Шүүгчийн нэр | Д.Батбаатар |
Шийдвэрийн огноо | 2024.05.20 |
Шийдвэрийн дугаар | 001/ХТ2024/0056 |
Хэргийн индекс | 128/2023/0597/з |
Маргааны төрөл | татвар |
Хуулийн зүйл, заалт | Татварын ерөнхий хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.1 |
Шийдвэрлэсэн байдал | Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2023.12.11, дугаар: 128/ШШ2023/0958 |
Анхан шатны шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2024.03.14, дугаар: 221/МА2024/0186 |
Давж заалдах шатны шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
З.С-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул
дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт
шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0958 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2024/0186 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШХТ2024/0173 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Л.О, Э.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, Э.Э нарыг оролцуулан хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА-23230000035 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах тухай;
2.Хэргийн нөхцөл байдал: Татварын улсын байцаагч нар “иргэн З.С үйл ажиллагааны орлогыг хувь хүний орлогын албан татварт тайлагнаж татвар ногдуулаагүй, бараа, ажил, үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар төлөөгүй зөрчил гаргасан” үндэслэлээр нөхөн татварын акт үйлдсэн.
3.Нэхэмжлэгчээс “... татвар төлөгчөөр бүртгүүлсэн өдрөөс хойших бараа, ажил, үйлчилгээнд татвар ногдуулах байсан, татвар ногдох нэг орлогоос хувь хүний болон нэмэгдсэн өртгийн хоёр албан татварыг зэрэг суутгасан, татвараас хасагдах зардлыг хасаж тооцоогүй” гэж, хариуцагчаас “... олсон орлогын баримтаа шивсэн ч тайлагнаагүй, суутган төлөгчөөр бүртгүүлсэн боловч орлогыг тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй” гэж тус тус маргажээ.
4.Анхан шатны шүүх: “ ... “татваруудыг салгалгүй үнийн дүнгээс шууд 10 хувиар тооцож, нөхөн татвар ногдуулсан, Хүн амын орлогын албан татвараас хасагдах зардлыг хасаж тооцоогүй, хяналт шалгалтыг томилолтгүйгээр хийсэн” үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 41 дүгээр зүйлийн 41.2, 41.13, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 6 дугаар зүйлийн 6.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА-23230000035 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 67,368,202.96 төгрөгийн төлбөрийг 51,222,624.52 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “... “зөвхөн дансны хуулгыг үнэлсэн, хэргийн оролцогч нарын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, “хасаж тооцно” гэдэг нь “хасагдах зардлыг хасах” ойлголт биш, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулиар торгууль, алдангийг чөлөөлөөгүй“ үндэслэлээр шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн НА-23230000035 дугаартай, нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, “2. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги, торгуулийг чөлөөлөх тухай хуулийг баримтлан НА-23230000035 дугаартай, нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан торгууль 17,278,328.54 төгрөг, алданги 6,849,053.08 төгрөг, нийт 24,127,381,62 төгрөгийн төлбөрөөс З.С-ийг чөлөөлсүгэй” гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэжээ.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагч нар гомдолдоо:
6.1.Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж заасан тул нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан торгууль, алдангийг чөлөөлөх үндэслэлгүй.
6.2.Иймд магадлалаар төлбөрийг бууруулж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШХТ2024/0173 дугаар тогтоолоор хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Нэхэмжлэгчээс хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүх хэргийг хариуцагч нараас гаргасан гомдлын хүрээнд хянаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
10.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 67,368,202.96 төгрөгийн төлбөрийг 51,222,624.52 төгрөг болгон багасгасныг давж заалдах шатны шүүх өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Татварын алданги, торгуулийг чөлөөлөх тухай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийг хэрэглэн “актаар ногдуулсан торгууль, алдангийн 24,127,381,62 төгрөгийн төлбөрөөс чөлөөлсөн”-д нэхэмжлэгчээс гомдол гаргаагүй байна.
11.Хариуцагч татварын улсын байцаагч “З.С 2020 онд борлуулалтын 52,244,489.91 төгрөгийн орлогоо татварын албанд тайлагнаснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “суутган төлөгч“ болох шаардлагыг хангасан”, энэ нөхцөлд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасны дагуу “нэмэгдсэн өртгийн албан татвар “суутган төлөгч“-өөр бүртгэгдсэн эсэхээс үл хамаарч 2021 оны орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх үүрэгтэй” гэж үзэн актаар төлбөр ногдуулсныг шүүх үндэслэлтэй гэж дүгнэжээ.
12.Мөн давж заалдах шатны шүүх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-т заасан зарчмыг баримталж, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөнө”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:... 13.1.2.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдох гарсан байх, 13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх,16.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:..., 16.1.3.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусдад төлсөн төлбөр, хүү, торгууль, анз:” гэж заасныг үндэслэн хариуцагчийн гомдлыг хангажээ.
13.Түүнчлэн шүүх “нэхэмжлэгч З.С татварын удирдлагын системд төлбөрийн 208,393,429.00, 30,532,504.00 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий хоёр баримт бүртгүүлсэн буюу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргасан” гэж үзэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийн “албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөр зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх” зохицуулалтад хамааруулсан нь үндэслэлтэй байна.
14.Харин нэхэмжлэгч хувь хүний орлогын албан татварт ногдох орлогоо хуульд заасан хугацаанд тодорхойлж тайлагнаагүй байхад “Нөхөн ногдуулалтын акт”-аар түүнд Хувь хүний орлогын албан татвартай холбогдуулан ногдуулсан торгууль, алдангийг Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай дээрх хуулийн дагуу чөлөөлсөн нь буруу болжээ.
15.Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгөөс 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэх заалттай нийцэхгүй байна.
16.Иймд эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0958 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “35,100” гэснийг “70,200” гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2024/0186 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “торгууль 17,278,328.54 төгрөг, алданги 6,849,053.08 төгрөг, нийт 24,127,381,62” гэснийг “торгууль, алдангийн зарим хэсэг буюу 9,557,037.32 төгрөгийн торгууль, 3,813,257.89 төгрөгийн алданги, нийт 13,370,295.21” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
Д.БАТБААТАР