З.Э-ий нэхэмжлэлтэй, С.Х нарт хоблогдох

Шүүгчийн нэр Н.Батзориг
Шийдвэрийн огноо 2024.10.10
Шийдвэрийн дугаар 001/ХТ2024/00224
Хэргийн индекс 143/2023/00486/и
Маргааны төрөл Банкны зээл
Хуулийн зүйл, заалт Иргэний хуулийн 451.1.
Шийдвэрлэсэн байдал

Магадлалыг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.03.01, дугаар: 143/ШШ2024/00092
Анхан шатны шүүх Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.05.24, дугаар: 203/МА2024/00019
Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар: 001/ХТ2024/00224
Улаанбаатар хот


    “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

         хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2024/00092 дугаар шийдвэртэй,

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 203/МА2024/00019 дүгээр магадлалтай

 

“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй,

О-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,704,373 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х , хариуцагч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,704,373 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2024/00092 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч О-д холбогдох 13,704,373.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Т” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Т” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 296,672 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч-д  холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 203/МА2024/00019 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2024/00092 дугаартай шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 13,704,343.61 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “Т” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч О-гоос 2,500,000 төгрөгийг гаргуулан “Т” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,204,343.61 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Т ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 296,672 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Т” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 296,672 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О-гоос улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөгийг гаргуулан “Т” ХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 203/МА2024/00019 дүгээр магадлал, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШШ2024/00092 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар.

Анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх ёсгүй талаар дүгнэсэн атлаа талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451.1, 453.1, 242.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна гэж алдаатай дүгнэсэн. Талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй. Тухайн зээлийн гэрээ яагаад хуульд нийцэхгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Зөвхөн шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан “... гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь 2 удаа зурсан.” гэх тайлбарыг гол үндэслэлээ болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Харин давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа хуулийн ямар үндэслэлээр О нь 13,704,373.61 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлага үүсээд байна.

4.2. Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас хуулийг өөрөөр хэрэглэсэн талаар.

“Т” ХК нь Х-тэй 2013-2018 оны хооронд нийт 10 удаа барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл олгосон ба сүүлийн 3 зээлийн гэрээг байгуулахад хамтран зээлдэгчээр О оролцож гарын үсэг зурсан. Зээлдэгч Х 2020 онд нас барсан. Өв залгамжлагч байхгүй учир хамтран зээлдэгч О нь үндсэн зээлдэгчийн хүлээх үүргийг хууль болон гэрээний дагуу хариуцах үндэслэлтэй.

Х болон О нартай 210000333317 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулсан. 2018.09.17-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний 2.1.1-д нийт зээлийн хэмжээ 10,622,674.90 төгрөг, 2018.10.26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний 2.1.1-д нийт зээлийн хэмжээ 11,983,715.43 төгрөг, 2018.12.10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний 2.1.1-д нийт зээлийн хэмжээ 12,864,550.75 төгрөг гэж тус тус заасан бөгөөд талууд нөхцөлийг зөвшөөрч, гэрээний хавсралтаар эргэн төлөлтийн хуваарийг баталгаажуулсан.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу О-той байгуулсан зээлийн гэрээгээр өмнөх хамтран зээлдэгчийн хүлээх үүрэг дуусгавар болж талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.1-д заасан нөхцөлийн дагуу хамтран зээлдэгч О-д зээлийн гэрээний дагуу бүх үүрэг шилжсэн. Иймээс нэхэмжлэгч хариуцагчаас барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний 3.2.4-т заасны дагуу бүхэлд нь шаардах эрхтэй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран хүлээн үүргийн талаар зохицуулж энэ талаар тодорхой тайлбарласан.

Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох боловч энэ нь тухайн үүрэг зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгчийн сонгосон үүрэг гүйцэтгэгчийн ганцаар хүлээх ёстой үүрэг болно гэсэн ойлголт биш.” гэж дүгнэсэн. Хариуцагч О-г зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч (хамтран зээлдэгч)-ээр тодорхойлсон атлаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк нь үүргийн гүйцэтгэлийг шаардах бүрэн эрхтэй. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.09.16-ны өдрийн 001/ШХТ2024/00998 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

7. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,704,373.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... Зээлдэгч Х, хамтран зээлдэгч О нартай 2018.12.10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 12,864,550.75 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Үндсэн зээлдэгч Х 2020.02.21-ний өдөр нас барсан. 2020.11.25-ны өдрөөс эхлэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтэрч гэрээний үүргээ биелүүлээгүй тул хамтран зээлдэгч О-гоос үндсэн зээл 9,018,350.88 төгрөг, зээлийн хүү 4,300,520.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 385,501.77 төгрөг, нийт 13,704,373.61 төгрөг гаргуулна.” гэж тайлбарласан бол,

Хариуцагч эс зөвшөөрч “... 2018.12.10-ны өдөр Х “Т” ХК-аас зээл авах гэж байгаа тул хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэхэд 2 удаа 1,000,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан. Мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй, Х-ийн охин нь тухайн зээлийг төлөхөө илэрхийлж байсан, зээлийн төлбөрийг өв залгамжлагч төлөх ёстой, зээлийн төлбөрийг хариуцахгүй.” гэж маргасан.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Т” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... Зээлийн зориулалттай уялдан хамтран зээлдэгч О-гийн эрхэлдэг ажил, орлогын талаарх мэдээлэл болон зээл олгохтой холбоотой бусад баримт хэрэгт авагдаагүй. “Т” ХК нь өмнөх зээлийн гэрээний төлөгдөөгүй 11,864,550 төгрөгийн үүргийг 2018.12.10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг болгон өөрчлөн хамтран зээлдэгч О-г оролцуулан нэмж 1,000,000 төгрөгийн зээл олгон нийт үүргийг 12,864,550 төгрөгөөр тогтоосон. Уг гэрээнд зээлдэгч талаас Х, О нар гарын үсэг зурснаар өмнөх гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар дуусгавар болсон байна. О нь Х-ийг “Т” ХК-аас 2018.12.10-ны өдөр цалингийн зээл нэмж авсан барьцаат зээлийн гэрээг байгуулсан боловч өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөлийн талаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэх боломжгүй, баримтаар тогтоогдоогүй. Нөгөө талаар О “Т” ХК-тай өр шилжүүлэн авах талаар тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй.

 Хариуцагч О нь зээлдэгч Х-ийн өмнөх зээл дээр нэмж нийт 5,000,000 төгрөгийн зээл авахыг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх бөгөөд зээлийн мөнгийг зээлдэгч нарын хэн ашигласан эсэх нь гэрээний үүргийг хариуцахад саад болохгүй. Мөн үндсэн зээлдэгч Х нас барснаар түүний үүрэг дуусгавар болох боловч хамтран зээлдэгч О нь өөрт хамаарагдах зээлийн үүргээс чөлөөлөгдөхгүй. Гэвч нэхэмжлэгч нь О-гоос сүүлийн 3 удаагийн буюу 5,000,000 төгрөгийн зээлийн үүргийг шаардаагүй....” гэсэн дүгнэлт хийсэн.

 

9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ: “... “Т” ХК нь зээлдэгч Х-ийн өмнөх гэрээнүүдийн төлөгдөөгүй 11,864,550 төгрөгийн үүргийг хожим нь 2018.12.10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг болгож өөрчлөн хамтран зээлдэгч О-г оролцуулан 3 удаагийн зээлийн гэрээгээр нийт 5,000,000 төгрөг олгосон, нэхэмжлэгч нь О-ын хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулсан 5,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлээгүй, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Барьцаат зээлийн гэрээний 3.2.4-т заасны дагуу гэрээний нийт үүргийн үнийн дүн болох 5,000,000 төгрөгийн тал хувь болох 2,500,000 төгрөгийг О-гоос гаргуулан “Т” ХК-д олгоно.” гэж үзжээ.

 

10. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч зөрүүтэй шийдвэр гаргасан нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл болсон.

 

11. Хэргийн баримтаар “Т” ХК зээлдэгч Х нарын хооронд 10 удаа зээлийн гэрээ байгуулагдсан ба Ө 4 удаа, С 2 удаа тус тус хамтран зээлдэгчээр оролцсон ба хариуцагч О сүүлийн 3 зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцохдоо 2018.09.17-ны өдрийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 8,322,674.90 төгрөг дээр нэмж 2,300,000 төгрөг, 2018.10.26-ны өдрийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 10,283,715 төгрөг дээр нэмж 1,700,000 төгрөг, 2018.12.10-ны өдрийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 11,864,550 төгрөг дээр нэмж 1,000,000 төгрөг, нийт зээлийн дүнг 12,864,550 төгрөг байхаар тохиролцсон ба нэхэмжлэгч 2018.12.10-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон.

 

12. Зээлдэгч Х 2020.01.19-ний өдөр нас барсан ба хамтран зээлдэгч О нь 2018.12.10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 9,018,350 төгрөг, зээлийн хүү 4,300,520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 385,501 төгрөг, нийт 13,704,373 төгрөгийг хариуцан төлөх эсэх нь талуудын хооронд маргааны зүйл болжээ.

 

13. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд 2018.12.10-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

 

14. Хариуцагч О нь сүүлийн 3 удаагийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон боловч өмнөх зээлийн үлдэгдлийг бус нэмж олгосон зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэг хүлээсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

 

14.1. Зээлийн гэрээний төрлүүдээс “цалингийн зээлийн гэрээ” байгуулсан болохыг талууд гэрээндээ тусгаж, цалин барьцаалсан боловч хамтран зээлдэгчийн цалин орлогын талаарх судалгаа хийсэн талаарх баримт  хэрэгт авагдаагүй байна.

 

14.2. Зээлдүүлэгч банк зээлдэгчийн өмнөх зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дээр нэмж 10 удаа зээл олгохдоо зээлийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор зээлдэгчийн нөхөр, төрөл, садангийн болон хамт ажилладаг зэрэг хүмүүсийг хамтран зээлдэгчээр оролцуулахдаа зээлийн гэрээнд тэднээр гарын үсэг зуруулж хэлбэрийн хувьд хуульд заасан хэлцлийн хэлбэрийн шаардлага хангасан мэт боловч агуулгын хувьд хамтран зээлдэгчээр оролцох хүсэл зориг тухайн маргааны хувьд хангалттай тодорхой илэрхийлэгдсэн гэж үзэхээргүй байна.

 

14.3. Ялангуяа нэхэмжлэгч “Т” ХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд буюу энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг этгээдийн хувьд зээл олгохтой холбоотой хууль, журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх байдлаа өөрөө нотолж чадаагүй байна.

 

15. Нэхэмжлэгч “Т” ХК болон талийгаач Х нарын байгуулсан сүүлийн 3 удаагийн зээлийн гэрээнд хариуцагч О нь хамтран зээлдэгчээр оролцсоноор Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болох бөгөөд анхан шатны шүүх “...зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгчийн сонгосон үүрэг гүйцэтгэгчийн ганцаар хүлээх ёстой үүрэг болно гэсэн ойлголт биш.” гэсэн зөрчилтэй дүгнэлтийг давж заалдах шатны шүүх залруулсан байна.

 

16. Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч О-гоос 2018.09.17, 2018.10.26, 2018.12.10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Зээлдүүлэгч банк нь зээл, хүүгийн тооцооллыг гаргаж өгөх талаар хууль болон гэрээнд заасан үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээлийн төлбөрт төлөгдсөн гэх 3,429,000 төгрөг зээл, зээлийн хүүгийн төлбөрийн аль нь болох, өмнөх зээлийн үлдэгдэлд хуримтлагдсан хүү орж тооцогдсон эсэх нь тодорхой бус, өмнөх болон сүүлд нэмж авсан зээлийн хүүгийн тооцооллын талаар холбогдох хуулийг хэрэглэн эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Энэ талаарх хоёр  шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

 

17. Гэвч давж заалдах шатны шүүх сүүлд нэмж авсан 5,000,000 төгрөгийн тал хувь болох 2,500,000 төгрөгийг О-гоос гаргуулан “Т” ХК-д олгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан нийцнэ.

 

18. Нэхэмжлэлийн “барьцаалагдсан хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгч гомдолдоо дурдаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 203/МА2024/00019 дүгээр магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид “Т” ХК-ийн 2024.06.24-ний өдөр төлсөн 264,420 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

 

              ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                           Н.БАТЧИМЭГ

 

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                           Д.ЦОЛМОН