Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

A A

Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1-40.8 дугаар зүйлд заасан журмыг баримтална. Үүнд:


40.1 дүгээр зүйл.Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах


1.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно:


1.1.анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;


1.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;


1.3.шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.          


2.Энэ хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.


4.Гомдол, эсэргүүцэл гаргагч нь хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно.


5.Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.


6.Хяналтын шатны шүүхэд гаргах гомдол, эсэргүүцэлд дараахь зүйлийг тусгана:


6.1.гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх шүүхийн нэр;


6.2.гомдол гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;


6.3.эсэргүүцэл гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;


6.4.өмгөөлөгчөөр оролцох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, бусад шаардлагатай мэдээлэл;


6.5.аль шүүхийн ямар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргаж байгаа;


6.6.анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан хэргийн товч утга;


6.7.гомдол, эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл, нотолгоо;


6.8.гомдол, эсэргүүцэл гаргагчийн санал, хүсэлт;


6.9.хавсаргасан баримт бичиг, тэдгээрийн жагсаалт.


7.Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацааг сэргээлгэх хүсэлтийг энэ хуулийн 38.2 дугаар зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсэгт заасан журмаар хянан шийдвэрлэнэ.


8.Улсын ерөнхий прокурор, түүний томилсон прокурор хяналтын журмаар эсэргүүцэл бичих зорилгоор хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй.


9.Өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ урьдчилан танилцуулсан байна.


10.Өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлоосоо өмгөөлж байгаа хүнийхээ зөвшөөрөлгүйгээр татгалзаж болохгүй.


40.2 дугаар зүйл.Хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авах


1.Хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авах бөгөөд энэ хуулийн 38.3 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэнэ.


2.Гомдол, эсэргүүцэл хүлээн авсан шүүх хэргийг гомдол, эсэргүүцэл, тайлбарын хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.


3.Хяналтын шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана.


4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргана.


5.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх ба гомдол гаргахгүй. 


6.Гомдол, эсэргүүцлийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд оролцогч, прокурор оролцохгүй.


40.3 дугаар зүйл.Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх хугацаа


1.Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Танхимын зөвлөгөөнөөс шүүгчийн саналыг харгалзан нэг удаа сунгаж болно.


40.4 дүгээр зүйл.Шүүх хуралдааны тов


1.Хяналтын шатны шүүх хуралдааны товыг прокурор, гомдол гаргасан болон шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан оролцогчид энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасан журмаар мэдэгдэнэ.


2.Прокуророос бусад оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.


40.5 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ


1.Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй.


2.Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянана.


3.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно.


4.Хяналтын шатны шүүх энэ хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр хэрэг хянахгүй.


5.Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзнэ.


40.6 дугаар зүйл.Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх


1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэх ба шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг тогтоосон журмын дагуу томилно.


2.Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж хэнд холбогдох, ямар хэрэг хэлэлцэхийг зарлаж, шүүх бүрэлдэхүүн бусад оролцогчийг татгалзан гаргах талаар болон хэргийн талаар өөр санал, хүсэлт байгаа эсэхийг прокурор, оролцогчоос тодруулна.


3.Илтгэгч шүүгч тухайн хэргийг илтгэж, шүүхийн шийдвэр болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн агуулгыг өөрийн урьдчилсан дүгнэлтгүйгээр танилцуулна.


4.Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан прокурор, өмгөөлөгч гомдол, эсэргүүцлийнхээ үндэслэлийг танилцуулна.


5.Шүүх бүрэлдэхүүн нь шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр талуудад асуулт тавьж, хариулт авна.


6.Прокурор хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч саналаа танилцуулсны дараа шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэр гаргана.


40.7 дугаар зүйл.Шийдвэр гаргахаар зөвлөлдөх


1.Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хаалттай хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэнэ.


2.Зөвлөлдөх тасалгаанд шийдэх гэж байгаа асуудлын талаар шүүгч бүр санал гаргах тэгш эрхтэйгээр оролцож, өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлана.


3.3өвлөлдөх тасалгаанд хэлэлцсэн асуудлаар цөөнх болсон шүүгч үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй.


40.8 дугаар зүйл.Хяналтын шатны шүүхийн шийдвэр


1.Хяналтын шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:


1.1.гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;


1.2.анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох;        


1.3.энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах;


1.4.хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;


1.5.энэ хуулийн 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр гомдол, эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхих;


1.6.шүүх хэрэглэсэн, эсхүл хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах тухай саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд шилжүүлэх;


2.Хяналтын шатны шүүх хуралдаан даргалагч гомдол, эсэргүүцлийг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.


3.Хяналтын шатны шүүхийн тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хяналтын шатны шүүхийн тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, гомдол, эсэргүүцэл болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана.


4.Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй.


5.Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг шүүгчийн тусгай саналын хамт хэрэгт хавсаргаж, шийдвэрийн хувийг энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргагчид гардуулна.


 


----------о0о----------