Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.12.09-ний өдрийн №001/ХТ2022/01252

Тоймын дугаар, огноо: №24 /ИХТ-6/, 2022.12.09

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

 

Туршилтаар

 

Иргэн Б 2017 онд  “Мерседес бенз Жи класс” маркийн автомашинаа “У” компанид худалдахаар харилцан тохиролцсон бөгөөд худалдан авагч машиныг гэрээ байгуулсан өдрөө өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч үнийг бүрэн төлөөгүй. Иймд иргэн Б машины төлбөрийн үлдэгдэл,  алданги нийт 414,754,666 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Худалдан авагч компани машины үнэ 300,000 еврог төлөх үүргээ биелүүлж, хуваарийн дагуу төлөлт хийж байсан боловч тухайн машин Брабус тоноглолгүй, зөвхөн гадна талдаа хийгдсэн, бүрэн бус байсан нь илэрсэн тул үнийн талаар төөрөгдсөн гэж үзэж төлбөр төлөхгүй, харин илүү төлсөн мөнгөө авна гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх худалдан авагч буюу хариуцагчийг төөрөгдсөн гэх үндэслэлгүй, талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний дагуу 236,167,627 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчийг төөрөгдсөн гэж дүгнэн  16,289,526 төгрөг болгож багасгасан.

 

Хяналтын шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, хариуцагчийг төөрөгдсөн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй гэж үзсэн. Талуудын  мэтгэлцээний үр дүнд  “машины үнэ бодитой эсэх” асуудал маргааны зүйл болсон ба машины үнийг талууд тохиролцохдоо тухайн машины марк, өнгө үзэмж, үйлдвэрлэгдсэн он, машины дугаар (11-11), Брабус тоноглол зэрэг хүчин зүйлийг харгалзан тогтоосон байна. Энгийн “Мерседес бенз Жи класс” маркийн машин тухайн үед 180,000 еврогийн үнэтэй байсныг талууд маргаагүй бөгөөд гэрээний зүйл болох автомашиныг 300,000 еврогоор тохирсон нь дээрх хүчин зүйлүүдтэй холбоотой. Гэтэл нэхэмжлэгч Брабус тоноглол бүрэн хийгдсэн гэдгийг нотолж чадаагүй, зөвхөн гадна талын тоноглол хийгдсэн нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон тул машины үнийг бууруулах үндэслэл бий болсон гэж хяналтын шатны шүүх үзсэн. 

 

Иргэний хуульд зааснаар худалдан авагч доголдлын улмаас эд хөрөнгийн үнийг бууруулахыг шаардах эрхтэй байдаг тул үнийг бууруулан 95,712,126 төгрөгийг худалдан авагч буюу хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=37251

 

Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа