Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022.10.19-ний өдрийн №152 тогтоол

Тоймын дугаар, огноо: №19 /ЭХТ-7/, 2022.11.21

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Туршилтаар

 

Гуч гаруй жилийн өмнө эгчтэй нь гэрлэсэн А хадам дүү Б-д өөрийн сэлбэг хэрэгслээс өгснөөр Б иж бүрэн хадууртай болж, олон жилийн турш ашиглаж иржээ.

Б нь 2020 онд бусдаас хадуур худалдаж аваад хуучин хадуурыг А-д өгсөн гэх боловч иж бүрдэл дутуу өгсөн гэж маргалдан,  таарамжгүй харилцаа үүсэж, А нь Б-г зодож, Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авахуулсан байна.

Улмаар 2021 оны 9 дүгээр сард А нь хадлангийн талбайгаас Б-ын ашиглаж байсан хадуураас аппаратыг нь салган авч, 700 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх А-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаанд сумынхаа нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, хадуурын аппаратыг иж бүрнээр нь Б-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. 

А нь шүүх миний үйлдлийг хулгайн гэмт хэрэг үү, эсвэл эд хөрөнгийн маргаан уу гэдгийг ялгаж ойлгохгүй шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж, хорт хавдар өвчтэй, Улаанбаатар хотод химийн эмчилгээнд орж байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь амьд явах эрхэд нь халдсан гэж гомдолдоо дурджээ.

Дээд шүүх А-ын гомдлоор хэргийг хянаад “...30-аад жилийн өмнөөс хөдөлмөрөөрөө хоршин хамтран ажиллаж байсан хүргэн ах, хадам дүү нарын хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй эд хөрөнгийн маргааныг гэмт хэрэгт тооцсон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой төөрөгдөл, алдаа” гэж дүгнэн А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгажээ.

А нь өмчлөл, эзэмшлийн талаар маргалдаж байхдаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ болон хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураар хэрэгжүүлж, бусдад хор уршиг учруулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн “дураар аашлах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл мөн боловч одоо мөрдөгдөж буй хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсныг тогтоолд дурдсан байна. Бусдын өмчлөлийн эд зүйлийг “өөрийн” хэмээн ойлгож, өмчлөх эрхээ дур зоргоор хэрэгжүүлсэн үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзжээ.

Харин хадуурын аппарат Б-ын болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тул А-ын гаргасан “Иргэний хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж өөртөө тусалсан” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=36341

 

                        Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт