Шүүгчийн нэр | Б.Батцэрэн |
Шийдвэрийн огноо | 2023.03.09 |
Шийдвэрийн дугаар | 44 |
Хэргийн индекс | 185/2021/0506/Э |
Маргааны төрөл | |
Хуулийн зүйл, заалт | 18.6-2.2, 22.1-2 |
Шийдвэрлэсэн байдал | Тогтоол, магадлалыг хүчингүй болгосон |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2022.08.30, дугаар: 853 |
Анхан шатны шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2022.12.15, дугаар: 1195 |
Давж заалдах шатны шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
Б.Б, Х.Т, Ш.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, цагаатгагдсан этгээд Б.Б-гийн өмгөөлөгч П.Анударь, цагаатгагдсан этгээд Х.Т-гийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, цагаатгагдсан этгээд Ш.Э-ын өмгөөлөгч Ж.Иманмагзам, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 853 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1195 дугаар магадлалтай, Б.Б, Х.Т, Ш.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Рагчаа овогтой Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2-д заасан,
2.Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 1999 оны 04 дүгээр сарын 02-нд Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, Тайж овогтой Х.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2-д заасан,
3.Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон онги овогтой Ш.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нарт холбогдох хэргийг бүхэлд нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Ганхөлөгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэлдээ “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “... Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын Хөдөлмөрийн сайд тушаалаар баталж, өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд “О” ХХК-тай гэрээ байгуулан ажилласныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн34.19дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,
Мөнгө угаах гэмт хэргийн объектив талын шинж нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан зэрэг үйлдэл эс үйлдэхүй байх ба шүүх шүүгдэгч Б.Б, Ш.Э нарыг холбогдуулан буруутгасан /мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг болох/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн22.1дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон 1,550,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хэргийг гэмт хэргийг шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Х.Т, Ш.Э, Б.Б нарыг цагаатгаж, 2022/ШЦТ/853 дугаартай цагаатгах тогтоол гаргасан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2022/ДШМ/1195 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/853 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 74 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Магадлалыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцахад “... цагаатгах тогтоолд заасан “... М ф" төсөл нь нотлох баримтаар хэргийн материалд авагдаагүй... 2019 оны 10 сард хийсэн дотоод аудитын дүгнэлтээр 2013-2014 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан компаниудаас зээл олгох журамд заасан шаардлага хангаагүй 15 компанийн дунд “О” ХХК-ийн нэр ороогүй... Төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдааны тэмдэглэлийг судалж үзэхэд шүүгдэгч Б.Б нь “О” ХХК-ийн “М ф” төслийг дэмжүүлэх талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэх дүгнэлтэд нөлөөлөх ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээгүй, нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй гарсан цагаатгах тогтоолын дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Тухайлбал анхан шатны шүүх “... мөрдөн шалгах ажиллагааны явцад “М ф” төсөл нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлийн төсөл сонгон шалгаруулах журмын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор “О” ХХК-ийн зээлийн материалд үзлэг хийхэд уг төсөл байгаагүй болох нь тогтоогдсон...” гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа мөрдөн шалгах ажиллагаагаар уг төслийг хэрэгт хавсаргаагүй, холбогдох ажиллагаа хийгээгүй хэмээн цагаатгах үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.
“О" ХХК-ийн “М ф” төсөл бодитой оршиж байсан эсэхийг хянан үзэхэд ач холбогдол бүхий хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг болон Ш.Э-ын гэрчээр өгсөн “... Би өөрөө цахим сайтаас харж байгаад л төсөл бичсэн. Ганцаараа бичсэн. Надад төсөлтэй холбоотой ямар нэгэн бичиг баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг, “О” ХХК нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлээгүй гэсэн Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Төвийн 2018 оны 84 дүгээр албан бичиг тус хуулийн этгээд 2011 онд байгуулагдан улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй зэрэг хэргийн нөхцөл байдалд анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулжээ.
Түүнчлэн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон Төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны хоёрдугаар хуралдааны тэмдэглэлээс үзэхэд журамд заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүд төслийн материалтай танилцахгүйгээр 127 иргэн, аж ахуйн нэгжийн хөнгөлөлтгүй зээл хүссэн төслүүдийг хавсралтаар баталсан байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дотоод аудитын тайлангийн 1,2-т “2014 онд ЖДҮ сангаас зээл авсан одоо зээлийн өртэй нийт 41 зээлдэгч байгаагаас 9 зээлдэгчийн төслийн материал, бүрдүүлсэн бичиг баримт архивт байна. Үлдсэн 32 зээлдэгчийн төсөл, бүрдүүлсэн бичиг баримт байхгүй байна”, 1.3- т “Архивт материал нь байгаа 2013-2014 онд ЖДҮ сангаас зээл авсан одоо зээлийн өртэй нийт 15 зээлдэгчийн зээл авахад бүрдүүлсэн материалыг шалгаж үзэхэд ... зээл хүсэгчид тавигдах шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй байна” гэж дурдаад дүгнэлт хэсэгтээ “... ЖДҮ сан нь 2013 онд зээл олгохдоо “Зээл хүсэгчид тавигдах шалгуур үзүүлэлт”-ийг хангасан эсэх материалыг хасаг дутуу бүрдүүлэн авч байсан бол 2014 онд энэ материалыг огт бүрдүүлж авалгүйгээр зээл олгосон байна..." гэж дүгнэсэн зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй атлаа сангийн архивт зээлийн материал нь хадгалагдаж буй 15 зээлдэгч /зээлийн шаардлага хангаагүй/-ийн дотор “О” ХХК-ийн нэр ороогүй мэтээр илтэд зөрчилтэй дүгнэлт хийжээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж ... бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг”, 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг”, 3.1.7-д “ашгийн төлөө үйл ажиллагаа” гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг” ойлгохоор тус тус заасан бөгөөд Б.Б, Ш.Э, Х.Т нар нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий этгээд эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Дээрх байдлаас дүгнэхэд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах замаар шалгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоохгүйгээр зарим нотлох баримтуудад тулгуурлан цагаатгах тогтоол гаргасан байна.
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон билээ. Үүний үр дүнд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан тохиолдолд хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх хууль зүйн боломжгүй болж дээд шатны шүүх зөвхөн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх, ялыг хөнгөрүүлэх, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах шийдвэр гаргах зохицуулалт үйлчилж байна.
Иймд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, зарчмын хүрээнд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэжээ.
Прокуророос Нийтийн албан тушаалтан болох Б.Б нь Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Э-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Ш.Э-ын үүсгэн байгуулсан “О” компаниар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шаардлага хангахгүй байхад төслийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Төсөл сонгон шалгаруулах комисс”-ын хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжиж, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “М ф” төслийг хэрэгжүүлэхээр 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг “О” ХХК-ийн Голомт банкны 1405007436 тоот дансаар шилжүүлэн авч, зээлийн хөрөнгийг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд зориулалтын бусаар зарцуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд их хэмжээний хохирол учруулсан,
мөн Б.Б, Ш.Э, Х.Т нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож буюу гэмт хэрэг үйлдэж олсон1,550,000,000 төгрөгийг Ш.Э, Х.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож, тэдгээрийн үүрэг оролцоог хуваарилах замаар зохион байгуулан “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-аас 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1,550,000,000 төгрөгийн зээл авсан Ш.Э-ын үүсгэн байгуулсан “О” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн эцэг Р.Б-гийн үүсгэн байгуулсан “Э” ХХК-ний ажилтан болон Х.Т-гийн нэр дээр шилжүүлэн авсан ба 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн, “О” ХХК-ийн Голомт банкны 1405101239 тоот долларын дансанд 1,132,200,000 төгрөгийг шилжүүлэн авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 11 давхарт 386,36кв метр талбайг захиалга хийж улмаар, иргэн Ш.Э-д нийт 123,705,000 төгрөг, иргэн Б.Г-ын Хаан банкны дансанд 34,000,000 төгрөг, иргэн Ж.Г-ын Хаан банкны төгрөгийн харилцах 5022592223 тоот данс руу 150,000,000 төгрөг, иргэн Х.Т-д 40,000 төгрөг, иргэн В.Э-ын Голомт банкны долларын харилцах 2109377293 тоот данс руу 10,000,000 төгрөг, иргэн О.М-ын Голомт банкны төгрөгийн харилцах 1105101296 тоот данс руу 100,000,000 төгрөг тус тус шилжүүлэх зэргээр түүнийг авч, эзэмшиж, ашигласан ба хууль бусаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын объект болгон хувиргаж, байнга тогтвортой мөнгө угаасан гэх хэргүүдэд Б.Б, Ш.Э, Х.Т нарыг гэм буруутайд тооцуулахаар прокурорын яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд гэмт хэргийг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Учир нь Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон. Гэвч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар уг тогтоолыг хүчингүй болгох талаар хуульчилсан ба шүүх хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Нөгөөтээгүүр давж заалдах шатны шүүх гэмт хэргийг нотлогдсон гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгохын зэрэгцээ гэмт хэрэг мөн гэсэн атлаа гэмт хэрэг биш гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь хууль ёсны шийдвэр гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/853 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМ/1195 дугаар магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хүчингүй болгохоор байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Цагаатгагдсан этгээд Б.Б-гийн өмгөөлөгч П.Анударь хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Өмгөөлөгч миний бие Б.Б-гийн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд ажиллаж байсан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн захирлын ажил, албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2007 оны жагсаалтад хамаардаггүй байсан талаар маргадаг боловч прокуророос Б.Б-г 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан”-д хамааруулан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, яллах дүгнэлт үйлдсэн. Энэ талаар өмнөх прокурорын бичсэн эсэргүүцэлд дэлгэрэнгүй няцаалт тайлбар өгсөн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Прокуророос мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичдэг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Б.Б-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх боловч түүнд зээл олгох эрх олгогдоогүй байсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Цагаатгагдсан этгээд Ш.Э-ын өмгөөлөгч Ж.Иманмагзан хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэг өмнө нь нэг удаа прокурорт буцаж байсан бөгөөд “М ф” төсөл нотлох баримтаар авагдаагүй байна. Ш.Э нь “М ф” төслийг бичихдээ зээлийн шаардлага хангаагүй материалыг оруулж ирсэн гэдэг асуудлыг ярьж байгаа бол тухайн үед дагаж мөрдөж байсан журамд ямар зүйлийг тусгасан байсан гэдгийг тодорхой болгох ёстой гэдэг асуудлууд яригдсан. Гэвч уг ажиллагаа хийгдээгүй буюу “М ф” төсөл нь байхгүй, ямар шаардлагыг хангаагүй байсан гэдэг нь нотлогдох боломжгүй байсан. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Ш.Э “М ф” төслийг өөрөө гардаж бичсэн, харин аав нь зөвлөгөө өгч байсан талаар хэлдэг. Одоо өөрт нь энэ төсөл байхгүй” гэв.
Цагаатгагдсан этгээд Х.Т-гийн өмгөөлөгч Т.Отгонбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хоёр шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх 2022 оны оны 06 дугаар сард Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Прокурорын эсэргүүцлийг хүлээж аваад хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд байхгүй гэж өмгөөлөгчийн хувьд харж байгаа. Хэрэв хүчингүй болгосон тохиолдолд хэргийг мөрдөн байцаалтад буцаах уу, хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг үр дагаврын асуудал нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээд шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Тус шүүх нь анхан шатны шүүх дүгнэлтэд нөлөөлөх ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй, нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, цагаатгах тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох нь давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ юм. Нөгөөтэйгүүр, давж заалдах шатны шүүх гэмт хэргийг нотлогдсон гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх ...” хуулийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэдэг болно.
Энэхүү зорилтыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус хуульчлан заасан байна.
2.Анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзэж, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар зөв хууль зүйн дүгнэлт хийж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргахурьдчилсан нөхцөл болдог билээ.
3.Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хувьд гомдол, эсэргүүцлийн дагуу доод шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх, эсхүл тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээг хуулиар олгосон бөгөөд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явуулах болон шийдвэр гаргах үндэслэл, журмыг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан зарчим, үзэл санаанд нийцүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан болно.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд “1.Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг тусгажээ.
Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн алдаа нь тухайн шийдвэрийг хүчингүй тооцох, эсхүл өөрчлөх үндэслэлд хамаарах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд хуульчлан заасан байна.
4.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Ганхөлөгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн цагаатгагдсан этгээд Б.Б, Ш.Э, Х.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдов.
5.Прокуророос Б.Б-г Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн бичгийн дарга, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Э-той үгсэн тохиролцож, түүний үүсгэн байгуулсан “О” компанийн “М ф” гэх төсөл нь зээл авах шаардлага хангахгүй байхад 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төсөл сонгон шалгаруулах комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд 1,550,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, улмаар Ш.Э, Х.Т нартай үгсэн тохиролцож, “О” ХХК-ийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эцэг Р.Б-гийн үүсгэн байгуулсан “Э” ХХК-ийн ажилтан Х.Т-гийн нэр дээр шилжүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон дээрх 1,550,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд зориулалтын бусаар захиран зарцуулж, “И” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын 11 давхарт 386,36 мкв талбайг захиалах, нэр бүхий иргэдийн данс руу шилжүүлэх зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан үйлдэлд холбогдуулан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д тус тус зааснаар,
мөн Б.Б-гийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах болон мөнгө угаах гэмт хэрэгт хамтран оролцсон Ш.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар,
мөн Б.Б-гийн мөнгө угаах гэмт хэрэгт хамтран оролцсон Х.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
6.Давж заалдах шатны шүүх “Мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Б, Ш.Э, Х.Т нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчдын эрхийг хасч, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдоогүй, ... анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Э-той урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “О” ХХК-аар дамжуулан 1,550,000,000 төгрөгийн зээлийг хууль бусаар авсан гэж буруутгах хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, цагаатгах тогтоолд дурдсан дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу шүүхийн шийдвэрт нөлөөлөх ач холбогдол бүхий хэргийн нөхцөл байдал болон прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудад дүгнэлт хийхгүй орхигдуулсан” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Ш.Э-ын боловсруулсан гэх “М ф” төсөл нь хавтаст хэргийн материалд байхгүйгээс гадна Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн архивт хадгалагдаж буй “О” ХХК-ийн зээлийн материалд байгаагүй болохыг мөрдөн байцаалтын шатанд хийсэн үзлэгээр хөдөлбөргүй тогтоосон байхад энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж анхан шатны шүүх харилцан зөрчилтэй дүгнэлт хийсэн талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дүгнэлтийг няцаах үндэслэл тогтоогдоогүй байна.
7.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Ш.Э, Х.Т нарт холбогдох хэргийг бүхэлд нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй явдал нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах бөгөөд 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
8.Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй гэсэн үндэслэлээр хуульд нийцээгүй цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн хувьд үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг хэрэгжүүлээгүй явдал нь агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр болсноос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэв.
9.Хууль тогтоогч анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 36.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан явдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.
10.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.
11.Давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан, эсхүл давж заалдах шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Ганхөлөгийн бичсэн эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 853 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1195 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР