, энэ хүрээнд а) бүх шүүхийн хэрэг таслан шийдвэрлээд
гаргасан хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг эсэргүүцлийн үндсэн дээр
хянах; б) аймаг, хот, цэргийн шүүхийн тогтоол, шийдвэрийг давж заалдах гомдол,
эсэргүүцлийн үндсэн дээр хянах замаар биелүүлнэ. Мөн хуулиар тусгайлан
харьяалуулсан хэргийг Дээд шүүхийн дарга буюу гишүүн нь ардын хоёр
төлөөлөгчдийн хамтаар таслан шийдвэрлэнэ”гэж заажээ.
Улсын Дээд шүүх таслах газар нь анхнаас ардын
анги, цэргийн анги буюу 2 коллегитой байсныг 1943 оны дүрмээр халж, дээд шүүхэд
анхан шатны болон давж заалдах хийгээд хяналтын шатны эрх бүхий: а) эрүүгийн
хэрэг эрхэлсэн шүүхийн коллеги, б) иргэний хэрэг эрхэлсэн шүүхийн коллеги, в)
цэргийн коллегитой байхаар өргөтгөжээ. Эдгээр коллегиос таслан шийдвэрлэсэн
хэргийг эрх бүхий албан тушаалтны эсэргүүцлийн үндсэн дээр хянан хэлэлцэж байх
эрхийг тус Дээд Шүүхийн бүгд хуралд олгосон байна. Үүнээс үзэхэд Улсын Дээд
шүүхийн шүүн таслах ажлын талаархи зохион байгуулалтын бүтцийг ерөнхий болон
тусгай шүүхийн төдийгүй, эрүү, иргэний хэргийн харьяаллаар нь ангилан тогтоосон
нь үндсэндээ Цэргийн коллегийг эс тооцвол бүрэлдэхүүний хувьд өргөжиж ирсэн
боловч уг бүтэц 1990 он хүртэл хадгалагдаж иржээ.
1940 оноос эхэлсэн шүүхийн шинэтгэл 1947 он болоход үндсэндээ
хэрэгжиж шүүн таслах байгууллага нэгдмэл төдийгүй бас бүх талаар биеэ даасан
систем болж хөгжив. Энэ үеэс БНМАУ-ын шүүхийн систем нь а) хэсгийн шүүх, б)
аймаг, хотын шүүх, в) тусгай шүүх, г) Улсын Дээд шүүх таслах газар бүрэлдэх
болжээ.
Улсын 9 дүгээр Их хурал бас БНМАУ-ын төрийн эрх
барих байгууллагын систем, улмаар тэдгээрийн болон бүх шатны шүүхийн
байгуулагдах, ажлаа хариуцан тайлагнах үндэс журмыг сонгуулийн шинэ системтэй
холбоотойгоор 1940 оны Үндсэн хуульд зохих нэмэлт орсонтой 1949 оны 8 дугаар
сарын 6-нд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдээс “БНМАУ-ын шүүхийн зохион
байгуулалтын тухай хууль” баталжээ. 1949 онд Үндсэн хуульд нэмэлт оруулснаар
БНМАУ-ын Үндсэн хуульд шүүхийн системийг: Улсын Дээд шүүх, аймаг, хотын шүүх,
БНМАУ-ын тусгай шүүх, ардын хэсгийн шүүх гэсэн дөрвөн салаа мөчрөөр хуваан
тодорхойлжээ. Энэ үеэс тусгай (цэргийн) шүүх болон Улсын Дээд шүүх нь Үндсэн
хуулийн өөрчлөлт, төрийн эрх барих байгууллагын системийн шинэчлэлттэй
холбоотойгоор БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдож, тус Их хуралд болон түүний
чуулганы чөлөө цагт Улсын Их Хурлын Тэргүүлэгчдэд ажлаа хариуцаж, тайлагнах
болов.
Энэ үеэс Улсын Дээд шүүх таслах газар нь Улсын Дээд шүүх хэмээн нэрийджээ. 1951-1960 онуудад Улсын Дээд шүүх бүрэлдэхүүн нь өргөжсөн ч бүтцийн хувьд өөрчлөгдсөнгүй. Харин Цэргийн коллеги 1954 онд татан буугдсанаас Эрүүгийн хэрэг эрхэлсэн шүүх коллеги нь шүүн таслах ажлын хувьд иргэний ерөнхий болон цэргийн тусгай шүүхийн үүрэг гүйцэтгэх болов. Шүүхийн зохион байгуулалтын тухай 1949 оны хуулиар Улсын Дээд шүүхийн эрх хэмжээг коллегиор нь ялган тодорхойлжээ. Коллегиуд харьяаллынхаа хэргийг 1 гишүүн, 2 ардын төлөөлөгчтэй, 2 дугаар шатны журмаар бол хэргийг 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэнэ гэж хамтран шийдвэрлэх хэлбэрийг тодруулан тогтоов. Энэ үед Улсын Дээд шүүх нь гагцхүү аймаг, хотын бус харин орон нутгийн бүх шүүх, тусгай шүүхүүдийн тогтоол, шийдвэрийг давж заалдах ба хяналтын шатны журмаар хянан хэлэлцдэг байв. Иймд Дээд Шүүх нь шүүхийн хяналтын ганц байгууллага нь болж байсан нь энэ цаг үеийн Улсын Дээд шүүхийн эрх хэмжээний нэг гол онцлог байв.
Дээд Шүүхийн Бүгд Хурал нь сард 1-ээс доошгүй хуралдаж коллегиудаас гаргасан тогтоол, шийдвэр, магадлалыг эсэргүүцлийн үндсэн дээр хянан үзэх, хэргийн талаар гаргасан шийдвэрийнхээ дагуу нийт шүүхэд удирдамж өгөхөөс гадна эрүү, иргэн, байцаан шийтгэх болон хөдөлмөрийн хуулийн талаар тайлбар гаргах эрхтэйг уг хуульд нэмж заажээ. Үүгээр шүүхийн албан ёсны тайлбар гаргах талаар Бүгд Хурлын эрх үүрэг улам тодорхой болсон байна.
Шүүхийн систем, зохион байгуулалтын хувьд 1951-1953 онд нийт шүүхийг сонгуулийн шинэ системийн дагуу өөрчлөн байгуулснаас хойш 60-аад он хүртэл ардын хэсгийн шүүхийг бүх аймагт жигдлэхийн хамт ажлын шаардлагаар нэмэн байгуулж, татан буулгаж ирсэн нь тэр үеийн шүүхийн системийн гол өөрчлөлт мөн байв.
“БНМАУ-ын шүүх прокурорын байгууллагын ажлын байдлын тухай” МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1955 оны 187 дугаар тогтоолд Бүгд хурал, коллегиудын ажлыг сайжруулж шүүн таслах ажилд Улсын Дээд шүүхийн хяналтыг хүчтэй болгон түүнийг хуулийн заалт гажуудуулах явдлыг цаг тухайд илрүүлэн засах ба хуулийн улс төрийн бодлогыг тууштай биелүүлэхэд чиглүүлэх зэрэг шаадлагыг тодорхойлж өгчээ.
БНМАУ-ын Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1958 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 130 дугаар зарлигаар БНМАУ-ын шүүхийн зохион байгуулалтын хуулийг шинэчлэн баталж 1949 оноос хойш шүүхийн системд гарсан өөрчлөлтийг (жишээ нь тусгай шүүх болон нийт аймаг хотод хэсгийн шүүх жигдлэн байгуулагдсан зэргийг) тусган бэхжүүлэхийн хамт Улсын Дээд шүүхийн Цэргийн коллеги татан буугдсантай холбогдон Улсын Дээд шүүхийн зохион байгуулалтын шинэ бүтцийг тогтоов.
3.1960 оны 7 дугаар сарын 4-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын IV дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар гурав дахь Үндсэн хуулийг баталж, Үндсэн хуулийн 6 дугаар бүлэгт “БНМАУ-д шүүн таслах ажлыг БНМАУ-ын дээд шүүх, аймаг, хотын шүүх, тусгай шүүх, мөн ардын хэсгийн шүүх гүйцэтгэнэ” гэж шүүхийн системийг тодорхойлжээ.
“БНМАУ-ын Дээд Шүүх бол шүүн таслах дээд байгууллага мөн” гэж Үндсэн хуульд заажээ. Улсын Дээд шүүх нь: а) бүх шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд дээд хяналтыг хэрэгжүүлэх; б) эрүү, иргэний онц түвэгтэй хэргийг харьяалж давж заалдах эрхгүйгээр таслан шийдвэрлэх; в) бүх шүүн таслах ажлын практикийг нэгтгэн дүгнэж, шүүхийн статистик, тогтоол гүйцэтгэлийн албыг улсын хэмжээгээр хөтөлж явуулах; г) нийт шүүхээс баримтлах удирдамж, хуулийн тайлбар гаргах; д) шүүхийн аймаг, хот, тусгай шүүхийн хооронд үүссэн маргааныг таслан шийдвэрлэх; е) төрийн дээд байгууллагад хууль санаачилж оруулах бүрэн чиг үүргийг тодорхойлжээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлаас 1961 онд БНМАУ-ын Эрүүгийн хууль, 1963 онд Иргэний хууль, 1964 онд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 1967 онд Иргэний байцаан шийтгэх хуулийг тус тус батлан гаргажээ.
Цагаатгалын үнэмлэх олгох ажлыг Нийгмийг аюулаас хамгаалах яам эрхэлж байсныг 1965 оны 9 дүгээр сарын 1-ээс эхлэн Улсын Дээд шүүхийн Бүгд хурлаар хэлэлцэх болж улс төрийн хэргийн холбогдлоос цагаатгагдсан хүмүүст уг үнэмлэхийг олгож эхэлжээ. Үнэмлэх олгох ажлыг Улсын Дээд шүүхийн тоо бүртгэлийн мэргэжилтэнд шууд эрхлүүлж, байнгын хяналт тавьж шалгах ба удирдаж байх үүргийг 1 дүгээр орлогч даргад хариуцуулж байжээ.
Төрийн эрх барих байгууллагуудын сонгуулийн бүрэн эрхийн хугацааг уртасгасантай нийцүүлэн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 4 дүгээр сарын 20-ны 71 дүгээр зарлигаар Улсын Дээд шүүх, тусгай шүүхийг Ардын Их Хурлаас 4 жилийн хугацаагаар орон нутгийн бусад шүүхүүдийг зохих шатны АДХ-аас 3 жилийн хугацаагаар тус тус сонгож байхаар хугацааг шинээр тогтоов.
Улсын Дээд шүүхээс гүйцэтгэж байсан зарим үүрэг БНМАУ-ын Шүүх яаманд шилжих болсонтой холбогдуулан Дээд шүүхийн орон тоо зохион байгуулалтыг Дээд Шүүхийн Тэргүүлэгчдийн 1972 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21/28 дугаар тогтоолоор 37 орон тоотой байхаар шинэчилжээ. Энэхүү тогтоолоор Улсын Дээд шүүхийн орон тоог шинэчлэн баталснаас гадна шүүхийн практик нэгтгэх статистикийн хэлтсийг шинээр байгуулсан.
Цэргийн шүүхийг Ардын армийн шүүх болгосны гадна Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1972 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар зарлигаар БНМАУ-ын Дээд шүүхэд Цэргийн коллеги байгуулсан нь дээр дурдсан тусгай шүүхүүдийн ажилд тавих шүүхийн дээд хяналтыг сайжруулахад чиглэсэн байна.
БНМАУ-ын гадаад улсуудтай байгуулсан эрх зүйн туслалцааны тухай гэрээнээс үүссэн асуудлуудыг хуульд заасан журмаар шийдвэрлэх эрхтэй байжээ.
Энэ тухай БНМАУ-ын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлд “Дээд шүүх, тус улсын шүүхийн байгууллагын бүх ажлыг удирдаж шүүн таслах ажиллагаанд хяналт тавина” гэж тусгайлан заажээ.
Улсын Дээд шүүх шүүхийн дээд хяналтын үүргээ процессын гурван үндсэн хэлбэрээр хэрэгжүүлдэг байв. Үүнд:
а) аймаг, хот, тусгай шүүхийн таслан шийдвэрлэсэн эрүү,
иргэний хэргийг давж заалдах гомдол, эсэргүүцлийн үндсэн дээр зохих коллегиор
хянан хэлэлцэх;
б) тэдгээр шүүхийн хуулийн хүчин төгөлдөр
тогтоол, шийдвэр, магадлалтай хэргийг Улсын Дээд шүүхийн дарга, орлогчид, Улсын
прокурор, түүний орлогчдын эсэргүүцлийн үндсэн дээр мөн зохих коллегиор хянан
хэлэлцэх;
в) Улсын Дээд шүүхийн коллегиудын тасалсан болон хянан шийдвэрлэсэн хэргийг Улсын Дээд шүүхийн дарга, Улсын прокурорын эсэргүүцлийг үндэслэн Улсын Дээд шүүхийн бүгд хурлаар хянан хэлэлцэх явдал болно.
Улсын Дээд шүүхээс хэрэг шийдвэрлээд гаргасан аливаа шийдвэр, өөрөөр хэлбэл анхан шатны тогтоол, шийдвэр, магадлал, хоёрдугаар ба хяналтын шатны магадлал, Бүгд хурлын тогтоол батлагдмагц хуулийн хүчин төгөлдөр болж үйлчилдэг. Иймд тэдгээр шийдвэрт давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичиж болдоггүй байна.
Түүнчлэн Дээд Шүүх зөвхөн БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдож, мөн Их Хурал, түүний Тэргүүлэгчдэд ажлаа хариуцан тайлагнадаг.
Улсын Дээд шүүх нь дарга, 1 дүгээр орлогч дарга, орлогч дарга, коллегийн дарга, гишүүд ардын төлөөлөгчдөөс бүрэлдэнэ. Бүрэлдэхүүний тоог ажлын хэмжээг нь харгалзан БНМАУ-ын Ардын Их Хурал тогтоодог. БНМАУ-ын Ардын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас Улсын Дээд шүүхийг дарга, орлогч дарга, коллегийн дарга нар, 11 гишүүн, ардын 50 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй сонгожээ.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Улсын Арбитрын коллеги байгуулсантай холбогдуулан Улсын Дээд шүүхэд нэгдүгээр орлогч дарга бөгөөд улсын ерөнхий арбитрч 1, Дээд шүүхийн гишүүн бөгөөд улсын арбитрч 3, зааварлагч 3, улсын арбитрын коллегийн нарийн бичгийн дарга 1-ийн орон тоог баталсан байна.
Улсын Дээд шүүхийн зохион байгуулалтын бүтэц нь тус шүүхийн эрх хэмжээ, үйл ажиллагааны төрөл онцлогт нарийн зохилдсон байв. Шүүхийн зохион байгуулалтын хууль тогтоомжид зааснаар Улсын Дээд шүүх нь а) Улсын Дээд шүүхийн бүгд хурал, б) Улсын Дээд шүүхийн тэргүүлэгчид, в) эрүүгийн хэрэг эрхэлсэн коллеги, г) иргэний хэрэг эрхэлсэн коллеги, д) цэргийн коллеги гэсэн зохион байгуулалтын үндсэн бүтэцтэй. Үүнээс гадна түүний аппаратын бүтцэд шүүхийн байгууллагын хэлтэс, аж ахуйн хэлтэс, тусгай тасаг, нарийн бичгийн дарга нарын аппарат орж байсан.
Улсын Дээд шүүхийн гурван коллеги бол шүүн таслах ажлыг эрхэлж, анхан шатны шүүхийн болон шүүхийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Бүгд хурал нь шүүхийн дээд хяналтаас гадна шүүхийн практикийг үндэслэн нийт шүүхээс баримтлах удирдамж, хуулийн албан ёсны тайлбар гаргаж байв.
Шүүн таслах ажлын тод байдал, шүүх, хэвлэл мэдээллийн байгууллагын үр нөлөөтэй харилцан ажиллагааг хангах зорилгоор Дээд шүүхийн дэргэд хэвлэл мэдээллийн албыг орон тооны бус нэг дарга, зургаан гишүүнтэйгээр 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан байна.
БНМАУ-ын Бага Хурлын 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 5 дугаар тогтоолоор БНМАУ-ын Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.
1921-1960 он хүртэл БНМАУ-ын Шүүх яам шүүхийн зохион байгуулалтын жолоодлого салбарын удирдлагын үүргийг улсын хэмжээгээр биелүүлж байв. Дээр өгүүлснээр зохион байгуулалтын удирдлага, хяналт шалгалтыг шүүхэд ойртуулан сайжруулах, орон тоо, зардал хэмнэх зорилгоор 1961 оны 10 дугаар сард Улсын Дээд шүүхийн Тэргүүлэгчдийг байгуулжээ. Үүнтэй уялдан БНМАУ-ын Шүүх яамыг татан буулгасан байна. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1972 оны 247 дугаар зарлигаар БНМАУ-ын Шүүх яам дахин байгуулсан бөгөөд тус яам хууль тогтоомж системчлэх, төсөл боловсруулах, хянах, хуулийн мэргэжилтэн бэлтгэх, хуваарилах, улс ардын аж ахуй дахь хуулийн албыг зохицуулах зэрэг гол үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл шүүхийг зохион байгуулалтын талаар удирдах ажлыг эрхэлдэггүйгээрээ татан буугдсан шүүх яамнаас ялгаатай байв.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 10 дугаар сарын 3-ны 262 дугаар зарлигаар тус БНМАУ-ын Дээд Шүүхийн Тэргүүлэгчдийг бий болгож, түүнд улсын бүх шүүхийг зохион байгуулалтын талаар удирдах ажил, өөрөөр хэлбэл урьд шүүх яамнаас эрхлэн гүйцэтгэж байсан шүүхийн удирдлагын үүргийг шилжүүлэн хариуцуулав.
Улсын Дээд шүүхийн Тэргүүлэгчид нь “БНМАУ-ын бүх шүүхийн зохион байгуулалтын ажлыг удирдах шүүхийн захиргааны хамтын удирдлагын төв байгууллага мөн”. Тус Тэргүүлэгчид нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, Ардын Их Хурал, түүний Тэргүүлэгчдэд ажлаа хариуцна. Улсын Дээд шүүхийн Тэргүүлэгчдийн дарга нь Улсын Дээд шүүхийн дарга байх бөгөөд гишүүдээр шүүхийн болон шүүхийн аппаратын удирдах ажилтан нар батлагдан ажилладаг. Эрх хэмжээнийхээ (шүүхийн асуудлын) асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэж тогтоол гаргана. Тухайн үеийн Улсын Дээд шүүхийн Тэргүүлэгч нь Улсын Дээд шүүхийн бүтцийн хэсэг биш, харин шүүхийг удирдах төрийн захиргааны төв байгууллага, зүйрлэн хэлбэл яам маягийн байгууллага байжээ. Орон тооны бус бүрэлдэхүүнтэй, хамтын удирдлагатай, Ардын Их Хурлын өмнө ажлаа шууд хариуцдаг байсан бөгөөд Улсын Дээд шүүхийн Шүүхийн байгууллагын хэлтэс нь шүүн таслах ажлыг эрхлэхгүй, харин Тэргүүлэгчдээс тус улсын бүх шүүхийг удирдахад байнга, шууд туслах аппаратын үүрэг гүйцэтгэж байв. Ийнхүү шүүн таслах ажлын хийгээд шүүхийн удирдлагын эрх хэмжээ, зохион байгуулалтын үндсүүдийг нь зааглан үзсэнээр Улсын Дээд шүүх бол шүүн таслах ажлыг эрхэлсэн шүүхийн дээд байгууллага, тэргүүлэгчид бол шүүхийг удирдах ажил эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байжээ. Энэ бүтэц 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдах хүртэл үндсэндээ хэвээр хадгалагдаж байв.
1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр баталсан БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн 2.5-д БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Ерөнхийлөгчийн санал болгосноор … БНМАУ-ын Дээд шүүхийн даргыг сонгох, чөлөөлөх; 11.3-т БНМАУ-ын Бага Хурал нь БНМАУ-ын Ардын Их Хурлын чөлөө цагт түүнд дараа оруулан батлуулахаар … БНМАУ-ын Дээд шүүхийн даргыг сонгох, чөлөөлөх; 11.6-д БНМАУ-ын Дээд шүүхийн даргын өргөн мэдүүлснээр Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг сонгох, түүнд өөрчлөлт оруулах; 11.15-д Улсын Бага Хурал Дээд шүүхийн … тайланг … хэлэлцэх журам тусгагдсанаар хараат байдал хэвээр үлдсэн гэж болно.
БНМАУ-ын Бага Хурлын 1990 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 5 дугаар тогтоолоор БНМАУ-ын Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг:
Бүхэлд нь дүгнэж үзвэл өмнөх тогтолцооны үед Улсын дээд, тусгай, аймаг, хотын болон хэсгийн (дүүргийн) шүүх гэсэн нэгдмэл “босоо” тогтолцоо, бүхэлдээ намын хяналт, Ардын Их Хурал, Засгийн газрын нөлөөнд оршиж байв.
4.1992 онд Монгол Улсын нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн шинэ ардчилсан маягийн Үндсэн хуулиа баталсан нь төрийн бүтэц, зохион байгуулалт чиг үүргийн хуваарилалтын үндсэн зарчим болох эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилах эрх зүйн үндэс бүрдэж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч цорын ганц байгууллага нь хараат бус, бие даасан шүүх болохыг хуульчилан тодорхойлжээ.
Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлэх үүднээс орчин үеийн шүүхийн үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлсон “Шүүхийн тухай хууль”-ийг 1993 онд батлан гаргасан нь нийгэм, эдийн засгийн цоо шинэ харилцаанд нийцүүлэн шүүхийн бүтэц, үйл ажиллагааг шинэчлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд заасны дагуу 1993 оны Шүүхийн тухай хуулийн 24.1-д “Улсын Дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага мөн. 24.6-д Улсын Дээд шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1) Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхийн болон сум буюу сум дундын дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэртэй хэрэг, маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх; 2) Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэрэг, маргааныг шүүх хуралдаанд оролцогчдын гомдлыг үндэслэн давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх; 3) хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх; 5) хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх; 6) Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах.
Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх” гэснийг 2002 оны хуулийн 15.6.2-д зааснаар “хуулиар тусгайлан харьяалуулсан тохиолдолд хэрэг, маргааныг анхан шатны болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх” гэж Үндсэн хуулийн зохицуулалтыг өргөн ухагдахуунаар хуульчилсан.
Улсын Их Хурал 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай”, “Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай” хууль болон Захиргааны хэргийн шүүхийн “ Шүүгчийн орон тоо батлах тухай” тогтоол гаргаж, “Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн болон ерөнхий шүүгчийн бүрэн эрх, дагнасан шүүхийн үйл ажиллагааг зохицуулсан бусад асуудлаар зохих нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн билээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан
бусад хууль тогтоомжид заасны дагуу 2004 онд шинээр захиргааны хэргийн шүүх
байгуулагдсан нь түүхэн тэмдэглэлт томоохон үйл явдал болсон юм. Улсын Дээд
шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар тогтоолоор шүүн таслах
ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, шүүхийг мэргэжлийн удирдлагаар
хангах чиг үүрэг бүхий “Захиргааны хэргийн танхим” анх удаа байгуулагджээ.
Шүүхийн тухай 2013 оны шинэ хуульд Үндсэн
хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг “тодорхой хэрэг
маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж
тус тус өөрчлөн найруулсан.
1993 оноос 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд Улсын Дээд шүүх нь Ерөнхий шүүгч, Эрүү, Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч, 14 шүүгч, нийт 17 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байв.
-------о0о------