Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх сахилгын хэрэг

Шүүгчийн нэр С.Батдэлгэр
Шийдвэрийн огноо 2023.04.05
Шийдвэрийн дугаар 001/СХХТ2023/0001
Хэргийн индекс
Маргааны төрөл Нээлттэй сануулах
Хуулийн зүйл, заалт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2
Шийдвэрлэсэн байдал

Сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр хянан үзэх хуралдаанд буцаасан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024.01.05, дугаар:
Анхан шатны шүүх Шүүхийн Ёс зүйн хороо
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2024.01.05, дугаар:
Давж заалдах шатны шүүх Шүүхийн Ёс зүйн хороо

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар: 001/СХХТ2023/0001
Улаанбаатар хот



Шүүгч Ц.М-д холбогдох

сахилгын хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч С.Батдэлгэр, П.Золзаяа, Ч.Хосбаяр, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, сахилгын хэргийн оролцогч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Мөнхболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 5 дүгээр сарын 31-ний өдрийн 188 дугаар магадлал, мөн хорооны хянан үзэх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХТ/2023/002 дугаар тогтоолтой, _________________ шүүхийн шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг түүний гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн танилцуулснаар хянан хэлэлцээд

 

                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаар магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан _____________ шүүхийн шүүгч Ц.М-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2023 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн ХТ/2013/002 дугаар хяналтын тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, шүүгч Ц.М-ын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

 

Сахилгын хэргийн оролцогч Ц.М гаргасан гомдолдоо:“...Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, мөн зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй” гэж заасан.

Миний бие сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа өмгөөлөгч Б.Мөнхболдод хүсэлт гаргаж хууль зүйн туслалцаа авч байсан ба сахилгын хорооны хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцсон.

Гэтэл Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хянан үзэх хуралдаанд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцохоор ирсэн боловч өмгөөлөгчийг хуралдааны танхимд оруулалгүй, хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлсэнгүй.

Ингэхдээ сахилгын хороо хууль зүйн туслалцаа авах эрхийн агуулгад өмгөөлөгчтэйгөөр хуралдаанд оролцох эрх хамаарахыг үл харгалзан “хууль зүйн туслалцаа авах эрхийг Үндсэн хуульд хуульчилсан боловч сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүгч өмгөөлөгчтэй хуралдаанд оролцох эрхийг хуульчлаагүй” хэмээн тайлбарлаж хүсэлтийг хангахаас татгалзаж надад “хүн болох”-ын хувьд олгогдсон, Монгол Улсын иргэн болохынхоо хувьд баталгаатай эдлэхээр хуульчилсан үндсэн эрхийг хязгаарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн хянан үзэх хуралдаан болохоос өмнө гишүүний туслахаас “өмгөөлөгчдөө итгэмжлэл олгох” талаар утсаар мэдэгдсэн ба миний бие өөрөө өмгөөлөгчтэйгөө хуралдаанд оролцоно гэдгээ мэдэгдсээр байхад өмгөөлөгчид хуралдааны товыг мэдэгдээгүй нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1 дэх заалтыг зөрчсөн явдал юм.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т зааснаар сахилгын хэргийн оролцогч буюу шүүгч нь сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох, хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргах, сахилгын хорооны гишүүн, хуралдааныг бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй байхаар хуульчилжээ.

Илтгэгч гишүүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргээс баримт авхуулсан явдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарна гэж үзсэн ба зөвхөн “өөрийнхөө туслахыг зөвлөлдөх тасалгаанд оруулсан” нь сахилгын зөрчил гэж 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар дүгнэлт үйлдсэн байхад Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 5 дүгээр сарын 31-ний өдрийн 188 дугаартай магадлалаар туслахаараа дамжуулан өөр шүүгчийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргээс баримт авхуулсан нь хуулийг зөрчсөн гэж үзэхээс гадна уг баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй” гэж нотлох дүгнэлтээс өөрөөр дүгнэж сахилгын шийтгэл ногдуулсан тул миний бие магадлалд дурдсан үйл баримт болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хэрэгт хавсаргахаас татгалзаж нотлох баримт гаргаж өгөх эрхийг эдлүүлсэнгүй гэсэн атлаа Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХТ/2023/002 дугаартай тогтоолоор "... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ... шүүгч хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гаргаж, талуудад танилцуулж, захирамжид гомдол гаргах эрхтэй эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон, ... шүүгчийн туслахаас гадна өөр бусад этгээдтэй шууд бус байдлаар зөвлөлдөх явцдаа харилцсан гэж үзэх үндэслэл болно...” зэргээр нотлох дүгнэлтэд дурдагдаагүй, сахилгын хэрэгт авагдаагүй, сахилгын хорооны хуралдаанд яригдаагүй асуудлаар намайг буруутгасан нь “хуульд заасан үндэслэл журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулах” Сахилгын хорооны чиг үүрэгт нийцэхгүй.

Хэрэвзээ сахилгын хороо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ нь хуулийн 50.1.33-т заасан “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцдаа бусадтай харилцах, ...” зөрчилд хамаарахгүй юм.

Харин намайг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл, сахилгын хороо уг зөрчилтэй холбоотой баримтуудыг цуглуулах, нотлох, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл заалтыг миний бие зөрчсөн болохыг дүгнэх үүрэгтэй атал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор миний гаргасан баримтыг хэрэгт хавсаргахаас татгалзсан атлаа ямар баримтад үндэслэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Сахилгын хороо шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно” гэснийг зөрчлөө.

Миний бие Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хянан үзэх хуралдааны бичлэгийг хуулбарлан авах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д “сахилгын хэргийн баримттай танилцах, ..., хуулбарлан авах, ...” гэж заасан эрхийг эдлүүлсэнгүй.

Дурдсан өдрийн хянан үзэх хуралдаанд “...зөвлөлдөх тасалгаанд байхдаа туслахаасаа гадна өөр бусад этгээдтэй харилцсан” гэх нөхцөл байдал шинээр яригдсан байдаг боловч энэ нь бичгээр гарсан хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байдаг ба улмаар хянан үзэх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаартай, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХТ/2023/002 дугаартай тогтоолуудад “... шүүгчийн туслахаас гадна өөр бусад этгээдтэй шууд бус байдлаар зөвлөлдөх явцдаа харилцсан гэж үзэх үндэслэл болно...” гэж дүгнэж буруутгасан байдаг. Улмаар миний бие хүсэлт шийдвэрлэх явцдаа туслахаасаа гадна чухам өөр хэнтэй харилцсан гэж буруутгагдаж байгаагаа өнөөдрийг хүртэл мэдэж чадаагүй төдийгүй үүнийг нотлох баримт гаргаж өгөх боломжтой эсэхээ мөн мэдэж чадаагүй байна. Иймд Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХТ/2023/002 тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр гаргасан тайлбартаа: “Сахилгын хэргийн холбогдогч шүүгч Ц.М нь илтгэгч гишүүний 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаартай магадлал, Хянан үзэх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай хяналтын тогтоолд гомдол гаргажээ.

Шүүгчид холбогдуулан, сахилгын хэрэг үүсгэн шалгасны дүгнэлт болж буй илтгэгч гишүүний санал болон дүгнэлтийг сахилгын хорооны хурлаар хэлэлцэж, шийдвэрлэдэг учраас энэхүү дүгнэлттэй холбогдуулж гомдол гаргах эрхийн талаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд хуульчлаагүй. Сахилгын хорооны хуралдааны магадлалд 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргаж, уг гомдлыг хянан үзэх хуралдаанаар /2 удаа/ хэлэлцэн шийдвэрлэжээ. Иймд шүүгчийн гомдол дахь илтгэгч гишүүний дүгнэлт, сахилгын хорооны хуралдааны магадлалд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өргөдөл гаргагч нь ажиглагчаар, харин шүүгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сахилгын хэргийн оролцогчоор оролцуулахаар хуульчилсан байдаг. Ингэхдээ оролцогч ажиллагаанд ямар эрх үүрэг хэрэгжүүлэхийг тус бүр хуульд заажээ. Тухайлбал:

Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д “Сахилгын зөрчилд холбогдох шүүгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сахилгын хэргийн оролцогч гэнэ”, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.8-д “Сахилгын хэрэг шалгах ажиллагаа сахилгын хэргийн оролцогчоос бусад этгээдэд хаалттай байна”, 111 дүгээр зүйлийн 111.4-т “Сахилгын хорооны хуралдааныг дор дурдсан дарааллаар явуулна”, 111,4.3-т “даргалагч сахилгын хэргийн оролцогчийг танилцуулж, төлөөлөх бүрэн эрхийг шалгаж, эрх, үүргийг тайлбарлах”, 111.4.4-т “даргалагч бүрэлдэхүүнийг танилцуулан, татгалзан гаргах эрхийг сахилгын хэргийн оролцогчид тайлбарлан өгөх”, 111.4.5-д “сахилгын хэргийн оролцогчийн зүгээс шинээр нотлох баримт гаргаж өгөх эсэхийг асуух”, 111.4.6-д “сахилгын хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх”, 111.4.7-д “илтгэгч гишүүн гомдол, хүсэлт, сахилгын зөрчил гарсныг нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг танилцуулах”, 111.4.8-д “сахилгын хэргийн оролцогчийн тайлбарыг сонсох”, 111.4.10-д “хуралдаанд оролцогч болон илтгэгч гишүүнээс асуулт асууж, хариулт авах”, 111.4.11-д “сахилгын хэргийн оролцогч болон илтгэгч гишүүнээс нэмэлт тайлбарыг сонссоны дараа хуралдаан завсарлаж, бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох”, 113.15-д “Энэ хуулийн 110 дугаар зүйл, 111.3, 111.4, 111.5, 111.6, 111.7, 112.4, 112.5-д заасан журам хянан үзэх хуралдаанд нэгэн адил хамаарна”, 113 дугаар зүйлийн 113.10-т “Хуралдаан даргалагч гомдол, эсэргүүцэл, магадлалын агуулгыг танилцуулсны дараа сахилгын хэргийн оролцогчийн болон илтгэгч гишүүний тайлбарыг сонсоно.”, 113.11-т “Бүрэлдэхүүн сахилгын хэргийн оролцогчийн болон илтгэгч гишүүний тайлбарыг сонссоны дараа асуулт тавих, нэмэлт тайлбарыг сонсож, хуралдаан завсарлан зөвлөлдөх тасалгаанд орж, хяналтын тогтоол гаргана” гэж сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сахилгын хэргийн оролцогч гэж хэнийг оролцуулахыг, мөн сахилгын хорооны болон хянан үзэх хуралдааны дарааллыг тогтоохдоо хэн ямар эрх үүрэгтэй оролцох журмыг тогтоосон байна. Үүнд: Өмгөөлөгчид хуралдааны тов мэдэгдэх, хуралдаанд оролцуулах, тайлбар гаргах зэргээр хэргийн оролцогч гэж үзэх, түүнтэй адилаар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар дээрх хуульд зохицуулаагүй бөгөөд бусад этгээдэд хаалттай шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч бус этгээдийг сахилгын хорооны бүхий л хуралдаанд оролцуулах, тайлбар авах эрх хуулиар зөвшөөрөгдөөгүй. Энэ талаар ч Үндсэн хуулийн цэцийн магадлалд тодорхой дүгнэжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Б-ийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөл мэдээлэлд “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэгт “Сахилгын зөрчилд холбогдох шүүгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сахилгын хэргийн оролцогч гэнэ” гэж томьёолсон нь өргөдөл мэдээлэл гаргагчийг хэргийн оролцогчоор тодорхойлоогүйгээс гадна өргөдөл мэдээлэл гаргагчид сахилгын хэрэг хаалттай байхаар тусгаж, хэргийн оролцогчид хууль зүйн туслалцаа авах эрх олгоогүй нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаатай олгогдох эрхийг зөрчиж байна” гэх агуулгаар гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар магадлалд “Монгол улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж заасны дагуу Монгол улсын Их Хурлаас 2021 он 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталжээ. ... Монгол улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар, ... шүүхийн сахилгын хэргийн мөн чанар, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог шинжийг харгалзан, Шүүхийн сахилгын хорооны ажиллах журмыг хуульчлан тогтоох онцгой бүрэн эрх хууль тогтоогчид хадгалагдаж байна” гэж дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан буюу 31.1.5-д “шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх” гэж заасанд нийцсэн, бусдын эрх зүйтэй холбогдох үйл баримтыг хуулийн дагуу үнэлэлт дүгнэлт өгөх хууль эрх зүйн өндөр мэдлэг чадвартай шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах, өмгөөлөгчийг тухайн ажиллагаанд оролцуулахыг хуульчлаагүй нь ч дээрх Үндсэн хуулийн цэцийн магадлалд дүгнэснээр, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Шүүгч Ц.М нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан үзэх хуралдаанд: “...Сахилгын хэрэгт өмнө авагдсан баримтын хүрээнд миний гаргасан гомдлоор хэргийг дахин шийдвэрлэх боломжгүй байгаа тул ______________шүүхийн шүүгчийн захирамжууд болон албан бичгүүд, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолуудын хуулбарууд гэсэн нийт 90 хуудас баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч байна. Мөн дээрх баримтуудын зарим нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий байдлыг тодруулахтай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байгааг хүлээн авна уу. Үүнд:

Нотлох баримтаар гаргаж өгсөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолууд болон төрийн байгууллагуудаас ирүүлсэн хариу албан бичгүүдийг нотлох баримтын шаардлага хангуулан холбогдох байгууллагуудаас гаргуулах,

Дээрх захирамжууд бүхий нэхэмжлэлийг хүлээн авсан, татгалзсан 10 хэргийн материалуудад үзлэг хийлгэх,

Үзлэг хийх замаар төрийн байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүдийг нэхэмжлэл гаргасан этгээдэд танилцуулсан эсэхийг тодруулах нь сахилгын хорооны магадлалд дурдсан өөр хэргээс авсан баримт хэргийн оролцогчид танилцуулаагүй гэх үндэслэлийг няцаах баримт болно”

Сахилгын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хянан үзэх шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан авах гэсэн хүсэлт гаргасан.

Хүсэлтийг хэлэлцээд, “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т зааснаар Сахилгын хэргийн оролцогч болон бусад этгээд хуралдааны явцад дууны, дуу-дүрсний бичлэг хийх, утсаар ярихыг хориглоно. Энэ хуульд заасны дагуу хуралдааны тэмдэглэл хөтлөх зорилгоор дууны, дуу-дүрсний бичлэг хийхэд энэ хориглолт хамаарахгүй гэж заасан. 102 дугаар зүйлийн 102.1.1-д Сахилгын хэргийн оролцогч нь өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах эрхтэй гэж зааснаар холбогдох шүүгчийн хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хянан үзэх хуралдааны тэмдэглэлийг хэргээс хуулбарлан өгсөн байх тул хянан үзэх хуралдааны бичлэг хуулбарлан авах хүсэлтийг хангахгүй орхих нь зүйтэй байна” гэж шийдвэрлэсэн. Мөн цаашлан, “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.4- т “Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийн үндэслэлд Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй”, мөн хуулийн 105 дугаар зүйл, 106 дугаар зүйлүүдэд зааснаар сахилгын хэргийн илтгэгч гишүүн сахилгын хэрэгт нотлох баримт цуглуулах үүрэгтэй, 106.12-т “Энэ хуулийн 106.11-д заасан этгээд өөрийн тайлбарт холбогдох өөрт байгаа болон гаргах боломжтой нотлох баримтыг өгнө” гэж зааснаас үзвэл шүүгч Ц.М-д сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийг гардуулж, эрх, үүргийг тайлбарлан өгч, баримт үйлдсэн. Иймээс илтгэгч гишүүн хуульд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж нотлох дүгнэлт үйлдэн, магадлалаар нотлох дүгнэлтийг хүлээн авч шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсны дараа хэргийн оролцогч Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг хянан үзэх хуралдаанд ирүүлснийг хүлээн авах боломжгүй. Учир нь хянан үзэх хуралдааны бүрэлдэхүүнд нотлох баримт цуглуулах эрхийг хуулиар олгоогүй...” гэж дүгнэж хүсэлтийг шийдвэрлэсэн хянан үзэх хуралдааны тогтоол гарсан байх ба энэхүү тогтоол нь хуралдаанд гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн эцсийн шийдвэр байхаар заасан байтал Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй болно.

Иймд холбогдох шүүгчийн гомдол Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцээгүй,"... шүүгч Ц.М нь хүсэлтийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд байхдаа шүүгчийн туслахаар дамжуулан өөр шүүгчийн хянан шийдвэрлэж буй хэргээс баримт авсан нь тухайн шүүгчийн туслахаас гадна, өөр бусад этгээдтэй шууд бус байдлаар зөвлөлдөх явцад харилцсан гэж үзэх үндэслэл болно...” гэж дүгнэсэн хянан үзэх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 002 тоот тогтоол үндэслэл бүхий байх ба дээрх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гараагүй гомдол гэж үзэж тайлбар гаргалаа.” гэжээ.

 

Сахилгын хэргийн оролцогч Ц.М хуралдаанд хэлсэн саналдаа: “С” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой холбоотойгоор сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд 2022 оны 3 дугаар сард өмгөөлөгч Б.Мөнхболдтой гэрээ байгуулж, надад хууль зүйн туслалцаа үзүүлээд ажиллаж байсан. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн сахилгын хорооны хуралдаанд өмгөөлөгчтэйгөө хамт оролцсон. Улсын дээд шүүхээс хэрэг буцсаны дараа 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хянан үзэх хуралдааны товыг өмгөөлөгчид мэдэгдээгүй байсан. Надад хуралдааны товыг мэдэгдсэн байсан учир би өмгөөлөгчөө дагуулаад очсон боловч сахилгын хорооны хуралдааны танхимд оруулаагүй. Би өмгөөлөгчтэй хамт оролцъё гэсэн хүсэлтээ гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд иргэний баталгаатай эдлэх эрхийг хуульчилсан бөгөөд үүний нэг нь хууль зүйн туслалцаа авах эрх байгаа. Уг эрхийн агуулгын хувьд өмгөөлөгчтэйгөө сахилгын хорооны хуралдаанд оролцох эрх хамаарах байх гэж бодож байгаа. Намайг биологийн амьтан болохын хувьд хүн гэдгийг үгүйсгэхгүй, хүний үндсэн эрхийг эдлүүлэхгүй гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Монгол Улсын иргэн болохын хувьд хууль зүйн туслалцаа авах эрхээр хангагдаж чадсангүй. Үндэслэлээ тайлбарлахдаа та шүүгч учраас хууль зүйн өндөр мэдлэг чадвартай байх ёстой, өмгөөлөгчөөс туслалцаа авах шаардлагагүй гэдэг. Сахилгын хорооны хуралдаануудыг хараад байхад бусад шүүгч нар өмгөөлөгчтэй оролцоод байгаа харагддаг. Намайг шүүгч учраас гээд эрхэлсэн ажил, мэргэжлээр төдийгүй хүн болохын хувьд сахилгын хорооны хуралдаанд ялгаварлагдаж байна. Мөн хууль зүйн туслалцаа авах эрхийг Үндсэн хуульд заасан боловч өмгөөлөгчтэй оролцох эрхийг заагаагүй, Шүүхийн тухай хуульд үүнийг зохицуулаагүй гэж тайлбарладаг. Энэ талаар тэмдэглэлд тусгаагүй байсан. Өмгөөлөгч бол хэргийн оролцогч биш байдаг. Хууль зүйн туслалцаа үзүүлж оролцдог буюу шүүх хуралдааны оролцогч болдог. Хэргийн оролцогч биш учраас өмгөөлөгчийг оролцуулахгүй, та өмгөөлөгчтэйгөө хамт оролцох боломжгүй, эсхүл дангаар оролцох, итгэмжлэл олгоод оролц гэж хэлж байгаа нь үндэслэлгүй шийдвэр болсон. Шүүхийн тухай хуулиар өмгөөлөгч оролцох процессыг зохицуулаагүй байлаа гэхэд ерөнхийлөн зохицуулсан хууль хэрэглэгдэх зарчмын дагуу Өмгөөллийн тухай хуульд заасан журмын дагуу оролцоод явах боломжтой байсан гэж харж байгаа. Шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д сахилгын хэргийн оролцогч “өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх” эрхтэй гэж хуульчилсан. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн сахилгын хорооны анхан шатны хуралдаан дээр илтгэгч гишүүн нотлох дүгнэлтийн хүрээгээ тодруулсан байдаг. “С” ХХК нэлээд олон зүйл дээр гомдол гаргасан бөгөөд илтгэгч гишүүн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжтай холбоотой болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал байна. Захирамж гаргахаар зөвлөлдөх явцдаа “зөвлөлдөх тасалгаанд туслахаа оруулсан явдал нь зөрчил гэж үзнэ” гэж нотлох дүгнэлт үйлдсэн. Би зөвхөн энэ зөрчилтэй холбоотойгоор тайлбар, баримтууд гаргаж өгсөн байдаг. 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн сахилгын хорооны хуралдааны мэтгэлцээн энэ хүрээнд л явагдсан. Өөрөөр хэлбэл шүүгчийн туслах гэж хэн юм, ямар чиг үүрэгтэй байдаг, зөвлөлдөх явцад бусадтай харилцах гэдэгт буюу бусад гэдэгт шүүгчийн туслах орох юм уу, үгүй юу гэдэг энэ хүрээнд мэтгэлцээн явагдсан. Магадлал уншаад танилцуулахдаа огт өөр агуулгаар гарч ирсэн. Туслахаараа дамжуулж өөр шүүгчийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргээс нотлох баримт авхуулсан, тус баримтаа үнэлээд шийдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил байна гэсэн. Нотлох дүгнэлтийг хүлээж аваад байгаа юм уу, нотлох дүгнэлтэд дурдаагүй байхад ийм асуудлаар шийдвэр гаргаад буруутгадаг. Тэгээд би Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан зөрчил дээр дүгнэлт гаргасангүй гэдэг агуулгаар гомдол гаргаад хянан үзэх хуралдаанд оролцсон. Хянан үзэх хуралдааны тогтоол гарахад нотлох дүгнэлт, хуралдаан дээр яригдаагүй асуудлаар буюу “тухайн туслахаас гадна өөр бусад этгээдтэй шууд бус байдлаар харилцсан” гэдэг өөр зөрчил гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл үүнийг сахилгын хорооны хуралдаан, хянан үзэх хорооны хуралдаан дээр яригдаагүй, илтгэгч гишүүн зөрчил гэж үзээгүй. Илтгэгч гишүүн нотлох баримтаа энэ нь хамааралгүй гэдгээ хэлсэн. Миний мэдэхгүй зүйлүүдийг магадлал, тогтоол танилцуулахдаа гаргаж ирж дүгнээд байгаа юм. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаан дээр өөр бусад шүүгчтэй харьцсан гэдэг зүйл яригдсан байдаг. Гэхдээ тэмдэглэл дээрээ тусгаагүй байдаг юм билээ. Хэрэг буцаад очсоны дараа “та бүхэн процессын асуудал дүгнэх гэж байгаа юм бол би холбогдох баримтуудыг гаргаж өгье, нотлох баримт гаргуулъя” гэдэг хүсэлтүүдийг гаргасан. Анхан шатны хуралдаан дээр гаргаагүй асуудлыг дараа дараагийн шатны хуралдаанд гаргах эрхгүй гэдгийг мэдэж байна, гэхдээ энэ тохиолдолд хянан үзэх хуралдаанд буцаасан, сахилгын хорооны хуралдаанд буцаагаагүй байдаг. Нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах эсэх асуудлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг би буруу хэрэглэсэн юм уу гэдэг асуудал дээр надаас тайлбар аваагүй, илтгэгч гишүүн зөрчил гэж үзээгүй учир нотлох баримт цуглуулаагүй. Эдгээр байдлыг зөрчил гэж үзээд шийтгэл оногдуулж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-д заасан зөвлөлдөх тасалгаанд туслахаа оруулсан гэдэг зүйл дээр би анхнаасаа тайлбараа гаргаад /туслахаараа баримт авч ирүүлсэн/ явсан. Тухайн баримтуудыг үнэлсэн асуудал огт байхгүй. “С” ХХК-ийн гуравдагч этгээдээр оролцож байгаа хэрэг дээр “шүүхэд аль байгууллагаас хэзээ ирүүлсэн бэ, хэргийн материалтай “С” ХХК хэзээ танилцсан бэ” гэдэг хугацааг тоолж, хэрэгтэй танилцсанаас хойш нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэдэг хугацааг тодорхойлсон болохоос биш баримтыг үнэлсэн зүйл байхгүй. Хэрэв намайг тус баримтыг үнэлсэн, авах ёсгүй байсан гэж үзэж байгаа бол энэ зөрчлийн зүйлчлэлийн асуудал өөрчлөгдөх ёстой байсан байх гэж хараад байгаа. Хэрэв процессын хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж байгаа бол процесстой холбоотой ажиллагааг шүүх хэрхэн хэрэгжүүлдэг талаар баримт цуглуулах ёстой байсан байх. Би огт мэдээгүй, илтгэгч гишүүн зөрчил гэж үзээгүй, баримт ч гаргаж өгөөгүй асуудлаар шийтгэл оногдуулж байгаа сахилгын хорооны тогтоол Шүүхийн тухай хуульд заасан шударгаар ил тод шийдвэрлэх зарчимд нийцэхгүй байна гэж үзээд гомдлоо гаргасан. Иймд сахилгын хорооны тогтоолыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар сахилгын хороонд буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.


 

Өмгөөлөгч Б.Мөнхболд хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг Улсын дээд шүүхийн хяналтын хуралдаанд хоёр дахь удаагаа ирж байна. Хянан үзэх хуралдааны тогтоолд өмгөөлөгч би хоёр удаа дараа гомдол гаргасан боловч Шүүхийн сахилгын хорооны ажлын албанаас буцаасан байдаг. Эдгээр баримтыг хэрэгт бичгээр өгсөн. Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.6-д Хянан үзэх хуралдааны даргалагч гишүүн энэ хуулийн 114.1, 114.2, 114.3-т заасан шаардлагад нийцээгүй гомдол, эсэргүүцлийг буцаах тухай захирамж гаргаж, энэ талаар хариу мэдэгдэнэ” гэж заасан. Гэтэл илтгэгч гишүүн тухайн асуудалд ажиллагаа хийгээгүй, ажлын албанаас албан бичгээр буцаадаг бодит практик сахилгын хороонд байна. Даргалагч гишүүний гаргасан захирамжид гомдол гаргах эрхийг хэргийн оролцогчид эдэлдэг. Хоёр дахь удаагийн хянан үзэх хуралдаанд өмгөөлөгч би оролцож чадаагүй. Хоёр удаагийн хуралдааны товыг /өмнө нь хурал нэг удаа хойшилсон/ надад мэдэгдээгүй бөгөөд намайг очиход оруулаагүй. Өөрөөр хэлбэл цагдаа болон сахилгын хорооны референт надтай шууд харилцаад таныг оруулахгүй гэж байна гээд тус хуралдаанд намайг оролцуулаагүй. Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “өмгөөлөгчийн эрх”, 26 дугаар зүйлд заасан “өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа”-гаар хангагдаж чадсангүй. Цаашлаад миний үйлчлүүлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Шүүгч болохынх нь хувьд эзэмшсэн мэргэжил, боловсрол зэргээр нь ялгаварлан гадуурхаж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ конвенц, пакт, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчсөн үйл ажиллагаа гэж харж байна. Хууль зүйн туслалцаа авах эрх, өмгөөлөгчийг оролцуулах, өмгөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргах эрхийн асуудал, нотлох дүгнэлтээс хальж, нотлох дүгнэлтэд заагаагүй зөрчлийг хянан үзэх хуралдаанаар дүгнэж, өнөөдөр хяналтын шатны шүүхэд хэлэлцэж байгаа асуудлыг анхаарч үзнэ үү. Шүүгчийн туслахаараа дамжуулж өөр бусад этгээдтэй буюу нөгөө хэргийн шүүгч н.О-тэй харилцсан гэж дүгнэсэн. Анхны хянан үзэх хуралдааны тогтоолыг даргалагч танилцуулахдаа өөр шүүгчтэй холбогдсон, харилцсан байна гэдэг зүйлийг анх удаа хэлсэн. Түүнээс өмнө ийм асуудал яригддаггүй байсан. Хэрэгт энэ талаар нэг ч баримт, үндэслэл байхгүй байхад сахилгын шийтгэл оногдуулахаар шийдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед шүүгчийн туслахтай харилцсан асуудал чухал биш юм байна, харин өөр шүүгчтэй харилцсан гэдэг асуудал байна гэж үзсэн. Хэрэв харилцсан гэж үзэж байгаа бол энэ талаарх баримт материалуудыг сахилгын хороон дээр цуглуулж, тайлбарыг хэргийн оролцогчийн эдлэх эрхийнх нь хүрээнд гаргуулах ёстой байсан. Гэвч энэ талаар огт ажиллагаа хийгдээгүй. Шүүхийн сахилгын хороо бол Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлд зааснаар 5 төрлийн шийдвэр гаргаж байгаа. Сахилгын хорооны хянан үзэх хуралдаан бол нотлох дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж дүгнэх ёстой. Илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ “бусадтай” гэдэг үгийн ард хаалтанд хийж байгаад “шүүгчийн туслах” гэж тодорхойлсон. Илтгэгч гишүүн зөвлөлдөх тасалгааны нууц задруулсан асуудал бол зөрчил биш, энэ асуудлаар нотлох дүгнэлт үйлдээгүй гэдэг. Зөвхөн бусадтай харилцсан, цаашлаад туслахтайгаа харилцсан гэдэг үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдсэн гэдэг. Шүүгчийн туслахын эрх зүйн байдал, ажлын байрны тодорхойлолтын талаар болон хэргийн хөдөлгөөнд ямар байдлаар оролцох юм гэдэг баримтуудыг тухайн үед холбогдох шүүгчийн зүгээс гаргаж өгөөд зөрчлөө дүгнүүлэх хүсэлттэй байсан. Энэ хоёр асуудалд хяналтын шатны шүүхээс тайлбар дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна. Өмнө нь хяналтын шатны хуралдаанд өмгөөлөгчийн оролцох эрхийн асуудалд тайлбар, дүгнэлт хийж өгнө үү гэсэн гомдол гаргасан боловч дурдагдаагүй байсан. Илтгэгч гишүүний зүгээс хяналтын шатны журмаар гаргасан гомдолд тайлбар өгсөн бөгөөд шүүгч өмгөөлөгч авах шаардлагагүй гэсэн утгыг илэрхийлсэн байсан. Энэ талаар шүүгч тайлбараа өгсөн. Хэргийн оролцогч гэдэг ойлголтыг зөвхөн шүүгчид хамааруулж ойлгож байна. Бусад хүмүүст хаалттай байх ёстой гэдэг тайлбарыг өгдөг. Би хэргийн оролцогч биш боловч шүүх хуралдааны оролцогч гэж өөрийгөө үзэж байгаа. Б.Б гэдэг хүний Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлд үндэслэж, Үндсэн хуулийн цэцээс хийсэн дүгнэлтийг тайлбартаа дурддаг. Б.Б гэдэг иргэн мэдээлэл гаргахдаа Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан этгээдийг ажиллагаанд оролцуулахгүй байна, хэргийн оролцогч гомдол гаргагчийг хуралдаанд оруулах ёстой гэдэг агуулга бүхий мэдээлэлд хийсэн дүгнэлтийг үндэслэж, холбогдох шүүгч өмгөөлөгч авах эрхгүй гэдэг тайлбар хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сахилгын хуралдаанд буцааж өгнө үү гэв.

                                                                     ХЯНАВАЛ:

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа” авах нь хүний баталгаатай эдлэх эрхийн нэг бөгөөд хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө авах, зөвлөмж, дүгнэлт гаргуулах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиолгох, шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлөөлүүлэх, төрийн ба бусад байгууллагад өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, өмгөөлүүлэх зэргээр хэрэгждэг болно.

 

Өмгөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д уг хуулийн зорилтыг иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах гэж тодорхойлсон бол Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар уг ажиллагаа нь хууль зүйн зөвлөгөө өгөх болон өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэсэн хоёр төрөлтэй байхаар заажээ.

 

Жам ёсны болон хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн хувь хүн түүнийгээ хамгаалуулах, сэргээлгэхээр өмгөөлөгчийн туслалцаа авах Үндсэн хуулиар олгосон эрхийг дээрх хуулиудаар тодруулан баталгаажуулсан ба хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй)-д буруутгагдаж буй хүний хувьд өмгөөлөгчийн туслалцаа авахыг хүссэн тохиолдолд уг эрхийг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтан ямар нэгэн байдлаар хязгаарлах эсхүл хориглох нь Үндсэн хуульд нийцэхгүй юм.

 

Холбогдох шүүгч Ц.М-ын сонгон авсан өмгөөлөгч Б.Мөнхболд Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд биечлэн оролцож, тайлбар хэлсэн байна.

Гэтэл Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хянан үзэх хуралдаанд уг өмгөөлөгч биечлэн оролцохоор хүрэлцэн ирсэн байтал түүнийг оролцуулаагүй бөгөөд энэ талаар гаргасан холбогдох шүүгч Ц.М-ын хүсэлтийг хангахгүй орхин шийдвэрлэжээ.

 

Ийнхүү шийдвэрлэхдээ Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх дээрх хуралдаанаас “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын иргэн... хууль зүйн туслалцаа авах... үндсэн эрхийг эдлэхээр заасан бөгөөд энэ нь аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах эрхийг олгосон зохицуулалт биш юм. Сахилгын хорооны хуралдаан нь шүүх хуралдаан биш ба сахилгын хэргийн оролцогч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, эрх ашгаа хамгаалуулахыг хүсвэл итгэмжлэлээр төлөөлүүлэн оролцуулах нь хуульд заасны дагуу нээлттэй. Иймд сахилгын хэргийн оролцогчоос гаргасан сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д “Сахилгын зөрчилд холбогдох шүүгч (цаашид холбогдох шүүгч гэх), түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сахилгын хэргийн оролцогч гэнэ” хэмээн заасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй эсхүл бусдаар төлөөлүүлэх нь түүний эрх ашигт илүү нийцнэ гэж иргэн үзвэл өөрийн сонгосон төлөөлөгчөө уг ажиллагаанд оролцуулдаг ба энэ тохиолдолд Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл олгодог болно.

 

Энэхүү итгэмжлэл нь сайн дурын төлөөллийг илэрхийлэх баримт бөгөөд үүнийг олгосноор иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож, эрх эдлэх, үүрэг хүлээхээс татгалзаж буй явдал тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүний эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг билээ.

 

Холбогдох шүүгч Ц.М нь өмгөөлөгч Б.Мөнхболдод итгэмжлэл олгож, түүнд эрх, үүргээ шилжүүлэн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохоос татгалзаагүй байна.

 

Харин тэрээр Үндсэн хуулиар олгогдсон “хууль зүйн туслалцаа авах” эрхийн дагуу сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан байхад Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаас түүний уг эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлажээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д тодорхойлсноор өмгөөлөгчнь сахилгын хэргийн оролцогч биш хэдий ч түүнийг хэргийн оролцогчид хууль зүйн туслалцаа үзүүлж буй хуралдааны оролцогч гэж үзэх үндэслэлтэй юм. Учир нь эрүү, иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг хэргийн бус шүүх хуралдааны оролцогч гэж үздэг тул Шүүхийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч нь хэргийн оролцогч биш учир сахилгын хуралдаанд оролцуулахгүй гэсэн Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны дүгнэлт үндэслэл муутай байна.  

 

Холбогдох шүүгч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн туслалцаа авахыг хүссэн тохиолдолд уг эрхийг элдэв хориг, саадгүйгээр эдлүүлэх нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хэм хэмжээг сахин биелүүлж буйгаас гадна Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасан “Сахилгын хороо шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх... зарчмыг мөрдлөг болгоно” гэсэнтэй нийцэх юм.

 

Иймд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хэргийн оролцогч гаргаж байгаа тохиолдолд хуралдааны товыг Шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.4-т заасны дагуу хэргийн оролцогчийн нэгэн адил өмгөөлөгчид мэдэгдэж, өөрийн үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан сахилгын хорооны хуралдаанд оролцох бололцоогоор хангах нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчихгүй болно.

 

Шүүхийн сахилгын хороо нь холбогдох шүүгч Ц.М-ын сонгон авсан өмгөөлөгчид хуралдааны товыг мэдэгдээгүйгээс гадна хуралдаанд биечлэн оролцохоор хүрэлцэн ирэхэд нь оролцуулаагүй байх бөгөөд энэ нь иргэнд Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх эрхийг зөрчсөн байна гэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас дүгнэв.

 

Иймд энэ талаар холбогдох шүүгч Ц.М-ын гаргасан гомдлыг хангаж, Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэлээ.

 

Харин холбогдох шүүгч Ц.М-ын “нотлох баримт гаргаж өгөх, хэргийн баримт хуулбарлан авах эрхийг эдлүүлээгүй” гэсэн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

 

Учир нь нотлох дүгнэлтэд тусгаснаас өөр зөрчилд холбогдуулан шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан бол үүнтэй хамааралтай нотлох баримтыг шинээр гаргах, Шүүхийн сахилгын хорооны цуглуулсан баримтыг хуулбарлан авах боломжтой ба холбогдох шүүгч Ц.М-ын хувьд уг нөхцөл байдал үүсээгүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.4, 115 дугаар зүйлийн 115.1.1-д заасныг тус тус баримтлан Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХТ/2023/002 дугаар тогтоолыг хүчингүй болгож, _______________ шүүхийн шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ                                                    Н.БАЯРМАА

                       ШҮҮГЧИД                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Ц.ЦОГТ