Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх сахилгын хэрэг

Шүүгчийн нэр Ч.Хосбаяр
Шийдвэрийн огноо 2023.05.10
Шийдвэрийн дугаар 001/СХХШТ2023/0002
Хэргийн индекс
Маргааны төрөл Огцруулах
Хуулийн зүйл, заалт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10 дахь хэсэг
Шийдвэрлэсэн байдал

хяналтын тогтоолыг хэвээр үлдээх;

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.01.05, дугаар:
Анхан шатны шүүх Сахилгын хороо
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.01.05, дугаар:
Давж заалдах шатны шүүх Шүүхийн Ёс зүйн хороо

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар: 001/СХХШТ2023/0002
Улаанбаатар хот


                                                     Шүүгч Д.М-д холбогдох

                                                    сахилгын хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Ч.Хосбаяр, шүүгч П.Соёл-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, сахилгын хэргийн оролцогч Д.М, түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, Б.Баатарсайхан нар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар

 

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн СХМ/2023/0004 дүгээр магадлал, мөн хорооны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХТ/2023/0003 дугаар хяналтын тогтоолтой, шүүгч Д.М-д холбогдох сахилгын хэргийг түүний гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцээд

 

                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн СХМ/2023/0004 дүгээр магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгч Д.М-д “огцруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХТ/2023/0003 дугаар хяналтын тогтоолоор магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн” гэсний дараа “57 дугаар зүйлийн 57.1.10-т” гэснийг “57 дугаар зүйлийн 57.1.7-д” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарсайханы гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

 

Сахилгын хэргийн оролцогч Д.М гаргасан гомдолдоо:“...Сахилгын хорооны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 115 дугаар зүйлийн 115.1.2-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасан сахилгын хэргийн оролцогч өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангаагүй талаар: шүүгч Д.М би сахилгын хэрэг үүсгэх тухай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолыг өргөдөл, мэдээллийн хамт 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гардан авснаар Ж.С, Х.И, Х.Б нар миний биед холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өргөдөл гомдол мэдээлэл гаргасан, сахилгын хорооны гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1197 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн, тус захирамжид өргөдөл гаргагч нар гомдол гаргасныг хүлээн авч сахилгын хэрэг үүсгэсэн болохыг мэдсэн. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариу тайлбарыг тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2893 дугаар шийдвэртэй иргэний хэргийг бүхэлд нь хуулбарласан баримтын хамт сахилгын хороонд хүргүүлсэн, үүний дараа илтгэгч гишүүний 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 41 дүгээр нотлох дүгнэлтийг хүлээн авсан юм.  Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “сахилгын хэргийн оролцогч өргөдөл, мэдээлэлтэй холбоотой нотлох баримттай хуралдаан товлохоос өмнө танилцах эрхтэй” гэж заасан боловч шүүх нь 2022 онд өмнөх оны үлдэгдэл болон шинээр хүлээж авсан нийт 8385 хэрэг, нэхэмжлэл буюу нэг шүүгч 838 хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авч, нийт 4352 эрхийн акт гаргаж ажилласан нь Монгол Улсын хэмжээнд нэг шүүгчид ногдох ачааллаараа хамгийн өндөр байхаас гадна шүүгч хүний хувьд шүүн таслах ажиллагаа эн тэргүүнд тавигддаг тул миний бие хуульд заасан үүргийн хүрээнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх үүднээс 7 хоногт 35-40 шүүх хуралдаан товлон хуралдуулсан нөхцөл байдлын улмаас хуулийн дээрх заалтын дагуу биечлэн очиж хэргийн материалтай танилцаж чадаагүй.

Ингээд сахилгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаас 20 минутын өмнө ирж, хэргийн материалтай танилцахад 246 хуудас материал цугларсан байсан бөгөөд шүүгч миний огт мэдэхгүй, шийдвэрлэсэн хэрэгт авагдаагүй шинэ баримтууд бүрэн танилцаж амжилгүй хуралдаанд оролцож, сахилгын хорооны бүрэлдэхүүн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр магадлалаар Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зөрчил гаргасан” гэж дүгнэн мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-т зааснаар огцруулах сахилгын шийтгэлийг оногдуулсан билээ.

Сахилгын хорооны магадлалд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх үүднээс сахилгын хэргийн материалтай бүрэн танилцах шаардлагатай болсон боловч миний бие ажлын ачаалал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явуулахын тулд өөрийн биеэр танилцах боломжгүй байсан тул өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэтэй 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг байгуулсан.

Өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ сахилгын хэргийн баримтуудыг хуулбарлан авахаар шүүхийн сахилгын хороонд очиход холбогдох референт нь өмгөөлөгч хэргийн оролцогч биш гэж тайлбарлан хэргийн материалтай танилцуулаагүй, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүгч намайг төлөөлөх эрхийг Э.Энх-Эрдэнэд итгэмжлэлээр олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн баримтуудтай танилцах, хуулбарлан авах талаар дахин хүсэлт гаргахад татгалзсан тул итгэмжлэлийн үр дагаврыг тайлбарласны эцэст хэргийн 7- 14, 25-26, 30, 32, 43-51, 59-60, 102, 106-11, 143-222, 231-246 дугаартай баримтуудыг буюу нийт 118 хуудас баримтыг хуулбарлаж авсан. Ийнхүү шүүгч миний зөвхөн дээрх 118 хуудас баримтын хүрээнд хэргийн материалтай танилцсан байсан бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хянан үзэх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт биечлэн оролцох, үлдэх хэргийн материалтай танилцахаар ирсэн боловч надад хэргийн материал танилцуулаагүй тул хуулийн дээрх зүйл, заалт зөрчигдсөн гэж үзэж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.2-т заасан хуралдаанд биечлэн оролцох, тайлбар гаргах эрхийг хангаагүй талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох...” гэж Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулжээ.

Шүүгч би Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, Б.Баатарсайхан нартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хянан үзэх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт биечлэн оролцохоор ирэхэд сахилгын хорооны ажилтан өмгөөлөгчтэй оролцох эсэхийг бүрэлдэхүүн шийдвэрлэнэ гэж тайлбарласан. Хуралдааны ирц танилцуулахад хуралдаан даргалагч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д “Сахилгын зөрчилд холбогдох шүүгч /цаашид “холбогдох шүүгч” гэх/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сахилгын хэргийн оролцогч гэнэ” гэж заасны дагуу зөвхөн холбогдох шүүгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль нэгийг хянан үзэх хуралдаанд биечлэн оролцуулна гэж тайлбарласан тул Үндсэн хуульд заасны дагуу оролцогчийг өмгөөлөгчийн хамт хуралдаанд оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. 

Дээрх тохиолдолд сахилгын хорооны бүрэлдэхүүн сахилгын хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.2, 110 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх үүрэгтэй байсан боловч даргалагч гишүүн ирцтэй холбоотой буюу сахилгын хэргийн оролцогчтой холбоотой гаргасан хүсэлтийг хуралдааныг засварлуулалгүй, бүрэлдэхүүнтэй зөвлөлдөлгүйгээр, дангаар, амаар, бүрэлдэхүүний өмнөөс өмгөөлөгчийг оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн зөрчил гаргасан, тус шийдвэрийн үндэслэлээ буюу Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлэхгүй байгаа талаараа ямар нэг тайлбар хэлээгүй юм.

Даргалагч гишүүнээс шүүгч, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алийг нь оролцуулахаа өөрсдөө шийд гэсэн шаардлага тавьсан нь тул арга буюу шүүгч би өөрөө хуралдаанд оролцохоос татгалзаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/ нараа хуралдаанд оролцуулсан. Өөрөө оролцохоос татгалзсан үндэслэл нь, миний бие 2015 оноос хойш шүүгчийн албан тушаалыг эрхлэхдээ сахилгын хорооны хуралдаанд анх удаа оролцож буй нь энэ бөгөөд өмнөх хуралдаанаас огцруулах шийтгэл хүлээсэн тул өмгөөлөгчтэй оролцохоор шийдвэрлэснээс гадна шүүгч миний хянан үзэх хуралдаанд гаргасан гомдлын 5 үндэслэлийн 4 нь Сахилгын хорооны шийдвэрийг хууль бус гэсэн агуулгатай байсан тул уг асуудлаар би тайлбар гаргах нь зохимжгүй гэж үзэж өмгөөлөгч нар дээрх 4 үндэслэлээр тайлбар гаргах, харин шүүгч би өөрийн гаргасан шийдвэр тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулж тайлбар гаргахаар хуралдааны бэлтгэлийг хангасан байсан билээ. Гэвч тус хуралдаанд шүүгч би өөрийн биеэр оролцож чадаагүйн улмаас бүрэлдэхүүний шүүгч гишүүний асуусан ач холбогдол бүхий асуултад өмгөөлөгч нар хариулж чадаагүй, хариулж мэдэхгүй байсан зэрэг нөхцөл байдал үүссэн.

Нотлох баримт шинжлэн судлах явцад маргааны зүйл болсон, шүүгч миний шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2893 дугаар шийдвэртэй иргэний хэрэг бүхэлдээ нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар авагдсан болох нь тогтоогдсон бөгөөд илтгэгч гишүүний зүгээс зөвхөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1971 дүгээр шийдвэртэй хэрэг, захиргааны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шийдвэртэй хэргүүдэд үзлэг хийж холбогдох баримтыг хуульд заасан журмын дагуу хуулбарлаж авсан, сахилгын хэрэг үүсгэсэн хэрэгтээ үзлэг хийгээгүй, нотлох баримт бүрдүүлээгүй байсан нь Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасан “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэснийг зөрчжээ.

Мөн хуралдаан даргалагчийн зүгээс маргаантай болохыг нотолсон шүүхийн шийдвэрүүд Х.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт байсан эсэхийг асуухад итгэмжлэгдсэн төлөөлөгч нар байгаа эсэхийг мэдэхгүй гэж хариулсан бөгөөд шүүгч миний бие тус хуралдаанд биечлэн оролцсон бол өөрөө тайлбар мэдүүлэг гаргах, мэтгэлцэх, өөрийн шийдвэрлэсэн хэрэг, гэм буруугийн талаар тайлбар гаргах эрхээ эдлэх боломжтой байсан, мөн хэргийн материалтай бүрэн танилцсан байсан бол миний шийдвэрлэсэн хэрэгт үзлэг хийгээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байсан болохыг мэдэж, шаардлага хангасан байдлаар хэрэгт гаргаж өгөх боломжтой байсан. 

Иймд шүүгч миний хуралдаанд биечлэн оролцох эрхийг эдлүүлээгүй нь сахилгын хамгийн хүнд шийтгэлийг ногдуулсан тогтоол гарах үндэслэл болсон гэж үзэж байна. Шүүхийн сахилгын хороо нь шүүгч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ сахилгын зөрчил гаргасан эсэхийг хянан шийдвэрлэдэг тусгайлсан чиг үүргийн шүүн таслах ажиллагаа эрхэлж буй төрийн байгууллага. Өөрөөр хэлбэл шүүгчийн албан тушаалын ажлыг эрхэлж байгаа хүн ч шударга шүүхээр шүүлгэх эрхтэй бөгөөд шүүгчийг шүүх ажиллагаа шударга байхын тулд шалгаж байгаа хуулийн байгууллага хамгийн түрүүнд өмгөөлөгч авах эрхийг, өөрөө өөрийгөө өмгөөлж, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, сахилгын хуралдаанд биечлэн оролцох, тайлбар гаргах эрхээр хангах ёстой. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д “сахилгын зөрчилд холбогдох шүүгч /цаашид "холбогдох шүүгч" гэх/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сахилгын хэргийн оролцогч гэнэ” гэж заасан байх бөгөөд өмгөөлөгчийг хэргийн оролцогч биш гэж үзэж оролцуулаагүй нь сахилгын хэргийн оролцогчийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан “хууль зүйн туслалцаа авах” Монгол улсын иргэний үндсэн эрхийг зөрчсөн, мөн зүйлд заасан “...хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох” эрхийг эдлүүлээгүй. Учир нь сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон сахилгын хорооны хуралдаанд сахилгын хэргийн оролцогч нь холбогдох шүүгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ойлгохоор заасан байх ба эдгээрийн аль нэг нь оролцоно гэж нарийвчлан зохицуулаагүй байхад холбогдох шүүгч өөрөө хуралдаанд биечлэн ирсэн байхад оролцуулах, үг хэлэх, тайлбар гаргах эрхийг олгоогүй болно. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өмгөөлөгчийг хэргийн оролцогч гэж хуульчлаагүй боловч Монгол Улсын эрүү, иргэн, захиргааны аль ч процессын хуульд өмгөөлөгчийг хэргийн оролцогч гэж тодорхойлоогүй, харин Үндсэн хуульд заасны дагуу өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангадаг билээ. 

Гэвч Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны тогтоолд “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэгт сахилгын хэргийн оролцогчийг тодорхойлж, мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.2 дахь хэсэгт сахилгын хэргийн оролцогчийн эрх, үүргийг нэрлэн заасан ба өмгөөлөгч уг эрх, үүргийг эдлэх талаар зохицуулаагүй байна”, “...Сахилгын хэргийн оролцогчийн эрх эдлээгүй өмгөөлөгчийг сахилгын хорооны хянан үзэх хуралдаанд оролцуулах эрхийг бүрэлдэхүүнд хуулиар олгоогүй ба сахилгын хорооны хянан үзэх хуралдаан нь эрүү, иргэний болон захиргааны хэргийн шүүх хуралдаанаас өөр болно” гэж тус тус дүгнэсэн нь шүүгч намайг эрхэлсэн, ажил албан тушаалаар минь ялгаварлан гадуурхаж, хуралдаанд биечлэн оролцох, тайлбар гаргах эрхээр хангаагүйгээс гадна миний өмгөөлөгч нарын хуулиар олгосон мэргэжлийн үйл ажиллагааны эрхийг ч мөн эдлүүлээгүйд гомдолтой байна.

Шүүхийн тухай хуулийн зорилт нь шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршдог бөгөөд Монгол Улсын шүүхийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан байхад Үндсэн хуульд заасан иргэний эрхээ эдлэх боломжийг олгоогүй. 

Нөгөө талаас, гомдол гаргагч Ж.С нарын гомдол нь шүүгч хэргийг буруу шийдвэрлэсэн учир шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2893 дугаар Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн агуулгатай бөгөөд уг гомдол нь Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан зөрчилд хамаарахгүй байхаас гадна Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасанд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр багтах эсэх нь тодорхойгүй байгааг Улсын дээд шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.

Иймд Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ХТ/2023/0003 дугаар хяналтын тогтоолыг хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцааж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар гаргасан тайлбартаа: “...Миний бие сахилгын хэргийг хүлээн авч хянаад холбогдох эрх бүхий шүүгч сахилгын зөрчил гаргасан байна гэж үзэж дүгнэлт бичсэн. Илтгэгч гишүүн Монгол Улсын Шүүхийн тухай хуульд журамлан заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал эсхүл сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэх үүргийг хүлээдэг. Гишүүний хувиар хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт бичсэн ба Сахилгын хорооны хуралдаан, Хянан үзэх хуралдаан бүрэн эрхийнхээ хүрээнд магадлал, тогтоолыг бүрэлдэхүүнээрээ гаргасан тул магадлал, тогтоолд холбогдуулан тайлбар байхгүй, хуралдаанаас хуульд заасны дагуу эрх хэмжээний хүрээнд магадлал, тогтоол гаргасан байна. Шүүхийн сахилгын хорооны удаа дараагийн хуралдаанд өмнө нь өгсөн өөрийн тайлбарууд болон дүгнэлтээ бүрнээ дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаа болно” гэжээ.

 

Сахилгын хэргийн оролцогч Д.М хуралдаанд хэлсэн саналдаа: Д.М миний бие шүүхийн байгууллагад 19 дэх жилдээ, шүүгчээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Миний шийдвэрлэсэн хэрэг дотор захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр л авагдсан байдаг. Үүнээс харахад гомдол гаргагч Ж.С нар өөрсдөө оролцсон ба Ж.С-ийн бүртгэл хүчингүй болж, Х.С-ийн бүртгэл сэргэсэн баримт байдаг. Эндээс тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн юм байна, өв болон бусад асуудлыг шийдвэрлэхэд бүртгэлтэй холбоотой шийдвэр ямар нэгэн үр дагавар дагуулахгүй гэж үзээд “Хайрхан” ХХК-ийн захирлаар бүртгүүлэх зорилгыг нь тодорхойлж хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн. Дараа нь гомдол гаргагч нарын гаргаж өгсөн баримтуудтай 20 минутын хугацаанд танилцаж үзэхэд миний огт мэдэхгүй иргэний хэргийн шүүхийн 2-3 шийдвэр, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд байсан. Эдгээр шүүхийн шийдвэрүүд миний шийдвэрлэсэн хэрэгт байгаагүй. Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаан дээр энэ асуудал яригдаж миний бие биечлэн оролцоогүй учир хариулах боломж байгаагүй. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “шүүхийн шийдвэрүүд байгаагүй” гэж хэлсэн ч илтгэгч гишүүн “хэрэгт байсан” гэж хариулдаг. Гэтэл шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон, миний онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэргийн материал энэ сахилгын хэргийн материалд байхгүйтэй адил. Миний бие өөрөө хариу тайлбар гаргахдаа 43 хуудас хэргийн материалыг хуулбарлаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй гээд шинжлэн судлалгүй алгассан. Үүнээс үзэхэд миний шийдвэрлэсэн хэрэгт ямар баримт байгаа нь энэ хэргээс харагдахгүй, Шүүхийн сахилгын хороо нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргах үүргээ биелүүлээгүй. Хэрэв надад үүрэг болгосон бол эх хувиар нь авч ирэх боломж байсан.

Гомдол гаргагч нарын гомдлоос үзэхэд маргаантай асуудлууд байдаг юм билээ. Ажлын ачааллаас шалтгаалаад нэмэлт ажиллагаа хийгээгүй миний буруутай үйл ажиллагаа бий боловч үүнийг Шүүхийн сахилгын хороо хянах асуудал биш гэж тайлбарласаар ирсэн. Энэ бол Монгол Улсын нэрийн өмнөөс, хэрэгт авагдсан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргасан учир сахилгын хорооноос хөнгөн шийтгэл оногдуулахыг хүсэх нь шүүгч хүний хувьд өөрийн хараат бус байдалдаа халдсан, туйлын зохимжгүй зүйл гэж бодсон. Тэгэхээр миний буруутай зүйл байгаа гэж тайлбарлаагүй нь огцруулах шийтгэл оногдуулах үндэслэл болсон байж магадгүй. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хамгийн эхний хуралдаанд биечлэн оролцохдоо оролцогч нарт нь хэргийг шинэ нөхцөл байдлаар хянуулах боломж байгааг хэлсний дараа гомдол гаргаж, шийдвэр хүчингүй болж миний ажиллагаанд ирсэн байгаа. Анхнаасаа сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан гишүүний захирамж үндэслэлтэй байсан. Гэвч дээрх захирамжийг хүчингүй болгож ажиллагаанд оруулахдаа үндсэндээ шийдвэрийн үндэслэлийг л хянасан. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг давж заалдах болон хяналтын шатны шүүх л хянах бүрэн эрхтэй. Үүнийг Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүд хянаж шийдвэр гаргах үндэслэлгүй. Иймд хянан үзэх хуралдааны тогтоолыг хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцааж өгнө үү. Маргаантай гэж үзэх үндэслэл болсон удаа дараагийн шүүхийн шийдвэрүүд байсан эсэх нь нотлогдсоны дараа шүүгчийн гэм буруугийн асуудал яригдах ёстой гэв.

 

Өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаатай эдлүүлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хууль туслалцаа авах эрх нь Үндсэн хуулиар олгогдсон жам ёсны эрх юм. Өмгөөллийн тухай хууль болон Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуульд өмгөөллийн үйл ажиллагааны хэлбэрийг хууль зүйн зөвлөгөө авах, өмгөөллийн үйлчилгээ авах гэсэн хоёр хэлбэрээр хуульчилсан. Гэтэл Шүүхийн сахилгын хороо шүүгч Д.Мд дээрх эрхийг эдлүүлсэнгүй. Учир нь Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.8, 111 дүгээр зүйлийн 111.4, 113 дугаар зүйлүүдэд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулахаар хуульчлаагүй гэх байдлаар өмгөөлөгч оролцуулаагүй. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, жам ёсны эрхээ хамгаалах эрхээ баталгаатай эдлэхийг ардчилсан нийгэмд хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл жам ёсны эрхээ эдлэх, эдлэхгүй байх нь тухайн иргэн, албан тушаалтнаас шууд хамааралтай. Аль ч салбар эрх зүйн процесс хуульд өмгөөлөгчийг хэргийн оролцогч гэдгээр хуульчлаагүй буюу бусад оролцогч гэх байдлаар тодорхойлсон байдаг. Гэтэл Шүүхийн сахилгын хороо өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эдлэх ёстой гэх байдлаар дүгнэсэн нь Үндсэн хуулийн томоохон зөрчил болсон.

Түүнчлэн өмгөөлөгчийг сахилгын хэргийн материалтай танилцуулж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхээр нь хангаагүй. Нөгөө талаас шүүгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан нөхцөл байдал бий. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүгч Д.М-тай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, хэргийн материалтай танилцахаар очсон боловч хэргийн оролцогч биш гэх байдлаар хэргийн материалыг танилцуулаагүй. Харин танилцахыг хүсвэл итгэмжлэлээ авч ирэх шаардлагыг тавьсан. Үүний дагуу итгэмжлэл аваад очтол хэргийн материалыг хуулбарлаж өгөхгүй, тэмдэглэл үйлдүүлэхгүй зэргээр хязгаарласан нөхцөл байдалтай, хаалттай байгууллага болж хувирсан нь хэн нэгний эрхийг хязгаарласан, баталгаатай эдлэх жам ёсны эрхэнд халдсан үйл ажиллагаа болохыг анхаарч үзэхийг хүсье.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оноос өмнөх үеийн байдлаар нийт 8,385 хэргийг шийдвэрлэсэн байна. Дээрх хэргийг шийдвэрлэхдээ 43,526 эрхийн акт гаргаснаас шүүгч Д.М дангаар 4,352 эрхийн актыг гаргажээ. Энэ бол Монгол Улсад хамгийн ачаалал өндөртэй анхан шатны шүүхийн гаргасан эрхийн акт бөгөөд үүнтэй холбоотойгоор сахилгын материалтай танилцахаар хандсан боловч хуралдаанаас 20 минутын өмнө танилцуулсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан нь Улсын дээд шүүхэд хандах үндэслэл болсон. Иймд сахилгын хэргийн оролцогчид эрхээ хамгаалах боломжийг олгосон шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Мөн өмгөөлөгч Б.Баатарсайхан хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн сахилгын хороо өөрөө оролцох эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах шаардлагыг тавьсан. Үндсэн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох нэн түрүүний эх сурвалж бол хууль зүйн туслалцаа авах эрх гэж хардаг. Гэтэл шүүгч гэдэг байдлаар эрхийг нь хангаагүй содон зүйл ажиглагдсаныг хэлэх нь зүйтэй. Шүүхийн сахилгын хороо шүүгчийн ёс зүйн асуудал болон шүүгчийн хэрэг шийдвэрлэх бүрэн эрхийг ялгаж салгахгүй байгаа байдал харагдсан буюу шүүхийн шийдвэрийг хянадаг байгууллага юм болов уу гэх ойлголт бий болсон. Тэгэхээр шүүгчийн ёс зүй, мэргэжлийн алдааг ялгаж ойлгох нь зүйтэй. Иймд хяналтын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанд гаргасан шүүгч Д.М-ын гомдолд дараах хууль зүйн дүгнэлтийг өгсөн болно.

 

Нэг. Сахилгын хэргийн оролцогч Д.М-ын гаргасан гомдлын Шүүхийн сахилгын хороо нь Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасан сахилгын хэргийн оролцогч өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангаагүй гэх хэсгийн тухайд:

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд сахилгын хорооны хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, хянан үзэх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус тус товлон зарлаж, хуралдааны товыг хуульд заасны дагуу долоогоос доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчдод мэдэгдэж, энэ тухай баримтуудыг (1хх-ийн 239, 245 хуудас, 2хх-ийн 45 хуудас) хэрэгт хавсаргасан байна.  

 

Мөн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр сахилгын хэрэг үүсгэснээс хойш хурал болох хүртэл сахилгын хэрэгтэй танилцах 2 сарын хугацаа олгож, мөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон сахилгын хорооны хуралдааныг холбогдох шүүгч Д.М-ын гаргасан хүсэлтийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэд хэргийн материалыг танилцуулсан (2хх-ийн 27) байх ба хожим холбогдох шүүгч нь сахилгын хорооны хуралдаан болох өдөр хэргийн материалтай танилцсан (1хх-ийн 246 хуудас) талаар баримтууд хэрэгт авагдсан байна. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Сахилгын хорооны зүгээс хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Холбогдох шүүгчийн нотлох баримтыг бүрэн хуулбарлах боломж олгоогүй гэх гомдлын тухайд хэрэгт буй “хуулбарлуулах баримтууд” (2хх-ийн 28 хуудас) гэсэн гарын үсэг, нэр, хаяггүй баримтаас өөр шүүгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс нотлох баримт хуулбарлан авахыг хүссэн, Сахилгын хорооноос татгалзсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

Хоёр. Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн 102.1.2-т заасан хуралдаанд биечлэн оролцох, тайлбар гаргах эрхийг хангаагүй гэх гомдлын тухайд:

 

Сахилгын хэргийн хуралдаанд өмгөөлөгчийн оролцох эрх, үүргийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар зохицуулаагүй тул зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд оролцуулж, ингэхдээ холбогдох шүүгч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль нэгийн тайлбар, хүсэлтийг авах тухай сахилгын хорооны дүгнэлт нь Монгол Улсын хэд, хэдэн хууль тогтоомжоор олгогдсон хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлаж буй талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар сахилгын хэргийн хуралдааны тогтоолоор нэгэнт шийдвэрлэсэн.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан “хууль зүйн туслалцаа” авах нь хүний баталгаатай эдлэх эрхийн нэг бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн хувь хүн түүнийгээ хамгаалуулах, сэргээлгэхээр өмгөөлөгчийн туслалцаа авах эрхийг эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журамласан хуулиудаас гадна  Өмгөөллийн тухай, Хууль зүйн туслалцааны тухай зэрэг хуулиудаар тодруулан баталгаажуулсан ба хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй)-д буруутгагдаж буй хүний хувьд өмгөөлөгчийн туслалцаа авахыг хүссэн тохиолдолд уг эрхийг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан ямар нэгэн байдлаар хязгаарлах эсхүл хориглох нь эдгээрт нийцэхгүй юм.

 

Харин энэ тохиолдолд Сахилгын хорооноос хянан үзэх хуралдааныг нээлттэй явуулахдаа холбогдох шүүгч Д.М-ыг байлцуулан түүний өмгөөлөгч нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуралдаанд оролцуулж, тайлбар, хүсэлтийг авах бололцоогоор хангасан нь шүүгч Д.Мын Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах эрхийг илтэд хязгаарласан гэж үзэхээргүй байна.

 

Учир нь холбогдох шүүгч Д.М сахилгын хорооны хуралдаанд биечлэн оролцож, хянан үзэх хуралдаанд өөрөө биечлэн оролцох эсхүл өмгөөлөгч нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах асуудлаар сонголт хийж, өмгөөлөгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, өөрөө ажиглагчаар оролцсон байна. Энэ тохиолдолд өмгөөлөгчөөр авсан хүмүүс нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцож, хууль зүйн туслалцаа авах эрх нь хангагдсан буюу өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэг этгээд байснаас ялгаатай үр дагавар учруулахгүй, өмгөөлөгчөөр оролцуулахыг хүссэн этгээд нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон тул хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдсан гэж үзэв.

 

Сахилгын хорооны зүгээс зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд оролцуулах, холбогдох шүүгч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль нэгийн тайлбар, хүсэлтийг авахаар Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг тайлбарласан нь мөн хуулийн үзэл баримтлал, зорилгод нийцээгүй, оновчтой бус байх боловч хуулийг дээрх байдлаар хэрэглэсэн нь зөвхөн шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн тохиолдолд Сахилгын хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийн 115.1.1, 115.1.2-т тусгасан үндэслэл бий болсон нь хянан үзэх хуралдааны шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, сахилгын хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахад хүргэсэн эсэхийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас хянан үзсэний эцэст хяналтын тогтоолыг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ гэж ойлгоно. Ийм нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдсонгүй.

 

Холбогдох шүүгчийн “өөрийн биеэр оролцоогүй учир ач холбогдол бүхий асуултад өмгөөлөгч нар хариулж чадаагүй” гэх гомдлын тухайд шүүгч Д.М нь үндэслэл бүхий тайлбар гаргаагүй, тухайлбал ямар асуултад яаж хариулах байсан, энэ нь хэргийн шийдэлд хэрхэн нөлөөлөх, ямар шинэ нөхцөл байдал үүсэх талаар тайлбарлаагүй тул гомдлын энэ хэсгийг хангах шаардлагагүй гэж үзлээ.       

 

Гурав. Гомдол гаргагч Ж.Сарантуяа нарын гомдол нь Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарахгүйгээс гадна шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.23-т хамаарах эсэх нь тодорхойгүй гэх гомдлын тухайд:

 

Шүүхийн тухай хуульд шүүгчид холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг журамлахдаа Сахилгын хорооны хуралдаан болон Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар сахилгын хэргийг хэлэлцэх хэмжээ хязгаарыг тогтоогоогүй. Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан нь мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.8 дугаар хэсгийн 115.8.1-д заасан шийдвэрийг гаргаж, хяналтын тогтоолыг хэвээр үлдээж буй тохиолдолд сахилгын хэргийн талаар дүгнэлт хийх эрх хэмжээ мөн зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан хүрээгээр хязгаарлагдахгүй.

 

Энэ тохиолдолд Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2/-т тусгасан бүрэн эрхийн дагуу эрх зүйн маргааныг хяналтын журмаар хянан үзэж буйд тооцогдох тул Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заасан “хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах” бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийх эрхтэй бөгөөд мөн үүрэг хүлээнэ.  

 

Дээрх эрхийн хүрээнд шүүгч Д.Мын гаргасан гомдолд дурдагдсан буруутгагдсан үйлдэл нь сахилгын хорооны харьяалалд үл хамаарах,  сахилгын зөрчлийн шинж чанаргүй, түүнд оногдуулсан шийтгэл тохироогүй гэсэн асуудлуудаар дүгнэлт өгөхөд:

 

Шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох гэж буй зорилгоо заагаагүй хүсэлтийг хүлээн авснаас гадна түүнийг хангаснаар өвлөх эрхийн маргаантай “Хайрхан” ХХК-ийн эрх нэхэмжлэгчид шилжих нь илт байхад энэ талаар эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийг татан оролцуулах, нотлох баримт бүрдүүлэх, гэрчээс мэдүүлэг авах, шинжээч томилох зэрэг шүүгч өөрийн санаачилгаар гүйцэтгэх ажиллагааг хийхгүйгээр зөвхөн хүсэлт гаргагчийн хавсаргаж, ирүүлсэн баримтад тулгуурлан зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, маргаантай эрхийг хамгаалах зорилгогүй иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасан “тогтоох журмыг хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад явдал”-д хамаатуулан мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин шийдвэрлэх байдлаар хуулийн илт тодорхой заалтуудыг нэг дор дараалж ноцтой зөрчсөн байна.

 

Энэ нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;” зөрчилд хамаарч буй талаар сахилгын хорооны магадлал, тогтоолуудад хууль зүйн үндэслэлтэй, дэлгэрэнгүй байдлаар заасан нь үндэслэл бүхий болсноос гадна мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн 57.1.7-д заасан “огцруулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж чанарт тохирсон байна гэж дүгнэв.

 

Иймд холбогдох шүүгч Д.М-ын гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны тогтоолыг хэвээр үлдээв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8 дахь хэсгийн 115.8.1-д заасныг баримтлан Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ХТ/2023/0003 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, сахилгын хэргийн оролцогч шүүгч Д.М-ын гаргасан гомдлыг хангахаас татгалзсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Ц.ЦОГТ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

 

                                                                                         Ч.ХОСБАЯР

 

ШҮҮГЧИД                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

   С.СОЁМБО-ЭРДЭНЭ