В.Т-т холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр Б.Цогт
Шийдвэрийн огноо 2024.10.30
Шийдвэрийн дугаар 2024/ХШТ/124
Хэргийн индекс 105/2024/0563/Э
Маргааны төрөл None
Хуулийн зүйл, заалт 27.10.3
Шийдвэрлэсэн байдал

Тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.06.05, дугаар: 653
Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.07.16, дугаар: 833
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар: 2024/ХШТ/124
Улаанбаатар хот


В.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 653 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 833 дугаар магадлалтай, В.Т-т холбогдох 2403001120202 дугаартай хэргийг иргэний хариуцагч “Т” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Баттөрийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... онд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, ял шийтгэлгүй, Т

 

В.Т нь 2024 оны 02 сарын 15-ны өдөр 06 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Санан дурсахуй” төвийн баруун замд “Киа Бонго” загварын ... УНЧ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц луу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.М-г мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч В.Т-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-т 10,000,000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Таас болон иргэний хариуцагч “Т” ХК-иас тус бүр 51,727,289 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-т 103,454,579 төгрөг олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч В.Т болон иргэний хариуцагч “Т” ХК-иас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Т” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Барсболдын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч “Т” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Баттөр гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” хэмээн заасан. Үүнээс үзвэл манай тохиолдолд эл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн хэн бэ гэдгийг хууль зүйн хүрээнд тодорхойлох зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. Гомдол гаргагчийн хувьд эл гэмт хэргийн хүрээнд иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд биш атал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнө нь дурдсанаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийг үндэслэн, харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эдгээр эрх зүйн зохицуулалт дээр нэмж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг удирдлага болгон манай компаниас 51.727.289 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь шүүгдэгч В.Т-ын хувьд осол гаргах үедээ унаж байсан “Kia Bongo” маркийн ... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль болон гэрээний үндсэн дээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, өмнөх өмчлөгч болох манай компанийн уг тээврийн хэрэгслийг өмчлөх эрх дуусгавар болж, шинэ өмчлөгч болох шүүгдэгч В.Т-т тус тээврийн хэрэгслийг өмчлөх эрх нэгэнт үүссэн.

Тодруулбал хавтаст хэргийн 168-170 дугаар талд авагдсан “Т” ХК болон шүүгдэгч В.Т нарын хооронд байгуулагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний 1.6-д Худалдан авагч гэрээний үүргээ биелүүлэх хүртэл дээрх автомашин худалдагчийн өмчлөлд байна, 4.3-д Худалдан авагч төлбөр тооцоог барагдуулсны дараа автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж талууд харилцан тохиролцсон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хувьд дараах үндэслэлээр 2024/ДШМ/833 дугаар магадлалыг гаргасан. Үүнд:

1. Шүүгдэгч В.Т-ыг манай компанид хөлсөөр ажиллах гэрээний дагуу уг компанийн бараа бүтээгдэхүүнийг түгээн борлуулах ажил эрхэлдэг, ажил үүргээ гүйцэтгэх явцад гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн. Гэвч шүүгдэгч В.Т-ын хувьд манай компанид хөлсөөр ажиллах гэрээний дагуу бус харин “Дистрибьютер ажиллуулах гэрээ”-ний үндсэн дээр манай компанийн бараа бүтээгдэхүүнийг түгээн борлуулж хамтран ажилладаг байсан ба улмаар борлуулсан бүтээгдэхүүнээсээ гэрээгээр харилцан тохиролцсон хугацаанд хувь буюу шагнал авдаг байсан ба нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, бензин, засвар үйлчилгээ гэх мэт өөрт холбогдох зардлыг өөрөө хариуцдаг байсан. Иймээс түүнийг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил эрхэлдэг байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

“Т” ХК болон шүүгдэгч В.Т нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.3-д “Худалдан авагч төлбөр тооцоог барагдуулсны дараа автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан үүргээ худалдагч тал болох “Т” ХК хэрэгжүүлээгүй буюу төлбөр төлсөн гэх цаг хугацаанаас хойш 3 жил өнгөрсөн байхад “Kia Bongо” маркийн - УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тухайн компанийн нэр дээр бүртгэлтэй хэвээр ашиглагдаж байсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн. Гэвч тээврийн хэрэгслийн улсын бүртгэл нь гэм хорын хариуцлагыг хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй юм. Түүнчлэн гэрээний 4.3-д “Худалдан авагч төлбөр тооцоог барагдуулсны дараа автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан нь манай компани тээврийн хэрэгслийн улсын бүртгэл хийлгэх үүрэг хүлээнэ гэсэн ойлголт биш бөгөөд харин уг тээврийн хэрэгслийг худалдан авагчийг өмчлөлд шилжүүлэхэд шаардлагатай өөрөөс хамаарах баримт бичгийг гаргаж өгнө гэсэн утгатай болно. Учир нь Монгол Улсын Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171,1-д “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан байна. Эндээс харвал шүүгдэгч В.Т нь уг тээврийн хэрэгслийг өмчилж авснаас хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 72 цагийн дотор нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлэх ёстой байсан буюу тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэх үүрэг хуульд заасны дагуу түүнд ногдсон байсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хууль зүйн буруу дүгнэлт хийн магадлал гаргасан. Түүнчлэн шүүгдэгч В.Т-ын хувьд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс уг тээврийн хэрэгслийг өмчилж авсан буюу “Т” ХК-н хувьд уг тээврийн хэрэгслийг өмчлөх эрх мөн өдрөөс эхлэн дуусгавар болсон. Учир нь Монгол Улсын Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ: 111.2.1 дэх хэсэгт өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” хэмээн тус тус заасан. Өөрөөр хэлбэл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь гэрчилгээнд нэр нь бичигдсэн цаг мөчөөс бус харин эзэмшлийг шилжүүлсэн мөчөөс шилждэг бөгөөд талууд харилцан тохиролцсон тохиолдолд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилждэг буюу өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болж шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүсдэг билээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын явцад иргэний хариуцагчаар “Т” ХК-г татах хууль зүйн үндэслэл дээр дурдсанаар огт байхгүй байхад ийнхүү иргэний хариуцагчаар татсаныг зөвтгөн анхан шатны шүүхээс зөвхөн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг үндэслэл болгон бусад хууль зүйн үндэслэл бүхий баримтуудад үндэслэхгүйгээр харин давж заалдах шатны шүүхээс уг үндэслэл дээр нэмэх нь манай компанитай дистрибьютерийн гэрээгээр хамтран ажилладаг этгээдийг хөлсөөр ажилладаг этгээд хэмээн тодорхойлж улмаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг шилжүүлэх үүрэг нь холбогдох хуулиар шүүгдэгчийн үүрэг атал манай компанийг иргэний хариуцагч гэж үзсэн нь хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас иргэний хариуцагчаар татагдах ёсгүй этгээдийг татсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Хоёр. Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд:

“Т” ХК-н хувьд иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд биш хэмээн маргаж байгаа бөгөөд үндэслэлээ гомдлын нэгдүгээр хэсэгт тайлбарласан. Эрүү, иргэн, захиргааны шүүх гэлтгүй аливаа шүүхүүдийн хувьд өмчлөх эрхтэй холбоотой маргаан цөөнгүй гардаг тул өмчлөх эрх үүсэх тэр дундаа хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх үе буюу хэзээ үүсэх талаар өөрөөр хэлбэл заавал холбогдох бүртгэлийг хийлгэснээр өмчлөх эрх шилжих ёсгүй талаар Иргэний хуульд тухайлан дурдсан байгааг шүүхийн практикт өөр өөрөөр хэрэглэх үндэслэлтэй байгаа тул эл маргааныг холбогдох хуульд нийцүүлэн шийдсэнээр хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/653 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ДШМ/833 дугаар магадлалын Иргэний хариуцагч “Т” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч “Т” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтуяа хэлсэн саналдаа “... хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Манай компани В.Т-тай 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Бонго” маркийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр бүрэн төлөгдөж дууссан. Төлбөр төлөгдөж дууссан хугацаанаас 3 жил 30 хоногийн дараа зам тээврийн осол гарсан.

Анхан болон давж заалдах шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтаар хэргийг шийдвэрлэсэн учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар манай компанийг иргэний хариуцагчаар татах хөөн хэлэлцэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. В.Т нь манай компанитай хоёр дахь удаагаа дистрибьютерийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус гэрээгээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зам тээврийн осол, шатахуун, цалин хөлсийг зохицуулдаг. Иргэний хуулийн 111, 112 дугаар зүйлийг Улсын дээд шүүхээс “…сүүлийн төлбөр төлөгдөж дуусмагц өмчлөл шилжинэ” гэж тайлбарласныг анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн агуулгаар нь хэрэглэсэнгүй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх зохицуулалт нь манай компанид хамаарахгүй. Учир нь манай компани В.Т-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, үндсэн ажилтан биш, цалин авдаггүй, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлдөггүй буюу ажил олгогч, ажилтны хооронд үүссэн эрх зүйн харилцаа байхгүй.

Шүүх манай компанийг худалдах, худалдах авах гэрээний 4.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үздэг. Гэвч Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар В.Т тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлэх эрх нь нээлттэй байсан.

Иймд “Т” ХК-ийг иргэний хариуцагчаар татаж, 51,727,289 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа “... уг тээврийн хэрэгсэл одоог хүртэл “Т” ХК-ийн эзэмшилд бүртгэлтэй явдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулсан ба Иргэний хуулийн 499 дүгээр зүйл нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийг хариуцлагажуулсан заалт учир шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Тухайн үед шүүгдэгч В.Т-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь “Т” ХК-ийн өмчлөлд байсан. В.Т нь “Т” ХК-тай хөлсөөр ажиллах гэрээний дагуу тухайн компанийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг гүйцэтгэх явцдаа осол гаргасан ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар “Т” ХК-ийг иргэний хариуцагчаар татаж, шүүгдэгч болон иргэний хариуцагч тус бүрээс 51,727,289 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Прокурор Ш.Одонсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч В.Т нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.М-г мөргөж амь насыг нь хохироосон болох нь хуульд заасан үндэслэл журмын үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

2017 онд хоёр тал харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба тус гэрээ худалдан авагч төлбөрөө бүрэн төлсний дараа худалдагч тал тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэн өгөх үүрэг болгосон заалттай. Худалдан авагч төлбөрөө бүрэн төлсөн хэдий ч нэг тал нь гэрээний заалтаа хэрэгжүүлээгүй ба тээврийн хэрэгсэл “Т” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх зохицуулалтай уялдаж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх зохицуулалттай. Шүүгдэгч болон “Т” ХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй. Түүнчлэн дистрибьютер ажиллуулах гэрээгээр В.Т-аар борлуулалтын ажил гүйцэтгүүлсэн. Тухайн гэрээний заалт, агуулгыг авч үзвэл хөдөлмөрийн гэрээтэй адилтган авч үзэхээр байна. Тэгэхээр ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хариуцагчаас хохирол, хор уршгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байна. Гэхдээ зорчих эрхийг хязгаарлах ялыг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байдлаар буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь үндэслэлгүй. Тэгэхээр зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана. Хэрэв сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзвэл үүнтэй холбоотой шийтгэх тогтоол, магадлалын заалтыг хүчингүй болгож, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх боломжтой” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Иргэний хариуцагч “Т” ХК-ний төлөөлөгч Л.Баттөрийн гаргасан гомдлыг үндэслэн В.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч В.Т нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 06 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Санан дурсахуй” төвийн баруун замд “Киа Бонго” загварын ... УНЧ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “... хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.М-г мөргөж, амь насыг нь хохироосон болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч В.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайг тогтоосон хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

Харин шүүх В.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг 3 жил хязгаарлах ял шийтгэхдээ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх хязгаарлалт тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх боловч гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон ялыг сонгон оногдуулах нь шүүхийн үүрэг билээ.

 

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хоёр шатны шүүх нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн В.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих, зорчих эрхийг хязгаарлах гэсэн хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэжээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраас явах, өөрчлөх, тодорхой газарт очихыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэх зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртай.

 

Шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа хэргийн нөхцөл байдлаас хамаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах хязгаарлалтын аль нэгийг, эсхүл хэд хэдэн хориглолт, хязгаарлалтыг зэрэгцүүлэн хэрэглэх боломжтойгоос гадна ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй харилцахыг давхар хориглож болно.

 

Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний суурь эрх, иргэний журамт үүрэг, гэр бүлийн амин чухал хэрэгцээ шаардлагыг тус тус харгалзан хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарлалт тогтоох хугацаа, түүнчлэн хэргийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр ялтны гадагш зорчихгүй байх хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох аймаг, нийслэл, эсхүл сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хялбарчилж тогтоох, эсхүл үндэслэл заахгүйгээр хязгаарлалын бүсийг хэт хумьж ялтны оршин суугаа баг, хорооны нутаг дэвсгэр, эсхүл оршин суух тодорхой хаяг буюу гэрээсээ гарч явахыг хориглох, эсхүл хязгаарлалт тогтоох нутаг дэвсгэрийн хүрээг шийдвэрлэхгүй орхигдуулах зэрэг алдаа зөрчил нь ял оногдуулах үндэслэл, журамд нийцэхгүй бөгөөд уг ялын хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхаарвал зохино.

 

Шүүхээс хүлээлгэсэн зорчих эрхийн хязгаарлалт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжлийн үр нөлөөтэй байх шаардлагыг хангахаас гадна ялтан ял завших, эрх бүхий байгууллагаас уг ялын хэрэгжилтэд тасралтгүй техникийн болон биечилсэн хяналт тавих боломжийг хязгаарласан шинжтэй байж болохгүй.

 

Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан бөгөөд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зайлшгүй хэрэгцээ шаардлагуудыг харгалзан чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн дүүрэг, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг сонгон тогтоож байх нь зохистой.

 

Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь дүүрэгт хуваагдах тул шүүгдэгч В.Тын зорчих эрхийг түүний албан ёсоор оршин суух хаягийн бүртгэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласан өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулахаар шийдвэрлэлээ.

 

Мөн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг арилгуулах зорилгын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-ын оршуулгын зардалд нэхэмжилсэн 14.454.579 төгрөгөөс шүүгдэгч В.Т-ын нөхөн төлсөн 10.000.000 төгрөгийг хасч үлдэх 4.454.579 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.

 

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадлагааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.

 

Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан болно.

 

Тухайлбал, дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

 

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

 

2.1.5.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.

 

Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон байна.

 

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч М.Б-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй ба давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

 

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын гэм хорын хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б- нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний хариуцагч “Т” ХК-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 653 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох” гэснийг

“... Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох” гэж,

8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч В.Т-аас 4,454,579 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б-т олгосугай” гэж  тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Т” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Л.Баттөрийн гаргасан гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                                   Ч.ХОСБАЯР

 

           ШҮҮГЧИД                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                   Б.БАТЦЭРЭН

 

                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                         Б.ЦОГТ