Шүүгчийн нэр | М.Батсуурь |
Шийдвэрийн огноо | 2024.12.23 |
Шийдвэрийн дугаар | 001/ХТ2025/0001 |
Хэргийн индекс | 128/2024/0125/З |
Маргааны төрөл | газар |
Хуулийн зүйл, заалт | Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 |
Шийдвэрлэсэн байдал | Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2024.06.25, дугаар: 128/ШШ2024/0542 |
Анхан шатны шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2024.10.03, дугаар: 221/МА2024/0648 |
Давж заалдах шатны шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
“Н с у” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, аялал жуулчлалын
сайд /хуучин нэрээр/-д холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч Ц.Цогт
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0542 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2024/0648 дугаар магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/0471 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Т.М-О нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/358 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”
2.Хэргийн нөхцөл байдал: “Н с у” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын ... амны хязгаарлалтын бүсэд 2651 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон; 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 0201644 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2021/229 дугаартай газар ашиглах гуравласан гэрээ байгуулсан; тус гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга нар гарын үсэг зурж, баталгаажуулаагүй боловч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гарын үсэг зурсан байна. Тухайн газрын ашиглах эрх 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/358 дугаар тушаалаар хүчингүй болжээ.
2.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... гэрээнд зааснаар аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох, зориулалтаар монгол гэр барьж ашигладаг байсан, тухайн газарт техникийн нөхцөл гаргуулсан, шинэ холболтын хүсэлт гаргасан, манай байгууллага албан ёсоор баталгаажаагүй гэрээнд заасан газрын төлбөрийг тухай бүр эрх бүхий байгууллагаас төлбөрийн даалгавар үүсгэж, нэхэмжлэх үүсгэсний дараа хугацаанд нь төлсөөр ирсэн зэрэг нөхцөл байдлыг хариуцагч харгалзан үзэхгүйгээр хууль бус шийдвэр гаргасан, хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн ...” гэж тодорхойлон маргасан.
2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тус компанийн зүгээс газрын төлбөрөө тухай бүр буюу улирал тутмын дараа сарын 20-ны дотор төлөөгүй, тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдана, ... мөн газрын төлбөрийг сонсох ажиллагааны мэдэгдэл гарснаас хойш нөхөн төлсөн, газар ашиглах эрх олгосноос хойш тооцоод 3 жил ашиглаагүй гэж үзсэн, сонсох ажиллагааны мэдэгдлийг яамны болон Богдхан уулын хамгаалалтын захиргааны цахим сайтад байршуулж, дараа албан бичгээр хүргүүлсэн ...” гэх тайлбарыг гаргасан.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “... газрын төлбөрийг гэрээнд заасан болон эрх бүхий этгээдээс тогтоосон дүнгээр төлсөн, газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргах үед ч төлөгдөөгүй үлдэгдэл байгаагүй байхад дээрх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болгосон нь бодит байдалд нийцээгүй, хууль бус болжээ, ... газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүсээгүй байхад хариуцагч өөрөөс нь хамаарах энэ шалтгаан нөхцөлийг тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ... сонсох ажиллагааны тухайд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 678 дугаартай албан бичгээр иргэн, аж ахуйн нэгжид сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэх бөгөөд энэ талаар баримтгүй, харин маргаан бүхий актыг нэхэмжлэгч компанид шуудангаар хүргүүлсэн болох нь тогтоогдож байна ...” гэж дүгнэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... 2022 оны төлбөрийг хуульд зааснаар улирал бүрээр төлөөгүйг буруутгахгүй боловч хамгийн сүүлд 4 дүгээр улирлын төлбөр төлөгдөх хугацаа болох 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ч төлөөгүй, 07 дугаар сарын 07-ны өдөр төлснийг “төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж маргаан бүхий актыг гаргасан хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна, ... захиргааны байгууллага шаардах, эсхүл нэхэмжлэх үүсгэсний дараа төлөх үүрэг үүснэ гэж үзэх үндэслэлгүй, мөн нэгэнт хуульд заасан хугацаанд нь төлөөгүй нөхцөл байдал нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үүссэн байхад уг нөхцөлийг үгүйсгэх буюу тухайн хугацаанаас өмнө төлсөн баримт байхгүй тохиолдолд маргаан бүхий акт гарахаас өмнө төлсөн нь хуульд заасан нөхцөлийг үгүйсгэх үндэслэл болохгүй, ... 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 449 дүгээр тушаал гарч газар ашиглах эрх авсан, үүний дараа 2020 онд нарийвчилсан үнэлгээний тайлан гаргуулснаас хойш “УБЦТС” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15/05496/21 дугаартай техникийн нөхцөл авахаас өөрөөр газар ашиглах талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдоогүй ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5.1.“Нэг. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдлын тухайд: ... Давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахдаа хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн зохицуулалтыг давж заалдах шатны шүүхээс хэм хэмжээний урьдчилсан нөхцөл буюу гипотез хэсгийг буруу ойлгож, зөрүүтэй хэрэглэсэн. Тодруулбал, дээрх зохицуулалт нь нэгдүгээрт хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, газар ашиглах гэрээ байгуулагдсанаас хойш 2 жил дараалан ашиглаагүй байх гэсэн үндсэн нөхцөлтэй атал нэхэмжлэгч “Н с у” ХХК нь газар ашиглах гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан, маргаан бүхий захиргааны акт 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гарч, гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн хоёр жил өнгөрөөгүй болохыг анхаарч үзээгүй, энэ талаар магадлалд үндэслэлгүй дүгнэлт өгч шийдвэрлэсэн.
5.1.1.Шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 5-д “... Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10-17/597 дугаартай албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийг 2020, 2021, 2022, 2023 онуудын газрын төлбөрүүдийг үүсгэсэн нэхэмжлэхийн дагуу төлсөн гэж үзэж, маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэл болгосон нь бодит байдалд нийцэхгүй” гэж зөв дүгнэсэн. Гэтэл магадлалын “Хянавал” хэсгийн 2.6-д “Харин маргаан бүхий захиргааны акт гарах нэг нөхцөл буюу нэхэмжлэгчийг буруутгасан “2022 оны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэх асуудалтай холбоотой баримтыг үнэлж, холбогдох хуулийг хэрэглэх шаардлагатай атал анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй” гэж, 2.9-д “... нэхэмжлэгч нь 2022 оны төлбөрийг хуульд зааснаар улирал бүрээр хугацаанд нь төлөөгүй төдийгүй тухайн жилийн төлбөрийг төлж дуусах байсан 2023 оны 01 дүгээр сарын 20-ны дотор ч төлөөгүй, 07 дугаар сарын 07-ны өдөр төлснийг “төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж маргаан бүхий актыг гаргасан хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна” гэж хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн.
5.1.2.Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны акт 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гарахаас өмнө 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлснийг “газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд нь төлсөн” гэж үзэхгүй гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлажээ. Ингэхдээ хэрэгт авагдсан газрын төлбөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаараа тайлбарлаагүй. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10-17/261 дугаартай албан бичгээр “... 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 874,830 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 218,0447 төгрөгийг 1230127787358 нэхэмжлэлийн дугаараар газрын төлбөр төлсөн байна. Уг нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус албанаас үүсгэсэн байна” гэж шүүхийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ирүүлсэн тодорхойлолтыг давж заалдах шатны шүүх үгүйсгээгүй.
5.1.3.Тус албаны 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10-17/582 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанийн газрын төлбөр төлсөн жагсаалтад байхгүй асуудлаар буюу хэрэгт авагдаагүй нотлох баримтыг хийсвэр байдлаар тайлбарласанд гомдолтой байна. Учир нь, магадлалд нэхэмжлэгчийг буруутгасан 2022 оны төлбөр нь анхнаасаа нэг нэхэмжлэхээр буюу 1220200452137 тоот төлбөрийн даалгавраар бүтэн жилийн төлбөр болох 3,499,320 төгрөг төлсөн болохыг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн байхад тус төлбөрийг төлөөгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
5.1.4.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг 2020, 2021 онуудын газрын төлбөрийг зохих ёсоор төлсөн гэж зөв дүгнэсэн боловч 2021 оны илүү төлөлтийг 2022 онд суутган тооцогдсон болохыг анхаараагүй. Тодруулбал, Монголын татварын албаны аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолтоор 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар газрын төлбөрт 1,325,500 төгрөгөөс 1,325,500 төгрөг төлсөн. Үүний дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2021 онд үүсгэсэн 9 тусдаа нэхэмжлэхийн дугаараар 9 удаагийн гүйлгээгээр нийт 4,111,704 төгрөг төлөгдсөн. Нийтдээ манай компани 2021 онд газрын төлбөрт 5,437,204 төгрөгийг төлж, 1,937,884 төгрөгөөр илүү төлсөн. Энэ талаар анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шилжүүлгийн мэдээлэл болон тооцоо нийлсэн актыг тус тус нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд хүргүүлсэн байхад давж заалдах шатны шүүх манай компанийг үндэслэлгүйгээр 2022 оны төлбөрийг 7 сарын хугацаа хожимдуулж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлсөн учраас газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэж магадлал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.
5.2.Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт буюу магадлалд нөлөөлсөн тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийг эрх залгамжлагчаар тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан, хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно” гэж хуульчилсан.
5.2.1.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд”-ыг “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд” болгож өөрчилсөн нь мөн өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд”-ын эрх залгамжлагчийг “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд”-аар солиогүй атлаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-гийн гомдлыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
5.2.2.Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа хэтрүүлснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н цахимаар оролцсон. Тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0542 дугаар шийдвэр нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр албажсан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь тус шийдвэрийг тухайн өдөр “шуудангаар явуулаад өгөөч” гэж хүссэний дагуу тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/5269 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэрийг хариуцагчид хүргүүлсэн.
5.2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-ын давж заалдах гомдол нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн огноотойгоор 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14:20 минутад анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагааны 422 дугаарт дардастайгаар бүртгэгдсэн. Уг гомдлыг анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/5613 дугаар албан бичгээр давж заалдах гомдлыг 1 хоног хэтрүүлсэн гэж үзэн хариуцагчид буцаасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6181 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэн хугацаа сэргээсэн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 625 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар эцсийн шийдвэр болохыг тайлбарласан.
5.2.4.Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дахин хугацаа сэргээлгэх хүсэлт гаргахдаа Д.Н нь “гомдлоо хугацаандаа гаргасан” гэсэн агуулгаар гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Л.Б-ын бичгээр гаргасан тайлбарт “уг гомдлын эх хувийг, мөн цахимаар хариуцагчаас 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 08 минутад G.B ...@gmail.com хаягаас ирүүлснийг Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгч Захиргааны бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэн шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн ...” гэж тайлбарласан байдаг. Улмаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6911 дүгээр шүүгчийн захирамжаар өмнөх хүчингүй болгосон захирамжийн үндэслэлээр буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.6-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг захирамж гарсан өдрөөс хойш 7 хоногоор сэргээж шийдвэрлэсэн.
5.2.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.6-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 113.2, 114.1-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд гаргах бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч тухайн хүсэлтэд хавсаргасан баримтыг хянаж, захирамж гарган шийдвэрлэнэ” гэжээ. Тухайн зохицуулалтыг хэрэглэхэд хариуцагч тал нь гомдлоо хугацаандаа гаргаагүй байх, тэрхүү гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх, тэдгээртэй холбоотой нотлох баримтыг хавсаргаснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.6-д зааснаар шүүгч захирамж гарган шийдвэрлэх байсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хугацаа хэтрүүлсэн бус хугацаандаа давж заалдах гомдлоо гаргасан гэж тайлбарлаж, хүсэлт гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх процессын эрх зүйн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэх байдлаар гомдол гаргах хугацаа сэргээх эрх зүйн боломжгүй.
5.2.6.Хугацаа сэргээсэн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч болон нэхэмжлэгч талын төлөөлөгчдийг биечлэн оролцуулж, 689 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд тогтоол нь эцсийн шийдвэр болохыг тайлбарласан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар “Энэ хуулийн 122.6-д заасан тогтоол эцсийн шийдвэр байна” гэснийг мэдсэн атлаа нь хугацаа сэргээсэн 7 хоногийн хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны дотор гомдол гаргаагүй, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дардастайгаар гомдол гаргасан. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас мэтгэлцсэн байхад гомдол гаргаж буй магадлалд огт дүгнээгүй, давж заалдах гомдлын хугацаанд нь гараагүй байхад түүнийг хүлээн авч, шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосныг зөвтгөх үндэслэлгүй гэж үзэж байна.
5.3.Гурав.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд: ... Магадлалын “Хянавал” хэсгийн 3.3-т “... 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 449 дүгээр тушаал гарч газар ашиглах эрх авснаас ... хойш 15/05496/21 тоот техникийн нөхцөл авахаас өөрөөр газар ашиглах талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдоогүй ...” гэж тайлбарлан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн байдаг. Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг “... гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор ...” гэж тайлбарласан.
5.3.1.Манай компани 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/229 дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г захиргааны байгууллага, албан тушаалтнаас бүрэн баталгаажуулаагүй боловч тус гэрээнээс өөр гэрээ байгуулагдаж байгаагүй. Манай компанийн гэрээнд заасан үүрэг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн байхад хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “... гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор ...” газрыг ашиглаагүй гэж үзэж хууль бус захиргааны акт гаргасан байна.
5.3.2.Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолд зааснаас өөрөөр буюу газар ашиглах эрх олгосон тушаал гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацааг тоолж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5.3.3.Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг дээд шүүхийн тогтоолуудаас өөрөөр хэрэглэсэн байдаг. Үүнд: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаартай тогтоолын “Хянавал” хэсгийн 10-т “... Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан” гэж тухайн зохицуулалтыг хэрэглэхдээ урьдчилсан нөхцөлийг тодорхойлсон. Гэвч гомдол гаргаж буй магадлалд газар ашиглагчийн эрхийг цуцалсан захиргааны актын хууль зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөв тайлбарлан хэрэглэхгүйгээр, зөвхөн үйл баримтад дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.
5.3.4.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2023/0072 дугаар тогтоолоор “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй” гэх үндэслэлийн талаар дүгнэж тайлбарласан байх бөгөөд энэ хэргийн тухайд нэхэмжлэгч нь газрын төлбөрөө зохих ёсоор төлсөн, газар ашиглах гурван талт гэрээг дүүргийн Засаг дарга батлаагүй боловч бид хууль болон гэрээнд зааснаар газрын төлбөрөө төлж байсан тул дээрх хяналтын шатны шүүхийн тогтоолоор дүгнэгдсэн үйл баримтаас ялгаатай байна.
5.3.5.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2023/0060 дугаар тогтоолын 15, 17-д тус тус сонсох ажиллагаа болон газрын төлбөр төлөх үүргийн харилцан хамаарлын тухай дүгнэсэн байдаг. Тодруулбал, захиргааны байгууллага сонсох ажиллагааг зохих журмын дагуу хийсэн бол хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх байсан буюу газар ашиглагч хуулийн этгээд тодорхой байхад тухайн хувь этгээдэд мэдэгдэх бүрэн боломжтой байсан 2022 оны газрын төлбөрийг улирал бүрд тооцоогүй зөвхөн нэг удаа бүтэн дүнгээр тооцож, Газрын албанаас төлүүлсэн учраас захиргаа сонсох ажиллагаагаа зохих журмын дагуу хийсэн бол бид бүхэн дээр дурдсан газрын төлбөртэй холбоотой бүхий л тайлбар, баримтаа гаргаж өгөх боломжтой байсан.
5.3.6.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2024/0093 дугаар тогтоолын 12-т “... дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон тус дүүргийн Татварын хэлтэст нэхэмжлэгч “Ю” ХХК-тай холбоотой газрын төлбөрийн нэхэмжлэх үүссэн эсэх, хэрэв үүссэн бол хэзээ, ямар зориулалтаар үүссэн болох, мөн 2020-2023 онд төлсөн гэх газрын төлбөр нь маргаан бүхий газарт хамааралтай эсэх зэрэг шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, бүрэн тодруулснаар ... маргаан бүхий актын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай” гэж дүгнэсэн байдаг. Манай тохиолдолд газрын болон татварын албаны бүхий л нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд газрын төлбөрийг зохих ёсоор төлсөн.
5.3.7.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2024/0076 дугаар тогтоолын 15-д “... Дээрх нэмэлт, өөрчлөлт орсон хуулийн зохицуулалтын дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газрын ашиглалтын тухайн жилд ногдох газрын төлбөрийг ногдуулж, Татварын албанд хүргүүлэх бөгөөд Татварын албанаас тухайн ногдуулалтын талаарх мэдээллийг нэхэмжлэгчид цахимаар, эсхүл бусад арга хэрэгслээр мэдэгдэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл, төлбөр төлөх үүрэг хуулиар үүсэх хэдий ч холбогдох байгууллагуудаас төлбөрийн нэхэмжлэхийг мэдээллийн системд оруулсны дараа газрын төлбөр төлөх боломж газар эзэмшигч, ашиглагчид нээгдэнэ гэж үзэхээр байна ... манай компанид нэхэмжлэх үүсгээгүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа, газрын төлбөрөө төлөхөөр захиргааны байгууллагад хандаж байсан ...” гэсэн агуулгаар гомдол гаргасан нь үндэслэл бүхий байна” гэж дүгнэсэн нь манай тохиолдолтой ойролцоо байна. Тодруулбал, манай компанийн 2022 оны газрын төлбөрийг нэг дор нэг нэхэмжлэхээр үүсгэсэн нь бидний улирал бүр газрын төлбөр төлөх үүрэгт нөлөөлсөн. Мөн захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлсэн бол хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх байсан буюу давж заалдах шатны шүүхээс төлбөрийн нэхэмжлэх үүсээгүй шалтгаан, нөхцөлийн хамаарлыг зөв тогтоохгүйгээр шууд “төлбөрийн нэхэмжлэх үүсэхгүй байх нь тухайн газрыг эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлтийг хийж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байна.
5.3.8.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2024/0059 дүгээр тогтоолын 17-д “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” болон “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмын агуулгыг тайлбарлахад, захиргааны байгууллага хэн нэгний эрхэд халдсан шийдвэр гаргахын өмнө үр дагавар нь тусах, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс урьдчилан тайлбар авч, үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох, магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр шийдвэр гаргах үндэслэл байгаа эсэхийг бүрэн дүүрэн нягтлах, ийнхүү мэдэгдсэнээр иргэн, хуулийн этгээдэд гэнэтийн байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй байх, иргэний мэдэх эрхийг хангах, улмаар тухайн этгээдийн хувьд хамгийн бага дарамт учруулахуйц, аргыг хэрэглэх зорилготой. Энэ тохиолдолд захиргааны байгууллага нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглахаар юу хийсэн, хийгээгүй бол ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, цаашид ямар арга хэмжээ авах боломжтой зэргийг шалгахгүйгээр, гэнэтийн байдлаар шийдвэр гаргасан нь шийдвэр гаргах ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэв” гэж дүгнэсэн нь манай тохиолдол дахь маргаан бүхий захиргааны акт гаргасан хариуцагчийн үйл ажиллагаатай ижил, төсөөтэй байна. Хугацаа тоолох журмыг давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн байдаг.
5.3.9.Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 18 дугаар тогтоолын 5.6.д/-д “Хуулийн 122.6-д мөн хуулийн 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг шийдвэрлэж, гаргах тогтоолын төрлийг тодорхой хуульчилсан бөгөөд “шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг “хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” зохицуулалт тусгагдаагүй, тодруулбал, 122.6.3 дахь заалтад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг зөвхөн “хүчингүй болгох”-оор заажээ. Энэ тохиолдолд шүүх хуулийн 121.1.4, 127.2.5 дахь заалтуудыг төсөөтэй хэрэглэж, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахгүй гэж ойлгоно" гэж тодорхойлоод “Тайлбарлах’’ хэсгийн 9-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.3 дахь заалтын “хүчингүй болгох” гэдгийг шууд утгаар нь буюу шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгоно, дахин хэлэлцүүлэхээр буцаахгүй гэж ойлгоно” гэж албан ёсоор хуулийн адил хүчин чадалтай тайлбар гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “хугацаа сэргээсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож" шийдвэрлэсний дараа тухайн асуудлаар дахин хугацаа сэргээсэн нь Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Мөн тайлбарын 6-д зааснаар “мөн хэргийн нэг талын оролцогч, түүний төлөөлөгч болон өмгөөлөгчийн хэн аль нь түрүүлж /эхэлж/ шүүхийн шийдвэрийг гардаж авсан /гардан авсанд тооцогдсон/, эсхүл хүргүүлсэн /хүргүүлсэнд тооцогдсон/ үеэс хэргийн уг талын давж заалдах гомдол гаргах хуульд заасан 14 хоногийг тоолж эхэлнэ” гэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гаргаж, давж заалдах журмаар 7 хоногийн дотор гомдол гаргахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн хугацааг буруу тооцоолж, хугацаа тоолох журмыг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байдаг.
5.4.Дөрөв. Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд шударга ёс, хууль дээдлэх ... төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2.4, 4.2.5, 4.2.6-д “Захиргааны үйл ажиллагаанд үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах дараах тусгай зарчмыг баримтална” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж тус тус заасан.
5.4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим (met.gov.mn) сайт хаягаар 2023 оны 06 дугаар сарын 30- ны өдрийн мэдэгдлийг нийтэлж сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарладаг ба ингэхдээ нийт 37 аж ахуйн нэгжид хандан нэг мэдэгдэл гаргасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн агуулга нь нэгэн адил үйл баримтаар, нэг захиргааны актаар 21 буюу түүнээс дээш тооны этгээдүүдийн асуудлыг шийдвэрлэх тохиолдолд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж болохоор зохицуулсан. Харин маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/358 дугаар тушаал нь зөвхөн нэг этгээд буюу “Н с у” ХХК-д зориулж гаргасан, түүнд хамааралтай байдаг. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам 37 аж, ахуйн нэгжтэй хамтатган сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтэлсэн нь дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгтэй нийцээгүй. Зүй нь маргаан бүхий захиргааны актыг зөвхөн нэхэмжлэгчид хамааруулж гаргасан учир сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр хүргүүлэх ёстой байсан ...
5.4.2.Онолын бүтээлүүдэд “Сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагад үр нөлөөтэй, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжийг олгодог ба шийдвэр гаргахаас өмнө холбогдох талуудыг сонсох нь шийдвэр гаргаснаас хойш гардаг сөрөг үр дагаврыг бууруулах боломжийг олгодог” гэжээ. Мөн “Сонсох ажиллагаа нь зөвхөн оролцогчид өөрийгөө илэрхийлэх боломж олгодог гэж ойлгож болохгүй, энэ нь захиргааны байгууллага оролцогчийн шийдвэрийн талаарх үзэл бодлыг мэдсэнээр өөрийн гаргах шийдвэрийнхээ үндэслэлд итгэл үнэмшилтэй болно” гэж үздэг. Иргэн, хуулийн этгээд нь захиргааны акт гарахаас өмнө захиргааны акт гарах болсон бодит нөхцөл байдлыг өөрийн санаачилгаар засварлах эрхтэй бөгөөд түүний үр дагаврыг өөрчлөх боломжоор хангагддаг.
5.4.3.Хариуцагч нь “Н с у” ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй атлаа хариу тайлбар өгөөгүй гэж үзэж бодит нөхцөл байдлыг алдаатай дүгнэсэн. Бодит нөхцөл байдалд нэхэмжлэгч нь 1220200452137 дугаартай нэг нэхэмжлэхийн дагуу 2022 оны газрын төлбөрт 3499320 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлж газрын төлбөрийн үлдэгдэлгүй болсон. Гэтэл хариуцагч газрын төлбөрийн зөрчил арилаагүй гэж үзэж 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхэд халдаж хүчингүй болгосон. Тиймээс хариуцагч нь шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, шалгасны үндсэн дээр бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй, бусдын эрхэд халдсан байна.
5.4.4.Өөрөөр хэлбэл, захиргааны актын үндэслэл болсон шалтгаан нөхцөл арилсан байхад үүнийг харгалзаж үзэлгүй хуулийн этгээдийн эрхэд халдсан. Энэ нь Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим, хууль дээдлэх зарчимд нийцэхгүй бөгөөд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон. Үндэслэл бүхий байх тусгай зарчмыг хангаагүй бөгөөд тус маргааныг хяналтын журмаар хянан хэлэлцэж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн магадлалаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж тухайн шүүх бүрэлдэхүүний олонх үзсэн буюу нэг шүүгч тусгай санал гаргаж, хэрэгт хавсаргасан нь тухайн маргааныг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэж, хууль хэрэглээг тогтооход нийтлэг ач холбогдолтой болохыг илэрхийлж байна ...” гэжээ.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Т.М-О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2024/0471 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлүүдээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
9.Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/358 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналд үндэслэн “... газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр “Н с у” ХХК-ийн 2651 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон нь дараах байдлаар хуульд нийцээгүй.
Нэг.Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тухайд:
10.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.
11.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасан.
12.Хэрэгт авагдсан, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10-17/261 дүгээр[1], 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10-17/582[2] дугаар, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10-17/597[3] дугаар албан бичгүүд, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[4], Татварын албаны болон банкны шилжүүлгийн мэдээлэл[5], Монголын татварын албаны аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт[6] зэрэг баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “Н с у” ХХК нь гэрээгээр тогтоосон төлбөр болон дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тогтоосон шинэчилсэн үнэлгээгээр газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлж, зөрчил арилсан гэж үзэх үндэслэлтэй байна.
13.Тухайлбал, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны хооронд үүсгэсэн Татварын албаны тайлангаар газрын хагас жилийн төлбөрт 1,325,500 төгрөгийг; харин дүүргийн Газрын албаны баримтуудад тусгаснаар 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2021 оны 1-4 дүгээр улирлын ногдуулалтад нийт 3,737,912 төгрөгийг; 2022 оны бүтэн жилийн ногдуулалт 3,499,320 төгрөг болон 2023 оны 1-3 улирлын ногдуулалтын нийт 2,624,490 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр; мөн 2020 оны төлбөрийн нэхэмжлэх 2023 онд үүссэнээр тухайн оны 2,180,447 төгрөг болон 2023 оны 4 дүгээр улирлын ногдуулалтын 874,830 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус төлжээ.
14.Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2021 онд газрын төлбөрт нийт 5,063,412 төгрөгийг төлж, 1,564,092 төгрөгийн илүү төлөлттэй байсан, уг илүү төлөлт нь Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д заасан “... дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэсэн заалтын хүрээнд байх бөгөөд үүнийг 2022 оны төлбөрт тооцох боломжтой байсан; түүнчлэн 2023 оны 08 дугаар 15-ны өдрийн маргаан бүхий акт гарахаас өмнө буюу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2022 оны бүтэн жилийн төлбөр 3,499,320 төгрөг болон 2023 оны 1-3 улирлын төлбөрт нийт 2,624,490 төгрөгийг төлснөөр газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан байна.
15.Энэ талаарх анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгч “Н с у” ХХК нь 2020 оны А/449 дугаар тушаалаар ашиглах эрх авсан газрын 2021/229 дугаартай гэрээгээр тогтоосон төлбөр болон 2021 он, 2022 он, 2023 оны 4 дүгээр улирлын төлбөрийг шинэчилсэн үнэлгээгээр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тогтоосон дүнгээр төлсөн байна, ... газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргах үед ч төлөгдөөгүй үлдэгдэл байгаагүй байхад дээрх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болгосон нь бодит байдалд нийцээгүй, хууль бус болжээ. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч компани 2021 оны 11 дүгээр сард газар ашиглах гэрээг байгуулсан тул 2020 оны газрын төлбөр төлөх үндэслэлгүй, 2023 оны 8 дугаар сард маргаан бүхий актаар түүний газар ашиглах эрхийг цуцалсан байхад 2023 оны 4 дүгээр улиралд нэхэмжлэх үүсгэж 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлүүлсэн гэж харагдаж байна ...” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
16.Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарахгүйгээр “... 2022 оны төлбөрийг хуульд зааснаар улирал бүрээр төлөөгүйг буруутгахгүй боловч хамгийн сүүлд 4 дүгээр улирлын төлбөр төлөгдөх хугацаа болох 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ч төлөөгүй, 07 дугаар сарын 07-ны өдөр төлснийг “төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж маргаан бүхий актыг гаргасан хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна. Тэрээр газрын төлбөр нь татварын нэг төрөл бөгөөд газар эзэмшигч, ашиглагч нь дээрх хууль, гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй, захиргааны байгууллага шаардах, эсхүл нэхэмжлэх үүсгэсний дараа төлөх үүрэг үүснэ гэж үзэх үндэслэлгүй, мөн нэгэнт хуульд заасан хугацаанд нь төлөөгүй нөхцөл байдал нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үүссэн байхад уг нөхцөлийг үгүйсгэх буюу тухайн хугацаанаас өмнө төлсөн баримт байхгүй тохиолдолд маргаан бүхий акт гарахаас өмнө төлсөн нь хуульд заасан нөхцөлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт 8 дугаар сард гарахаас өмнө 07 дугаар сард төлснийг “газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд нь төлсөн” гэж үзэх нөхцөлийг бий болгохгүй” гэсэн дүгнэлтийг хийж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “... 2021 оны илүү төлөлтийг 2022 онд суутган тооцогдсон болохыг анхаараагүй” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авахаар байна.
Хоёр.Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
17.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан; мөн хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
18.2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2021/229 дугаартай газар ашиглах гуравласан гэрээ байгуулах харилцаанд нэхэмжлэгчийн идэвхтэй буруутай үйлдэл байхгүйгээс гадна тухайн гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад хариуцагчаас нэхэмжлэгч “Н с у” ХХК-ийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
19.Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч “Н с у” ХХК-ийн ашиглах эрхтэй тухайн газар дээр хийгдэх 2020 онд түр буудаллах, отоглох газрын эскиз зураг хийлгэж, 2021 онд 15/05496/21 тоот дугаартай техникийн нөхцөлийн дагуу зураг хийгдэж, экспертизээр батлуулж техникийн нөхцөл авч, сунгуулах хүсэлт гаргаж, 2020 онд хэрэгжүүлэх төслийнхөө Байгаль орчинд нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан, 2020-2024 он хүртэлх байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан байх тул нэхэмжлэгч компанийг газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэхээргүй байна.
20.Тодруулбал, нэхэмжлэгчээс 2020 онд тухайн газар дээр хийгдэх түр буудаллах, отоглох газрын эскиз зураг хийлгэж, хэрэгжүүлэх төслийнхөө Байгаль орчинд нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан, 2020-2024 он хүртэлх байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан, 2021 онд 15/05496/21 дугаартай техникийн нөхцөлийн дагуу зураг хийгдэж, экспертизээр батлуулж, техникийн нөхцөлийг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр авсан, сунгуулах хүсэлтээ 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “УБЦТС” ХК-д гаргасан, Эрчим хүчний сайдын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар 2021-2022 оны өвлийн ачаалалтай холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд техникийн нөхцөлийн хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг зогсоосон, “УБЦТС” ТӨХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/813 дугаар албан бичгээр “... тус компани нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр техникийн нөхцөл хүлээж авах программд бүртгүүлсэн боловч хугацаандаа өгөөгүй шалтгаанаар сунгаагүй, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлтийг Эрчим хүчний сайдын 2021 оны А/211 дугаартай тушаал гарсан хугацаанд ирүүлснийг хүсэлт гаргагчийн бүртгүүлсэн дугаарт мэдэгдсэн ...” талаарх баримтууд авагдсаны зэрэгцээ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна[7].
21.Гэтэл захиргааны байгууллагаас тухайн бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, үйл ажиллагаа явуулах тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг харгалзан үзээгүй, зориулалтын дагуу газраа ашиглах хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа (2023 оны 11 дүгээр сарын 29) дуусаагүй байхад 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийг зааж, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь уг харилцаанд хэрэглэгдэх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
22.Гэтэл давж заалдах шатны шүүх “... газар ашиглах эрхээ 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай дээрх баримт бичгийг авч байсан боловч өөр үйл ажиллагаа явуулаагүй, “УБЦТС” ХХК-ийн техникийн нөхцөлийг сунгаагүйгээс бусад үйл ажиллагааг явуулах боломжгүй “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан гэж үзэх үндэслэлгүй, ... нэхэмжлэгч нь тухайн газрыг “хүн буудаллах, отоглох” зориулалтаар ашиглахгүй, харин аялал жуулчлалын бааз барихаар зураг төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ гаргуулсан байхад ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй ...” гэж буруу дүгнэсний зэрэгцээ газар ашиглах гэрээ байгуулснаас хойш хуанлийн 2 жил өнгөрөөгүй байгааг анхаараагүй байна.
23.Тиймээс нэхэмжлэгч “Н с у” ХХК нь газар ашиглах гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан , маргаан бүхий захиргааны акт 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гарч, гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн хоёр жил өнгөрөөгүй болохыг анхаарч үзээгүй, энэ талаар магадлалд үндэслэлгүй дүгнэлт өгч шийдвэрлэсэн” гэх хяналтын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
26.Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2024/0648 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Т.М-О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ
[1] 2-р хавтаст хэргийн 77-80 хуудас.
[2] 2-р хавтаст хэргийн 130-131 хуудас.
[3] 2-р хавтаст хэргийн 139-140 хуудас.
[4] 2-р хавтаст хэргийн 141 хуудас.
[5] 1-р хавтаст хэргийн 25-37 хуудас, 2-р хавтаст хэргийн 47-52 хуудас.
[6] 2-р хавтаст хэргийн 46 хуудас.
[7] УДШ-ийн 2024.09.09-ний өдрийн 76 дугаар тогтоол.