Ж.Г-д холбогдох эрүүгийн хэрэг

Шүүгчийн нэр С.Соёмбо-Эрдэнэ
Шийдвэрийн огноо 2024.10.02
Шийдвэрийн дугаар 2024/ХШТ/115
Хэргийн индекс 2305000002048
Маргааны төрөл хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг
Хуулийн зүйл, заалт 10.1.1
Шийдвэрлэсэн байдал

Магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.03.28, дугаар: 2024/ШЦТ/247
Анхан шатны шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.06.05, дугаар: 2024/ДШМ/656
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар: 2024/ХШТ/115
Улаанбаатар хот


 

                                                                             Ж.Г-д холбогдох

                                                                     эрүүгийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, Б.Ганбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ДШМ/656 дугаар магадлалтай, Ж.Г-д холбогдох 2305000002048 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, О.Анхбаяр нарын гаргасан гомдлоор 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж.Г, 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт **** дүүргийн **** дүгээр хороо, **** хотхон, **** дугаар байрны **** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:****/,

 

Шүүгдэгч Ж.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Г-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 22,334,234 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 60,000,000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Г-ын цагдан хоригдсон 154 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Г-ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-д 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Улсын дээд шүүх нь хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн адил төрлийн хэргийг шийдвэрлэх замаар тайлбарласан тайлбараас зөрүүтэйгээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас хэргийн зүйлчлэл буруу болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх боломжтой байсан боловч Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байх шинжийг шаарддаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж, хор хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь хохирогч нас барсан талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс маргаантай зүйл байхгүй бөгөөд зөвхөн шүүгдэгч нь хохирогчийн амь насыг санаатай хохирооход чиглэсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүйг хийгээгүй буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хөнгөмсгөөр найдах, хайхрамжгүй хандах шинжтэй үйлдэл хийсэн.

Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа нь дангаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотлохгүй ба хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэгт ч энэ шинж хадгалагддаг болно. Эдгээр гэмт хэргүүд нь гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо ялгагдаж хүнийг санаатай алах гэмт хэргийг шууд санаагаар үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийн үхлийг хүссэн байдаг бол шууд бус санаагаар үйлдсэн тохиолдолд хохирогчийн үхлийг чухалчлаагүй боловч үйлдлийн үр дүнд хохирогч үхэхийг мэдэж зориуд хүргэсэн байдаг. Харин хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандлагаар, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан бол хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоно.

Шүүгдэгчийн хувьд гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа хохирогчийг алах гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт зорилготой байсан гэж үзэх хангалттай үндэслэл, нотлох баримт тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ба хохирогч нарын хооронд маргаан үүсэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл, түүнчлэн хохирогч ба шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсэн байдал нөлөөлсөн нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч О.О мэдүүлэг, гэрч Т.Д-ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №2840 дугаар шинжээчийн дүгнэлт, талийгаач нь хүнд зэргийн согтолттой байсан, хохирогчийн хувцаст үзлэг, шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хувцаст үзлэг шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байхаас гадна тухайн үед тэдний хооронд хувийн таарамжгүй харилцаа, маргаан үүссэн гэж үзнэ. Тодруулбал, шүүгдэгч Ж.Г нь хохирогч Э.Э нь их хэмжээний согтолттой байгаа учраас шатны уруу унах, биеэ авч явах боломжгүйн улмаас толгойгоороо газарт унах, түүний улмаас тархиндаа хүнд гэмтэл авах, тийнхүү унасны улмаас амь насаа алдана гэдгийг урьдчилан хүсэж, тооцоолон мэдсэн буюу амь насаа алдахад зориуд санаатай хүргэсэн гэж үзэх бодит үндэслэлгүй бөгөөд таамаглах боломжгүй.

Ж.Г татах үйлдэл хийсэн бөгөөд хэл зүйн тайлбараар өөртөө ойртуулах гэсэн утгатай. Харин яллах дүгнэлтэд дурдсанаар татах хүчний үйлчлэл гэж үзвэл физикийн нэр томьёо болно. Татах хүчний үйлчлэлд жингийн мэдрэмж, өндрөөс эд зүйл унахад төв жин доошлох, тэнцвэр буюу хөдөлгөөнд татах хүч зайлшгүй үйлчлэх гэх мэт онолууд бий. Шүүгдэгч Ж.Г шатны голд зогсож байгаад татахдаа хохирогчийн амь насыг хохироох зорилго агуулаагүй болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Иймд хэргийн зүйлчлэлийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосноор хөнгөрүүлэн зүйлчлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч талаас гомдолгүй, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болохоо илэрхийлсэн баримтууд бий. Амь хохирогч хүнд зэргийн согтолттой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шатны голд зогсоод цааш явж чадахгүй байхад нь Ж.Г авч гарах зорилгоор араараа тойруулах гэж байгаад унасан. Түүнчлэн цээж нүцгэн байсан учир барих гээд алдсан нөхцөл байдал үүссэнийг Ж.Г мэдүүлдэг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг болон гэрч О.О-ийн мэдүүлэг зэрэг нь энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн гадаад төрх байдлыг илтгэхээс бус гэмт этгээдийн дотоод сэтгэхүй, субьектив байдлыг нотлохгүй юм. Бид камерын бичлэг, гэрчийн мэдүүлгээс хохирогчийг хэрхэн шатнаас унагаасан болохыг мэдэж авч чадах боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх агшинд түүнд ямар бодол, санаа, зорилго, сэдэл төрж байсныг мэдэх боломжгүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ субьектив талын үндсэн шинж болох гэм буруугийн хэлбэрийг нотлох боломжтой хамгийн гол нотлох баримт бол яллагдагчийн өөрийнх нь мэдүүлэг юм. Бид яллагдагчийн мэдүүлгээс түүний дотоод сэтгэхүйн харьцааг мэдэх бүрэн боломжтой ба уг баримтаа камерын бичлэг, гэрчийн мэдүүлэгтэй харьцуулж, хооронд нь нэгтгэн хууль зүйн дүгнэлт хийвэл илүү бодитой дүгнэлт гарна.

Яллагдагч Ж.Г-ын мэдүүлгийг камерын бичлэг, гэрч О.О-ийн мэдүүлэгтэй хамтад нь нэгтгэн дүгнэвэл Ж.Г амь хохирогчийг шатны уруу унагаах үедээ түүнийг алах, амь насыг нь бүрэлгэе хэмээн огт хүсээгүй гэх дүгнэлт гарах юм. Шүүгдэгч Ж.Г-ын хэргийн 140 дүгээр талд авагдсан яллагдагчаар өгсөн мэдүүлгийг хэрэг гарсан өдрийн маргааш нь авсан байдаг ба уг мэдүүлэгт Ж.Г нь “...Ингээд гадагшаа гарах шат руу уруудаж явахад шатны гол хэсэгт нөгөө залуу чинь шатны төмрөөс бариад зогсож байхаар нь би хойноос нь цээж хэсгээс нь 2 гараараа тэвэрч аваад төмөрнөөс салгах гээд зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед нөгөө залуу цээж нүцгэн байсан учраас гараас мултраад шалны хэсэгт унасан.” гэж мэдүүлсэн. Энэхүү мэдүүлгээс харахад шүүгдэгч хэрэг гарах агшинд амь хохирогчийг шатнаас унагааж ноцтой хохирол учруулахыг хүсээгүй нь тодорхой байдаг. Харин эсрэгээрээ “төмөрнөөс салгах” гэж татсан болох нь тодорхой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, ...” хуульчилсан. Мэдэх буюу ухамсарлан ойлгох гэх энэхүү элемент бол гэмт этгээд өөрийн үйлдлийн хууль зүйн мөн чанарыг хууль бус болохыг ухамсарлан ойлгож байхыг хэлдэг. Харин хүсэх элемент гэдэг нь субъект ямар нэгэн гэмт хэргийн бүрдлийг хийхээр хүсэж буй хүслийг хэлдэг. Хүрэхээр зорьж буй үр дүнгээ хүсэх нь болгоомжгүй, санаатай гэмт хэргийг ялгахад гол чухал үүрэгтэй. Санаатай гэмт хэргийн гол шинж болох хохирол, хор уршиг учруулахыг хүсэж, түүндээ тууштай зорьсон хүсэх элемент байхгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчлэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн шууд, шууд бус санааг нарийн зааглаагүй буюу сэтгэхүйн субьектив шинжийг санаатай, болгоомжгүй, холимог гэсэн байдлаар тодорхойлсон мэт ойлгогддог. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хохирогчид зориуд хүсэж хохирол, гэмтэл учруулсан буюу амь хохирохоос өмнө маргалдаж амь хохирогчийн нүүрэн тус газарт 2-3 удаа цохисны улмаас учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч Ж.Г-ын санаатай үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон үр дагавар бий болсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хүнийг алах гэмт хэргийн зайлшгүй нотолбол зохих байдал нь гэм буруугийн хэлбэр юм. Шүүгдэгч Ж.Г нь амь хохирогч шатны бариулаас зуурсан байхад нь салгаж аваад хүчтэй унагасан үйлдэл нь камерын бичлэгт тусгагдсан ба гэрч О.О-ийн мэдүүлэгтэй нийцдэг. Шүүх хэргийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэж гэмт хэргийн обьектив талд хамаарах үйлдлийн шинж, учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоонд хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа зорилгыг сэргээн тогтоосон нь үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй  байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, Б.Ганбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 631 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2. Шүүгдэгч Ж.Г нь Э.Э-той “хамтран амьдрагчтайгаа хардлаа” гэх шалтгаанаар маргалдан амь хохирогчийг шатны уруу бууж байхдаа шатны бариулаас барьж байсан гарыг нь тавиулан араас нь татаж эргүүлэн /мушгиж/ шидэж, газарт унаган хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон байна.

 

3. Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Г-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 22,334,234 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 60,000,000 төгрөг тус тус төлснийг дурдаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд “...Ж.Г-ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэсэн өөрчлөлт оруулан, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-д 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх бөгөөд хэрэгт цугларсан баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц байна.

 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн үед **** дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” караокед Э.Э-той “хамтран амьдрагчтайгаа хардлаа” гэх шалтгаанаар маргалдан амь хохирогчийг шатны уруу бууж байхдаа шатны бариулаас барьж байсан гарыг нь тавиулан араас нь татаж эргүүлэн /мушгиж/ шидэж, газарт унаган гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз, суурь ясны хугарал, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, суурийн дэлбэн бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт хуйх, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн хацар, шанаа, баруун, зүүн эгэмд цус хуралт дух, зүүн шанаа, уруул, зүүн шуу, мөрөнд зулгаралт бүхий хүнд гэмтлийг учруулж, улмаар амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан нь хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан дүгнэж, хуулийг зөв хэрэглэжээ.

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, Б.Ганбаатар нар “...хэргийн зүйлчлэл буруу, ...Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж зүйлчлэх үндэслэлтэй...” гэсэн агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргасан болно.

 

5. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй.

 

Ингэхдээ шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж буй нотлох баримтыг шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

 

6. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болно.

 

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 

7. Тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтална.

 

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.

 

8. Хүнийг алах гэмт хэргээс хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг гэм буруугийн хэлбэрээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний субъектив санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэргийг харгалзан ялган зүйлчилдэг.

 

Тодруулбал, аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

 

Харин санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагдана.

 

9. Хоёр шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Ж.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ гэмт хэргийн төгсгөлд бус үйл баримтын эхлэл өрнөл, шүүгдэгчийн үйлдэлдээ болон үүссэн үр дагаварт хандаж буй хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоож, түүний үр дагаварт тулгуурласан байдлаар хэрэгт холбогдсон болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, шинжээчийн дүгнэлтэд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Ж.Г хохирогч Э.Э-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж дүгнэж болохуйц баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн гэм буруугүй талаар эргэлзээ төрүүлэхүйц үйл баримт тогтоогдоогүй болно.

 

10. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ДШМ/656 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, Б.Ганбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ                                         Б.АМАРБАЯСГАЛАН

 

               ШҮҮГЧ                                                  Б.БАТЦЭРЭН

 

                                                                             М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

   

                                                                              Ч.ХОСБАЯР