“ГХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “БАЭ” ХХК-д холбогдох

Шүүгчийн нэр Н.Батзориг
Шийдвэрийн огноо 2024.12.24
Шийдвэрийн дугаар 001/ХТ2025/00006
Хэргийн индекс 181/2022/00087/и
Маргааны төрөл Хувьцааны эзэмшигчийн
Хуулийн зүйл, заалт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.06.03, дугаар: 181/ШШ2024/02234
Анхан шатны шүүх -
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.09.27, дугаар: 210/МА2024/01829
Давж заалдах шатны шүүх -

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар: 001/ХТ2025/00006
Улаанбаатар хот


“ГХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02234 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/01829 дүгээр магадлалтай,

 

“ГХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“БА” ГХОХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 10,806,833,929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, С.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ГХ” ХХК нь хариуцагч “БА” ГХОХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 10,806,833,929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02234 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар “БА” ГХОХХК-аас 10,806,833,929 (арван тэрбум найман зуун зургаан сая найман зуун гучин гурван мянга есөн зуун хорин есөн) төгрөг гаргуулж, ГХ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,349,970 (24,050,714+30,299,256) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 54,192,119 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/01829 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02234 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “БА” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,192,119 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, С.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж, 172.2.4. “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж тус тус заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргав.

Үйл явдлын тойм; 2002.05.13-ны өдөр Канад улсын К   компани болон Монгол Улсын “ГХ” ХХК Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших “БА   ” гэх газар хамтран олборлолтын ажил эрхлэхээр тохирч “Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Еагn-in) болон Эскроу” гэрээ байгуулсан. Уг гэрээний хавсралт “С”-д ирээдүйд байгуулах “БА-ийн     хувьцаа шилжүүлэх тухай” гэрээний төслийг харилцан тохирч баталсан.

“БА-ийн хувьцаа шилжүүлэх тухай” С гэрээний дагуу тус компанийн нийт хувьцааны 80 хувийг Канад улсын К   компани, 20 хувийг Монгол Улсын “ГХ” ХХК эзэмшихээр тохирсон. Хувьцаа эзэмшигчид уг хувь хэмжээгээр “БА” ГХОХХК-ийн үйл ажиллагаанд гарах зардлыг тус тус хариуцан гаргах, хэрэв ногдол ашиг авах нөхцөл бүрдвэл уг хэмжээгээр дүрэмд заасан нөхцөлөөр авахаар тохирсон.

Канад улсын К   компани “БА” ГХОХХК-д 2010-2019 онуудад нийт 3 (гурав) зээлийн гэрээгээр 114,670,437.01 ам.доллар болон 69,204,652,000 төгрөгийн дүн бүхий хувьцаа эзэмшигчийн зээл олгосон. Уг зээлээр тус орд газрыг ашиглах, олборлох цогц ажлуудыг түүний дотор орд газрыг олборлолтод бэлдэх, баяжуулахын үйлдвэр барьж ашиглалтад оруулах зэрэг ажлыг санхүүжүүлсэн бөгөөд талууд уг зээлийн санхүүжилтийг ашигласан байдлын талаар маргаагүй.

 “БА” ГХОХХК 2015 онд олборлолт хийж эхлэх хүртэл борлуулалт байхгүй, зөвхөн зардал гаргаж ирсэн ба үүнээс хойшхи хугацаанд орд газрыг ашиглан олборлосноор тодорхой борлуулалтын орлого орж ирсэн. Хувьцаа эзэмшигчийн зээлийн гэрээний дагуу уг орлогоос нэн тэргүүнд зээлийн өрийг төлөх зорилгоор буцаан төлбөр хийж байна. Хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн тайлан, баримтаар эдгээр өр, төлбөр нотлогдоно. 2024 оны эхний хагас жилийн тайлангаар зээлийн үлдэгдэл төлбөл зохих дүн 39,200,441 ам.доллар, 64,999,685,940.00 төгрөг байна.

4.1.Гомдлын үндэслэл; анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 198 дугаар зүйлийн 198.2, 198.6 дахь заасныг буруу тайлбарлан хэрэглэж “ГХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан 2002.05.13-ны өдрийн “Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах (Еarn in) болон Эскроу” гэрээний С хавсралтад “ГХ” ХХК-аас “БА” ГХОХХК-ийн хувьцаа шилжүүлэх гэрээний 3 дахь заалтад ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 20 хувийг жил бүр олгож байхыг хариуцагчид үүрэг болгосон гэх үндэслэлээр маргасан. “БА” ГХОХХК-аас уг гэрээний тухайн заалт нь ашигт малтмалын талбайд хайгуул, ашиглалттай холбоотойгоор гарах зардлыг оролцогч талууд нь ямар хувь, нөхцөлтэйгөөр хариуцах тухай (үйл ажиллагааны зардал хуваарилсан) зохицуулсан талаар хариу тайлбар гаргасан. Хариуцагчаас мөн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа, нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч мөн эсэхтэй холбоотой тайлбар гаргаж мэтгэлцсэн болно. Дээр дурдсан “БА” ГХОХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай С гэрээний 3 дахь заалтад “Г  нь БА-гийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар лицензит талбайтай холбогдуулан К  ын гаргасан, зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам.доллараас давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (давсан зардал)-ын 20 хувийг БА-д нийлүүлэх үүргээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан Г-ын  хүлээх үүрэг нь зөвхөн лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Г-д  ногдох хувийн 80 хувиар төлөгдөх үүрэг (Г-ын үүрэг) болохыг ойлгон зөвшөөрч байна. Г-д  ногдох хувийг БА дахь Г-ын хувь гэж үзэх бөгөөд уг хувийн хэмжээг лицензит талбайд дахин нэг буюу хэд хэдэн уурхай ашиглалтад оруулахаар шийдвэрлэвэл тухай бүр нь шинэчлэн тогтоож болно” гэж заасан. Энэ заалтаар тухайн үеийн “К” нь “БА” ГХОХХК дахь өөрийн 1000 ширхэг (100%) хувьцаанаас 200 ширхэг (20%) хувьцааг дээрх “БА” ГХОХХК-ийн хувьцаа шилжүүлэх С гэрээгээр “ГХ” ХХК-д шилжүүлж, “ГХ” ХХК нь 200 ширхэг хувьцааг шилжүүлэн авсантай холбоотойгоор “БА” ГХОХХК-ийн лицензит талбайд гарах ашигт малтмалын үйл ажиллагааны зардлыг “К” компанитай хамтран ямар хувиар, ямар эх үүсвэртэйгээр хариуцаж төлөх нөхцөлийг тус гэрээний 3 дахь заалтад зохицуулж тусгасан агуулгатай. Тухайлбал, гэрээний энэ заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэснээр Ашигт малтмалын үйл ажиллагаанд гарах 450,000 ам.доллараас давсан зардлын 20 хувийг “ГХ” ХХК нь хариуцаж төлөхдөө уг 20 хувьд бүхлээр нь бус 20 хувийн 80 хувьд нь хариуцаж төлөхөөр үүргийн хувийг тогтоосон.  “ГХ” ХХК нь дээрх зардлын эх үүсвэрийг ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс тооцуулж "суутган” төлөх (зардлыг төлөх нөхцөл, хэлбэрийг тогтоосон) үүрэг хүлээсэн утга бүхий нөхцөлтэй заалт гэж үгийн шууд утгаар тайлбарлагдах юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Энэ тохиолдолд шүүх Эскроу гэрээний зорилго, гэрээний бусад зохицуулалтууд, талуудын хамтын ажиллагааны үр дүнд хүрэхийг хүссэн анхны хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг харьцуулж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.6-д зааснаар тайлбарлаж хэрэглэнэ” гэж дүгнэсэн боловч шийдвэрийн бусад хэсэг, үндэслэлд “БА” ГХОХХК-ийн хувьцаа шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.6-д зааснаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 189.2 “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно” гэснээр, мөн 189.6 (энэ хуульд байхгүй) дахь хэсэгт заалтыг баримталж гэрээг тайлбарлана гэсэн атлаа гэрээг уг заалтаар бус хуулийн 198.2, 198.6-д зааснаар тайлбарласан. Анхан шатны шүүхийн дүгнэлтийн энэ хэсэг нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-д “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана” гэж тус тус заасанд нийцээгүй.

Иймд, хэрэгт авагдсан “БА” ГХОХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дахь заалтын нөхцөл, утгыг ойлгомжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.6-д заасныг баримталж гэрээг тайлбарласныг зөв гэж үзэхгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байдлыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.2.Хоёр шатны шүүх “БА” ГХОХХК-ийн хувьцаа шилжүүлэх гэрээний 3 дахь заалтаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасан “Үүргийн харилцаа” буюу нэхэмжлэгч “ГХ” ХХК-д нэхэмжлэлийн үндэслэлд заасан шаардах эрх үүсгэсэн эсэх, хариуцагч “БА” ГХОХХК-д үүрэг үүссэн эсэхэд үндэслэлтэй зөв дүгнэлт өгөөгүй, хийсвэр буюу гэрээнд байхгүй зохицуулалт дүгнэсэн нь хуулийн уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Энэ гомдпын үндэслэлийн 7.1-д тайлбарласнаар БА-ийн хувьцаа шилжүүлэх гэрээний 3 дахь заалтад лицензит талбайд гарах зардлыг хуваарилах нөхцөлийг тусгасан учир нэхэмжлэгч “ГХ” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 20 хувийг “авах” буюу хариуцагчаас шаардах эрх, хариуцагчид үүнтэй холбоотой үйлдэл хийх үүрэг үүсээгүй. Тодруулбал, гэрээний заалтад хоёр талаас ашигт малтмалын талбайд гарах аливаа зардлыг тодорхой нөхцөл, хувиар харилцан адилгүй хариуцах харилцан үүрэг үүсгэсэн агуулга, шууд нөхцөл тогтоогдож байгаа үед нэхэмжлэгч “ГХ” ХХК-д лицензит талбай дахь ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс нэхэмжлэлд дурдсан хувиар шаардах эрх үүсгэсэн гэж үзэхээргүй байдаг. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар гэрээний талууд харилцан зардал гаргах үүрэг хүлээсэн гэж үзнэ. Иймд, лицензит талбайн ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 20 хувьтай холбоотой шаардах эрх “БА-ийн хувьцаа шилжүүлэх гэрээ, гэрээний 3 дахь заалтаар нэхэмжлэгч “ГХ” ХХК-д үүсгээгүй, нөгөө талаараа үүнтэй холбоотой үйлдэл хийх үүрэг хариуцагч “БА” ГХОХХК-д үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд хоёр шатны шүүх нотлох баримт буюу “БА” ГХОХХК-ийн хувьцаа шилжүүлэх гэрээний 3 дахь заалтыг Иргэний хуулийн холбогдох заалтаар буруу тайлбарлан, нотлох баримтыг буруу үнэлж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар “БА” ГХОХХК-д 10,806,833,929 төгрөгийн хэмжээнд үүрэг үүссэн хэмээн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3.Анхан шатны шүүх 6.1 хэсэгт “...80 хувиар үүрэг хүлээж хөрөнгө оруулалтад оруулахаар заасан, харин үлдэх 20 хувь нь хэрхэх талаар шууд зохицуулаагүй орхигдуулсан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон бөгөөд шүүх шийдвэртээ өөр хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүх “БА-ийн хувьцаа шилжүүлэх тухай” гэрээний 3 дахь заалтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан “Үүргийн харилцаа” үүссэн гэж дүгнэн, үүний дагуу 20 хувийн 20 хувьд шаардах эрх нэхэмжлэгч “ГХ” ХХК-д үүсгэсэн байна гэсэн атлаа “20 хувийн 20 хувь нь хэрхэх талаар шууд зохицуулаагүй орхигдуулсан байна” гэж дүгнэснийг өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн гэж үзнэ. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэсэнд тус тус нийцээгүй. Ийнхүү шүүхээс “БА” ГХОХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дахь заалтыг “зардал хуваарилсан, 20 хувийн 20 хувийг зохицуулаагүй орхигдуулсан байна” гэж шийдвэртээ дүгнэсэн атлаа өөр нэг дүгнэлтэд үүний эсрэгээр нь нэхэмжлэгч “ГХ” ХХК-д ашигт малтмалын үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс 20 хувийн 20 хувийг жил бүр олгох үүрэгжүүлсэн “үүргийн харилцаа үүссэн” гэх агуулгаар гэрээний заалтыг тайлбарласан нь хуулийн дээрх заалтуудад нийцээгүй, өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн. Гэрээний 3 дахь заалтад 20 хувиар бүхлээр нь нэхэмжлэгчид үүрэг хүлээлгээгүй, 20 хувийн 80 хувьд нь үүрэг хүлээлгэсэн нь тодорхой байх бөгөөд ийнхүү 20 хувьд бүхэлд нь үүрэг хүлээлгэх эсэх нь харин талуудын гэрээний чөлөөт байдал бөгөөд үүргийг 80 хувиар хүлээлгэж, үлдэх 20 хувьд зайлшгүй зохицуулалт хийхийг гэрээний талуудаас шүүх шаардах эрхгүй бөгөөд гэрээний зохицуулаагүй харилцаанд нэмэлт агуулга тусгасан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын үйл ажиллагааны зардал хуваарилсан гэрээний заалтад гагцхүү тухайн гэрээнд оролцогч талуудаас хэн нь ямар хэмжээгээр (бүрэн эсхүл тодорхой хэмжээнд) үүрэг хүлээхийг шийдвэрлэх нь Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдал юм. Түүнчлэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “20 хувийн 20 хувиар үүрэг хүлээгээгүй учир энэ хэмжээнд цэвэр мөнгөн гүйлгээнээс авах эрхтэй, уг хэмжээгээр олгоно гэж гэрээний энэ заалтад шууд заагаагүй, гэрээгээр зохицуулаагүй нь нэхэмжлэгчийн уг хэмжээнд шаардах эрхийг үгүйсгэхгүй” гэх таамаг бүхий тайлбар хийдэг. Энэ үүднээс компаниас гарах зардлыг зохицуулж буй заалтад дурдсан 20 хувийн 20 хувьд гэрээгээр зохицуулаагүй харилцааг шүүхээс өөрөө санаачлан шууд зохицуулж өгөх байдлаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл “Шүүхийн өмнө эрх тэгш байх”, 6 дугаар зүйл 6.3-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж заасан зарчмыг зөрчжээ. Нэхэмжлэгчийн гаргаж тавиагүй үндэслэлийг шүүх өөрөө санаачлан гаргаж шийдвэрийнхээ үндэслэл болгосноор хоёр шатны шүүх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

4.4.Харин ногдол ашиг олгох нөхцөл бүрдвэл цэвэр мөнгөн гүйлгээнээс 20 хувийн 20 хувьд холбогдох зохицуулалтыг “БА” ГХОХХК-ийн дүрэмд тухайлан нарийвчлан зохицуулалттай байдаг. Тухайлбал, хэрэгт авагдсан “БА” ГХОХХК-ийн дүрмийн 7.1.2-т “Тусгай зөвшөөрөлтэй талбай дээрх ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон хуваарилах боломжит бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний “ГХ” ХХК-д ногдох 20 хувь (хорин хувь)-аас 20 хувь (хорин хувь)-ийг ногдол ашиг хэлбэрээр “ГХ” ХХК-д олгоно” гэж зааснаар 20 хувийн 20 хувийг дүрмийн дээрх заалтад зохицуулсан. “ГХ” ХХК нь 2015 оноос хойш хариуцагч “БА” ГХОХХК-д нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор буюу цэвэр мөнгөн гүйлгээний 20/20 хувийг авах ёстой гэж үзсэн бол хэрхэн шаардаж байсан үүнийг нь хариуцагч хэрхэн татгалзаж байсан зэрэг нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал нотлоогүй, энэ талаар хэргийн үйл баримтад тогтоогдоогүй. Анхан шатны шүүх маргаанд төдийлөн ач холбогдолгүй “БА” ГХОХХК-ийн өр төлбөрийн асуудалд шийдвэрийнхээ 6.3-д дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэснийг баримталсан атлаа, хариуцагчийн маргаж буй хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой энэ үндэслэлд бүрэн дүгнэлт өгөөгүй, хэт нэг талд шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ.” гэж заасан. “ГХ” ХХК нь “БА” ГХОХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тус компанийн тайлан, санхүүгийн баримт бичигтэй танилцах бүрэн боломжтой байдаг буюу санхүүгийн байдлын талаар мэдэх ёстой. Энэ тухай нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар маргаагүй. “ГХ” ХХК нь нөгөө хувьцаа эзэмшигч болон бусад хуулийн этгээдүүдтэй байгуулсан өөрт нь хадгалагдаж ирсэн 2002.05.13-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 20 (хорин) жил өнгөрсний дараа шаардсаныг хариуцагч Иргэний хуулийн 75, 76, 88, 198 дахь заалтыг үндэслэл болгож маргасныг нэхэмжлэгч няцаагаагүй, хоёр шатны шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь “БА” ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд жил бүр оролцож, тайлан тэнцэлтэй танилцдаг байсан гэдэг бөгөөд шүүх шийдвэрт Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 72.2-д заасныг дурдсан атлаа уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэх замаар, тодорхой, үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй гэж үзэхээр байна.

4.5.Давж заалдах шатны шүүх “Талууд дундын компанийн хөрөнгө оруулалтын зардал, ашигт малтмалын орлогыг хэрхэн хуваарилах талаар гэрээний С хавсралтаар тухайлан тохиролцсон байна” гэснийг гомдлын дээрх үндэслэлээр үгүйсгэж байгаа бөгөөд мөн дараах үндэслэл дурдаж байна. Гэрээний 3 дахь заалтаар 20 хувийн 80 хувьтай тэнцэх зардлыг нэхэмжлэгч “ГХ” ХХК нь лицензит талбайд гарах зардалд суутган хариуцах бөгөөд үлдэх 20 хувьд ногдох хэсгийг ногдол ашиг хэлбэрээр олгох нөхцөл байдал бүрдвэл, гэрээний тухайн заалтад бус харин Компанийн тухай хуулийн зохицуулалтын дагуу гагцхүү хувьцаа эзэмшигч нараас шийдвэрлэхээр “БА” ГХОХХК-ийн дүрмээр зохицуулж, тусгасан. “БА” ГХОХХК-ийн дүрмийн 7.1.2-д “Тусгай зөвшөөрөлтэй талбай дээрх ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон хуваарилах боломжит бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний “ГХ” ГХОХХК-д ногдох 20 хувиас 20 хувийг ногдол ашиг хэлбэрээр “ГХ” ХХК-д олгоно”, 7.3-д “Хөрөнгө оруулалтын давсан зардал болон хүүгийн өглөг төлөгдөж дууссаны дараа ногдол ашиг хуваарилах асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан. Гэрээний 3 дахь заалтаар 20 хувийн 80 хувьтай тэнцэх зардлыг “ГХ” ХХК нь лицензит талбайд гарах зардалд суутган хариуцах бөгөөд үлдэх 20 хувийн 20 хувьд ногдох хэсгийг ногдол ашиг хэлбэрээр гагцхүү хувьцаа эзэмшигч нараас шийдвэрлэж байхаар “БА” ГХОХХК дүрмийн дээрх заалтад заасан байна. “БА-ийн     хувьцаа шилжүүлэх гэрээ”-ний 3 дахь заалт болон “БА” ГХОХХК-ийн дүрмийн заалтыг ангилж үзвэл,

1.Гэрээний 3 дахь заалтад ашигт малтмалын үйл ажиллагаанд гарах 450,000 ам.доллараас давсан зардлын 20 хувийг “ГХ” ХХК нь хариуцаж төлөхдөө уг 20 хувийн 80 хувьд нь хариуцаж, уг зардлыг ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс тооцуулж “суутган” төлөх,

2.Компанийн дүрмийн 7 дугаар заалтад хувьцаа эзэмшигч нарын шийдвэрээр ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон хуваарилах боломжит бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс 20 хувийн 20 хувьд ногдол ашиг болгон олгох,

Иймд ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой гарах зардлыг гэрээгээр харин хувьцаа эзэмшигч нарт олгох ашгийг дүрмээр тус тус ялган зааглаж зохицуулахдаа дээрх зардал, ашгийн аль алиныг бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс тооцохоор тухайн гэрээ, дүрмүүдэд зохицуулж заасан. “ГХ” ХХК нь дүрмийн заалтын дагуу ногдол ашиг шаардаагүй бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан учир ногдол ашигтай холбоотой татгалзлыг хариуцагчаас гараагүй бөгөөд энэ талаарх дүгнэлтийг хоёр шатны шүүх хийгээгүй. Давж заалдах шатны шүүхийн Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээг үндэслэлтэй гэж үзэхгүй байна.

4.6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д “Хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 91.1,4-д “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” шүүгч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй талаар зохицуулсан. Энэ хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүний шүүгч Э.Э-г хуулийн дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс хүлээн авахаас татгалзсан. Үүнтэй холбоотой хүсэлт, давж заалдах шатны шүүхийн тогтоол хэрэгт авагдсан болно.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.03-ны өдрийн 181/ШШ2024/02234 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.27-ны өдрийн 210/МА2024/01829 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, С.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.12.05-ны өдрийн 001/ШХТ2024/01537 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ХЯНАВАЛ:

           

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч “ГХ” ХХК нь хариуцагч “БА” ГХОХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 10,806,833,929 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ “... Анх 2002 онд “ГХ” ХХК нь Канад Улсын “К  Гоулд Эксплорэйшн” ЛТД корпорацитай “БА” ГХОХХК-ийг үүсгэн байгуулсан, талууд 2002.05.13-ны өдөр Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn-in) болон Эскроу гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний С хавсралт БА-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 компанийн цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг шилжүүлэх агуулгаар рояалти тохиролцсон, Хувьцаа эзэмшигчийн хувиар ногдол ашиг шаардаагүй, анхнаасаа лицензийн төлбөр 25,000 ам.доллараас гадна үл маргах журмаар төлөхөөр рояалти тохирсон байсан, 2015 оноос хойш компанийн цэвэр мөнгөн гүйлгээ эерэг гарч эхэлснээр рояалти авахыг хүссэн ч татгалзсан хариуг өгсөн, жижиг хувьцаа эзэмшигч тул компанийн дотоод үйл ажиллагаанд оролцуулдаггүй шийдвэрийг 80 хувийн хувьцаа эзэмшигч тал гаргадаг, хувьцаа эзэмшигчийн хувиар ч ногдол ашиг хүртэж байгаагүй, “БА” ГХОХХК-ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувиар тооцож 2015-2021 онуудын үүргийн гүйцэтгэлд 10,806,833,929 төгрөг гаргуулна...” гэж тайлбарласныг,

8.Хариуцагч “БА” ГХОХХК эс зөвшөөрч: “... нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд ороогүй тул гэрээний оролцогч биш, жинхэнэ хариуцагч биш, хувьцаа эзэмшигчдийн хурлаар компани ногдол ашиг хуваах, тараах талаар аливаа шийдвэр гараагүй, лицензийн үнэ 25,000 ам.долларыг төлсөн, гэрээний С хавсралтын 3 дахь заалтаар зардал хуваарилсан болохоос компанийн цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг шилжүүлэх шууд утгыг заагаагүй, компанийн орлого эерэг гарсан бол ногдол ашгийг хуваарилах эсэхийг компанийн дүрмээр зохицуулсан, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, маргаанд хамаарах 3000Х тоот лицензит талбайгаас гадна өөр ашигт малтмалын талбайд үйл ажиллагаа явуулдаг. Компанийн санхүүгийн тайланд тусгагдсан мөнгөн гүйлгээ нь бүхэлдээ тухайн лицензит талбайгаас олсон орлого биш...” гэж маргасан.

 

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “... талууд хуулийн этгээд байгуулах замаар хамтран ажилласан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан, Эскроу гэрээний эрх үүргийг өөртөө шилжүүлж авсан 80 хувийн хувьцаа эзэмшигч болох “К хиллс с.ар.л” компани нь Монгол Улсад байхгүй Люксинбург улсад байрладаг тул шүүх энэ тохиолдолд үр ашгийг шууд хүртэж байгаа дундын компанийг хариуцагчаар тодорхойлсныг буруутгах боломжгүй,...гэрээний С хавсралтын 3, 4 дэх заалтаар дундын компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч болсноор А тал хувьцаа эзэмшигчийн хувиар компанид хүлээх үүргийг 20 хувийн 80 хувиар үүрэг хүлээж хөрөнгө оруулалтад оруулахаар заасан, харин үлдэх 20 хувь нь хэрхэх талаар шууд зохицуулаагүй орхигдуулсан, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.6-д зааснаар тайлбарлаж хэрэглэнэ, Эскроу гэрээний дээрх заалтууд болоод хавсралт С гэрээний 1, 3, 4-т заасныг харьцуулан үзвэл хөрөнгө оруулагч тал нь гэрээгээр тохирсон болзол бүрдвэл гурван жилийн дараа хувьцааг буцаан худалдан авахдаа 800,000 ам,доллар төлөхөөр тохирсон байдал зэргээр анхдагч лицензийн үнэ зөвхөн 25,000 ам.доллар байсан гэж үзэх боломжгүй, компанийн дүрмийн 7-д ногдол ашиг хуваарилах журмыг 7.1.1, 7.1.2, 7.1.3-т тусгасан, энэ нь маргаанд хамаарах Эскроу гэрээний C хавсралтын 3, 4 дэх заалтын утга санааг дэлгэрүүлж тодотгосон, компани өр төлөгдөж дуусахаар ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр, харин тэр хүртэлх хугацаанд 7.1.1-7.1.3-т заасан хэлбэрээр А талын үүрэг болоод ногдол ашиг өгөх талаар тусгайлан заасан,... тусгай зөвшөөрөл шилжүүлсний хариуд үнэ 25,000 ам.доллар дээр нэмэлтээр төлөхөөр тохиролцсон нэмэлт тохиролцоо гэж үзлээ,... талууд урт хугацаанд хэрэгжих агуулгатай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, санхүүгийн тайлангийн мөнгөн гүйлгээний тайлангаас үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ нь дээр дурдсан үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого болон зарлагын зөрүүгээр тооцоолон гаргахад 2015-2021 онд нийт 270,170,848,243 төгрөгийн гүйлгээ хийгдсэн, түүний 20 хувь нь 54,034,169,648 төгрөг, үүний 20 хувь нь 10,806,833,929 төгрөг болох нь тайлангуудаар тогтоогдсон, үүнд хариуцагч маргаагүй тул шүүх Эскроу гэрээний С хавсралтын 3-т тухайлан тохиролцсоны дагуу нэхэмжлэлийг хангав...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзэж, харин “...талуудын хооронд Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болон эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хэлцэл хийгдсэн гэж дүгнэснийг залруулна, энэ нь  хариуцагч талын гомдлыг хангах болон анхан шатны шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй...” гээд Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 193.2-т заасныг нэмж дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээсэн.

 

10.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн эсэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх талаар гаргасан хяналтын гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэлэлцүүлэв.

 

11.Хэрэгт авагдсан баримтаар “ГХ” ХХК-ийн хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой “С” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших БА-гийн цул сульфидын зэс, алт, мөнгөний  орд газарт ашигт малтмалын хайгуулын 3000Х тоот лиценз эзэмшиж байсан, “ГХ ХХК /Г/ болон хөрөнгө оруулагч тал болох Канад улсын К   гоулд эксплорэйшн ЛТД корпораци /К  /, Британы Виржиний арлуудад байгуулагдсан К ЛТД корпораци /К БВА/ нарын хооронд 2002.05.13-ны өдөр Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах (Еarn-in) болон Эскроу гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ, түүний  A, B, C, D, E, F, G, H, I гэсэн 9 хавсралтаар хөрөнгө оруулагч нь дундын эзэмшлийн компанийг үүсгэн байгуулах, лиценз эзэмшигч нь ашигт малтмалын хайгуулын 3000Х тоот лицензийг дундын эзэмшлийн “БА” ГХОХХК-д шилжүүлэх, улмаар дундын эзэмшлийн компани дахь “ГХ” ХХК-ийн эзэмшлийн 20 хувийн 200 ширхэг хувьцааг 800,000 ам.доллараар худалдан авах эрхээ хөрөнгө оруулагч тал хэрэгжүүлээгүй бол лиценз  эзэмшигч нь 20 хувийн хувьцаа эзэмшигчээр үлдэхээр тус тус тохиролцсон, “ГХ” ХХК нь лицензийг БА ГХОХХК-д шилжүүлснээр 25,000 ам.долларыг хүлээн авсан, хөрөнгө оруулагч нь  лицензийг шилжүүлснээс хойш 3 жилийн дотор, хувьцаагаа 800,000 ам.доллараар буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүйгээс 20 хувийн хувьцаа эзэмшигчээр “ГХ” ХХК бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон.

 

Мөн “ГХ” ХХК-ийн хамаарал бүхий “С” ХХК нь 3000Х тоот хайгуулын лицензийг “БА” ГХОХХК-ийн эзэмшилд 2002 онд шилжүүлсэн, 2008 онд 013409А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор хариуцагч уг талбайд 2015-2021 оны хооронд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулжээ.

 

12.Зохигчид гэрээ байгуулагдсан болон гэрээний хавсралтууд дээрх байдлаар хэрэгжсэн үйл баримтын талаар маргаагүй, харин гэрээний С хавсралтын 3-т заасан нөхцөлийн агуулгын талаар буюу хариуцагч гэрээгээр үүрэг хүлээсэн эсэх талаар маргасан.

 

13.Анхан шатны шүүх тухайн маргаанд Монгол Улсын Иргэний хуулийг сонгон хэрэглэсэн нь Эскроу гэрээний 23.1 дэх заалт болон Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.5, 549.6-д тус тус заасантай нийцсэн ба хөрөнгө оруулагч тал болох К БВА, К К-д нь “БА” ХХК дахь өөрийн хувьцааг 100 хувийн эзэмшлийн охин компани болох “К хиллс с.ар.л” компанид шилжүүлсэн, Эскроу гэрээний эрх үүргийг өөртөө шилжүүлж авсан 80 хувийн хувьцаа эзэмшигч болох “К хиллс с.ар.л” компани нь Монгол Улсад байхгүй Люксинбург улсад байрладаг боловч хувьцаа эзэмшигч бус, хуулийн этгээд “БА” ГХОХХК-ийг хариуцагчаар тодорхойлсон нь буруу биш бөгөөд Монгол Улсын шүүх хэргийг харьяалан шийдвэрлэсэн нь гэрээ болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.1, 189.2.3-т тус тус заасныг зөрчөөгүй байна.

 

14.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд уг үүргийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээний агуулгыг мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар чөлөөтэй, хуулиар хориглоогүй хүрээнд тодорхойлох эрхтэй.

 

Мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг  нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна”  гэж зохицуулсан.

 

15.Эскроу гэрээг анх байгуулсан болон хэрэгжсэн байдлаас үзэхэд нэг талаас Хөрөнгө оруулагч тал уул уурхайн чиглэлээр хайгуулын талбайд хөрөнгө оруулах замаар олборлолт явуулж орлого олох, лизенц эзэмшигч өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлөө дундын компанид шилжүүлж ашиглуулснаар тус компанийн хувьцаа эзэмшигч болох, улмаар олборлолтоос олсон орлогоос ашиг хүртэх хүсэл зориг илэрхийлэгдсэн байх бөгөөд энэ агуулгаар талуудын хооронд үүссэн үүргийн харилцааны онцлогийг харгалзан тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүссэн, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй болжээ.

 

16.Эскроу гэрээний С хавсралт  3-т “Гурван гол нь дундын компанийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар лицензит талбайтай холбогдуулан Хөрөнгө оруулагч тал гаргасан, зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам.доллараас давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (давсан зардал)-ын 20 хувийг Дундын компанид нийлүүлэх үүрэг хүлээхээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан Г-ынхүлээх үүрэг нь зөвхөн лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Г-д  ногдох хувийн наян хувиар төлөгдөх үүрэг Г-ын үүрэг болохыг ойлгон хүлээн зөвшөөрч байна” гэж, 4-т “К К-д нь давсан зардлын төлбөрийг Г-ын үүрэгтэй холбоотойгоор бүрэн хариуцахаа зөвшөөрч байна. Давсан зардлын Г-д  оногдох хувьд хамаарах, К  ын зарцуулсан хөрөнгө мөнгийг үүрэг хүлээгээгүй зээллэг гэж үзнэ. Г-ын үүрэгт мөн эдгээр зээллэгийн анхдагч хүү түүн дээр нэмэх хоёр хувийн хүү багтана. Анхдагч хүүгийн хэмжээг Торонто-Домино банк өөрийн найдвартай үйлчлүүлэгчдээ өгдөг хүүгийн хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан.

 

16.1.Дээрх нөхцөлийн дундын компанийн үйл ажиллагааны орлогоос бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 80 хувиар “ГХ” ХХК “давсан зардал”-аас хариуцах, үүнийг К К-дбүрэн хариуцах талаар зөвшөөрч тохиролцсон гэдэгт зохигч маргаагүй.

Харин гэрээний “Г-д  ногдох хувийн 80 хувь”, “Г-д  ногдох хувь” гэх ойлголтоос үүдэлтэй тайлбарын зөрүү гарсан нь тус хэргийн маргааны зүйл болжээ. Жишээлбэл, бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний дүн 100 төгрөг гэж үзвэл түүний 20 хувь болох 20 төгрөгийн 80 хувь 16 төгрөгийг зардалд шилжүүлэхээр “ГХ” ХХК зөвшөөрсөн тухайд талууд маргаагүй, гагцхүү үлдэх 20 хувь  болох 4 төгрөгийг хэрхэх талаар маргасан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч “...уг заалтаар компанийн цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг шилжүүлэх агуулгаар рояалти тохиролцсон” гэж, хариуцагч “...уг заалтаар  зардал хуваарилсан болохоос компанийн цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг шилжүүлэх шууд утгыг заагаагүй...” гэж зөрүүтэй тайлбарууд гаргасан ба нэхэмжлэгч гэрээнд заасан уг нөхцөлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.6-д зааснаар тайлбарлана гэж, хариуцагч Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар тайлбарлана гэж тус тус маргажээ.

 

16.2.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2-т “гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж, 198.6.-д “Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж   тус тус заасан.

 

16.3.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний уг нөхцөлийг “БА” ГХОХХК-аас ашигт малтмалын хайгуул, ашиглалттай холбоотой гарах зардлын 20 хувийн 80 хувийг “ГХ” ХХК хариуцах, уг зардлыг ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс тооцуулж суутган төлөхөөр тохирчээ. Үүний улмаас зардлын үлдэх 20 хувийг хэн хариуцах зохицуулалт дутмаг гэж үзэхээр байх бөгөөд үүнийг үгийн шууд утгаар тайлбарлах нь хангалтгүй. Иймд зардлын үлдэх 20 хувийг хэрхэх талаар талууд тохиролцсоныг гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах, гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл байдлыг харгалзан тайлбарлах шаардлагатай.

 

16.4.Хөрөнгө оруулагч тал лицензит талбайгаас 80 хувийг эзэмших саналтай, хөрөнгө оруулагч тал “ГХ” ХХК-ийн 20 хувийн хувьцааг 800,000 ам.долларын үнээр худалдан авах, энэ эрхээ хэрэгжүүлбэл Г-ын дундын компани дахь лицензтэй холбоотой ямарваа эрх, эзэмших эрх, хувь эдлэхгүйг зөвшөөрөв гэсэн Эскроу гэрээний ерөнхий заалтуудаас үзэхэд лицензийн үнэ зөвхөн 25.000 ам.доллар байх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар үндэслэлтэй байна.

 

16.5.Мөн 2016 онд баталсан компанийн дүрмийн 7 дахь хэсгийн  заалтуудыг өөр хооронд нь болон эдгээр заалтыг гэрээний С хавсралтын 3, 4 дэх заалтуудтай харьцуулан үзвэл С хавсралтын 3 дахь заалт нь тусгай зөвшөөрөлтэй талбай дээрх ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Г-д  ногдох 20 хувийн 20 хувийг хүртэх агуулгатай, 25,000 ам.доллараас гадна нэмэлт тохиролцоо хийсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

16.6.Гэрчээр асуугдсан Н.Б нь гэрээ байгуулагдах үеийн нөхцөлд байдлын талаар “...ГХ хэзээ ашгаа авах нь тодорхойгүй байсан учраас 20 хувийн 15 хувийг та нар ашиглалтын зардалдаа ав, 5 хувийг борлуулалт эхлэхээр бид жил болгон авъя гэж тохиролцсон...” гэж мэдүүлсэн нь хэргийн дээрх гол үйл баримт, бусад нотлох баримтаар  давхар нотлогдсон байна.

 

17.Дээрх байдлаас үзэхэд лиценз эзэмшигч “ГХ” ХХК нь ашигт малтмалын 3000Х тоот хайгуулын лицензийг “БА” ГХОХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлснээр гэрээнд заасан мөнгөн төлбөрийг шаардах эрхтэй болсон, хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын талбайд олборлолт хийх, уг олборлолтоос гэрээнд заасан тодорхой хувийг  нэхэмжлэгчид төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байна.

 

Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, түүний дотор Ашигт малтмалын тухай хууль зэрэгт ийм төрлийн хэлцэл хийхийг хориглоогүй бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай (1997 оны) хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д “лиценз эзэмшигч нь уг лицензийг эзэмших эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсан,...зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн тохиолдлуудад лицензийг шилжүүлж болно. Лицензийг шилжүүлсэн тухай бүр Геологи, уул уурхайн кадастрын албанд энэ зүйлд заасны дагуу бүртгүүлэх ба ийнхүү бүртгүүлснээр лицензийг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу  Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002.07.16-ны өдрийн 525 тоот шийдвэр  хэрэгт авагджээ. Энэ утгаараа нэхэмжлэгч “ГХ” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ийм тохиролцоог хариуцагчтай байгуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ хэлцэл нь ашигт малтмалын 3000Х тоот лицензийн талбайн олборлолт, ашиглалтад хамааралтай байна.

 

18.Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан бөгөөд газрын хэвлий, түүний баялгийг ашиглагч этгээд нь төрийн нийтийн өмчийг ашиглаж байгаа тохиолдолд төрд төлбөр төлөх үүргийг хүлээдэг. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бөгөөд заавал төлөгдөх шинжтэй байдаг.

 

18.1.Нэхэмжлэгч “ГХ” ХХК нь Ашигт малтмалын тухай /1997 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасан ашигт малтмалын өмчлөгч этгээд биш, харин уг хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашигт малтмалын хайгуулын лиценз эзэмшигч байсан.  

 

18.2.Гэрч Н.Б-ын “... БА-гийн талбайг Геологийн яамнаас эрлийн ажлын 2 жил гэж тендер зарласан, нэг жил ажиллаад улсын төсвөөс мөнгө өгөхгүй гэж хаасан ...” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... “ГХ” ХХК нь 1990 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын болон Эрдэнэхайрхан сумын нутагт геологийн судалгааны ажлыг хийх явцдаа БА-гийн алт, мөнгө, зэс, цайрын үндсэн ордыг олсон, 1991 онд хайгуулын лизенцийг хуульд заасан журмын дагуу олж авсан...” гэсэн тайлбар, Хөрөнгө оруулагч тал “ГХ” ХХК-ийн 20 хувийн хувьцааг 800,000 ам.долларын үнээр худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй зэргээс үзэхэд гэрээнд заасан энэхүү тохиролцоо нь лицензит талбайгаас олборлолт хийж, борлуулалтаас олох орлогоос хайгуулын ажилд нэхэмжлэгчийн гаргасан зардал, лицензийн үнэ тооцох зорилгоор бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 20 хувийг хүртэхээр гэрээнд тохирсон нь хууль зөрчөөгүй, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэж үзнэ.

 

18.3.Тодруулбал, борлуулалт хийгдсэн тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх үүсэх тухай заалт байх ба ийм төрлийн тохиролцоо хийхийг мөн хуулиар хориглоогүй бөгөөд гэрээнд заасан “20 хувийн 20 хувийг хүртэх” тохиролцоог талуудын хүсэл зориг гэж үзнэ.

 

19.Иймд 013409А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий лицензит талбайд хариуцагч 2015-2021 оны хооронд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж олсон орлогоос уг үйл ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж, үлдэх цэвэр мөнгөн гүйлгээний орлогоос нэхэмжлэгч “ГХ” ХХК-д ногдох ашигт малтмалын лиценз ашиглуулсны төлбөрийг хариуцагч “БА” ГХОХХК-аас шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн лицензит талбайд ашигт малтмалын олборлолтын үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний орлогоос Г-д  оногдох 20 хувийн 20 хувийг хүртэх  тохиролцоо нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан ногдол ашиг хуваарилах нөхцөл болзолд хамаарахгүй, компанийн дүрмийн 7.1, 7.3 дахь заалтуудаар гэрээний С хавсралтын 3 дахь заалтыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлаас ялгаатай зохицуулсан болохыг хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

20.Харин анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь, мөн хуульд байхгүй 189.6 дахь хэсэгт заасныг хэрэглэнэ гэж үзсэн нь тус тус буруу болсон ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж, Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын агуулгаар үүргийн гүйцэтгэлийг тодорхойлно гэж үзсэн нь  үндэслэлтэй  байна.

 

21.Талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн, талууд урт хугацаанд хэрэгжих агуулгатай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021.12.23-ны өдрөөс өмнөх гурван жилийн төлбөрийг шаардах эрхтэй гэж үзнэ. Хариуцагч 2015 онд олборлолт хийж эхэлснээс хойш 2019 оныг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч дээрх гэрээний үүргийн талаар шаардлага гаргаж байсан,  эсхүл хариуцагч урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй 2019, 2020, 2021 оны цэвэр мөнгөн гүйлгээний орлогоос мөнгөн төлбөрийн үүргийг тооцно.

 

22.Хэрэгт авагдсан санхүүгийн тайлангийн мөнгөн гүйлгээний тайлангаас үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ нь 2019 онд 500,824,712 төгрөг, 2020 онд 198,766,492,000 төгрөг, 2021 онд 7,991,263,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ба үүний 20 хувь нь 41,451,716,042 төгрөг, үүний 20 хувь нь 8,290,343,208 төгрөг болох нь тул энэ хэмжээгээр  нэхэмжлэлийг хангаж, харин өмнөх хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардах эрхээ алдсан үндэслэлээр, энэ хугацаанд хамаарах төлбөрийн 2,516,490,721 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

23.Дээр дурдсан үндэслэлээр энэ тогтоолын тодорхойлох хэсгийн 4.1-д “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...”, 4.2-т “...хариуцагчид үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй...”,  4.3 -т “гэрээгээр зохицуулаагүй харилцааг шүүхээс өөрөө санаачлан шууд зохицуулж өгөх байдлаар шийдвэрлэсэн...”, 4.5-д “...Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1 дэх хэсэгт заасан хууль хэрэглээг үндэслэлтэй гэж үзэхгүй...” гэх агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдсонгүй.

 Харин 4.4-т заасан “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг үндэслэлтэй дүгнээгүй...” талаарх гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд оруулсан болно.

Давж заалдах шатны шүүх шүүгч Э.Э-г татгалзан гаргах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/01829 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02234 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “БА” ГХОХХК-аас 8,290,343,208 төгрөг гаргуулж, “ГХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,516,490,721 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “54,349,970” гэснийг “41,609,666” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “БА” ГХОХХК нь 2024.11.04-ний өдөр 54,192,119 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

 

                                                 ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                     Н.БАЯРМАА

 

         П.ЗОЛЗАЯА

 

                     Д.ЦОЛМОН