С.М-ын нэхэмжлэлтэй, Монголбанканд холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр Ц.Цогт
Шийдвэрийн огноо 2025.03.10
Шийдвэрийн дугаар 001/ХТ2025/0024
Хэргийн индекс 221/2023/0062/З
Маргааны төрөл Татвар
Хуулийн зүйл, заалт Татварын ерөнхий (2008) хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.6, 17 дугаар зүйлийн 17.1.4, 28 дугаар зүйлийн 28.1.9, 59 дүгээр зүйлийн 59.2, Татварын ерөнхий (2019) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 15 дугаар зүйлийн 15.2
Шийдвэрлэсэн байдал

шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо , дугаар: -
Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.12.02, дугаар: 221/ШШ2024/0042
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар: 001/ХТ2025/0024
Улаанбаатар хот


С.М-ын нэхэмжлэлтэй,

Монголбанканд холбогдох

захиргааны  хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

Даргалагч шүүгч:  Х.Батсүрэн

Танхимын тэрүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                 Г.Банзрагч

                                П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:       Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2024/0042 дугаар шийдвэртэй хэргийг нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч С.М-аас Монголбанканд холбогдуулан “2005-2012 оны хугацаанд Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушааж буй иргэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй байсан болохыг тогтоолгох, хууль бусаар суутган авсан 428,200,327 төгрөгийн хохирлыг Монголбанкнаас буцаан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Иргэн С.М-ын тушаасан алтанд Монголбанк ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр суутган авч, улсын төсөвт төвлөрүүлжээ.

2.1.С.М-аас 2021 оны 12 дугаар сарын 24, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус тус Монголбанканд 2003-2012 оны хооронд тушаасан алтанд ногдуулсан нөөц ашигласны төлбөрийг буцаан авах хүсэлтийг гаргасан байна.

2.2.Монголбанкнаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б-10/24, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б-10/193 дугаар албан бичгээр “... Монголбанк Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсгийн дагуу байгалийн нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хэмжээгээр суутгаж, улсын төсвийн дансанд шилжүүлэх үүргийг хүлээдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтийг 2003-2013 оны хооронд алт тушаасан иргэнд буцаан хэрэглэх нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариуг хүргүүлжээ.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2005-2012 оны хооронд алт, монетыг бэлэн мөнгөөр худалдан авч, Монголбанкны эрдэнэсийн санд тушаадаг байсан, ийнхүү тушаасан алтанд Монголбанк хуулиар олгогдоогүй эрх эдэлж, хуульд заасан үндэслэл байхгүй байхад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) суутгасан нь илт хууль бус үйлдэлгэж,

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “... 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47.6-д заасны дагуу Засгийн газрын 272 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг баталсан. Энэ журмын 5 болон 7 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл бүхий алт олборлогч”, “иргэн, хуулийн этгээд” гэх субъектийг ялгаатай байдлаар тусгаж, алт тушаасан субъектээс үл хамааран төлбөрийг суутгах зохицуулалттай. Монголбанк нь холбогдох цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын тогтоолын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутгаж төсөвт шилжүүлсэн” гэж тайлбарлан маргажээ.  

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр:

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2024/0042 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Татварын ерөнхий /1992 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Татварын ерөнхий /2008/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 12 дугаар зүйлийн 12.1, Ашигт малтмалын тухай /2006/ хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.М-аас Монголбанканд холбогдуулан гаргасан “2005-2012 оны хугацаанд Монголбанк түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушааж буй иргэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэггүй байсан болохыг тогтоолгох, хууль бусаар суутган авсан 428,200,327 төгрөгийн хохирлыг Монголбанкнаас буцаан гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй буюу шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

6.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 18 дахь хэсэгт “Монголбанк Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг суутган авах хуулиар олгогдсон бүрэн эрхтэй” гэж дүгнэхдээ Ашигт малтмалын тухай хууль (1997)-ийн 37 дугаар зүйлийн 37.2, Ашигт малтмалын тухай хууль (2006)-ийн 46 дугаар зүйлийн 46.3, Эрдэнэсийн сангийн тухай хууль (1994)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, Төв банкны тухай хуулийн 5.1.6, Монгол Улсын Төсвийн тухай хууль (1992)-ийн 7.1, Монгол Улсын Нэгдсэн Төсвийн тухай хууль (2002)-ийн 9.1.6 зэрэг зохицуулалтыг үндэслэжээ.

Тухайн цаг хугацаанд үйлчилж байсан эдгээр хууль тогтоомжоор Монголбанк нь үнэт металлыг худалдан авах, эрдэнэсийн санг эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалах гэх мэт чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан. Харин ийнхүү иргэдээс худалдан авахдаа алтны борлуулалтын үнэлгээнээс суутгах эрхийг хууль тогтоогч олгоогүй болно. Нийтийн эрх зүйн хүрээнд “зөвшөөрснөөс бусдыг хориглох” нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим үйлчилдэг тул 2005-2012 оны хугацаанд Монголбанк нь иргэдийн худалдаж буй алтны борлуулалтын үнэлгээнээс АМНАТ-ийн суутгал хийх эрхгүй байсан болно. (Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тухайлан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь энэ хуулийн 47.3.2-т заасан хувь хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тушаасан алтны борлуулалтын үнэлгээнээс суутган авч, улсын төсөвт шилжүүлнэ” гэж нэмсэн болохыг дурдах нь зүйтэй.)

6.2.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долоо дугаар зүйлийн 3-т зааснаас үзвэл, хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хуралд татварыг бий болгох, өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээг олгосон. Өөрөөр хэлбэл, хэнд юунд ямар хэмжээгээр татвар ногдуулах хэн татварын хуулийг биелүүлэхэд хяналт тавьж хэрэгжүүлэх үүрэг хүлээх зэргийг тогтоох эрх хэмжээг гагцхүү Улсын Их Хуралд олгосон. Гэвч энэхүү давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэж буй хуулиудаар Монголбанканд алт тушааж буй иргэнд АМНАТ төлөх үүргийг хүлээлгээгүй, Монголбанканд АМНАТ суутган авах эрхийг олгоогүй байна.

6.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 19 дэх хэсэгт “2005 оноос 2006 оны 07 дугаар сарын 08-ны хугацаанд Монголбанканд алт тушаагч иргэн АМНАТ төлөх үүрэгтэй” гэж дүгнэхдээ Монгол Улсын татварын ерөнхий хууль (1992)-ийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Ашигт малтмалын тухай хууль (1997)-ийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зэрэг зохицуулалтыг үндэслэсэн байна.

Ашигт малтмалын тухай хууль (1997)-ийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүнчлэн түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон үүнтэй холбогдсон бусад бүхий л үйл ажиллагааг хамтад нь ойлгоно”, мөн хэсгийн 3 дахь заалтад “ашигт малтмал ашиглах лиценз” гэж энэ хуулийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын албанаас олгогдсон ашигт малтмал ашиглах эрхийг ойлгоно” гэж зааснаас үзвэл, ашигт малтмалын лиценз эзэмшигч л ашигт малтмалыг ашиглах эрхтэй байх бөгөөд энэ утгаараа мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ашигт малтмалын лиценз эзэмшигч л АМНАТ-ийг улс, орон нутгийн төсөвт төлөхөөр зохицуулсан буюу ийнхүү анх олборлосон лиценз эзэмшигч нь тухайн олборлосон ашигт малтмалд холбогдох АМНАТ-ийг төлөх үүргийг хүлээсэн байна.

6.4.Нэхэмжлэгч нь өөрийн хамтран ажилладаг хүмүүсээр иргэд, ломбардуудаас алтан ээмэг, бөгж, эдлэлүүдийг цуглуулан цэвэршүүлэн хайлуулж гулдмай болгон алтан гулдмайд эрх бүхий байгууллагаар сорьцын шинжилгээ хийлгэн (тухайн цаг үед Монголбанк нь иргэдээс алтыг авахдаа зөвхөн гулдмай хэлбэрээр авдаг, мөн сорьцын шинжилгээ хийсэн байхыг шаарддаг байв) Монголбанканд тушаадаг байсан. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэхүү үйл баримт гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Гэвч энэхүү үйл ажиллагаанд Монголбанк АМНАТ суутгах эрх хэмжээг олгосон, яагаад АМНАТ төлөх ёстой талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

6.5.Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 20 дахь хэсэгт “2006 оны 07 дугаар сарын 08-аас 2012 оны хугацаанд Монголбанканд алт тушаагч иргэн АМНАТ төлөгч мөн” гэж дүгнэхдээ Үндэслэх нь хэсгийн 20.1, 20.2 дахь хэсэгт “Татварын ерөнхий хууль (2008)-ийн 5 дугаар зүйлийн 5.7, 12 дугаар зүйлийн 12.1, Ашигт малтмалын тухай хууль (2006)-ийн 58 дугаар зүйлийн 58.4, Засгийн газрын 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 272 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 7 дахь хэсэг зэрэг зохицуулалтуудыг үндэслэн “тухайн цаг хугацаанд газрын хэвлийгээс гаргаж ирсэн эрдэс баялаг, ашигт малтмалын нөөцийг ашиглуулсны төлөө иргэнээс төлбөр авч, уг төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан, тодруулбал, ашигт малтмал ашигласан иргэн нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй, мөн хуулиар эрх олгосны дагуу баталсан Засгийн газрын тогтоолоор Монголбанк нь иргэд, хуулийн этгээдийн тушаасан алтны борлуулалтын үнэлгээнд ногдох АМНАТ-ийг ... суутгаж, улсын төсвийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байхаар зохицуулсан” гэх дүгнэлтийг хийсэн.

Татварын ерөнхий хуулийн (2008)-ийн 5 дугаар зүйлийн 5.7, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан газар, түүний хэвлий, ашигт малтмалын нөөц ашиглуулсанд холбогдох төлбөр нь иргэнд хамаарахгүй, учир нь өмнө дурдсанчлан ашигт малтмалыг ашиглах эрхийг гагцхүү тусгай зөвшөөрлөөр ашиглах эрхтэй байдаг ба энэхүү тусгай зөвшөөрлийг иргэн авах боломжгүй юм. Мөн хуулиар Монголбанканд иргэн, хуулийн этгээдийн тушаасан алтны борлуулалтын үнэлгээнд ногдох АМНАТ-ийг ... суутгаж, улсын төсвийн дансанд шилжүүлэх үүрэг хүлээлгэх эрх олгоогүй. Гэвч Засгийн газар нь 272 дугаар тогтоолоор хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн иргэний тушааж буй алтны борлуулалтын үнэлгээнээс АМНАТ-ийг Монголбанк суутгахаар зохицуулсан, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 59.1-д заасан хуулиар тусгайлан эрх олгогдсон байх шаардлагыг зөрчсөн байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7.Дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

8.Татварын ерөнхий хууль (2008)-ийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараахь татвар улсын татварт хамаарна” гээд, 7.3.6-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” гэж, Татварын ерөнхий хууль (2019)-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна” гээд, 7.2.6-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” гэж тус тус хуульчилсны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь Монгол Улсын албан татварын нэгэн төрөл мөн.

9.Үүнээс үзвэл маргаан бүхий харилцаа нь нэхэмжлэгчийн тодорхойлж буй шиг захиргааны хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлыг барагдуулах ерөнхий харилцаа бус угтаа үндэслэлгүй суутгасан татварыг буцаан авах татварын эрх зүйн харилцаа гэж үзэхээр байна.

10.Татварын ерөнхий хууль (2008)-ийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ” гээд, 17.1.4-т “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” гэж, Татварын ерөнхий хууль (2019)-ийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” гэж татвар төлөгчийн үндсэн эрхийг тусгасан байх бөгөөд аливаа эрхийг хуулиар тогтоосон журмын үндсэн дээр, тодорхой хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжүүлэх учиртай.

11.Нэхэмжлэгч 2005 оноос 2012 оны хугацаанд Монголбанканд тушаасан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн, ийнхүү төлсөн татварыг үүнээс хойш 10-аас 15 жилийн хугацаа өнгөрсний дараа буцаан авахаар шаардсаныг шүүхээс хангах боломжгүй.

12.Тодруулбал, үндэслэлгүй төлсөн татварыг буцаан авах журмын талаар Татварын ерөнхий хууль (2008)-ийн 28 дугаар зүйлийн 28.1.9-д татварын албаны бүрэн эрхийг “илүү төлсөн татварыг дараачийн сар, улирал, жилийн татварт суутган тооцох буюу татвар төлөгч хүсвэл тооцоо хийснээс хойш 10 хоногийн дотор буцаан олгох” гэж, 59 дүгээр зүйлийн 59.2-т “Татвар төлөгчийн үндэслэлгүй, илүү хураагдсан хөрөнгийг татварын алба энэ хуулийн 59.1.1-59.1.3-т заасан шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор буцаан олгоно” гэж, 2019 онд шинэчлэн найруулсан татварын багц хуулиудад хуулиар тогтоосон хугацааны дотор хүргүүлэх шаардлагатай албан татварын тайланд үндэслэн татварын буцаан олголтын тооцоог хийж тодорхой хугацааны дотор багтаан олгохоор зохицуулсан. Жишээ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Энэ хуулийн 28.3-т заасан албан татвар төлөгчийн буцаан авах, илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно” гээд, 28.4.2-т “харьяа татварын алба энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан тайлан хүргүүлэх хугацаанаас хойш ажлын 20 өдөрт багтаан буцаан олгох албан татварын хэмжээг хянан тодорхойлж, харьяалах төрийн сангийн нэгжид хүргүүлэх” гэж, 28.4.3-т “энэ хуулийн 28.4.1-д заасан буцаан олголтыг дараа жилийн 2 дугаар улиралд багтаан олгох” гэж тусгажээ.

13.Нэг үгээр хэлбэл үндэслэлгүй төлсөн гэж үзсэн татварыг буцаан авахад хуулиар тогтоосон журам, шат дараалал, түүнд хамаарах хугацааны шаардлагыг хангах ёстой байна. Улмаар Татварын ерөнхий хууль (2019)-ийн 15 дугаар зүйлийн 15.2-т “... татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” буюу татварыг буцаан авах харилцаанд 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж зохицуулсан нь хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй гэсэн агуулга бус угаас хуулиар хугацааг нарийвчлан заасан тул тус хугацааг баримтлахгүй гэсэн агуулгыг тусгасан гэж үзэхээр байна.

14.Зохих татварын актыг хүлээн зөвшөөрч төлснөөр тухайн харилцаа дуусгавар болдог. Гэтэл, нэхэмжлэгч нь анх татварыг хүлээн зөвшөөрч төлж байсан атлаа тухайн харилцаа дуусгавар болж, дараа дараагийн харилцаа өрнөснөөс хойш татвар төлөх үүрэггүй байсан гэж маргаж буй нь үндэслэлгүй.

15.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШШ2024/0042 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хууль баримталсан хэсэгт “Монгол Улсын Татварын ерөнхий (1992) хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Татварын ерөнхий (2008) хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 12 дугаар зүйлийн 12.1, Ашигт малтмалын (2006) хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т” гэснийг “Татварын ерөнхий (2008) хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.6, 17 дугаар зүйлийн 17.1.4, 28 дугаар зүйлийн 28.1.9, 59 дүгээр зүйлийн 59.2, Татварын ерөнхий (2019) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 15 дугаар зүйлийн 15.2-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.БАТСҮРЭН

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Д.МӨНХТУЯА

           ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                   Ц.ЦОГТ