Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам, хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх журам


УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХАМТАРСАН

ЗАХИРАМЖ, ТУШААЛ

 

2017 оны 06 дугаар
сарын 30-ны өдөр                                    

Дугаар 36, А/68                           

 Улаанбаатар
         хот

Журам батлах тухай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАН ТУШААХ НЬ:

1. “Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, мөрдөн шалгах, прокурорын байгууллага болон шүүхэд хадгалагдаж байгаа мөнгө, эд зүйлсийг энэ журамд нийцүүлэн шийдвэрлэхийг эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүгч, Ерөнхий шүүгч, бүх шатны прокурорын газрын дээд шатны прокурор нарт даалгасугай.

3. Энэхүү хамтарсан захирамж, тушаалыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4. Хамтарсан захирамж, тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн (Т.Уранцэцэг), Улсын Ерөнхий прокурорын орлогч (Б.Амгаланбаатар) нарт даалгасугай.     

 

 

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН                                                                 УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                               ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН

Ц.ЗОРИГ                                                                                                             ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ

                                                                                                                                                                              М. ЭНХ-АМГАЛАН

 

 

 

 

 

 

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч,

Улсын Ерөнхий прокурорын

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн

36, А/68 дугаар хамтарсан захирамж, тушаалын

нэгдүгээр хавсралт

 

ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХУРААН АВСАН ХӨРӨНГӨ,

ОРЛОГО, БАРЬЦААНЫ МӨНГӨ, ЭД МӨРИЙН БАРИМТЫГ

ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журам нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт нийцсэн байна.

 

Хоёр. Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлд үзлэг хийхдээ гэрэл зураг, зураглал, шаардлагатай тохиолдолд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж, тэмдэглэл үйлдэх бөгөөд үзлэгт мэргэжилтнийг оролцуулж болно.

2.2. Тэмдэглэлд үзлэгийн явц, илэрсэн, хураан авсан эд зүйлийн нэр төрөл, зориулалт, загвар, дугаар, өнгө, үзэмж, хэлбэр дүрс, хуурай, нойтон, гадна шинж чанараа алдсан эсэх, хуурайшиж хатсан, ялзарч, муудсан, үнэр шингэсэн, ашиглах боломжтой эсэх, тоо хэмжээ, жин, тэмдэг, шошго зэрэг онцлог шинж, чанар байдал, серийн дугаар зэргийг нэг бүрчлэн тусгана.

2.3. Мөрдөгч нь эд мөрийн баримтыг хадгалуулахаар шилжүүлэх, хэрэгцээний дагуу шилжүүлэх, устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх /Цаашид “Зохих байгууллагад шилжүүлэх” гэх/ болсон үндэслэлийг нотлох баримт бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

2.4. Мөрдөгч нь эд мөрийн баримтыг цаашид хадгалах эсэх талаар мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, эсхүл шинжээчийн дүгнэлт гаргуулна.

2.5. Прокурор эд мөрийн баримтыг зохих байгууллагад шилжүүлэх саналыг эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл болон нотолсон баримтын хамт шүүхэд хүргүүлнэ.

2.6. Эд мөрийн баримтыг зохих байгууллагад шилжүүлэх тухай холбогдох материал болон прокурорын саналыг шүүгч хүлээн авна.

2.7. Саналыг хүлээн авсан шүүгч ажлын 3 хоногийн дотор захирамж гарган шийдвэрлэнэ. Энэхүү захирамжийг санал гаргасан прокурор, хэргийн оролцогч эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг хүлээн авах

3.1. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий комиссыг тухайн шүүхийн тамгын газрын даргын тушаалаар байгуулна. Комисс нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтан зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.  

3.2. Эд мөрийн баримтыг комиссын гишүүн-шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч “Эрүүгийн хэргийн цахим бүртгэлийн нэгдсэн систем”-д бүртгэнэ.

3.3. Эд мөрийн баримтыг яллах дүгнэлтэд тусгасны дагуу нэг бүрчлэн шалгаж хүлээн авна.

3.4. Овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэргийн хамт хүлээн авах, хадгалах боломжгүй бол энэ журмын 2.2-т заасан тэмдэглэл болон хадгалан хариуцах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээдийн нэр, хаяг, бусад баримтыг үндэслэн хүлээн авна.

3.5. Эд мөрийн баримт болон мэдээллийн техник, технологийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл /бүх төрлийн CD, зөөврийн хатуу диск, хатуу диск, флаш.../-ийг хүлээн авахдаа хэргийн онцлогоос шалтгаалан тухайн тоног төхөөрөмж нь хэвийн ажиллаж байгаа эсэх, гэмтэлтэй эсэх, серийн дугаар тохирч буй эсэх зэргийг шалган авч болно.

3.6. Энэ журмын 3.3, 3.4, 3.5-т заасан шаардлагыг хангаагүй бол эд мөрийн баримтыг хүлээн авахгүй.

 

Дөрөв. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт хураагдсан

эд мөрийн баримтыг хадгалах

4.1. Шүүхийн захиргааны ажилтан эд мөрийн баримтыг хүлээн авч бүртгэн хуульд заасан хугацаанд хариуцан хадгална.

4.2. Эд мөрийн баримтын бүртгэлд эд мөрийн баримт хүлээн авсан огноо, хүлээн авсан ажилтны нэр, гарын үсэг, тухайн хэргийн индекс, яллагдагч, шүүгдэгчийн овог, нэр, эд мөрийн баримтын нэр, тоо ширхэг зэргийг тодорхой тусгана.

4.3. Эд мөрийн баримтыг тусгай өрөөнд хадгална. Эд мөрийн баримт хадгалах өрөө нь галын болон бусад эрсдэлээс хамгаалагдсан байна.

4.4. Өрөө нь шаардлага хангасан зориулалтын тоног төхөөрөмжтэй байхаас гадна галын болон бусад эрсдэлээс хамгаалагдсан савтай байвал зохино.

4.5. Эд мөрийн баримтыг нэр төрөл, онцлогийг харгалзан гялгар уут, цаасан уут, дугтуй, хайрцаг зэрэг зориулалтын саванд хийж, бүртгэлийн дугаар бүхий зүүлт зүүн, тусгайлан бэлтгэсэн тавиурт байршуулан, битүүмжлэн хадгална.

4.6. Зүүлтэнд эрүүгийн хэргийн дугаар, яллагдагч, шүүгдэгчийн нэр, хуулийн зүйл, хэсэг, эд зүйлийн тоо ширхэг, онцлог шинж байдлыг бичнэ.

4.7. Шүүх хуралдаан болох үед тухайн шүүх хуралдааны нарийн бичгийн даргад эд мөрийн баримтыг хариуцсан шүүхийн захиргааны ажилтан хүлээлгэн өгнө. Шүүх хуралдаан дууссаны дараа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь эд мөрийн баримтыг хариуцсан шүүхийн захиргааны ажилтанд хүлээлгэн өгч хадгалуулна.

 

                      Тав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт хураагдсан

                  эд мөрийн баримтыг шилжүүлэх, буцаан олгох

5.1. Эд мөрийн баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасны дагуу шийдвэрлэж энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана.

5.2. Эд мөрийн баримтыг шүүхийн шийдвэрийн дагуу зохих байгууллагад шилжүүлэн өгөх, буцаан олгохдоо энэ журмын 3.3, 3.4, 3.5-т зааснаар тухайн эд зүйлийг шүүхэд хүлээн авсан тэмдэглэлд заасан байдлаар буцаан олгоно.

5.3. Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс устгана.

5.4. Эд мөрийн баримт устгасан тухай акт үйлдэж хэрэгт хавсаргана.

 

Зургаа. Барьцааны мөнгийг шүүх хүлээн авах,

шилжүүлэх, буцаан олгох

6.1. Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүхийн шатанд яллагдагч, шүүгдэгчид барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа барьцааны мөнгийг тусгай, хүүгүй дансанд байршуулна.

6.2. Барьцааны мөнгийг бэлнээр хүлээн авахыг хориглоно. Барьцааны мөнгийг тусгай дансанд тушаасан баримтыг тухайн шүүхийн тамгын газрын даргын тушаалаар томилогдсон шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч, хэрэгт хавсаргана.

6.3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахдаа барьцааны мөнгийг прокурорын байгууллагын тусгай, хүүгүй дансанд шилжүүлж, баримтыг хэрэгт хавсаргана.

6.4. Яллагдагч, шүүгдэгчийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн, хүчингүй болгосон тохиолдолд барьцааны мөнгийг барьцаа гаргагчийн дансанд шилжүүлж, баримтыг хэрэгт хавсаргана.

6.5. Дансны гүйлгээнд тухайн шүүхийн тамгын газрын дарга, нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулна.

 

Долоо. Барьцааны мөнгийг улсын орлого болгох

7.1. Шүүгчийн захирамжаар барьцааны мөнгийг улсын орлого болгосон тохиолдолд эрх бүхий байгууллагад шилжүүлэх ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар гүйцэтгэж, баримтыг хэрэгт хавсаргана.

 

Найм. Онцлог шинж бүхий эд мөрийн баримтыг

хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх  

8.1. Хураан авсан эд мөрийн баримтыг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хадгалагдах боломжгүй болохыг мэргэжлийн байгууллага, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бол прокурор хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх тухай саналыг шүүхэд гаргана.

8.2. Эд мөрийн баримтыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх тухай прокурорын саналыг хүлээн авсан шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

8.3. Шүүгчийн захирамжид дараах зүйлийг тусгана: 

            8.3.1. шийдвэр гаргасан шүүх, шүүгчийн нэр,

            8.3.2. оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, оролцогчийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг,

          8.3.3. хэрэгцээний дагуу шилжүүлэх эд зүйлийн нэр төрөл, загвар, дугаар, хэлбэр дүрс, хуурай, нойтон, өнгө, тоо хэмжээ, үнэ, жин, тэмдэг, шошго, онцлог шинж,  чанар байдал, серийн дугаар зэрэг,

            8.3.4. прокурорын саналын үндэслэл,

            8.3.5. шүүгч саналыг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл,

            8.3.6. хэрэгцээний дагуу шилжүүлэх байгууллагын нэр, хаяг,

            8.3.7. гарын үсэг, баталгаажуулсан тэмдэг.  

 

Ес. Онцлог шинж бүхий эд мөрийн баримтыг хадгалуулахаар

зохих байгууллагад шилжүүлэх

9.1. Мэргэжилтний зөвлөгөө, шинжээчийн дүгнэлтээр эд мөрийн баримтыг хадгалалтын тусгай горим, нөхцөлд хадгалахаар тогтоосон бол прокурор зохих байгууллагад хадгалуулах санал гаргаж, шүүхэд шилжүүлнэ.

9.2. Эд мөрийн баримтыг хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх тухай прокурорын саналыг хүлээн авсан шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

9.3. Шүүгчийн захирамжид дараах зүйлийг тусгана:  

            9.3.1. шийдвэр гаргасан шүүх, шүүгчийн нэр,

            9.3.2. оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, оролцогчийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг,

          9.3.3. хадгалуулахаар шилжүүлэх эд зүйлийн нэр төрөл, загвар, дугаар, өнгө, хэлбэр дүрс, хэмжээ, үнэ, ашиглах боломжтой эсэх, тоо хэмжээ, жин, тэмдэг, шошго, онцлог шинж, чанар байдал, серийн дугаар зэрэг,

            9.3.4. прокурорын саналын үндэслэл,

            9.3.5. шүүгч саналыг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл,

            9.3.6. эд зүйлийг хадгалуулах байгууллагын нэр, хаяг,

            9.3.7. гарын үсэг, баталгаажуулсан тэмдэг.

9.4. Шүүхээс эд мөрийн баримтыг зохих байгууллагад хадгалуулахаар гаргасан шийдвэрийг мөрдөгч хэрэгжүүлж, прокурор хяналт тавина.

9.5. Мөрдөгч нь онцлог шинж бүхий эд мөрийн баримтыг зохих байгууллага, албан тушаалтанд хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд хариуцна.

 

Арав. Онцлог шинж бүхий эд зүйлийг худалдан борлуулж

орлогыг тусгай дансанд хадгалах

10.1. Эрүүгийн хэрэгт хураан авсан онцлог шинж бүхий эд зүйлийг худалдан борлуулж, орлогыг тусгай дансанд хадгалах ажиллагааг прокурор зохих байгууллагатай хамтран явуулна.

 

Арван нэг. Онцлог шинж бүхий эд мөрийн баримтыг

устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх

11.1. Эд мөрийн баримтыг устгах талаар гаргасан мэргэжлийн байгууллага, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн прокурор санал гаргаж, шүүхэд хүргүүлнэ.

11.2. Эд мөрийн баримтыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх тухай прокурорын саналыг хүлээн авсан шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

11.3. Шүүгчийн захрамжид дараах зүйлийг тусгана:

            11.3.1. шийдвэр гаргасан шүүх, шүүгчийн нэр,

            11.3.2. оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, оролцогчийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг,

          11.3.3. устгуулах эд зүйлийн нэр төрөл, загвар, дугаар, өнгө, хэлбэр дүрс, хуурай, нойтон, гадна шинж чанараа алдсан эсэх, хуурайшиж хатсан, ялзарч, муудсан, үнэр шингэсэн, ашиглах боломжтой эсэх, үнэ, жин, тэмдэг, шошго, онцлог шинж, чанар байдал, тоо хэмжээ, серийн дугаар зэрэг,

            11.3.4. прокурорын саналын үндэслэл,

            11.3.5. шүүгч саналыг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл,

            11.3.6. устгуулахаар шилжүүлэх байгууллагын нэр, хаяг,

            11.3.7. гарын үсэг, баталгаажуулсан тэмдэг,

11.4. Эд мөрийн баримтыг устгах ажиллагааны үйл явцыг гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэн, тэмдэглэл үйлдэнэ. Шаардлагатай бол мэргэжлийн байгууллага, мэргэжилтний зөвлөгөөг авна.

11.5. Эд мөрийн баримтыг устгах үйл ажиллагааг бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй арга хэлбэрээр, аюулгүй байдлыг хангасан орчинд явуулна. Шаардлага хангаагүй газар, байранд устгахыг хориглоно.

 

 Арван хоёр. Бусад

12.1. Хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад хүлээн авах, хадгалах, шилжүүлэх ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын баталсан журмаар зохицуулна.

12.2. Энэ журмыг зөрчвөл хариуцлага тооцох үндэслэл болно.

 

 

 

 

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч,

Улсын Ерөнхий прокурорын

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн

36, А/68 дугаар хамтарсан захирамж, тушаалын

хоёрдугаар хавсралт

 

ХАВТАСТ ХЭРГИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАХ,

ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү журам нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичигт нийцсэн байна.

 

Хоёр. Нэр томъёоны тайлбар

2.1. Энэ журамд заасан дараах нэр томьёог дор дурдсанаар ойлгоно.

          2.1.1. “Зориулалтын сав” гэдгийг эрүүгийн хэрэг, материал, бусад баримтыг зөөвөрлөхөд зориулагдсан шаардлага хангахуйц тусгай богц, уут, хайрцаг, цаасан уутыг /зориулалтын савны хэмжээг хэрэг, материалын овор хэмжээнээс хамааран “Дотоод шуудангийн үйлчилгээ”-ний стандартад нийцүүлэн хийж хэрэглэнэ/,

          2.1.2. “Лац, тэмдэг, код” гэдгийг зориулалтын савыг битүүмжилсэн тухайн байгууллага, албан тушаалтныг тодорхойлох таних тэмдэг бүхий зориулалтын тэмдгийг, /богцыг цоожилсон үед/ кодыг үсэг, тоо хосолсон хэлбэрээр илэрхийлсэн дугаарыг,

          2.1.3. “Дагалдах баримт” гэдгийг зориулалтын саванд хийсэн эрүүгийн хэрэг, материал, бусад баримтын бүрдүүлбэрийг илэрхийлсэн хуудсыг,

          2.1.4. “Бусад баримт” гэдгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтыг,

          2.1.5. “Албан тушаалтан” гэдгийг мөрдөгч, прокурор, шүүгчийг.

 

Гурав. Хавтаст хэргийг шилжүүлэх,

хүлээн авах ажиллагаа   

3.1. Хавтаст хэргийг зохих байгууллага хооронд шилжүүлэх бол зориулалтын саванд хийж, лацдаж битүүмжлэн албан бичгээр хүргүүлнэ.

3.2. Хавтаст хэрэгт төрийн нууц агуулсан баримт авагдсан бол нууцын ажилтан саванд хийж, “Нууц” гэсэн тэмдэглэгээтэй зүүлт зүүж, лацдаж битүүмжилнэ.

3.3. Хавтаст хэрэг, бусад баримтад дагалдах баримтыг 2 хувь үйлдэх ба түүнд дараах мэдээллийг тусгана. Үүнд:

          3.3.1. хавтаст хэрэг, баримтыг шилжүүлсэн, хүлээн авсан огноо, цаг, минут, хавтаст хэргийн дугаар, хуулийн зүйл, хэсэг, хавтас, хуудасны тоо, шилжүүлсэн мөрдөгч, прокурор, шүүгчийн нэр, гарын үсэг,

          3.3.2. хураагдсан эд мөрийн баримт, битүүмжилсэн эд зүйлийн жагсаалт,

          3.3.3. яллагдагчийн овог, нэр, авагдсан таслан сэргийлэх арга хэмжээ,

          3.3.4. шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл,

3.4. Хавтаст хэргийн харьяаллын дагуу шилжүүлэх саналтай, эсхүл мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт татах тогтоолын дагуу хүргүүлэхэд хуудсыг нь харандаагаар, бусад тохиолдолд дардсаар дугаарлана.

3.5. Прокуророос хавтаст хэргийг хянаад мөрдөн шалгах байгууллагад буцаахад нэмэгдсэн бичмэл баримтуудыг харандаагаар үргэлжлүүлэн дугаарлан үдэж хүргүүлнэ.

3.6. Хавтаст хэргийг хүлээн авсан ажилтан нь бүртгэлд авч, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхөд энэ журмын 3.3-т заасан баримтыг авч, жилийн эцэст архивын нэгж болгоно.

3.7. Хавтаст хэргийг анхан шатны шүүхэд тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах, ажлын бүх өдрүүдэд, ажлын цагт хүлээн авч бүртгэл хөтөлнө.

 

Дөрөв. Хавтаст хэргийг зөөвөрлөх

4.1. Байгууллагын бичиг хүргэгч хавтаст хэргийг зөөвөрлөх ба шилжүүлэх, зөөвөрлөх, хүлээн авах ажиллагааг ажлын цагт багтаан гүйцэтгэнэ.

4.2. Тухайн үеийн нөхцөл байдал, хавтаст хэргийн тоо хэмжээнээс хамаарч холбогдох албан тушаалтанд танилцуулан албаны автомашин ашиглах, зөөвөрлөх ажиллагаанд хамгаалалт, хүн хүчийг нэмэгдүүлж болно.

4.3. Зөөвөрлөх явцад эрсдэл, халдлага гарсан тохиолдолд даруй байгууллагын удирдлагад мэдэгдэнэ.

4.4. Хавтаст хэргийг шуудангаар шилжүүлэхэд энэ журмын 3.3-т заасан баримтыг үйлдэн, хүлээн авсан байгууллага нь түүнд тэмдэглэл үйлдэж, хувийг шилжүүлсэн байгууллагад хүргүүлнэ.

4.5. Хавтаст хэргийг хүлээн авч зөөвөрлөх, хүлээлгэн өгөх ажлыг хариуцсан ажилтан нь бүрэн бүтэн байдал, нууцлал, аюулгүй байдлыг хариуцна.

4.6. Хавтаст хэрэгт төрийн нууц агуулсан баримт бичиг авагдсан бол тухайн байгууллагын нууцын ажилтан биечлэн хүргэнэ.

4.7. Хавтаст хэргийг шуудангаар шилжүүлэх, хүлээн авах гэрээг тухайн орон нутгийн шуудангийн салбартай байгуулна.

 

Тав. Хавтаст хэргийг хадгалах

5.1. Хэргийг хүлээн авсны дараа мөрдөн шалгах байгууллагад мөрдөн шалгах албаны дарга, прокурорын газарт тухайн газрын Ерөнхий прокурорын орлогч, Сум, сум дундын Ерөнхий прокурорын албан тушаалтанд, шүүхэд зохих журмын дагуу хариуцсан ажилтанд даруй хүлээлгэн өгнө.

5.2. Албан тушаалтан нь хүлээн авсан хавтаст хэргийг хууль, журамд зааснаас бусад үндэслэлээр бусдад шилжүүлэх, танилцуулахыг хориглоно.

5.3. Албан тушаалтан нь эрүүгийн хэргийг шийдвэрлэж, хавтаст хэргийг хариуцсан ажилтанд хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд хадгалалт, хамгаалалтыг хариуцна.

5.4. Хавтаст хэргийг хүлээн авсан албан тушаалтан нь өөрийн ажлын өрөөнд тусгай зориулалтын саванд хадгална.

5.5. Албан тушаалтныг хавтаст хэрэг хадгалах зориулалтын саваар хангах үүргийг тухайн байгууллага хариуцна.

 

Зургаа. Бусад

6.1. Энэ журамд зааснаас бусад анхан, давах, хяналтын шатны шүүхэд хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандартыг баримтална.

6.2. Энэхүү журмыг хэрэгжүүлэгч байгууллагуудад зохих зардлыг хариуцна.

6.3. Уг журамд зааснаас өөр байдлаар хэргийг шилжүүлэх, зөөвөрлөх, хүлээн авах, хадгалахыг хориглох ба зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.