Шүүгчийн нэр | С.Соёмбо-Эрдэнэ |
Шийдвэрийн огноо | 2024.07.03 |
Шийдвэрийн дугаар | 001/СХХТ2024/0005 |
Хэргийн индекс | None |
Маргааны төрөл | None |
Хуулийн зүйл, заалт | |
Шийдвэрлэсэн байдал | Сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2024.03.14, дугаар: СХМ/2024/0028 |
Анхан шатны шүүх | Сахилгын хороо |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2024.04.30, дугаар: ХТ/2024/0003 |
Давж заалдах шатны шүүх | Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүх |
Шүүгч Ц.А-д холбогдох сахилгын
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, П.Соёл-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, сахилгын хэргийн оролцогч Ц.А, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар
Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн СХМ/2024/0028 дугаар магадлал, мөн хорооны хянан үзэх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ХТ/2024/0003 дугаар хяналтын тогтоолтой, шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг түүний гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай гишүүний дүгнэлтээр шүүгч Ц.А-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т “...бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасныг зөрчсөн гэж үзэн нотлох дүгнэлт үйлджээ.
Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар магадлалаар Сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ГНД/2024/0004 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 57 дугаар зүйлийн 57.1.2-т заасныг баримтлан шүүгч Ц.А-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаар хяналтын тогтоолоор Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгч Ц.А-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Сахилгын хэргийн оролцогч шүүгч Ц.А хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар Сахилгын хороо нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэгтэйг хуульчилсан боловч сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэрүүд нь бүгд өөр өөр үндэслэлээр гарсан, энэ нь Сахилгын хорооны шийдвэрт ноцтойгоор нөлөөлж, улмаар шүүгч намайг сахилгын зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл болсон талаар:
Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах тухай 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0112 дугаартай тогтоолын үндэслэх хэсэгт “Сахилгын хорооны хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлахад нотлох дүгнэлтийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлгүүд нь дээрх дуу-дүрсний бичлэгт бичигдсэн үйл баримтаас зөрүүтэй байна” гэсэн дүгнэлтийг сахилгын хорооны бүрэлдэхүүн хийсэн. Гэтэл илтгэгч гишүүн нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан гэж үзэж, гар утасны бичлэгийг нотлох баримтаар үнэлэх эрхгүй гэж үздэг. Магадлалын үндэслэх хэсэгт “...шүүхийн захиргааны ажилтантай харилцахдаа чи ажилдаа тэнцдэггүй биз дээ, нойлын ногоон тэг, гар, зайл, чамд хувийн хэргээ өгөхгүй гэж загнаж өрөөнөөсөө хөөж гаргасан үйлдлийг зүй бус авирласан гэж үзнэ гэж дүгнэн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдсэн. Хяналтын тоггоолын үндэслэх хэсэгт “гар, зайл” гэх зохисгүй үг хэрэглэн маргалдсан, ...түүний ур чадварт үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь сахилгын зөрчилд хамаарна гэж; “Шүүхийн захиргааны ажилтан албан үүргийн хувьд шүүгчийн өрөөнд орох үед түүнд мэдэгдэлгүй бичлэг хийж буй үйлдэл нь зүй ёсны бөгөөд хэвийн хэмжээний харилцаанд тооцогдохгүй ба түүний энэ үйлдлийг зөвтгөх боломжгүй” гэж тус тус дүгнэсэн.
Дуу-дүрсний бичлэг нь тухайн болсон үйл баримтыг бусад нотолгооны хэрэгслийн дэмжлэггүйгээр шууд гэрчлэн баталдаг, зарим улсад нотлох баримтын хаан хэмээн нэрлэгддэг нотолгооны хэрэгсэл юм. Сахилгын хэргийн бүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлахад гар утасны дуу-дүрсний бичлэгийг шинжлэн судалж, үзэж сонсдог боловч нотлох баримтаар үнэлдэггүй. Энэхүү чухал, хүчтэй нотолгооны хэрэгслийг Шүүхийн сахилгын хороо нь зөвхөн шүүгчийг буруутгах, сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор л хэрэглэдэг болжээ. Сахилгын хэргийн оролцогч шүүгчийг буруутгах зорилгоор дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар гаргавал уг нотолгооны хэрэгсэл хууль бус аргаар цуглуулсан байсан ч үнэлдэг. (Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1 дүгээр хяналтын тогтоолтой шүүгч Х.И, З.Б, Х.О нарт холбогдох сахилгын хэрэг) Харин шүүгч сахилгын зөрчил гаргаагүй болохоо нотлох зорилгоор дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар гаргавал хуулийн дагуу цуглуулсан байсан ч үнэлэхгүй орхигдуулдаг.
Ийм хоёрдмол байдлаар дуу-дүрсний бичлэгийг үнэлж, сахилгын хэргийн оролцогч болсон шүүгчийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасан нотлох баримт гаргаж өгөх эрхийг зөрчиж байгаа Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаанд гомдолтой байна.
Нотлох баримт гарган өгөх сахилгын хэргийн оролцогчийн эрхийн агуулга нь өөрийн гэм буруугүйг, сахилгын зөрчил гаргаагүй болохоо нотлох, нотолгооны хэрэгслээ үнэлүүлж, шийдвэрийг өөрт ашигтайгаар гаргуулахад орших юм. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.10 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй бөгөөд Сахилгын хорооны шийдвэрийн үндэслэл болохгүй” гэжээ. Хуулийн дээрх хэсэгт заасан “нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан” гэдэг нь тухайн хэрэг маргааны оролцогч нь өөрт байхгүй байгаа нотлох баримтыг эрж олох, түүнийг цуглуулахдаа хуулиар хориглосон арга хэрэглэсэн байх тухай процессын эрх зүйд нэгэнт тогтсон ойлголт юм. Тодруулбал, бусдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, заналхийлэх замаар бичиг, захидал, гэрээ баримт үйлдүүлэх, хууль бусаар утас чагнах буюу дуу, дуу-дүрсний бичлэг хийх хэрэгсэл тавих зэргээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа явуулсан тохиолдолд “нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан” гэж үзэх юм.
Шүүгч Ц.А миний бие өргөдөл гаргагч Ж.Т-тэй албан өрөөндөө харилцсан үйл баримтыг дууны бичлэгээр баталгаажуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасны дагуу нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл болохоос бус дуу-дүрсний бичлэгийг хууль бус аргаар цуглуулж байгаа үйлдэл огтхон ч биш. Учир нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжоор Ц.А миний Ж.Т-тэй харилцсан байдлаа баримтжуулах зорилгоор дуу-дүрсний бичлэг хийхийг тухайлан хориглосон зүйл, заалт байхгүй. Ийм байхад хяналтын тогтоолын үндэслэх хэсэгт “...зүй ёсны бөгөөд хэвийн хэмжээний харилцаанд тооцогдохгүй ба түүний энэ үйлдлийг зөвтгөх боломжгүй” гэсэн нь ямар нэг хуулийг хэрэглээгүй эрх зүйн бус дүгнэлт байна. Учир нь хяналтын тогтоолд шүүгч Ц.А намайг уг дуу-дүрсний бичлэгийг ямар хуулийн тодорхой зүйл, заалтыг зөрчиж цуглуулсан талаарх үндэслэлээ тусгаагүй байдаг.
Харилцан ярианы бичлэг хийж байгаа талаар мэдэгдэх нь чухам ямар хуулиар тавигдаж буй шаардлага болохыг хяналтын тогтоолын үндэслэх хэсэгт заагаагүй атлаа гар утасны бичлэгийг нотлох баримтаар үнэлэхээс татгалзаж байгааг хэргийн оролцогчийн нотлох баримт гаргах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь процессын эрх зүйд нэгэнт тогтсон “Урьдаас хөдөлбөргүй үнэн, эсхүл худал гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн агуулга бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг зөрчиж, зөвхөн шүүгч намайг буруутгах байдлаар нотлох баримтыг үнэлж, хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, дуу-дүрсний бичлэгээр өөрийн гэм буруугүйг нотлох оролцогчийн эрхийг зөрчиж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Сахилгын хэргийн оролцогч, өргөдөл, мэдээлэл гаргагч, илтгэгч гишүүн хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно.
Энэ хэсэгт заасныг зөрчсөн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. Хэрэв шүүгч Ц.А миний бие өөрийн гэм буруугүйг нотолж буй дуу-дүрсний бичлэгийг хууль бус аргаар цуглуулсан бол зохих хууль зүйн хариуцлага хүлээсэн байх ёстой.
Гэвч шүүгч Ц.А дүү-дүрсний бичлэг хийсэн үйлдэлдээ миний бие ямар нэг хариуцлага хүлээгээгүй байгаа нь уг гар утасны бичлэгийг хууль бус аргаар цуглуулаагүйг, харин ч хуулийн дагуу цуглуулсан болохыг баталж байгаа болно. Ийм байхад хяналтын тогтоолын үндэслэх хэсэгт “өргөдөл гаргагч Ж.Т нь бичлэг хийгдэж байгааг мэдээгүй, бичлэгийг сонсгоход хүлээн зөвшөөрөөгүй, зарим хэлсэн зүйлс нь байхгүй гэж мэдүүлсэн тул уг бичлэг нь нууц далд аргаар олж авсан нотлох баримтад тооцогдохоор байна гэсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нотлох баримтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн нэг талын тайлбарын хэмжээнд нөгөө талын гарган өгсөн нотлох баримтыг шуудхан л “хууль бус аргаар цуглуулсан” гэж үзэх нь хэтэрхий өрөөсгөл, нэг талыг баримталсан, алдаатай дүгнэлт юм. Гар утасны бичлэгийг хууль бус аргаар цуглуулсан гэдгийг хөдөлбөргүй нотолж, тогтоогоогүй атлаа зөвхөн нэг талын тайлбарт хөтлөгдөж, хууль бус аргаар олж авсан гэж дүгнэн, улмаар үнэлэхээс татгалзаж буйг зөвхөн шүүгч миний эрх зүйн байдлыг дордуулах зорилгоор шалгалтыг явуулсан гэж үзэхээс өөр аргагүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8 дахь хэсэгт “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэжээ. Гэтэл Шүүхийн сахилгын хорооны магадлал, тогтоолын үндэслэх хэсэгт “Гэрч нараас 2 дахь удаа мэдүүлэг авахад үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлж, мэдүүлэг өгсөн талаараа нотлон мэдүүлсэн” гэсэн алдаатай дүгнэлт хийжээ. Шүүгч Ц.А миний нотлох баримтаар гарган өгсөн гар утасны бичлэгээр бодит байдлаас зөрүүтэй, худал мэдүүлэг өгч, миний эрх зүйн байдлыг дордуулж буй өргөдөл гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг няцаан үгүйсгэгддэг. Бодит байдалд өргөдөл гаргагч болон гэрч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэж буй дууны бичлэгийг нотлох баримтаар үнэлээгүй атлаа уг гэрч нараас 2 удаа мэдүүлэг авсан тул бодит байдлыг үнэн зөв мэдүүлсэн гэж дүгнэж буйг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй алдаа гэж үзэж байна.
Учир нь сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Ц.А миний бие Ж.Т-тэй харилцсан ярианы бичлэгийг нотлох баримтаар гарган өгсөн үеэс гэрч нар нь урьд өгсөн мэдүүлгээ өөрчилж, намайг буруутгасан мэдүүлгээсээ буцсан бодит үнэн. “Худлаа үгийг мянга давтвал үнэн болдог” гэдэг үг байдаг. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг гэрч 2 удаа мэдүүлэг өгвөл уг мэдүүлэг нь бодит байдалд нийцээгүй, худал байсан ч үнэн болдог ажээ. Энэхүү гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар хэлэлцүүлж, Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар магадлал, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3 дугаар хяналтын тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин сахилгын хэргийн оролцогч Ц.А-ийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлсэн тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Сахилгын хэргийн оролцогч шүүгч Ц.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...Магадлал, тогтоолыг эс зөвшөөрч Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т заасан үндэслэлээр гомдол гаргасан. Шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүргийг хуульчилсан боловч сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр үндэслэлээр шийдвэр гаргасан нь шийдвэрт ноцтойгоор нөлөөлж сахилгын зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл болсон.
Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах тухай 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0112 дугаартай тогтоолын үндэслэх хэсэгт “Сахилгын хорооны хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлахад нотлох дүгнэлтийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлгүүд нь дээрх дуу-дүрсний бичлэгт бичигдсэн үйл баримтаас зөрүүтэй байна” гэсэн дүгнэлтийг сахилгын хорооны бүрэлдэхүүн хийсэн. Гэтэл илтгэгч гишүүн нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан гэж үзэж, гар утасны бичлэгийг нотлох баримтаар үнэлэх эрхгүй гэж үздэг. Магадлалын үндэслэх хэсэгт “...шүүхийн захиргааны ажилтантай харилцахдаа чи ажилдаа тэнцдэггүй биз дээ, нойлын ногоон тэг, гар, зайл, чамд хувийн хэргээ өгөхгүй гэж загнаж өрөөнөөсөө хөөж гаргасан үйлдлийг зүй бус авирласан гэж үзнэ гэж дүгнэн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдсэн. Хяналтын тогтоолын үндэслэх хэсэгт “гар, зайл” гэх зохисгүй үг хэрэглэн маргалдсан, түүний ур чадварт үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь сахилгын зөрчилд хамаарна гэж дүгнэсэн.
Гэтэл 4 минут 54 секундийн бичлэгт хэн эхэлж манай өрөөнд орж, халаасандаа гараа хийгээд чанга дуугаар орилж, шүүгчийг загнаж, хэрүүл, маргаан үүсгэж, үг гээлгүй өмнөөс хэрэлдэж байгаа нь нотлогдох бөгөөд захиргааны ажилтны зохисгүй үйлдлийг зогсоох, аргаа бараад гаргах гэж хэлсэн үгийг минь мушгиж, зарим хэсгийг нь таслан авч тогтоолдоо дүгнэсэн нь үндэслэлгүй буюу миний хэлээгүй үгийг хэлсэн мэтээр бичсэн.
Мөн хяналтын тогтоолд “Шүүхийн захиргааны ажилтан албан үүргийн хувьд шүүгчийн өрөөнд орох үед түүнд мэдэгдэлгүй бичлэг хийж буй үйлдэл нь зүй ёсны бөгөөд хэвийн хэмжээний харилцаанд тооцогдохгүй ба түүний энэ үйлдлийг зөвтгөх боломжгүй” гэж тус дүгнэсэн. Дуу-дүрсний бичлэг нь тухайн болсон үйл баримтыг бусад нотолгооны хэрэгслийн дэмжлэггүйгээр шууд гэрчлэн баталдаг, зарим улсад нотлох баримтын хаан хэмээн нэрлэгддэг нотолгооны хэрэгсэл юм. Сахилгын хэргийн бүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлахад гар утасны дуу-дүрсний бичлэгийг шинжлэн судалж, үзэж сонсдог боловч нотлох баримтаар үнэлдэггүй. Энэхүү чухал, хүчтэй нотолгооны хэрэгслийг Шүүхийн сахилгын хороо нь зөвхөн шүүгчийг буруутгах, сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор л хэрэглэдэг болжээ. Сахилгын хэргийн оролцогч шүүгчийг буруутгах зорилгоор дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар гаргавал уг нотолгооны хэрэгсэл хууль бус аргаар цуглуулсан байсан ч үнэлдэг.
Харин шүүгч сахилгын зөрчил гаргаагүй болохоо нотлох зорилгоор дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар гаргавал хуулийн дагуу цуглуулсан байсан ч үнэлэхгүй орхигдуулдаг. Ийм хоёрдмол байдлаар дуу-дүрсний бичлэгийг үнэлж, сахилгын хэргийн оролцогч болсон шүүгчийн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасан нотлох баримт гаргаж өгөх эрхийг зөрчиж байгаа Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаанд гомдолтой байна. Нотлох баримт гарган өгөх сахилгын хэргийн оролцогчийн эрхийн агуулга нь өөрийн гэм буруугүйг, сахилгын зөрчил гаргаагүй болохоо нотлох, нотолгооны хэрэгслээ үнэлүүлж, шийдвэрийг өөрт ашигтайгаар гаргуулахад орших юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.10 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй бөгөөд Сахилгын хорооны шийдвэрийн үндэслэл болохгүй” гэжээ. Хуулийн дээрх хэсэгт заасан “нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан” гэдэг нь тухайн хэрэг маргааны оролцогч нь өөрт байхгүй байгаа нотлох баримтыг эрж олох, түүнийг цуглуулахдаа хуулиар хориглосон арга хэрэглэсэн байх тухай процессын эрх зүйд нэгэнт тогтсон ойлголт юм. Тодруулбал, бусдыг айлган сүрдүүлэх, дарамтлах, заналхийлэх замаар бичиг, захидал, гэрээ баримт үйлдүүлэх, хууль бусаар утас чагнах буюу дуу, дуу-дүрсний бичлэг хийх хэрэгсэл тавих зэргээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа явуулсан тохиолдолд нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэж үзэх юм.
Миний бие өргөдөл гаргагч Ж.Т-тэй албан өрөөндөө харилцсан үйл баримтыг дууны бичлэгээр баталгаажуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасны дагуу нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл болохоос бус дуу-дүрсний бичлэгийг хууль бус аргаар цуглуулж байгаа үйлдэл огтхон ч биш. Учир нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжоор миний Ж.Т-тэй харилцсан байдлаа баримтжуулах зорилгоор дуу-дүрсний бичлэг хийхийг тухайлан хориглосон зүйл, заалт байхгүй. Ийм байхад хяналтын тогтоолын үндэслэх хэсэгт “...зүй ёсны бөгөөд хэвийн хэмжээний харилцаанд тооцогдохгүй ба түүний энэ үйлдлийг зөвтгөх боломжгүй” гэсэн нь ямар нэг хуулийг хэрэглээгүй эрх зүйн бус дүгнэлт байна. Учир нь хяналтын тогтоолд шүүгч Ц.А намайг уг дуу-дүрсний бичлэгийг ямар хуулийн тодорхой зүйл, заалтыг зөрчиж цуглуулсан талаарх үндэслэлээ тусгаагүй байдаг.
Харилцан ярианы бичлэг хийж байгаа талаар мэдэгдэх нь чухам ямар хуулиар тавигдаж буй шаардлага болохыг хяналтын тогтоолын үндэслэх хэсэгт заагаагүй атлаа гар утасны бичлэгийг нотлох баримтаар үнэлэхээс татгалзаж байгааг хэргийн оролцогчийн нотлох баримт гаргах эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь процессын эрх зүйд нэгэнт тогтсон “Урьдаас хөдөлбөргүй үнэн, эсхүл худал гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн агуулга бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг зөрчиж, зөвхөн шүүгч намайг буруутгах байдлаар нотлох баримтыг үнэлж, хэргийг хэтэрхий нэг талыг баримталж, дуу-дүрсний бичлэгээр өөрийн гэм буруугүйг нотлох оролцогчийн эрхийг зөрчиж байна. Нотлох баримтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн нэг талын тайлбарын хэмжээнд нөгөө талын гарган өгсөн нотлох баримтыг шуудхан л “хууль бус аргаар цуглуулсан” гэж үзэх нь хэтэрхий өрөөсгөл, нэг талыг баримталсан, алдаатай дүгнэлт юм. Дуу-дүрсний бичлэг байсаар байтал гэрчийн мэдүүлгийг хөдөлбөргүй үнэн гэдгийг хэрхэн нотолсон нь тодорхойгүй.
Гэрчийн мэдүүлгүүд дуу-дүрсний бичлэгт бичигдсэн үйл баримтаас зөрүүтэй гэсэн дүгнэлт хийж буцаасан боловч илтгэгч гишүүн ямар ч ажиллагаа хийгээгүй. Зөвхөн хоёр дахь удаагаа мэдүүлэг авсан ба намайг бичлэг гаргасны дараа зарим гэрч өмнө өгсөн мэдүүлгээсээ буцсан нөхцөл байдал бий.” гэв.
Өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Хууль хэрэглээний хувьд зүй бус авирласан гэдгийг гомдол гаргагч “чи түр ажиллаж байгаа биз дээ, нойлын ногоон тэг царайлчхаад, гар, зайл” гэж бичдэг. Гэрчүүд дээрх үгсийг алдаагүйгээр давтаж хэлдэг. Бидний зүгээс бичлэг гаргаж өгсний дараа зарим гэрч мэдүүлгээсээ буцсан. Гэрчийн мэдүүлэг, гомдол хоорондоо зөрүүтэй болохыг дуу-дүрсний бичлэг нотолдог. Бичлэгийг хууль бус аргаар бэхжүүлсэн гэх боловч хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар магадлал, тогтоолд заагаагүй.
Энэ хэрэгт *** аймгийн шүүхийн *** нь гомдол гаргасан ба хэрэв гомдлыг хангасан шийдвэр хэвээр үлдвэл шүүхийн захиргааны ажилтан шүүгчтэйгээ үл ялих зүйлээр маргаан үүсгэж болох юм байна гэсэн жишиг тогтоно. Түүнчлэн гомдлыг шүүгч Л.О бичсэн гэдэг баримтаар авагдсан. Хэрэгт гэрчээр оролцсон шүүгч Г.Д нь гомдол гаргагч Ж.Т-д шийтгэл оногдуулсан шүүгч Ц.А-ийн шийтгэврийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, гэрчээр мэдүүлэг өгсөн этгээд хэрэгт хувийн сонирхолтой байж болохгүй. Тэдний яриаг сонссон гэх шүүгч нарын өрөө Ц.А-ийн өрөөнөөс хол болох нь зургаас харагдана. Тэгэхээр гэрчүүд хөндлөнгийн байж чадахгүй байна.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас шүүгч Ц.А-ийн гаргасан гомдлоор сахилгын хэргийг хянан хэлэлцэж, Шүүхийн сахилгын хорооны магадлал, тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн сахилгын хорооны хуралдаанд буцааж шийдвэрлэв.
2. Үйл баримтын тухайд:
2.1. Шүүхийн Ж.Т нь тус шүүхийн шүүгч Ц.А-д холбогдуулан “...2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр элдэв үгээр доромжилж хашхираад өрөөнөөсөө хөөсөн...” гэх үндэслэлээр Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасныг зөрчсөн гэж Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргажээ.
3. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
3.1. Ж.Т-ийн гаргасан гомдлыг Шүүхийн сахилгын хороо 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, улмаар тус хорооны илтгэгч гишүүнээс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ГНД/2024/0020 дугаартай холбогдох шүүгчийг “...Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “...бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, нотлох дүгнэлт үйлджээ.
Илтгэгч гишүүний дээрх нотлох дүгнэлтийг Сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хянан хэлэлцсэн СХТ/2013/0112 дугаар тогтоолоор “...шүүгч Ц.А үйл баримтыг бичсэн гэх 4 минут 54 секундын дуу-дүрсний бичлэгийг Шүүхийн сахилгын хорооны цахим хаягаар ирүүлсэн бөгөөд нотлох дүгнэлтийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлгүүд нь уг дуу-дүрсний бичлэгт бичигдсэн үйл баримтаас зөрүүтэй байна. Тиймээс гэрчүүд үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх, дуу-дүрсний бичлэгт бичигдсэн үйл баримт өргөдөлд дурдсан үйл баримттай цаг хугацааны хувьд тохирч байгаа эсэх, уг бичлэгийг шүүгч Ц.А нь хуульд заасан журмын дагуу хийсэн эсэх талаар тодруулах шаардлагатай” гэсэн үндэслэлээр дахин шалгуулахаар шийдвэрлэсэн байна.
3.2. Тогтоолын дагуу илтгэгч гишүүн О.Номуулин шалгах ажиллагааг явуулан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГЗБ/2023/0829 дүгээр гишүүний захирамжаар “...хууль бус аргаар олж авсан гар утасны бичлэгийг засварласан эсэхийг тогтоохоор шинжээч томилох нь ач холбогдолгүй...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг сахилгын хорооны гомдол хянан шийдвэрлэх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор хэвээр үлдээжээ.
3.3. Шүүхийн сахилгын хорооны илтгэгч гишүүн О.Номуулины дахин үйлдсэн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ГНД/2024/0004 дугаартай нотлох дүгнэлтийг хянан хэлэлцсэн тус хорооны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн СХМ/2024/0028 дугаартай магадлалаар “...шүүгч Ц.А-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй. ...шүүхийн захиргааны ажилтантай албан үүргийн хувиар харилцахдаа маргаан үүсгэж, “гар, зайл, би чамд өгөхгүй, яагаад гэвэл чи өргөдөл гомдол гаргаад явдаг учраас би хувийн хэргээ өгөхгүй...” гэх зэргээр загнаж, өрөөнөөсөө хөөж гаргасан үйлдэл нь сахилгын зөрчилд тооцогдоно. Хэдийгээр шүүхийн захиргааны ажилтны хувьд шүүгчтэй мэндлээгүй, хувийн таарамжгүй харилцаатай зэрэг нөхцөл байдлын талаар дурдагдаж байгаа ч энэ нь шүүгчийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгч нь шүүхийг хувь хүний болон байгууллагын төвшинд илэрхийлж, зөв үлгэр жишээ үзүүлэх ёстой” гэж дүгнэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар шүүгч Ц.А-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Сахилгын хэргийн оролцогч Ц.А магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ХТ/2024/0003 дугаартай хяналтын тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн хувьд:
4.1. Сахилгын хэргийн оролцогч Ц.А-ийн гаргасан гомдлоос “...Сахилгын хороонд нотлох баримтаар бичлэг гаргаж өгснийг Сахилгын хороо хассан нь үндэслэлгүй” гэсэн хэсгийг хангах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин сахилгын хэргийн оролцогч Ц.А-ийн хяналтын тогтоолд гаргасан гомдолд “...нууц далд аргаар дууны болон бусад бичлэг хийх нь Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тусгайлан зохицуулагддаг ажиллагаа бөгөөд өргөдөл гаргагч болон шүүгчийн хэн ч байсан нууцаар бичлэг хийж, түүнийгээ нотлох баримтаар үнэлүүлэхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй төдийгүй хуульд заасан журмаар олж авсан баримт гэж үзэх боломжгүй...” гэсэн байр суурийг илэрхийлжээ.
4.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “нотлох баримтыг шалгуулах” нь хүний баталгаатай эдлэх эрхийн нэг бөгөөд уг эрхийг эдлүүлэх баталгаа хэрэг, маргаан хянан шийдвэрлэх процессын хуулиудад тусгагдсан хэмжээнд хэрэгждэг болно.
Сахилгын хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулахаар байвал Сахилгын хороо нь хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхийг нэн түрүүнд хэрэгжүүлэх, эрхийг нь зөрчилгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах учиртай.
Тодруулбал: Илтгэгч гишүүний сахилгын хэрэг үүсгэсний дараа явуулах ажиллагааны талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т нэг бүрчлэн нэрлэн зааж, сахилгын хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.2-т тус тус тодорхойлон хуульчилжээ.
Мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасны дагуу сахилгын хэргийн оролцогчоос сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “нотлох баримт гаргах” эрхтэй бөгөөд сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж буй гишүүн нь уг эрхийг хоёрдмол утгагүйгээр эдлүүлэх үүрэгтэй юм.
4.3. Сахилгын хэргийн оролцогч Ц.А өөрт холбогдох сахилгын хэрэгт 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болсон үйл баримтыг гар утсан дээр хийсэн дуу-дүрсний бичлэгийг гаргаж өгснийг тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэлээр бичгийн хэлбэрт оруулсан байна.
Илтгэгч гишүүн О.Номуулины 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГЗБ/2023/0829 дүгээр захирамжаар “...нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үйл баримтыг гар утсан дээр хийсэн гэх дуу-дүрсний бичлэг хуульд заасан “хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан” баримтад хамаарч байна. ...өргөдөл гаргагч Ж.Т нь тухайн үйл явдал болсон гэх өдөр бичлэг хийгдэж байгааг мэдээгүй, гар утсаар бичлэг хийж байгаагаа мэдэгдээгүй гэдгийг шүүгч Ц.А өөрөө Сахилгын хорооны хуралдаанд тайлбарласан зэргээс үзвэл нууц далд аргаар олж авсан нотлох баримтад тооцогдох бөгөөд уг бичлэгийг Ж.Т-д сонсгоход нотлох баримтаар хүлээн зөвшөөрөөгүй, бичлэгийг хасаж янзалсан гэж мэдүүлж байгаа тохиолдолд илтгэгч гишүүн нотлох баримтаар үнэлэх эрхгүй. ...хууль бус аргаар олж авсан гар утасны бичлэгийг засварласан эсэхийг тогтоохоор шинжээч томилох нь ач холбогдолгүй...” гэсэн ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасан хууль дээдлэх зарчимд нийцсэн эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгэжээ.
Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГЗБ/2023/0829 дүгээр гишүүний захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь үндэслэлгүй болсон байна.
Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.10-т заасан нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан гэдэг ойлголтод ямар хуулийг зөрчсөн тохиолдолд хамаарах, өргөдөл гаргагч Ж.Т-д тухайн болж буй үйл явдлын талаар бичлэг хийж байгааг мэдэгдэх үүрэгтэйг нийтийн эрхэнд зөвшөөрнөөс бусад хориглогдох зарчимд тулгуурлан дүгнээгүйн улмаас оролцогчийн нотлох баримт гаргаж өгөх эрхэд нөлөөлсөн эсэхэд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байдалд хүргэжээ.
4.4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Сахилгын хэргийн оролцогч, өргөдөл, мэдээлэл гаргагч, илтгэгч гишүүн хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно. Энэ хэсэгт заасныг зөрчсөн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан болно.
Илтгэгч гишүүн О.Номуулины хяналтын шүүхэд ирүүлсэн тайлбарт дурдсан Гүйцэтгэх ажлын тухай хуулиас гадна Монгол Улсын Үндсэн хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд шүүгч Ц.А өөрөө болон өргөдөл гаргасан Ж.Т нарын хооронд болсон ярианы дуу-дүрсний бичлэг нь нууцаар бичсэн хууль зүйн ойлголтод хамаарч тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж нотлох баримтад тооцогдохуйц байдлаа алдсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэвэл зохино.
4.5. Өргөдөл гаргагч Ж.Т нь шүүгч Ц.А-ийн өөрийн гар утсанд хийсэн дуу-дүрсний бичлэгийг зөвшөөрөхгүй, бичлэгийг хасаж янзалсан гэж маргаж байгаа тул бичлэгт тусгагдсан мэдээллийн агуулга сэргээн тогтоосон үйл баримттай зөрүүтэй, эсхүл цаг хугацаа буюу Ц.А-ийн гаргасан зан авир, үйлдлийн өрнөлийн дараа хийсэн болохыг бүрэн гүйцэд тодруулаагүй нь дүгнэлтэд нөлөөлөхүйц байхад Сахилгын хороо анхаарч үзээгүй байна.
Өөрөөр хэлбэл Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ГНД/2024/0004 дугаартай нотлох дүгнэлтэд “...Ц.А шүүхийн байранд шүүгчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлдэг албан тасалгаанд, ажлын цагаар шүүхийн захиргааны ажилтантай харилцахдаа ...чи ажилдаа тэнцдэггүй биз дээ, нойлын ногоон тэг, гар, зайл, чамд хувийн хэргээ өгөхгүй... гэж өрөөнөөсөө хөөж гаргасан...”, тус хорооны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн СХМ/2024/0028 дугаартай магадлалд “...гар, зайл, би чамд өгөхгүй, яагаад гэвэл чи өргөдөл гомдол гаргаад явдаг учраас би хувийн хэргээ өгөхгүй...” гэсэн үйл баримтыг тогтооход хүрэлцэхүйц гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон гэж дүгнэжээ.
Харин сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ХТ/2024/0003 дугаартай тогтоолд “...гар, зайл...” гэж өндөр дуугаар хэлсэн болох нь нэр бүхий гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэсэн байх бөгөөд дээрх нотлох дүгнэлт, магадлал бичигдсэн зүй бус үг хэрэгт авагдсан баримтаар няцаан үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.
5. Иймд энэ талаар холбогдох шүүгч Ц.А-ийн гаргасан гомдлыг хангаж, Шүүхийн сахилгын хорооны магадлал, хянан үзэх хуралдааны тогтоолыг тус тус хүчингүй болгож, Сахилгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1, 115 дугаар зүйлийн 115.1.2-т заасныг тус тус баримтлан Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн СХМ/2024/0028 дугаар магадлал, мөн хорооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ХТ/2024/0003 дугаар хяналтын тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ