ЗАПГ-ын нэхэмжлэлтэй, А.А-д холбогдох иргэний хэрэг

Шүүгчийн нэр Г.Алтанчимэг
Шийдвэрийн огноо 2023.05.30
Шийдвэрийн дугаар 001/ХТ2023/00102
Хэргийн индекс 140/2022/00461/И
Маргааны төрөл
Хуулийн зүйл, заалт
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.12.21, дугаар: 140/ШШ2023/00001
Анхан шатны шүүх Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2023.03.09, дугаар: 205/МА2023/00009
Давж заалдах шатны шүүх Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар: 001/ХТ2023/00102
Улаанбаатар хот


ЗАПГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00001 дүгээр шийдвэр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2023/00009 дүгээр магадлалтай,

 

ЗАПГ-ын нэхэмжлэлтэй,

А.А-д холбогдох,

 

Төрд учруулсан гэм хорын хохирол 4,835,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийг төлөөлж, прокурор М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ЗАПГ нь хариуцагч А.А-д холбогдуулан төрд учруулсан гэм хорын хохирол 4,835,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

2.Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00001 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч А.А-с төрд учруулсан гэм хорын хохирол 4,835,063 төгрөгийг гаргуулах тухай ЗАПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

3.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2023/00009 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00001 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.А-с гэм хорын хохирол 4,835,063 төгрөг гаргуулж, ЗАУСЗДТГ-т олгож, ЗАПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, ЗАПГрын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т 172.2.3-д заасныг тус тус удирдлага болгон хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:

ЗАПГ-ын 2 дахь удаагийн нэхэмжлэлтэй А.А-д холбогдох төр учирсан хохирол 4835,063 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 497, 510, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, мөн Монгол Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн.

 4.1.Нотлох баримтыг үнэлэх талаар давж заалдах шатны шүүх хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэхдээ Монгол Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан хэрэглэсэн талаар:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд: ...хэрэгт авагдсан прокурорын тогтоол, түүнтэй холбоотой бусад баримтууд нь ЗАПГ-ын Эрүүгийн хэргийн салбар архив 22 “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой баримт байх тул шүүх үнэн зөв гэж баримтууд гэж үнэллээ ... гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд Бичмэл нотлох баримтын талаар зохицуулсан ба 44.1-т Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ. 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна ... гэж заасан ба Монгол Улсын дээд шүүхийн 2009.10.28-ны өдрийн 30 тоот Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарлах тухай тогтоолын нэг дэх хэсэгт: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хэргийн оролцогч хамаарахгүй ... гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд Хэргийн оролцогчдын бүрэлдэхүүнийг тодорхойлсон ба 22.1-т Зохигч, гуравдагч этгээд, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ. ...ЗАПГ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гадна хэргийн зохигч юм. Зохигчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч /ЗАПГар/, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна ... гэж тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч буюу зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хэргийн нэг тал нь бусад байгууллага, албан тушаалтны гаргасан албан бичиг, тогтоолыг өөрийн тэмдгээр баталгаажуулаад шүүхэд өгөх, нөгөө тал нь нотлох баримтаа заавал эх хувиар эсхүл нотариатаар баталгаажуулж нотлох баримт бүрдүүлэх нь тэгш эрхийн зарчмыг зөрчиж байна.

Хэрэв хавтаст хэрэгт хавсаргасан хуулбар үнэн тэмдэгтэй нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргасан үндэслэлтэй гэж үзвэл мөн л Монгол Улсын дээд шүүхийн 2009.10.28-ны өдрийн 30 тоот Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарлах тухай тогтоолыг зөрчиж байна. Учир нь уг хууль тайлбарласан тогтоолын нэг дэх хэсэгт: ... энэ хэсэгт заасан “өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэдгийг тухайн байгууллага, хуулийн этгээдийн албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтээр даган мөрддөг дүрэм, журмын дагуу баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсгээ зурсан байхыг ойлгоно ... гэж заасан ба хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн хуулбар үнэн тэмдэгтэй нотлох баримтууд нь тухайн байгууллагын архив, бичиг хэргийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаагүй байгаа нь шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

4.2.А.А нь дээд сургууль төгссөн, 2 дипломтой. 2010-2011 онд Орхон аймаг дахь Иргэний улс төрийн боловсролын академид суралцан “Улс төрийн менежмент”-ээр төгссөн.

А.А нь Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргаар төрийн нэрийн өмнөөс төрийн эрх ашиг буюу төрийг төлөөлж тодорхой хугацаанд ажилласан. Шударгаар сумынхаа ард иргэдийн төлөө ажил үүргээ гүйцэтгэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй.” гэж заасан байдаг. А.А нь хөдөлмөрлөж түүндээ тохирсон цалин хөлсийг авах эрхтэй. Иймээс 4 сарын хугацаанд ажиллаж нийт 4,835,063 төгрөгийг цалин хөлсөнд авсан. Энэ цалинг буцааж төлүүлэхээр ЗАПГ-аас нэхэмжилсэн 4 сарын хугацааны цалин хөлс гаргуулвал 4 сарын хугацаанд төр иргэнийг үнэгүй ажиллуулж, ямар ч цалин өгөхгүйгээр төрийн ажлыг хийлгэж Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчихөөр байна. А.А нь энэ 4 сарын хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа нэгжийн тухай хуулиараа засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн. 4 сарын хугацаанд ажилласан цалинг энэ хүнээс гаргуулах юм бол энэ хугацаанд гаргасан бүх шийдвэр нь хүчингүй болохоор байна.

4.3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт: Яллагдагч А.А, Д.М нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч буюу ЗАУСЗД Г.Г нь хохирол нэхэмжлэхээс татгалзсан, яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн татгалзсан, яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарахгүй байх тул яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байна... гэж дүгнээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Яллагдагчийг 2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэхээр прокурорын тогтоол гаргасан ба уг тогтоол гаргахын тулд тус хуулийн 4.1-т Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ ... гэсэн өршөөлд орох хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байх, Мөн хуулийн 4.2-т Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлагыг хангасан байж өршөөлийн тухай хуульд хамрагддаг ба А.А-г гэмт хэргээс учирсан хохиролгүй, бусдад төлөх төлбөргүй учир түүнийг хохирол нөхөн төлсөн гэх үндэслэлээр өршөөлд оруулсан байна. Учир нь А.А-д ямар нэгэн хохирол гараагүй, хохирол гараагүй учраас хохирол төлөхөө илэрхийлээгүй байх ба нэхэмжлэгч байгууллагаас А.А нь хохирол учруулаагүй үндэслэлээр өршөөлийн тухай хуульд оруулж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчийг буюу яллагдагчаар татсан А.А нь хууль бусаар сонгуульд өрсөлдөж 2021.03.22-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа нийт 4,835,063 төгрөгийн цалин авсан байх бөгөөд төр, нийтийн ашиг сонирхолд гэм хор учруулсан хариуцлагыг хүлээлгэхгүй орхигдуулж болохгүй юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх албан тушаалтан буюу Ургамал сумын Засаг дарга Г.Г нэхэмжлэхээс татгалзах учир А.А-с хуурамч баримт бичиг ашиглан Засаг даргаар томилогдон ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг төрд учруулсан хохирол гэж үзээд төрийг төлөөлж прокурор нэхэмжлэл гаргаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

4.4.Нэхэмжлэлийн шаардлага буюу төрд учирсан хохирол мөн эсэх талаар:

Нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирол буюу хууль бусаар авсан гэх цалин хөлс гаргуулах нэхэмжлэлдээ “...Ургамал сумын Засаг даргын тамгын газарт гаргуулах гэсэн нь бүр ч ойлгомжгүй байна. Учир нь тухайн эрүүгийн хэргийн хохирогч нь Ургамал сумын Засаг даргын тамгын газар ба тус газар нь хариуцагчаас цалин хөлс нэхэмжлээгүй, хариуцагчийн цалин хөлсийг ямар үндэслэлээр шаардах болсон үндэслэлээ тайлбарлаагүй байна. Төрийн байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг буюу төрийн үйлчилгээг тухайн нутаг дэвсгэртээ үзүүлснийх нь төлөө Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн бүтэн ажлын 8 цагаар ажиллаж, Завхан аймгийн Ургамал сумын нийт иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлж хөдөлмөрлөсөн хүний цалин хөлсийг буцааж нэхэмжилж байгаа нь прокурорын байгууллагаас ажил үүрэг гүйцэтгэсэн цалин хөлсийг гаргуулахаар хандсан нь төр өөрөө өөрийнхөө ажлыг бусдаар гүйцэтгүүлчхээд хувь хүний хүч хөдөлмөрийг үнэгүй ашигласантай ялгаагүй юм. Хуурамч дипломтой ажилд ороод 25 жил төрд зүтгэж, хөдөлмөрлөн 350 сая төгрөгийн цалин хөлс авсан хүнийг гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон 4 сар ажиллаж байхад нь тогтоосон энэ хоёр нь үйлдлийн хувьд, цөөхөн сар байна уу, олон жил ажилласан байна уу чанарын ялгаагүй ба насаар ажилласан хүн байвал бүх цалин хөлсийг буцааж нэхэмжилж байгаа нь төр өөрөө дундаас нь ашиг олж, хүн үнэ төлбөргүй ажиллуулсантай адил юм. Энэ нь хувийн хэвшилд ч байж болох ба нэг компанид хуурамч диплом өгөөд 15 жил ажилласан хүнийг тэр компани нь мэдээд 15 жил өгсөн цалингаа буцааж нэхэмжилж байгаатай адил зүйл юм. Өөрөөр жишээ татвал: Төсөвт өртөг нь 4 тэрбумын Тендер шалгаруулалтаар нэг компани инженерийн дипломыг хуурамчаар үйлдэж тендер шалгаруулалтад оролцон ялж, улмаар тухайн ажлын 1 тэрбумын ажлыг хийж гүйцэтгэсний дараа шүүхээр тогтоогдсон гэж үзвэл төр нь танай компани хуурамч баримт бичиг бүрдүүлсний улмаас ялсан байна. Тийм учраас хууль бусаар тендерийн ажлыг хийж гүйцэтгэсэн учир өмнө нь хийж гүйцэтгэсэн 1 тэрбумын буюу ажлын үр дүнг чинь тооцохгүй, хийж гүйцэтгэсэн 1 тэрбум төгрөгийг танайхаас буцааж гаргуулна гэж нэхэмжилсэнтэй ялгаагүй юм. Энэ нь төр үнэгүй 1 тэрбумын ажил гүйцэтгүүлж 1 тэрбумын хөрөнгөтэй болж ажил гүйцэтгэсэн гүйцэтгэгчээ, иргэнээ шулж байгаатай адил зүйл юм. Өөрөөр хэлбэл хуурамч баримт өгч ялсан тендерт оролцогч, хуурамч дипломтой томилогдсон засаг даргын асуудал нь зөвхөн тухайн үйлдэлд л тохирох хариуцлага хүлээлгэх үндэслэл болохоос тухайн тендерт ялсан, томилогдсон засаг даргын “төрийн ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг” буюу төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, төрийн нэрийн өмнөөс төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж үйлчилж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сумын засаг даргад хүлээлгэсэн үүргээ нэр төртэй бүрэн биелүүлж сум орон нутгийн нийгэм, эдийн засгийн цогц асуудлуудыг тухайн орон нутагтаа шийдвэрлэн ажилласан байхад тэр хугацаанд ажилласан цалин хөлсийг буцаан гаргуулах боломжгүй гэж үзэж байна.

Хэрэв төрийн ажлыг хийснийхээ төлөө хөдөлмөрлөж ажилсан хугацааны цалин хөлсийг хууль бусаар ажиллаж байсан гэж буцаан татах тохиолдолд А.А гэх засаг даргын хийж гүйцэтгэсэн буюу сум орон нутгийн өмнөөс гаргасан бүх захиргааны акт, захирамж, бусад байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээр, үүрэг даалгавар, баталсан төсөв мөнгө, нийтийн өмнөөс захиран зарцуулсан мөнгө, эд хөрөнгө бүгд нэгэн адил хууль бус болж, засаг даргын нэрийн өмнөөс шилжүүлсэн бүх гүйлгээ, бусдад олгосон эрх, цалин хөлс бүгд л хүчингүй буцаагдахаар байна. Томилогдсон нь хууль бус болохоос ажиллаж хөдөлмөрлөсөн нь хууль бус байх ямар ч боломжгүй юм. Хариуцагчийн ажилласан хугацааны цалин хөлс нь гэмт хэргээс учирсан гэм хор мөн эсэх талаар нэхэмжлэгч тодорхой тайлбарлаагүй, шаардах эрх нь ямар хуулийн заалтаар хэрэгжих боломжтойгоо дурдаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ мөн давж заалдах шатны шүүхээс зөвхөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэх зүйл заалтыг иш татаж нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь төрийн ажлыг гүйцэтгэсний төлөө зөвхөн ажилласан хугацааны цалин хөлсөө авсан нь гэмт хэргийн улмаас үүссэн гэм хор байх боломжгүй. Өөрөөр хэлбэл төрд гэм хор учирсан байх шаардлагатай.

Харин хариуцагч нь засаг даргаар томилогдсон боловч ажиллаж, хөдөлмөрлөөгүй байж цалин хөлс авсан бол үндэслэлгүйгээр авсан цалин хөлсийг буцаан нэхэмжлэх боломжтой. Прокурорын байгууллага нь жишээлбэл төрийн алба хашиж байхдаа хууль бус тушаал шийдвэр гаргаж ажилтныг үндэслэлгүйгээр халсны улмаас төрийн сангаас цалин хөлс бусдад олгосон бол, эвлэрч төрийн сангаас цалин хөлс олгосон, буруу шийдвэр гаргаж бусдыг хохироосны улмаас төрийн сангаас бусдад төлбөр төлсөн гэх мэт төрд хохирол учруулсан буруутай этгээдээс гаргуулах талаар нэхэмжлэл гаргах хэрэгтэй болохоос ийм төрийн ажлыг, ард иргэдэд үйлчлэх төрийн үндсэн чиг үүргийг гүйцэтгэсэн иргэн хүний хөдөлмөрийн хөлсийг булаахаар байна.

4.5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хуурамч баримт бичгээр сонгуульд өрсөлдсөн гэх талаар:

Хариуцагч А.А нь 2010 онд Завхан аймгаас 30-аад хүн Эрдэнэт хотын Иргэний улс төрийн боловсролын академийг 2010, 2011 онд улс төрийн менежер мэргэжлээр суралцан төгсөн ромбо дипломоо авсан. Хөдөө орон нутгийн ихэнх засаг дарга нар энэ сургуулийн дипломтой гэж тайлбарладаг. Тухайн нэхэмжлэлд А.Аийг хуурамч баримт бичгээр сонгуульд өрсөлдөж ялсан гэх утгатай зүйл бичсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь А.А нь 2012 онд Ургамал сумын хульж багийн засаг даргад өрсөлдөн 2012-2016 онд Ургамал сумын Хульж багийн засаг даргаар, 2016 оны орон нутгийн сонгуулиар Ургамал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдөж ялан 2016-2020 онд Ургамал сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын сонгуульт ажлыг хийж гүйцэтгэж байгаад 2020 оны орон нутгийн сонгуульд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өрсөлдөн ялж, төлөөлөгч болсон байна. Энэ нь ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон 2011, 2015, 2020 оны сонгуулийн тухай хуульд “Багийн засаг дарга” болон “сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга”, “аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч”-д өрсөлдөх, томилогдоход дээд боловсролтой байна гэсэн шаардлага байхгүй юм.

2020.01.31-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т нэр дэвшигч гэж 18 нас хүрсэн, энэ хуульд заасан журмын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг; ...хүнийг хэлнэ. 28 дугаар зүйлийн 28.3-т Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: 28.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх; 28.3.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх. 28.4.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. 28.4.1.төрийн жинхэнэ албан хаагч; 28.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан; 28.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн; 28.4.4.3асгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн; 31 дүгээр зүйл. Нэр дэвшигчийг бүртгэх, 31.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ; 31.2.1.нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт; 31.2.2.нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл; 31.2.3.энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар; 31.2.4.энэ хуулийн 28.3.1-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа; 31.2.5.энэ хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт; 31.2.6.нэр дэвшигчийн намтар; 31.2.7.нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар; 31.2.8.ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа; 31.2.9.нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг; 31.2.10.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа гэх баримт бичгийг бүрдүүлнэ гэж заасан ба тухайн хуульд дээд боловсролын шаардлага тавигддаггүй болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд яллагдагчаар татагдсан А.А нь хуурамч баримт бичиг ашиглан Засаг дарга болсон буюу санаатай үйлдлээр төрд гэм хор учруулан цалин хөлс авсан байх тул уг цалин хөлсийг гаргуулж төрийг хохиролгүй болгохоор прокурор нэхэмжилж байна гэсэн ба төрд гэм хор учруулан цалин хөлс авсан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь тухайн эрүүгийн хэргийн хохирогч нь Ургамал сумын засаг даргын тамгын газар ба тус газар нь хариуцагчаас цалин хөлс нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй гэдгээ мэдүүлсэн хариуцагчийн цалин хөлсийг ямар үндэслэлээр шаардах болсон үндэслэлээ тайлбарлаагүй байна. Төрийн байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг буюу төрийн үйлчилгээг үзүүлснийх нь төлөө Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн бүтэн ажлын 8 цагаар ажиллаж Завхан аймгийн Ургамал сумын нийт иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлсэн хүний цалин хөлсийг буцаан нэхэмжилж байгаа нь прокурорын байгууллагаас ажил үүрэг гүйцэтгэсэн цалин хөлсийг гаргуулахаар хандсан нь төр өөрөө өөрийнхөө ажлыг бусдаар гүйцэтгүүлчхээд хувь хүний хүч хөдөлмөрийг үнэгүй ашигласантай ялгаагүй юм.

Хэрэв төрийн ажлыг хийснийхээ төлөө ажилласан хугацааны авсан цалин хөлсийг хууль бусаар ажиллаж байсан гэж буцаан татах тохиолдолд А.А гэх засаг даргын хийж гүйцэтгэсэн буюу сум орон нутгийн өмнөөс гаргасан бүх захиргааны акт, захирамж, бусад байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээр, үүрэг даалгавар, баталсан төсөв мөнгө, захиран зарцуулсан эд хөрөнгө бүгд нэгэн адил хууль бус болж, засаг даргын нэрийн өмнөөс шилжүүлсэн бүх гүйлгээ, бусдад олгосон эрх, цалин хөлс буцаагдахад хүрээд байна. Хариуцагч нь төрийн ажлыг гүйцэтгэсний төлөө зөвхөн ажилласан хугацааны цалин хөлсөө авсан нь гэмт хэргийн улмаас үүссэн гэм хор байх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл төрд гэм хор учирсан байх шаардлагатай.

Харин улсын яллагчийн зүгээс А.А-с гаргуулахыг санал болгож буй хохирлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэсэн саналтай байна. А.А хэдийгээр хуурамч дипломтой байсан боловч томилох үеийн хурлаар шалгасан эсэх, мөн энэ нь зөвхөн томилсон аймгийн засаг даргын захирамж хууль бус гэх агуулга яригдах болохоос томилогдсоноос хойш гэсэн үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр өдөрт 8 цаг ажиллаж үүрэг гүйцэтгэж байсан учраас зохих цалин хөлс авах эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.05.18-ны өдрийн 001/ШХТ2023/00581 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ХЯНАВАЛ:

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч ЗАПГ нь хариуцагч А.А-д холбогдуулан 4,835,063 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг “...А.А нь Д.М-ын үйлдсэн Монголын Үндэсний дээд сургуулийн гэх ............. дугаартай, Хүний нөөцийн удирдлага /........../ мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг бүхий диплом буюу мэргэжлийн боловсролын баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2020 онд Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд, улмаар тус сумын Засаг даргад нэр дэвшиж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонхийн санал авч 2020.11.22-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдож ажилласан, тэрээр дээд боловсролгүй атлаа хуурамч диплом ашигласан үйлдэлд эрүүгийн хэрэгт шалгагдсан ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хуульд зааснаар сумын Засаг дарга нь дээд боловсролтой байх ёстой, хууль бусаар 4 сарын цалин хөлс авсан, иймд төрд учирсан гэм хорын хохирлыг гаргуулж ЗАУСЗДТГ-т олгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад дээд боловсролтой байхыг шаардаагүй тул хуурамч дипломыг сонгуульд ашигласан гэх боломжгүй. Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргаар тодорхой хугацаанд ажиллаж төрийг төлөөлж, ажлыг шударгаар гүйцэтгэсэн. Иргэн хүн шударгаар хөдөлмөрлөж түүндээ таарсан цалин хөлс авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх. Ургамал сумын Засаг дарга Г.Г эрүүгийн хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүнчлэн прокурорын байгууллагад хохирлыг шаардаж шүүхэд хандах хүсэлт өгөөгүй байхад прокурор санаачилгаараа нэхэмжлэл гаргах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байна.

 

8.Анхан шатны шүүх“...ЗАПГ нь тус аймгийн Ургамал сумын Засаг даргын хүсэлтгүйгээр нэхэмжлэл гаргасан, хариуцагч А.А нь Ургамал сумын Засаг даргаар томилогдохдоо хуурамч диплом ашигласан болох нь тогтоогдоогүй, хуурамч бичиг баримт ашигласнаас төрд хохирол учирсан байдал нотлогдохгүй, үйлдэл, гэм буруугийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна...” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа “...хэрэгт авагдсан баримтууд нь ЗАПГ-ын Эрүүгийн хэргийн салбар архив 22 “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт байх тул шүүх үнэн зөв баримтууд гэж үзнэ. Хариуцагч нь хуурамч диплом ашиглаж, Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшин, улмаар Засаг даргаар томилогдон ажиллаж, хууль бусаар цалин хөлс авч төрд 4,835,063 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйл баримт хангалттай тогтоогдсон. Прокурор төрийн эрх ашгийг хамгаалахаар өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хууль зөрчөөгүй.” гэж дүгнэжээ.

 

9.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдал, хэргийн оролцогчоос нотлох баримт гаргахад тавигдах хуулийн шаардлага, хариуцагчийн үйлдэл, гэм буруу, хохирол төлөх үндэслэлтэй эсэх талаар материаллаг болон процессын хуулийн хэрэглээ, Улсын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй дүгнэлт хийснийг дурдан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан нь хэргийг хяналтын журмаар хэлэлцэх хуульд заасан үндэслэлийг бий болгосон байна. Иймд хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

 

10.А.А нь дээд боловсролгүй атлаа хуурамч диплом ашиглаж Завхан аймгийн Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Засаг даргад нэр дэвшин сонгогдож, 2020.11.23-ны өдрөөс 2021.03.22-ны өдөр хүртэл тус сумын Засаг даргаар томилогдон ажилласан, энэ үйлдэлтэй холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хуульд заасан бусад нөхцөлийг харгалзан түүнд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон нь ЗАПГ-ын прокурорын 2021.08.30-ны өдрийн 06 тоот тогтоолоор тогтоогджээ.

 

10.1.А.А-д холбогдох эрүүгийн хэрэгт ЗАУСЗД Г.Г-ыг (дараа нь томилогдсон) байгууллагыг төлөөлөх албан тушаалтных нь хувьд хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, уг мэдүүлэгт “...А.А нь албан тушаал эрхлэх хугацаандаа 4,835,063 төгрөгийн цалин авч байгууллагыг хохироосон, гэвч тодорхой ажил гүйцэтгэсэн тул мөнгийг нэхэмжлэхгүй” гэсэн байна. (хх-19-р тал)

 

Түүнчлэн Засаг дарга Г.Г аймгийн прокурорын газарт 2022.09.21-ний өдөр 1/132 тоот албан бичгийг хүргүүлж, А.А-ийн ажиллах хугацаандаа авсан цалинг буцаан нэхэмжлэхгүй гэжээ. (хх-4-р тал)

 

Дээрхээс үзвэл, гэмт хэрэгтэй холбоотой хохирол гаргуулах шаардлага гаргах эрх бүхий этгээд буюу Завхан аймгийн Ургамал сумын Засаг дарга Г.Г А.А-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзсан байна.

 

10.2.Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ...Прокурор төрийн ...ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцож болно гэж заасан бөгөөд дурдагдаж буй хуулийн 25, 26 дугаар зүйл нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн бүхий л эрх, үүргийг зохицуулсан хэм хэмжээ юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 31.1 дэх заалтын “прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх” үндэслэлд ...төрийн өмчийн зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, ...зэрэг асуудлаар Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох явцад маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд уул асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрээр нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй (эрх нь дуусгавар болсон, эрхийг түдгэлзүүлсэн, зогсоосон зэрэг) байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он), Төсвийн тухай хуульд (2011 он) зааснаар сумын Засаг дарга нь төсвийн хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулах, тухайн байгууллагын эрх ашиг хөндөгдсөн бол байгууллагыг төлөөлж аливаа эрх бүхий байгууллагад хандах үүрэгтэй.

 

Энэ үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан тохиолдолд төрд учирсан хохирлыг гаргуулахаар прокурор санаачилгаараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах нь хууль зөрчихгүй.

 

Нөгөө талаар Засаг дарга Г.Г байгууллагыг төлөөлж хохирогчоор тогтоогдохдоо өмнөх Засаг даргаас хохирол шаардаагүй нь А.А-ийг Өршөөлийн тухай хуульд хамрагдах хохирол төлбөргүй гэж үзэх ашигтай нөхцөлийг бүрдүүлж, улмаар холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож ялаас чөлөөлөх үндэслэл болсон, харин энэхүү нөхцөл нь иргэний хэргийн журмаар хохирол шаардаж нэхэмжлэл гаргахад саад болохгүй байна.

 

Иймд прокурор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хууль зөрчөөгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

11.Нэхэмжлэгч ЗАПГ нэхэмжлэл гаргахдаа, хариуцагчийн иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021.07.07-ны өдрийн 3/791 тоот болон 2021.06.24-ний өдрийн 3/722 тоот албан бичиг, Завхан аймгийн Засаг даргын 2020.11.23-ны өдрийн Б/47 дугаар, 2021.03.22-ны өдрийн Б/10 дугаар захирамж, Завхан аймгийн Ургамал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020.11.01-ний өдрийн тогтоол, 2021.08.19-ний өдрийн МША-1.14 тоот мөрдөгчийн тогтоол, 2021.08.19-ний өдрийн МША-1.17 тоот мөрдөгчийн тогтоол, 2021.08.19-ний өдрийн МША-4.2 тоот хохирогч түүний хууль ёсны төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, 2021.08.19-ний өдрийн МША-3.18 тоот хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл, Завхан аймаг дахь Цагдаагийн газрын 2021.08.12-ны өдрийн 37в/2284 тоот албан бичиг, 2021 оны цалингийн карт, 2020 оны цалингийн карт, 2021.08.19-ний өдрийн Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, ЗАПГрын 2021.08.30-ны өдрийн 06 дугаар прокурорын тогтоолын хуулбар баримтуудыг (хх-5-26-р талд авагдсан) ЗАПГрын Эрүүгийн хэргийн салбар архив 22 “хуулбар үнэн” тэмдэгтэй шүүхэд гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар шинжлэн судалжээ.

 

Мөн эдгээр баримт бүрд салбар архивын “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан, сүүлийн хэсэг дэх баримтад бүртгэлийн дугаар 98, хуулбар олгосон 2022.09.23-ны өдөр гээд хуулбар олгосон ажилтны гарын үсэг бүхий тэмдэг дарагдсан байна.(хх-26-р хуудас ар тал)

 

11.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд бичмэл нотлох баримтын талаар зохицуулсан, мөн зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.”, 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан байна.

 

Монгол Улсын дээд шүүхийн 2009.10.28-ны өдрийн 30 дугаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарлах тухай тогтоолын 1 дэх хэсэгт: ...хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хэргийн оролцогч хамаарахгүй, энэ хэсэгт заасан “өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэдгийг тухайн байгууллага, хуулийн этгээдийн албан хэрэг хөтлөлтийн талаар дотооддоо баримталдаг болон нийтээр даган мөрддөг дүрэм, журмын дагуу баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг тодорхойлсон архив буюу бичиг хэргийн нэгжийн эрх бүхий албан тушаалтан тэмдэглэгээ бүхий дардас дарж, гарын үсгээ зурсан байхыг ойлгоно... гэж тайлбарлажээ.

 

11.2.Анхан шатны шүүхийн хэрэг хэлэлцсэн 2022.12.21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд А.Аэд холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийн материалыг ЗАПГ-ын Эрүүгийн хэргийн салбар архиваас авч ирсэн, уг материалаас холбогдох баримтыг шинжлэн судлуулах, шаардлагатай бол шинжлэн судалсны дараа нотариатчаар гэрчлүүлж өгөх боломжтой гэжээ. Шүүх хуралдаан даргалагчаас шүүхэд гаргасан нотлох баримттай архиваас авчирсан баримт давхцаж байгаа эсэхийг лавлаж, улмаар нотлох баримт шинжлэн судлах явцдаа зохигчоос, нотлох баримтаас шаардлага хангаагүй баримт байгаа эсэхийг асуухад тэд байхгүй гэж хариулж, аль ч баримтын талаар маргаагүй байна.(хх-122-123, 136)

 

Мөн даргалагч шүүгч нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримт гаргахдаа архивын “хуулбар үнэн” тэмдэг дарсан учрыг тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч “эрүүгийн хэргийн баримтыг салбар архиваас гаргуулж тухайн архивын “хуулбар үнэн” тэмдэг даруулсан, эдгээр нь прокурорын газарт байгаа нотлох баримт биш тусдаа бие даасан нэгжээс гаргасан баримт” гэсэн тайлбарыг гаргажээ.(хх-136-р тал)

 

11.3.Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд шүүхэд өгсөн нотлох баримтын эх хувийг авч ирсныг анхан шатны шүүх шинжлэн судлах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн атлаа “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ирүүлсэн баримтууд нь хууль журмын дагуу авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй...” гэж дүгнэсэн нь буруу байна.

 

Давж заалдах шатны шүүх ЗАПГ болон түүний салбар нэгж нь тусдаа байгууллага гэсэн агуулгаар дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Улсын дээд шүүхийн 2009.10.28-ны өдрийн 30 тоот Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарласан тайлбараас зөрүүтэй байна. ЗАПГ, түүний нэгж болох архивыг тусдаа бие даасан байгууллага, хуулийн этгээд гэж үзэх нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасантай нийцэхгүй байна.

 

11.4.Гэвч зохигч хэрэгт авагдсан “хуулбар үнэн” дардастай дээр дурдсан нотлох баримтад агуулагдсан мэдээллийн талаар буюу маргаанд хамааралтай үйл баримтын талаар маргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас гадна зохигчийн тайлбар, хэрэгт байгаа бусад баримтаар энэ маргаанд ач холбогдол бүхий байдал бүрэн тогтоогджээ.

 

Иймээс нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж маргааны үйл баримтыг тогтоосон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “А.А нь дээд сургууль төгссөн, 2 дипломтой. 2010-2011 онд Орхон аймаг дахь Иргэний улс төрийн боловсролын академид суралцан “Улс төрийн менежмент”-ээр төгссөн” гэж гомдолдоо дурдсан боловч хэрэгт энэ тухай баримт авагдаагүй байна.

 

Дээд боловсролын тухай хуулийн (2002 он) 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос ...доошгүй багц цаг байна.

 

Боловсролын тухай хуулийн (2002 он) 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 9.2-д “Боловсролын баримт бичиг(гэрчилгээ, үнэмлэх, диплом)-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж тус тус заасан.

 

Хариуцагч А.А нь дээр дурдсан шаардлагыг хангаж, их дээд сургуульд суралцаж, улмаар хуульд заасан багц цагийн сургалтад хамрагдаж дээд боловсрол эзэмшиж, улмаар зохих журмын дагуу диплом аваагүй, хуурамч диплом ашигласан болох нь эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “А.А дээд боловсролтой” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэв.

 

13.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (2006 он) 26 дугаар зүйлийн 26.5, 26.5.1-д зааснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дээд боловсролтой байхыг шаарджээ.

 

Засаг даргад нэр дэвших урьдчилсан нөхцөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байх, улмаар тухайн төлөөлөгчдийн олонхийн санал авснаар дээд шатны Засаг дарга захирамж гаргаж томилох журам хуульд тусгагдсан.

 

А.А нь 2020 оны сумыниргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болоод Монголын Үндэсний дээд сургуулийн багш Д.М гэх хүнтэй ярьж 3 сая төгрөгөөр дипломын хуулбарыг авч орон нутгийн сонгуульд нэр дэвшин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Засаг даргад нэр дэвшин, тухайн Төлөөлөгчдийн олонхийн санал авч, Завхан аймгийн Засаг даргын 2020.11.22-ны өдрийн Б/47 дугаар захирамжаар Ургамал сумын Засаг даргаар томилогдож, мөн Засаг даргын 2031.03.22-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, энэ талаар ч эрүүгийн хэрэг шалгах явцад мэдүүлсэн байна.

 

Иймээс Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшихэд хуулиар дээд боловсрол шаардаагүй, иймээс хариуцагч гэм буруугүй гэх агуулгатай гомдол үндэслэл муутай.

 

14.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.

 

Гэм хор учруулагч этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Эд хөрөнгийн хохирол гэх ойлголтод хохирогч этгээдээс гарсан зардал хамаарна.

 

А.А нь зохих журмаар суралцаагүй атлаа гэмт хэрэг үйлдэх замаар бий болсон дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж санаатайгаар ашиглаж төрийн албанд томилогдсон гэм буруутай нь тогтоогдсон, иймээс эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан гэж үзнэ. Түүний ажиллах хугацаандаа авсан цалинг байгууллагад учирсан хохирол буюу гарсан зардалд тооцно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “А.А-ийн гүйцэтгэсэн ажилдаа авсан цалинг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцохгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

 

15.Нөгөө талаар, Төрийн албаны тухай хуулийн 3.1.2, 10 дугаар зүйлийн 10.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9-т зааснаар аливаа Засаг дарга нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагддаг төрийн улс төрийн албан хаагч мөн.

 

Хариуцагч А.А нь сумын Засаг даргаар томилогдсоноор хөдөлмөр эрхлэлтийн харилцааны буюу төрийн албаны шинжтэй харилцаа үүсч тодорхой үүргийг гүйцэтгэсэн байх боловч түүний авсан цалин хөлсийг бүхэлд нь түүнд олгосноор үлдээх нь хуульд нийцэхгүй.

 

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт иргэн хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах...эрхтэй.” гэж заасан. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажилтан ажил мэргэжлээ өөрөө чөлөөтэй сонгох, өөрөөр хэлбэл, өөрийн олж авсан мэдлэг боловсрол, авьяас, ур чадвараа хаана ажиллаж үнэлүүлэхийг өөрөө тодорхойлох, улмаар гүйцэтгэсэн ажилдаа тохирсон шударга цалин хөлс авах зарчимтай ч хариуцагч А.А нь сумын Засаг даргад нэр дэвших болзолд дээд боловсролтой байхыг хуулиар шаардсан атал санаатайгаар хууль бус үйлдэл хийж хуурамч бичиг баримт бүрдүүлж, нэр дэвших шаардлагыг хангасан мэт байдлыг бүрдүүлж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн байна.

 

Энэ тохиолдолд тухайн албан тушаалд тохирсон ажил гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

 

Тодруулбал, уг албан тушаалыг эрхлэх үндэслэлгүй байсан учир гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин авах Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар хариуцагчийн эрх ашиг хамгаалагдах үндэслэлгүй.

 

Иймд авсан цалинг буцаан гаргуулах нь ажил эрхэлж цалин хөлс авах эрхийг зөрчинө гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

 

16.Харин дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж, хохирлын зарим хэсгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

А.А нь 2012 оноос эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан, түүний өөрийн болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан тухайн цаг хугацаанд буюу 2021 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 420,000 төгрөгийн хэмжээнд нийт 4 сараар тооцож 1,680,000 төгрөгийг хохирлоос хасч үлдэх 3,155,063 төгрөгийн хохирлыг хариуцагч А.А-ээс гаргуулж Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

17.Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2023/00009 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00001 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч А.А-ээс 3,155,063 төгрөгийг гаргуулж, ЗАУСЗасаг даргын Тамгын газарт олгож, 1,680,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 65,431 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4- заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аийн 2023.04.19-ний өдөр төлсөн 92,311 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                                    

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

 

                                                                        П.ЗОЛЗАЯА

 

                                                                        Д.ЦОЛМОН