Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024.02.08-ны өдрийн №001/ХТ2024/0018 тогтоол

Тоймын дугаар огноо: №46 /ЗХТ-17/, 2024.04.10

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар нь “Багануур” ХК-ийн 2016-2019 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт явуулж, нийт 5 зөрчилд татварын нөхөн ногдуулалтын актаар 18,174,018,730.43 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Үүний нэг нь болох “аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хугацаандаа төлөөгүй” гэх 1,527,812,368.02 төгрөгийн зөрчилд 400,360,369.71 төгрөгийн алданги, торгууль ногдуулсныг нэхэмжлэгч “Багануур” ХК-иас эс зөвшөөрч “... төлөөгүй татварын 46.9%-ийн алданги, 28.9%-ийн торгууль, нийт 75.8%-ийн хариуцлага ногдуулсан ...нэг зөрчилд давхардуулан арга хэмжээ авсан ...” гэх үндэслэлээр маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн үед үйлчилж байсан хуульд торгуулийн хэмжээг төлөх татварын хэмжээний 10 хувиас,  алдангийг нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байхыг заасан ба 1,527,812,368.02 төгрөгийн зөрчилд 400,360,369,71 төгрөгийн хариуцлага ногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Улсын дээд шүүх хэргийг хянаад татварын байцаагч нарын актын холбогдох хэсгийг 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, дахин нягталж шийдвэрлэхийг даалгахдаа дараах дүгнэлт хийв.

Байцаагч нар төлөх татварын хэмжээг буруу тодорхойлсон тул хариуцлагыг буруу ногдуулжээ. Тодруулбал, өмнөх өр дээр дараа оны үлдэгдлийг нэмэх байдлаар тооцоход төлөх татвар буюу зөрчлийн нийт дүн нь  527,576,804.70 төгрөг гэж үзэхээр байхад хариуцагч нар зөрчлийн дүнг нийт 1,527,812,368.02 гэж тодорхойлж, үүнд  400,360,369.71 (нөхөн татварын 75.8%) төгрөгийн хариуцлага ногдуулсан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.  

Үүний үр дүнд нэхэмжлэгч “Багануур” ХК-ийн 2017 оны 474,470,889.44 төгрөгийн зөрчилд гурван удаа, 2018 оны 51,293,784 төгрөгийн зөрчилд хоёр удаа тус тус хариуцлага ногдуулсан нь “нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх (Non bis in idem)” шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв.

Гэхдээ шүүх тухайн зөрчилд ногдуулах торгууль, алдангийн хэмжээг захиргааны байгууллага, албан тушаалтны өмнөөс нөхөн ногдуулах эрхгүй, өөрөөр хэлбэл, зөрчлийн дүнг зөв тодорхойлж, тохирсон хариуцлага ногдуулах нь хуулиар татварын улсын байцаагч нарын эрх хэмжээ бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тул ийнхүү байцаагч нарт дахин шалгаж шийдвэрлэхийг даалгажээ. 

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=41491

                        Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь