Шүүгчийн нэр | Г.Банзрагч |
Шийдвэрийн огноо | 2025.04.07 |
Шийдвэрийн дугаар | 001/ХТ2025/0034 |
Хэргийн индекс | 128/2024/0443/З |
Маргааны төрөл | Бусад |
Хуулийн зүйл, заалт | Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11, 50.13 |
Шийдвэрлэсэн байдал | Магадлалд өөрчлөлт оруулсан |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2024.11.27, дугаар: 128/ШШ2024/0959 |
Анхан шатны шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2025.01.23, дугаар: 221/МА2025/0058 |
Давж заалдах шатны шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
байдлын ерөнхий газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0959 дүгээр шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Ц.Ч нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2025/0131 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч Б.Б-с Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан урамшуулал олгох захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Нэхэмжлэгч нь 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн Замын-Үүд сум дахь Аврах гал унтраах 17 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар ажилд орж, 2020 онд бичиг хэрэг, архивчаар, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байгаад 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/764 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өөрийн хүсэлтээр шилжсэн. Онцгой байдлын албанд (аймгийн төвөөс бусад суманд) тасралтгүй 10 жил, 9 сар ажилласан байна.
2.2.Нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан урамшуулал авах тухай өргөдөлд Онцгой байдлын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/624 дүгээр албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 188 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д “... ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын албан хаагчид мөнгөн урамшуулал олгох”-оор заасан тул Б.Б-д 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох боломжгүйг мэдэгдэж татгалзсан хариу өгсөн.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
“... Миний бие онцгой байдлын албанд нийт 10 жил, 9 сар ажилласан бөгөөд энэ хугацаанд 5 жилийн урамшуулал авч байгаагүй. Гамшгийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасны дагуу 5 жилийн урамшуулал авах эрх нээгдсэн боловч хүсэлтээ өгч чадалгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжсэн. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас надтай утсаар холбогдож “5 жилийн урамшуулал авах хүсэлтээ бичиж өг” гэсний дагуу тухайн өдөр нь хүсэлтээ бичиж Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтэст өгсөн. Тус өргөдлийн хариу ирээгүй тул дахин өргөдөл бичсэн. Гэтэл Онцгой байдлын ерөнхий газраас 2024 оны 3/624 дүгээр албан бичгээр “... онцгой байдлын албанд ажиллахгүй байгаа тул урамшуулал олгогдох боломжгүй” гэх хариуг өгч татгалзсан. Хуульд заасны дагуу урамшуулал авах эрх нээгдэх хугацаанд онцгой байдлын албанд ажиллаж байсан тул хуульд заасан урамшууллыг авах эрхтэй гэж үзэж байна ... Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Мөнгөн урамшуулал авах алба хаагчдын урьдчилсан судалгааг дахин нягталж, тооцоог хийж, тушаал, шийдвэрийн бүрдлийг бүрэн хангах, санхүүжилтийн зарцуулалтын эрх нээлгэх зэргээс хамааран 2023 оны 10 дугаар сараас урамшууллыг олгож эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар тогтоолоор зохицуулаагүй зарим асуудлыг Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаар тушаалаар “Онцгой байдлын байгууллагад алба хаах журам”-д нэмэлт оруулан зохицуулсан ... Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох журамд “... ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид ... мөнгөн урамшууллыг олгоно” гэж заасны дагуу татгалзсан нь хууль ёсны тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0959 дүгээр шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11, 50.13 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1.“... нэхэмжлэгч Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хүсэлтээр онцгой байдлын албанаас чөлөөлөгдсөн байх тул онцгой байдлын албаны “ажиллаж байгаа” алба хаагчид хамаарахгүй, 2023 оны 4 дүгээр улирлаас олгож эхэлсэн мөнгөн урамшууллыг нөхөж авах боломжгүй. Учир нь ... мөнгөн урамшууллыг олгохтой холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хууль тогтоомжоор тавигдаж буй үндсэн шаардлага нь тус албанд ажиллаж байгаа алба хаагч гэж тодорхойлсноос үзвэл нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/764 дүгээр тушаалаар дуусгавар болсон тул мөнгөн урамшуулал олгож эхэлсэн цаг хугацаанд хамаарахгүй ...
5.2.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал олгох үндэслэлгүй байх тул олгохоос татгалзсан хариуцагчийн 2024 оны 3/624 дүгээр албан бичиг зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр байна ...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2025/0058 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11, 50.13 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан урамшуулал олгох захиргааны акт гаргахыг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б.Б-д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон өөрчилж, ... шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
6.1.“ ... албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдэд мөнгөн урамшуулал олгохгүй талаар Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр нарийвчлан зохицуулсан тохиолдолд нэгэнт тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгчид уг мөнгөн урамшууллыг авах эрх үүсэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6.2. ... нэхэмжлэгчийн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай агуулгын хувьд нэг байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй ...” гэжээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, 123.2.3, 123.2.4-т заасан үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.
7.1.... Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд: Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг тус хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхыг ойлгох бөгөөд шүүх нийтийн эрх зүйн маргаан мөн эсэхэд дүгнэлт хийж, биш тохиолдолд уг зохицуулалтаар нэхэмжлэл, түүний аль нэг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн 2 шаардлага нь ижил байх тул аль нэгийг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж татгалзлаа гэх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хандаж буй нь уг процесс ажиллагаа, түүний үр дүнд гарсан магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шалгуурыг хангаагүй нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна.
7.2.Улсын дээд шүүхээс дээрх хуулийн заалтыг үндэслэл болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбарласан 2018 оны 001/ХТ2018/0378, 2020 оны 001/ХТ2020/0307, 001/ХТ2020/0309, 001/ХТ2020/0376, 2023 оны 001/ХТ2023/0018 дугаар тогтоол зэрэгт дурдсан агуулгаас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг хэрэг хянан шийдвэрлэхээс зайлсхийх тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авах татгалзах хэрэгсэл болгох буруу жишиг тогтоохоор байгааг дурдах нь зүйтэй. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 30 дугаар тогтоолоор тайлбарласан агуулгаар хэрэглээгүй, тухайн тайлбарт буй урьдчилсан нөхцөлтэй холбож тайлбар хийхгүйгээр хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулсан. Улсын дээд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь хэсгийг үндэслэл болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/0077 дугаар тогтоолоор “Субсидиар зарчим” үйлчлэх талаар тодорхой тайлбарласан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ талаас нь авч үзээгүй, хууль хэрэглээний хувьд нэгдмэл бус, хоёрдмол агуулгыг бий болгосон.
7.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох “нэхэмжлэгч Б.Б-д Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох ...” шаардлагад дүгнэлт өгөөгүй. Харин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дээрх ноцтой алдаа байгааг тусгаж, шүүх хуралдаанд тайлбарласан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан болон анхан шатны шүүхийн шийдвэр “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан эсэхийг хянах үүргээ биелүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Дээрх алдааг гаргалгүйгээр хэргийг хянаж, манай 2 шаардлагыг бүхэлд нь дүгнэсэн бол шийдвэр өөр байдлаар гарах нь тодорхой юм.
7.4.Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаар: ... Гамшгаас хамгаалах тухай хуулийн маргаан бүхий зохицуулалт 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэгдэж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулагдсан байдаг. Хуулийн тухайн зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдөр Б.Б- нь тухайн албанд ажиллаж байсан тул хуульд заасан мөнгөн урамшууллыг авах эрх үүссэн. Гэтэл давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
... Дээр дурдсанчлан мөнгөн урамшуулал олгох зохицуулалт 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ өдрөөс нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал авах эрх үүссэн байдаг. Гэтэл тухайн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага (захиргааны байгууллага) ажлаа хийгээгүй, хуулийг хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч мөнгөн тэтгэмж авах эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй. Харин ч эсрэгээрээ “2023 оны 4 дүгээр улирлаас олгож эхэлсэн мөнгөн урамшууллыг нөхөж авах боломжгүй байна” гэж үзэж буй нь үндэслэлгүй. Иймд энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
7.5.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 188 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д хязгаарласан зохицуулалт байхгүй байхад мөнгөн урамшуулал олгох харилцааг зохицуулаагүй Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 78 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмыг хэрэглэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч тал “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
11.Хяналтын шатны шүүхээс дараах асуудалд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Үүнд:
-“нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй эсэх;
-Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 188 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.1-д заасан “ажиллаж байгаа” гэсэн хууль зүйн ойлголтыг хоёр шатны шүүх хуулийн агуулгаас зөрүүтэй хэрэглэсэн эсэх,
-Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 78 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагад алба хаах журам”-ын нэмэлт зохицуулалтыг уг маргааны үйл баримтад хэрэглэх эсэх.
12.Нэг. Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн тухайд:
12.1.Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа “Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохгүй татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, хуульд заасан урамшуулал олгох захиргааны акт гаргахыг даалгах” гэж тодорхойлсон нь хууль зүйн агуулгын хувьд “даалгах” гэсэн нэг нэхэмжлэлийн шаардлага байна. Бие даасан нэхэмжлэлийг тодорхойлох үндсэн шалгуур нь нэхэмжлэгчийн хүсэл зориг болон сэргээгдэх эрх бөгөөд энэ тохиолдолд шүүхээс хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож хуульд заасан урамшуулал олгохыг даалгасан шийдвэр гаргах тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх нь бүрэн сэргэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, шүүхээс урамшуулал олгохыг даалгах эсэхийг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгч хуульд заасан урамшууллыг авах эрхтэй эсэх, үүнээс хамаарч хариуцагчийн татгалзал хууль ёсны эсэхийг тогтоох бөгөөд эдгээр нь бүгд даалгах шаардлагын урьдчилсан нөхцөл болно.
12.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “давж заалдах шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарласан, субсидиар зарчмын үүднээс авч үзээгүй” гэсэн агуулга бүхий гомдол (Тодорхойлох хэсгийн 7.1-7.2) гаргасан ч энэхүү “хоёрдогч байх” зарчмын агуулга нь угтаа нэхэмжлэгчид эрх зүйн илүү үр дүнтэй хамгаалалт үзүүлэх үүднээс “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох” нэхэмжлэл гаргахад нэгдүгээрт, хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх; хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хувьд шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг шүүхээр зайлшгүй тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байх гэсэн хоёр нөхцөл зэрэг хангагдсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч эхэлж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хамгаалах боломжгүй тохиолдолд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийг хоёрдогч байдлаар гаргах юм.
12.3.Гэтэл уг маргааны тухайд, дээрх хоёр урьдчилсан нөхцөл хангагдаагүй буюу нэхэмжлэгч нэгэнт даалгах нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний зөрчигдсөн гэх эрх нь сэргэх боломжтой байх тул “урамшуулал авах эрхтэй болохыг тогтоолгох” нь бие даасан нэхэмжлэл болохгүй.
12.4.Иймд “мөнгөн урамшуулал авах эрх үүссэн болохыг тогтоолгох нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай агуулгын хувьд нэг байх тул хүлээн авахаас татгалзах нь зүйтэй” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
13.Хоёр. Нэхэмжлэгчийн урамшуулал авах шаардах эрх буюу хэрэглэгдэх хуулийн тухайд:
13.1.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно” гэж, мөн хуулийн 50.13 дахь хэсэгт “Энэ хуулийн 50.10, 50.11, 50.12-т заасан нэмэгдэл, мөнгөн урамшуулал, нөхөн олговор олгох журмыг Засгийн газар батална” гэж тус тус заажээ.
13.2.Дээрх хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2022 оны 188 дугаар тогтоолоор “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан байна.
13.3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... холбогдох хууль болон журамд “ажиллаж байгаа” алба хаагчид урамшуулал олгохоор заасан, нэхэмжлэгч нь урамшуулал авах эрх үүссэн боловч урамшуулал олгох үед онцгой байдлын албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байсан тул “ажиллаагүй” хүнд урамшуулал нөхөн олгох боломжгүй” гэж тайлбарласныг анхан болон давж заалдах шатны шүүхээс хууль ёсны гэж дүгнэсэн нь буруу, шүүхүүд хуулийн агуулгыг зөрүүтэй хэрэглэсэн байна.
13.4.Учир нь, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсгийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд урамшуулал олгох журмыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 188 дугаар тогтоолоор баталж, уг тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр заажээ.
13.5.Нэхэмжлэгч Б.Б нь 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл онцгой байдлын албанд (Дорноговь аймгийн Замын-Үүд суманд) тасралтгүй 10 жил, 9 сар ажилласан, дээрх хууль, журам үйлчилж эхлэх үед урамшуулал авах хуулийн урьдчилсан нөхцөлийг хангасан байсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
13.6.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид ...” гэснийг “тухайн хууль болон Монгол Улсын Засгийн газрын журам үйлчилж эхлэх үед ажиллаж байгаа хуулийн шаардлага хангасан алба хаагч” гэж тайлбарлах нь хуулийн зорилго, агуулгад нийцэхээр байна.
13.7.Учир нь хуулиар энэхүү урамшуулал авах эрхийг хязгаарласан өөр ямар нэгэн зохицуулалт байхгүй, тухайлбал, хуулийн шаардлага хангасан боловч урамшуулал олгох үед онцгой байдлын албанаас шилжсэн, чөлөөлөгдсөн алба хаагчид урамшуулал олгохгүй байх талаар заагаагүй. Харин ч Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 188 дугаар тогтоолоор баталсан журмын 2.1-д “Онцгой байдлын байгууллагын алба хаагч аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй 60 сар ажилласан бол түүнд таван жил тутамд нэг удаа мөнгөн урамшуулал олгоно” гэж тусгайлан зохицуулжээ. Үүнээс үзвэл, онцгой байдлын албан хаагч суманд тасралтгүй 5 жил буюу 60 сар ажилласан байх нь тухайн урамшууллыг олгох гол урьдчилсан нөхцөл байна.
13.8.Иймд Б.Б нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул урамшуулал авахыг шаардах эрхтэй, уг эрхийг хариуцагчаас тухайн хууль болон хуулийг хэрэгжүүлэх журамд заагаагүй үндэслэлээр хязгаарлах үндэслэлгүй тул хариуцагчийн татгалзал хууль бус байна.
13.9.Нэгэнт нэхэмжлэгч нь хууль болон журмын шаардлага хангасан, хариуцагчид урамшуулал олгох эсэхийг өөрөөр шийдвэрлэх “сонгох боломж” байхгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу “хуульд заасан урамшуулал олгох захиргааны акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
14.Гурав. Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 78 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагад алба хаах журам”-ын нэмэлт зохицуулалтын тухайд:
14.1.Хариуцагч тайлбартаа “... Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 78 дугаар тушаалаар мөн сайдын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагад алба хаах журам”-ын Арван гуравдугаар хэсэгт нэмэлт оруулж, 13.10-т “Урамшуулал авах эрх үүссэн боловч албанаас чөлөөлөгдсөн, сахилгын шийтгэлээр болон хуульд заасан бусад үндэслэлээр халагдсан, тэтгэвэрт гарсан тохиолдолд урамшууллыг нөхөж олгохгүй ...” гэж нарийвчлан зохицуулсан тул хууль, журмын дагуу татгалзсан ...” гэснийг хоёр шатны шүүх зөвтгөж, “Монгол Улсын Шадар сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд урамшуулал олгох харилцааг нарийвчлан зохицуулсан байх тул уг журам болон холбогдох бусад хууль, журмын дагуу урамшуулал олгохоос татгалзсан нь хууль ёсны” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу байна.
14.2.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д зааснаар онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь “гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журам, заавар, салбар хоорондын харилцан ажиллагааны төлөвлөгөө, удирдамжийг батлах” эрхтэй боловч үүнд хуулийн 50 дугаар зүйлийн 50.11 дэх хэсэгт заасан урамшууллыг олгохтой холбоотой журам батлах эрх хамаарахгүй. Учир нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.13 дахь хэсэгт “Энэ хуулийн 50.10, 50.11, 50.12-т заасан нэмэгдэл, мөнгөн урамшуулал, нөхөн олговор олгох журмыг Засгийн газар батална” гэж хууль тогтоогчоос тухайн эрхийг Засгийн газарт тусгайлан шилжүүлсэн байна.
14.3.Иймд “хуульд үндэслэх” зарчмын дагуу хуулиар эрх олгогдоогүй асуудлаар хэм хэмжээ тогтоосон Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 78 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагад алба хаах журам”-ын 13.10 дахь хэсгийг тухайн тохиолдолд хэрэглэхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.
15.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2025/0058 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 ...” гэснийг “... 4.2.1 ...” гэж, “... бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “... хангасугай ...” гэж тус тус өөрчилж, бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ