Тө-ийн нэхэмжлэлтэй, Д.Б-д холбогдох

Шүүгчийн нэр Н.Баярмаа
Шийдвэрийн огноо 2025.01.30
Шийдвэрийн дугаар 001/ХТ2024/00025
Хэргийн индекс 184/2024/00759/И
Маргааны төрөл Гэм хорын хохирол
Хуулийн зүйл, заалт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 498 дугаар зүйлийн 498.5
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.09.13, дугаар: 184/ШШ2024/04521
Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.11.22, дугаар: 210/МА2024/001999
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар: 001/ХТ2024/00025
Улаанбаатар хот


ТАЗ-ийн нэхэмжлэлтэй

                                                                    иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2024/04521 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/001999 дүгээр магадлалтай,

 

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй

 

Д.Бд холбогдох

 

Төрд учирсан хохиролд 38,300,641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Д.Бд холбогдуулан төрд учирсан хохиролд 38,300,641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2024/04521 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Баас 26,856,988 төгрөгийг гаргуулан МЭЕГт олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,443,653 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид 292,235 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/001999 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2024/04521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Тодруулбал,

 

4.1. Миний бие нь “Малын их эмч” мэргэжилтэй, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу төрийн албанд тэр дундаа мал эмнэлгийн салбарт чадахуйн (мерит) зарчмын хүрээнд шатлан дэвшиж, 20 гаруй жил ажилласан төрийн албан хаагч байсан ба МЭЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022.02.16-ны өдөр томилогдсон. Ийнхүү ажил авсны дараахан ТАЗ-өөс надад “...сонгон шалгаруулалтгүйгээр, хууль журам зөрчиж томилогдсон албан хаагчдыг даруй чөлөөлж, зохих сонгон шалгаруулалт зохион байгуулах хүсэлт гаргах байдлаар томилгооны зөрчлийг арилгах..." талаар үүрэг, чиглэл удаа дараа өгч байсан.

Өөрөөр хэлбэл, нэр бүхий 3 иргэнийг би өөрийн шууд санаачилгаар ажил, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаагүй бөгөөд надад тэдэнтэй хамтарч ажиллахад татгалзах хувийн болоод бусад шалтгаан байгаагүй. Намайг МЭЕГ-ын даргаар ажиллаж байх явцад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022.04.01-ний өдөр А/110 дугаар “МЭЕГын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” тушаал гарсан. Уг сайдын тушаалаар батлагдсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зохион байгуулалтын бүтцийн хүрээнд стратегийг хэрэгжүүлж ажиллах, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлахыг МЭЕГ (Д.Б)-т үүрэг болгосон...” ба би тухайн тушаал болон ТАЗ-ИЙН-өөс өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг хангаж ажилласан. Энэ хүрээнд нэр бүхий ажилчид нь анх албан тушаалд томилогдохдоо Монгол Улсын холбогдох хууль, журам зөрчиж томилогдсон нөхцөл байдал илэрсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ТАЗ-тэй холбогдож, тодруулга хүсэж, хариу авахад илэрсэн зөрчил дутагдлыг даруй залруулах чиглэл өгсөн учир маргаан бүхий чөлөөлөх тушаалуудыг гаргасан.

 

Түүнчлэн шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагааг зохион байгуулж эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй ажилчдаас тайлбар авч, тэдгээртэй уулзаж нөхцөл байдлыг тайлбарлаж, өөр ажил, албан тушаал санал болгох эсхүл төрийн албаны тусгай шалгалтад оролцож, өрсөлдөж, тэнцэж ажиллах зэргийг санал болгосны эцэст тухайн ажиллаж байсан удирдах албан тушаалтнуудтайгаа хэрхэн шийдвэрлэх талаар зөвшилцөж, сонгон шалгаруулалтын дүн гартал чөлөөлөгдсөн албан хаагчдын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай ажиллаж байсан.

Гэтэл иргэн би хууль, журмын хэрэгжилтийг хангаж, дээд шатны албан тушаалтны шийдвэр, ТАЗ-ийн тавьсан шаардлагыг хэрэгжүүлж, биелүүлж ажилласныхаа төлөө ихээхэн хэмжээний өр төлбөрт унаж байхад надтай адил шийдвэр гаргасан, намайг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн, шахалт үзүүлсэн ТАЗ ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь хууль, шударга ёсны зарчимд үл нийцнэ хэмээн үзэж, гомдолтой байна.

 

4.2. Гомдлын үндэслэлийн тухайд: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т: “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт: Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно." гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх намайг шийдвэр гаргахад нөлөөлсөн ТАЗ-ийн нөлөөлөл, шахалтыг хэрхэн дүгнэж буй нь тодорхой бус байна.

Нөгөөтээгүүр Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.", 65.9-д “Энэ хуулийн 65.8-д заасныг зөрчсөн албан тушаалтныг төрийн албанаас халах үндэслэл болно." зэрэг зохицуулалтын хүрээнд надад ТАЗ-өөс өгч буй үүрэг, чиглэл, тэдний гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэхээс татгалзах, биелүүлэхгүй байх хууль зүйн боломж, нөхцөл хязгаарлагдмал байгааг мөн шүүхүүд анхаарч, энэ нөхцөл байдалд дүгнэлт хийсэнгүй.

Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзэх талаар дурдсан байх бөгөөд 2 удаа болсон шүүх хуралдаанд оролцсон 3 иргэдийн төлөөлөгч: “...хариуцагч буруугүй... ” талаар дүгнэлт гаргадаг. Гэвч тэдний дүгнэлтийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн эсэх нь тодорхой бус байна.

 

4.3. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн: “...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох,...’’ эрхийг баталгаатай эдлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад: ...шүүх хуралдаанд оролцох" эрхийг эдлэх, мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй." талаар зохицуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс надад шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдээгүй ба өөрийн өмгөөлөгчөөс сонсож, шүүх хуралдаан товлогдсон өдөр шүүхийн байранд очсон боловч надад шүүх хуралдаанд биечлэн оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, давж заалдах гомдлоо танилцуулж, тайлбарлах боломж олгохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 184/ШШ2024/04521 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2023/01999 дүгээр магадлалыг тус тус хянаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн 210/МА2023/01999 дүгээр магадлалыг 2024.12.11-ний өдөр гардан авч, судалж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.17-д заасан: “...шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргах;” эрхийнхээ хүрээнд үл зөвшөөрч, энэхүү гомдлыг дараах үндэслэл, шалтгааны улмаас гаргаж, хянуулахаар ийнхүү хандаж байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.11.22-ны өдрийн өглөөний 2 дахь шүүх хуралдаанаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхээр товлогдсон ба уг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн учир энэ талаар шүүгчийн туслахтай өмнөх өдөр нь утсаар холбогдож дараалал (цаг)-ыг хойшлуулах боломж бий эсэхийг тодруулж, хүсэлт хүргүүлэхээ мэдэгдээд, шүүхэд: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024.11.22-ны өдрийн 08:30 цагт болохоор товлогдсон А.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт явагдах шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг (Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх)-т өөрийн үйлчлүүлэгч Б.Уын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцох зайлшгүй шаардлагатай байна. Уг хэргийн шүүх хуралдаан өмнө нь 2024.11.14-ний өдрийн 14:00 цагт болж, хүсэлтэд дурдсан өдрийг хүртэлх хугацаагаар хойшилсон болно. Иймд шүүх хуралдаанд биеэр оролцож, өөрийн үйлчлүүлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж, түүний гаргасан гомдол болон илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийх хүсэлттэй байгааг харгалзан шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж өгөхийг хүсье..." гэх хүсэлтийг бичгээр гаргасан.

 

Гэтэл шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, бидний шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2023/01999 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2025/00043 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

 

ХЯНАВАЛ

 

7. Хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Ч.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангах үндэслэл тогтоогдов.

 

8. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Д.Бд холбогдуулан хохирол 38,300,641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... Д.Б нь МЭЕГ-ындаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2022.08.26-ны өдрийн №Б/81, 2022.09.21-ний өдрийн Б/134 дүгээр тушаалаар тус газрын МЭАЭҮГ-ын дарга Б.Быг, 2022.08.26-ны өдрийн Б/82, 2022.09.21-ний өдрийн Б/135 дугаар тушаалаар МЭЭАБГын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бийг, 2022.09.21-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар Санхүү хөрөнгө  оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Г нарыг тус тус албан тушаалаас нь чөлөөлсөн. ... Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Б.Бо, Б.Ба, Л.Гнарыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2023.11.24-ний өдөр 23,199,416 төгрөгийг Б.Бот, 2023.11.24-ний өдөр 8,288,522 төгрөгийг Б.Бэд, 2023.04.14-ний өдөр 6,834,987 төгрөгийг Л.Гт тус тус олгосон. Тухайн үеийн МЭЕГ-ындаргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бы хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 38,300,641 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.” гэж тодорхойлсон.

 

9. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... МЭЕГ-ын даргаар ажиллаж байх явцад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022.04.01-ний өдөр А/110 дугаар “МЭЕГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” тушаал гарсан. Уг сайдын тушаалын дагуу Төрийн албаны зөвлөлөөс өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг хангаж ажилласан. Энэ хүрээнд нэр бүхий ажилчид нь анх албан тушаалд томилогдохдоо Монгол Улсын холбогдох хууль, журам зөрчиж томилогдсон нөхцөл байдал илэрсэн тул зөрчил дутагдлыг даруй залруулах үүднээс маргаан бүхий чөлөөлөх тушаалуудыг гаргасан. Миний бие шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагааг зохион байгуулж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй ажилчдаас тайлбар авч, тэдгээртэй уулзаж нөхцөл байдлыг тайлбарлаж, өөр ажил, албан тушаал санал болгох эсхүл төрийн албаны тусгай шалгалтад оролцож, өрсөлдөж, тэнцэж ажиллах зэргийг санал болгосны эцэст тухайн ажиллаж байсан удирдах албан тушаалтнуудтайгаа хэрхэн шийдвэрлэх талаар зөвшилцөж, сонгон шалгаруулалтын дүн гартал чөлөөлөгдсөн албан хаагчдын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай ажиллаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тодорхойлсон.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 26,856,988 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 11,443,653 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ... шийдвэрийн дагуу Б.Бо-т ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд тооцож 23,199,416 төгрөгийг, ... Б.Ба-д ... 7,564,244 төгрөгийг, ... Л.Г-т ... 7,536,981 төгрөгийг тус тус олгосон нь баримтаар тогтоогдсон. ... нэр бүхий албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон ТАЗ-ийн 2022.08.19-ний өдрийн 02/1744 дугаартай албан бичиг ... нь дээрх ажилтнуудыг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. ... Д.Б нь дээрх албан тушаалтнуудыг орон тоо нөхөх хүртэл хугацаагаар томилогдсоныг хууль зөрчсөн гэж үзсэн боловч МЭЕГ-ын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалт зарлаагүй, ийм сонгон шалгаруулалт явуулаагүй байхдаа 2022.08.29-ний өдөр Б/92 тоот тушаалаар уг албан тушаалд тусгай шалгалт өгөөгүй, тухайн байгууллагад ажиллаж байгаагүй Б.О гэгчийг томилсон үйл баримт тогтоогдсон. Иймд ... хариуцагчийн гэм хорын хэмжээг түүнийг МЭЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлсөн өдөр буюу 2023.01.11-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж үзэн, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт зааснаар энэ өдрийг хүртэлх хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.

 

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Магадлалын үндэслэлдээ “... Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар төрд учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бусдад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг төр хариуцан олгож хохирсон байх тул гэм хорын хохиролд 26,856,988 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 11,443,653 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д нийцсэн.” гэж дүгнэсэн байна.

 

12. Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан үйл баримтыг адил тодорхойлж, хариуцагчийн гэм буруугийн талаарх холбогдох хуулийн зохицуулалтыг зөрүүгүй хэрэглэсэн байх боловч гэм хорын эрх зүйн онолын үзэл баримтлалаас өөрөөр хуулийг тайлбарлан хэрэглэсэн тухай хариуцагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

13. Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0327 дугаар шийдвэрийн дагуу Б.Бо-ыг, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0212 дугаар шийдвэрийн дагуу Б.Б-ийг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0193 дугаар шийдвэрийн дагуу Л.Гыг тус тус ажилд нь эгүүлэн тогтоосон ба хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай  ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн гэх дүгнэлт өгсөн. Улмаар Б.Бо-т ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд тооцож 23,199,416 төгрөгийг, Б.Ба-д 7,564,244 төгрөгийг, Л.Г-т 7,536,981 төгрөгийг тус тус олгосон нь баримтаар тогтоогдсон. Эдгээр үйл баримтыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзсэн.

 

14. Гэвч давж заалдах шатны шүүх зохигчийн маргаж буй төрд хохирол учруулсан гэм хорын бүрэлдэхүүний тухайд хариуцагч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан гэм буруутай эсэх асуудлыг тогтоохдоо дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт шууд үндэслэсэн нь алдаатай болжээ. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх “Хариуцагч нь хууль зөрчсөн тушаал гаргасныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин дүгнэхгүй. ...” гэж үзсэн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гэм хорын эрх зүй дэх хууль бус үйлдлийн гэм бурууг тогтоосон шийдвэр гэж үзсэн нь буруу.

 

Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ нь түүний гаргасан тушаал хууль ёсны эсэхийг субьектив төдийгүй хууль зүйн бусад обьектив шалгуурын хүрээнд хянан үзэж тогтоосон тухай асуудал юм. Хэрэв тушаал хуульд заасан обьектив үндэслэлийг хангасан бол тушаалыг гаргасан албан тушаалтан хууль зүйн хувьд субьектив зөв байсан ч уг тушаал хүчингүй байна. Ийм үндэслэлээр буюу эрх бүхий этгээдийн гэм буруу, ухамсрын байдлаас үл шалтгаалах обьектив бусад үндэслэлээр тушаал хүчингүй болсон бол гагцхүү тушаалын талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр төрд учруулсан гэм хорын бүрэлдэхүүнд албан тушаалтныг шууд гэм буруутайд тооцох эрх зүйн акт байх боломжгүй.

 

Энэ үүднээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д ажилтан “шууд санаатай”, эсхүл “илтэд болгоомжгүй” гэм буруутай байхыг хуульчилсан бөгөөд гэм буруугийн хэр хэмжээ хохирлыг хариуцахад шууд хамааралтай байна.

 

Иймд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал хуульд нийцсэн эсэх талаарх маргааныг хянасан захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасан гэм хорын бүрэлдэхүүнд гэм буруутай болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт алдаатай болжээ.

 

15. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гагцхүү хөдөлмөрлөх эрх хөндөгдсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасан шаардах эрхийн гэм буруугийн үндэслэл болсон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг хэрэглэх бол энэ хэсэгт заасан гэм буруугийн байдлыг шүүх тогтоох нь зүйтэй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан гэм хорын бүрэлдэхүүн бий болсон гэж үзэхийн тулд хариуцагч шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй гэм буруугийн хэлбэр бүрдсэн байх ёстой.

 

Энэ хэргийн тухайд хариуцагч нь төрд гэм хор учрахад илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Нэр бүхий 3 албан тушаалтныг төрийн албанд томилогдоход тусгай шалгалт өгсөн байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө тусгай шалгалт зохион байгуулагдаагүй нөхцөл байдал нь ажилтнуудаас хамааралгүй болохыг анхаараагүй, түүнчлэн тусгай шалгалтын шаардлага хангаагүй үндэслэлээр ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн атлаа тэдгээрийн оронд томилсон албан хаагч нь мөн энэ шаардлагыг хангаагүй нөхцөл байдлаас үзвэл төрд гэм хор учрах, түүний хэмжээ нэмэгдэхэд хариуцагчийн хайхрамжгүй, илтэд болгоомжгүй хандсан гэм буруу нөлөөлсөн байна.

 

16.  Нөгөө талаар гэм хорын эрх зүйн үндсэн зарчим болох гэм буруугийн хэр хэмжээг харгалзан учруулсан гэм хорд хариуцлага хүлээлгэх зарчмыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Төр буюу нийтийн ашиг сонирхолд гэм хор учрахад хариуцагчийн гэм буруу зохих хэмжээгээр нөлөөлсөн боловч нөгөө талаас нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн төрийн албаны асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын буруутай байдал тогтоогдсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөл нь тусгай шалгалтыг нэн даруй зохион байгуулах, уг шалгалтыг зохион байгуулаагүйн улмаас улс оронд үүссэн онцгой нөхцөл байдлын үед хүний нөөцийн дутагдлыг нөхөх зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээний цаашдын үр дагаврыг эерэг, ажилтнуудад хохирол багатай байлгах талаар зохих арга хэмжээг цаг алдалгүй авч чадсан эсэх нь эргэлзээтэй байна.

 

Түүнчлэн төрийн албаны үйл ажиллагааг тогтвортой байлгах, нэгдмэл байдлаар хууль ёсны дагуу улс орон даяар удирдан чиглүүлэхдээ ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсгэсэн нь хэрэгт авагдсан зарим баримтаар тогтоогдсон гэж үзнэ. Тодруулбал, тусгай шалгалтын шаардлага хангаагүй ажилд томилогдсон нэг тогтолцооны ажилтнуудын тухайд ялгаатай чиглэл баримталж, зарим албан хаагчдыг ТАЗ-ийн тогтоолоор ажлаас шууд чөлөөлөхийг ажил олгогчид үүрэг болгосон, зарим албан хаагчдын хувьд хэрхэх нь тодорхойгүй, бүрхэг, хоёрдмол утгатай албан бичиг хүргүүлсэн нь ажил олгогч эрх бүхий албан тушаалтнуудын хувьд ойлгомжгүй байдал үүсгэж, хууль зөрчсөн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасныг үндэслэн хариуцагч Д.Бы нийтийн ашиг сонирхолд учруулсан эд хөрөнгийн хохирол 26,856,988 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагчаас 13,498,494 төгрөгийг гаргуулж МЭЕГт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн нийтийн ашиг сонирхолд учруулсан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо түүний ажлаас чөлөөлөгдсөн өдрийг хүртэл гэм буруутай үйлдэл үргэлжилсэн гэж дүгнэн цаг хугацааны хувьд 2023.01.11-ний өдрийг хүртэлх байдлаар тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

 

17. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулсан үйлдэлд ТАЗ-ийн үйл ажиллагаа хэрхэн нөлөөлсөн талаар дүгнэлт өгөөгүй нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн гэх агуулга бүхий хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/01999 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/01467 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

 

“Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг баримтлан хариуцагч Д.Баас 13,498,494 төгрөгийг гаргуулан МЭЕГт олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,802,147 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “292,235” гэснийг “225,442” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.12.24-ний өдөр 292,735 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

 

                                         ШҮҮГЧИД                            Н.БАТЗОРИГ

 

                    Н.БАЯРМАА

 

                    П.ЗОЛЗАЯА

 

                           Х.ЭРДЭНЭСУВД