Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024.10.25-ны №001/ХТ2024/0094 тогтоол
Тоймын дугаар, огноо: №52 /ЗХТ-20/ 2024.11.04
Шийдвэрийн төлөв: Хүчинтэй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
“Болор мэлмий” ХХК нь гэрээний дагуу иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг бөгөөд 2023 оны 05 дугаар сард үзүүлсэн өвчтөний эмчилгээний төлбөрийн нэхэмжлэхийг 2023.06.01-ний өдөр 20.20 минутад илгээсэн боловч “ажлын 8 цагт багтаан илгээгээгүй” гэсэн үндэслэлээр амжилтгүй нэхэмжлэлд тооцож, төлбөрийг олгоогүй байсан.
Нэхэмжлэгчээс: “...Нэхэмжлэлийг хянах журмыг хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус, журмын заалтыг урьдаас мэдэж, ямар үүрэгтэй талаар тодорхой мэдэж, үйл ажиллагааг зохицуулах боломж олгоогүй” гэж, хариуцагчаас: “... маргаж буй журам дотооддоо, манай албан хаагч нарт чиглэсэн тул захиргааны хэм хэмжээний акт биш, бүртгүүлэх шаардлагагүй” гэж тус тус маргажээ.
Хяналтын шатны шүүхийн шийдэл: Нэхэмжлэлийг хангасан.
1. “Нэхэмжлэлийг хянах журам” нь нийтэд чиглэсэн буюу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад чиглэсэн, байнга давтагдах шинжтэй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад төлбөр олгох, эсхүл олгохгүй байх эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжтэй байх тул захиргааны хэм хэмжээний акт мөн байна. Иймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Нэхэмжлэлийг хянах журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хууль зүйн үндэслэлийг хянуулах үүрэгтэй.
2. Нэхэмжлэлийг хянах журмыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад журмын төслийг танилцуулан, санал авах, оролцоог хангах, шаардлага хангасан нэхэмжлэх гэдэгт ямар шалгуур тогтоох, ямар баримт бичиг бүрдүүлэх, хэн нь хэд хоногийн дотор, ямар эрх, үүрэг хүлээх талаар хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагатай. Тухайлбал, ажлын 8 цагт багтаах буюу нэн даруй нэхэмжлэх ирүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага, зорилго, ач холбогдлын талаар харилцан санал солилцож, нөхцөл байдлыг харилцан сонсох шаардлагатай.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=44107
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ