“Э т” ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч П.Д, улсын байцаагч Ч.С, С.Г, Б.Х, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэрэг

Шүүгчийн нэр П.Соёл-Эрдэнэ
Шийдвэрийн огноо 2023.03.10
Шийдвэрийн дугаар 001/ХТ2023/0016
Хэргийн индекс 128/2022/0238/З
Маргааны төрөл Татвар
Хуулийн зүйл, заалт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, Татварын ерөнхий хуулийн (2008 он) 3 дугаар зүйлийн 3.1
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.08.17, дугаар: 599
Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2022.12.08, дугаар: 782
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар: 001/ХТ2023/0016
Улаанбаатар хот


"ЭТТ" ХК-ийн нэхэмжлэлтэй,


Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт,


арга зүйн газрын татварын улсын байцаагч,


Татварын маргаан таслах зөвлөлд


тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                 Д.Батбаатар

          Танхимын тэргүүн:                Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                                М.Батсуурь

                                                           Х.Батсүрэн                                  

            Илтгэгч шүүгч:                       П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:         Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 599 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 782 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Д.С, хариуцагч татварын улсын ахлах байцаагч П.Д, улсын байцаагч Ч.С, С.Г, Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагч Маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагч нарын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 20,546,364,932 төгрөгийн нөхөн татвар, 6,177,026,773 төгрөгийн торгууль, 1,156,011,674 төгрөгийн алданги нийт 27,879,403,381 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 2018-2019 оны алдангийн дүнг 3,451,144,411 төгрөгөөр нэмэгдүүлснийг хүчингүй болгуулах,


2.Хэргийн нөхцөл байдал: “ЭТТ” ХК-ийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж, нийт 62,209,171,287 төгрөгийн төлбөр тогтоосон, Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 31,087,206,112 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгожээ.

3.Үүнээс нэхэмжлэгч хуулийн этгээд 27,879,403,381 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин Маргаан таслах зөвлөлийн “алдангийн дүнг нэмэгдүүлсэн” тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

4.Улмаар хяналтын шүүхэд гомдол гаргахдаа зөвхөн 13,541,952,294 төгрөгт холбогдох хэсэгт гомдол гаргаж, үлдэх хэсэгт гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт зааснаар гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд энэхүү гомдол нь Засгийн газрын аль тогтоолыг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоох асуудлаар хязгаарлагдаж байна.

5.Татварын улсын байцаагч нараас “2019 оны 7, 8 дугаар сарын ашигт малтмал ашигласны төлбөрийг жишиг үнийн аргаар тооцож, тайлагнана, Засгийн газрын тогтоолд 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална гэж хэрэгжих хугацааг шууд заасан тул журмын 2.2-т заасан хугацааг баримтлан татвар төлөгч 2019 оны 3 дугаар улирлын тайланг баталсан маягтын дагуу өссөн дүнгээр тайлагнана, 3 дугаар улиралд 7, 8, 9 сар хамрагдана” гэж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс “Засгийн газрын тогтоол гарсан үеэс эхлэн дагаж мөрдөх тул 9 дүгээр сард гарсан тогтоол 7, 8 дугаар сард үйлчлэхгүй, тухайн үед үйлчилж байсан журмын дагуу гэрээний үнээр буюу 2014 оны 220 дугаар тогтоолоор төлбөрийг тооцно” гэж тус тус маргажээ.

6.Анхан шатны шүүхээс “...журмын дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталсан маягтын дагуу өссөн дүнгээр гаргаж, журмын 2.2-т заасан хугацааг баримтлан татварын албанд гаргахаар зохицуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

7.Давж заалдах шатны шүүхээс “... нэхэмжлэгчээс дээрх журамд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцоолоогүй нь тогтоогдож байна, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дундаж үнээр тооцож, төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй” гэж дүгнэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Б.Г нараас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Үүнд:

8.1.Засгийн газрын шийдвэр нь гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болохоор хуульчлагдсан тул 2019 оны 7, 8 дугаар саруудад үүссэн харилцаанд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр баталсан 342 дугаар тогтоол нь нөхөн үйлчлэх боломжгүй. Нэхэмжлэгч компани Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолд заасан аргачлалын дагуу 2019 оны 7, 8 сарын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төвлөрүүлсэн.

8.2.Хэрвээ 2019 оны 342 дугаар тогтоолын дагуу тооцсон нь зөв гэж үзвэл тухайн цаг хугацаанд Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол, 2019 оны 342 дугаар тогтоолууд зэрэг үйлчлэх ёстой байсан мэт хууль зүйн онол практикийн хувьд байж боломгүй нөхцөл үүсгэнэ.

8.3.2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална гэх агуулга бүхий зохицуулалт нь зөвхөн 4.6-д хамаарна. Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг буцаан хэрэглэсэн.

8.4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, 2019 оны 7, 8 сард ногдох нөхөн төлбөр 13,541,952,294 төгрөгийн төлбөрийг нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 12 дахь хэсгийн дүнгээс бууруулж өгнө үү гэжээ.

9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Б.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

10.Хариуцагч нар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргасан гэж мэдэгдсэн, гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

11.Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

12.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална” гэж заасан,  Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 4.6-д “...2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална” гэж, 2 дугаар хавсралтаар баталсан “Гадаад зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2.2-д “... 2019 оны улирлын тайланд энэ журмыг баримтална” гэж тус тус заажээ.

13.Татварын ерөнхий хуулийн (2008 он) 3 дугаар зүйлийн 3.1-д “татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж зааснаар аливаа татварын харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг хэрэглэж, татвар тооцох зарчимтай.

14.Энэ тохиолдолд татварын улсын байцаагч нар нь Засгийн газрын тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэж, 2019 оны 7, 8 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, батлагдан гараагүй, дагаж мөрдөгдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар журмыг хэрэглэж, төлбөр тогтоосон нь буруу болжээ.

15.“Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй” байх суурь зарчмын хүрээнд, иргэн, хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн журам нь гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй, түүнээс өмнөх харилцаанд нөхөж үйлчлэхгүй буюу татвар бий болгох, татвар төлөх, татвар ногдуулах, татвар тайлагнах харилцаа нь урьдчилан тогтоогдсон, тодорхой байх зарчимтай тул татвар төлөгч гэнэтийн байдлаар биш, үйл ажиллагааны орлогодоо ямар хэмжээний татвар төлөх үү, үүнийг яаж тайлагнах уу гэдэг нь урьдчилан тогтоогдсон, ойлгомжтой, тодорхой мэдсэн байх хуулийн зохицуулалтай юм.

16.Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуулийг дагаж мөрдөх журмаар дараах асуудлыг зохицуулна” гээд, 27.1.3-д “өмнө үйлчилж байсан хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу үүссэн харилцаа, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг шинэ хуулийн дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаврыг арилгах нөхцөл, арга зам, хариуцлагыг зохицуулах хэлбэр”, 27.1.6-д “хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдол” гэж заасан, энэ тохиолдолд хууль тогтоомжийг нийтлэх, олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд өмнө үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтыг хэрхэн ойлгох, буцаж үйлчлэх онцгой тохиолдол байгаа эсэх талаар зохицуулаагүй байна.

17.Гэтэл улсын байцаагч нар эрх зүйн суурь зарчмыг зөрчиж, маргаан бүхий ажил үйлчилгээ хийх үед хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байсан журмыг баримталж, татвар ногдох орлогыг нэмэгдүүлэн тооцож, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж, актын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

18.Иймээс хариуцагчийн “Засгийн газрын тогтоолд өөрт нь хэрэгжих хугацааг шууд заасан тул 2019 оны 3 дугаар улиралд хамаарна” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлснээр уг тогтоолын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх, чиглэсэн этгээддээ хууль зүйн үүрэг үүсгэж, эрх зүйн байдлыг дордуулах агуулгатай хэм хэмжээг буцааж хэрэглэх нь хуулиар тусгайлан заагаагүй тохиолдолд боломжгүй гэж үзнэ.

19.Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нар зөвхөн цаг хугацааны асуудлаар буюу “2019 оны 3 дугаар улирал” гэдэгт аль цаг хугацааг хамруулж, Засгийн газрын аль тогтоолыг баримталж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх талаар маргасан байхад хэргийн оролцогчдын маргасан асуудалд эрх зүйн дүгнэлт өгөөгүй, ямар хуулийг яагаад хэрэглэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буруутай байна.

20.Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцоолоогүй нь тогтоогдож байна” гэж хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байна.

21.Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээдээс актын 2 болон 10 дахь хэсэгт холбогдуулан “гэрээний үнийг сонгон шалгаруулалтын доод үнээс бага үнээр борлуулсан” гэх зөрчлийг эс зөвшөөрч маргасныг Маргаан таслал зөвлөлөөс гомдлыг хүлээн авч, Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолыг хэрэглэж, “бага үнээр борлуулсан” гэж зөрчил тооцсоныг хүчингүй болгож байсан, мөн актын 11 хэсэгт холбогдуулан “гэрээний үнээр тооцуулахтай холбоотой мэдээллийг хугацаанд ирүүлээгүй тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцох эрх зүйн үндэслэлгүй” гэж маргасныг Маргаан таслал зөвлөлөөс гомдлыг хангаж, “... гэрээнд өөрчлөлт оруулаагүй, шинээр гэрээ байгуулаагүй байх тул жишиг үнээр тооцсон төлбөрийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэж тус тус шийдвэрлэж байжээ.

22.Шүүхийн энэхүү тогтоол нь 2019 оны 7, 8 дугаар сарын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн үед гараагүй байсан 2019 оны 342 тогтоолыг үндэслэн тогтоохгүй байх агуулгатай бөгөөд энэ нь татварын улсын байцаагчийн гэрээний үнэ бодитой эсэх, борлуулалтын тайлан, мэдээ үнэн зөв эсэхийг хянах, олон улсын зах зээлийн үнийг баримтлан борлуулалтын үнэлгээг тооцох чиг үүрэгт саад болохгүй болохыг тэмдэглэв.

23.Дээрх үндэслэлүүдээр гомдлын хүрээнд, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаас 13,541,952,294 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлбөрийн хэмжээг багасгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 599 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 782 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “27,879,403,381.45 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 13,541,952,294 төгрөгөөр багасгасугай” гэж өөрчилсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                     М.БАТСУУРЬ

                                                                                      Х.БАТСҮРЭН

П.СОЁЛ-ЭРДЭНЭ