Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн  хэргийн шүүх хуралдааны 2023.12.13-ны өдрийн №161 тогтоол

Тоймын дугаар, огноо: №44 /ЭХТ-15/, 2024.01.03

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

М, Э нар ховор амьтны жагсаалтад орсон 15 “Хар сүүлтий” зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр, авто машинаар хөөж агнасан, Д тэдгээр зээрийн түүхий эдийг гэртээ хадгалсан, аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг хууль бусаар агнасан хэрэгт холбогджээ. Мөн А-г 1 “Хар сүүлтий” зээрийн түүхий эдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Г-г тээвэрлэсэн гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн гэж прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх М, Э нарыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тус бүрээс 27 сая төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 7 сая 500 мянган төгрөгийг тэнцүү хувааж гаргуулахаар шийдвэрлэжээ. Д-г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сар, А-г ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн үйлдэлд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 146 сая 600 мянган төгрөгийг гаргуулахаар, Г-г гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан.

Давж заалдах шатны шүүх Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, А-аас 146 сая 600 мянган төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг Эрүүгийн хуулийн зохицуулалтад заасан болзол, шаардлагыг хангасан, шүүгдэгчид хэрэглэх нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ бөгөөд шүүхээс сонгон хэрэглэсэн тохиолдолд үндэслэл болсон шалтгаан, нөхцөлийг хууль ёсны шаардлагыг хангахуйц байдлаар шийдвэртээ тайлбарлан бичих учиртай.

Иймд Дээд шүүх шүүгдэгч М, Э нар 10 тооны эр, 5 тооны эм “Хар сүүлтий” зээрийг хууль бусаар агнаж, амьтны аймагт хохирол учруулсан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, тэдний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээнд нийцээгүй хэмээн дүгнэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=40962

 

Тоймыг бэлтгэсэн:  Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ