Ц.Ц нэхэмжлэлтэй, “ДСЦТС” ХК-нд холбогдох иргэний хэрэг

Шүүгчийн нэр Г.Алтанчимэг
Шийдвэрийн огноо 2023.03.07
Шийдвэрийн дугаар 001/ХТ2023/00036
Хэргийн индекс 135/2022/00980/и
Маргааны төрөл
Хуулийн зүйл, заалт
Шийдвэрлэсэн байдал

Шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.11.04, дугаар: 135/ШШ2022/01573
Анхан шатны шүүх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2022.12.27, дугаар: 209/МА2023/00002
Давж заалдах шатны шүүх Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар: 001/ХТ2023/00036
Улаанбаатар хот


Ц.Цы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 135/ШШ2022/01573 дугаар шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 209/МА2023/00002 дугаар магадлалтай,

 

Ц.Цы нэхэмжлэлтэй,

“ДСЦТС” ХК-д холбогдох,

 

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2022.04.07-ны өдрийн 177 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, 2022.02.16-аас 2022.04.08-ныг хүртэлх хугацааны цалин болох 3,326,670 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосны тэтгэмжид 33,618,332.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч З.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Э.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч З.Э, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч “ДСЦТС” ХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2022.04.07-ны өдрийн 177 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, 2022.02.16-аас 2022.04.08-ныг хүртэлх хугацааны цалин болох 3,326,670 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосны тэтгэмжид 33,618,332.5 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 135/ШШ2022/01573 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 82 дугаар зүйлийн 82.3-д тус тус заасныг баримтлан “ДСЦТС” ХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,326,670 төгрөг, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 31,862,580 төгрөг, нийт 35,189,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цд олгож, “ДСЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 177 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах, 1,755,752.5 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгчид олгох дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “ДСЦТС” ХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ДСЦТС” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 333,896 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 209/МА2023/00002 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 135/ШШ2022/01573 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт 3 дахь заалт болгон “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 гэснийг 4 гэж, 4 гэснийг 5 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,263 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгч З.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

4.1.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дараах үндэслэлүүд байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,478,520 төгрөг олгохыг зөвшөөрч бусад шаардлагаас татгалзаж нэхэмжлэгч талтай мэтгэлцсэн болно.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 1 дэх заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 82 дугаар зүйлийн 82.3-т заасныг баримтлан “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 31,862,580 төгрөгийг “ДСЦТС” ХК-аас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа дараах үндэслэлүүд байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т: “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ. 2.3.1-д: Энэ хууль, 2.3.4-д салбар салбар дундын хамтын хэлэлцээр, 2.3.5-д: хамтын гэрээ, 2.3.6-д: хөдөлмөрийн гэрээ, 2.3.7-д аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж зааснаас үзвэл хариуцагч байгууллага дээр дурдсан эрэмбийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-т заасан: Тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасны дагуу 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох боломжтой байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д: Энэ хуулийн 2.3-д заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасныг үндэслэн 2020 оны Хамтын гэрээний 2.3-д: ...16 ба түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасны дагуу 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон хуулийн заалтыг баримталсан байдаг.

2021.06.08-ны өдөр батлагдсан “Эрчим хүчний салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээр”-т “ДСЦТС” ХК оролцоогүй тухайн хэлэлцээрт энэ компанийн төлөөлөгч гарын үсэг зураагүй байдаг. Гэрээ, хэлэлцээр нь зөвхөн оролцогч талуудын эрх үүргийг тодорхойлдог бөгөөд тухайн хэлэлцээрт оролцоогүй этгээдэд хэлэлцээрийн заалт хамаарах ёсгүй. Гэтэл анхан шатны шүүх “Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээр”-т оролцоогүй этгээдэдуг хэлэлцээрийг хамаатуулан тайлбарлаж хариуцагчаас үндэслэлгүйгээр 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 31,862,580 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль болон хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээний актуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 35.2-т: Салбар ,салбар дундын хамтын хэлэлцээр нь тухайн хэлэлцээрт оролцогчдын төлөөлж байгаа нийт ажилтан, ажил олгогчид хамаарч үйлчилнэ. гэж заасан нь тухайн хэлэлцээрт оролцож гарын үсэг зурсан байгууллагад хамаарна гэж ойлгохоор байгаагаас гадна “Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээр”-ийн 1.1 дэх заалтад: Салбарын хамтын хэлэлцээрийг үндэслэн эрчим хүчний салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй бүх аж ахуйн нэгж, байгууллагууд хамтын гэрээ байгуулан харьяа нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэн мөрдөж ажиллана. гэж зааснаас үзэхэд энэхүү хэлэлцээрийг эрчим хүчний байгууллага бүр ёсчлон мөрдөхийг үүрэг болгоогүй харин энэхүү хэлэлцээрийг үндэслэн хамтын гэрээ байгуулан мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ. Тус хэлэлцээрийн 1.7 дахь заалтад: Салбарын аж ахуйн нэгж байгууллага бүр өмнөх хүрсэн түвшинг дордуулахгүйгээр энэхүү хамтын хэлэлцээрийг үндэслэн хамтын гэрээ байгуулж мөрдөж ажиллана. гэж заажээ. Мөн хэлэлцээрийн 5.20 дахь заалтад: Нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлуудыг тухайн байгууллага эдийн засгийн боломжид тулгуурлан хамтын гэрээгээр зохицуулна. гэж заажээ. Дээр дурдсан заалтуудаас үзэхэд эрчим хүчний салбарт хамрагдах байгууллага нь өөрийн эдийн засгийн боломждоо тулгуурлан нийгмийн хамгааллын асуудлаа шийдэх эрхийг олгосон байна. Улс орон даяар эрчим хүчний байгууллагууд алдагдалтай ажиллаж байгаа нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд “ДСЦТС” ХК-ийн 2021-2022 оны орлогын тайлангаас харахад тайлант үеийн цэвэр ашиг хасахтай буюу алдагдалтай гарчээ. Тус компани нь эдийн засгийн хувьд ашиггүй ажилласнаас хамтын гэрээний заалтаа баримтлан тэтгэмж олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалт, давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтад өөрчлөлт оруулж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 31,862,580 төгрөг гаргуулж гэж шийдсэнийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгч З.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.02.16-ны өдрийн 001/ШХТ2023/00148 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ХЯНАВАЛ:

 

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч “ДСЦТС” ХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2022.04.07-ны өдрийн ажилд эгүүлэн томилох тухай 177 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, 2022.02.16-аас 2022.04.08-ныг хүртэлх хугацааны цалинд 3,326,670 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосны тэтгэмжийн зөрүүд 33,618,332.5 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон, ажил олгогч ажилд томилох тушаалыг 2022.04.07-ны өдөр гаргасан нь буруу, учир нь шүүхийн шийдвэрээр өмнөх хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэн бол тушаал гаргах шаардлагагүй байсан, мөн орон тоо цомхотгогдсон үндэслэлээр 2022.04.08-ны өдрийн тушаалаар ажлаас халсан, иймээс олгогдоогүй сарын цалингаа нэхэмжилнэ, түүнчлэн орон тоо хасагдсан шалтгаанаар ажлаас халагдсан тус салбарт 10-аас дээш жил ажилласан ажилтанд 24 сарын цалингийн дунджаар тэтгэмж олгохыг эрчим хүчний байгууллагын салбарын хэлэлцээрт заасан атал, байгууллагын хамтын гэрээг баримталж 12 сарын үндсэн цалингаар тооцон нийт 14,710,800 төгрөг олгосон нь хуульд нийцээгүй тул зөрүү мөнгийг гаргуулна” гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, “...нэгэнт шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон тул ажилд томилох тушаал гаргасан, энэ хугацаанд нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан байсан учир ажлаас чөлөөлж, байгууллагад хүчин төгөлдөр мөрдөж буй хамтын гэрээнд 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын тарифт цалингаар олгохоор заасны дагуу тэтгэмж олгосон, олгогдоогүй цалинд 1,478,520 төгрөг олгох боломжтой байна” гэжээ.

 

8.Анхан шатны шүүх ...тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цалинд 3,326,670 төгрөг, тэтгэмжид 31,862,580 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн анх гаргаж, улмаар татгалзсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзэн энэ талаар шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

 

9.Хариуцагч талаас тэтгэмжийн зөрүү гаргуулсан хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба хоёр шатны шүүх адил шийдэл гаргасан боловч тус шүүхүүд 2021 онд батлагдаж, 2022.01.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөж эхэлсэн зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хуулийн агуулгаас зөрүүтэй хэрэглэсэн эсэх талаарх гомдлын агуулгын хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх нь зөв гэж үзлээ.

 

10.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т “Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ.” гэж зааж, улмаар дарааллыг Хөдөлмөрийн тухай хууль, хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэж эрэмбэлсэн, энэ эрэмбээр салбар хоорондын хамтын хэлэлцээр нь хамтын гэрээнээс эрэмбийн хувьд дээгүүр хүчин чадалтай, иймээс нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг орон тоо хасагдсан үндэслэлээр дуусгавар болгохдоо хариуцагч нь салбарын хамтын хэлэлцээрт заасны дагуу 24 сараар тэтгэмж олгох байсан гэж нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон.

 

11.Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хууль зүйн үндэслэлийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4-т ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа бол ажилтанд дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан, харин байгууллагын хамтын гэрээгээр ажилтанд илүү таатай нөхцөл буюу 12 сараар олгох зохицуулалттай, иймд хамтын гэрээг баримталсан нь хуульд заасан эрэмбийг зөрчихгүй, салбар хоорондын хэлэлцээрийг дагаж мөрдөх нөхцөл бүрдээгүй гэжээ.

 

12.Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаас халагдсан, түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон, ажил олгогч 2022.04.07-ны өдрийн 177 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч, 2022.04.08-ны өдрийн 180 дугаар тушаалаар ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халж, ажлаас халсны тэтгэмжид 14,710,800 төгрөг олгосон, нэхэмжлэгч тус байгууллагад нийт 21 жил гаруй ажилласан, эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

13.Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон орон тоо хасагдсан үндэслэл, түүнчлэн түүний тухайн байгууллагад ажилласан нийт хугацаа нь хуульд заасан тэтгэмж авах эрх үүсгэсэн эдгээр нөхцөл тогтоогдсон ба зохигч гагцхүү тэтгэмжийн хэмжээг ямар эрх зүйн актыг баримталж олгох байсан тухайд маргасан байна.

 

14.Хөдөлмөрийн тухай хуулийн (2021 он) 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаас үзэхэд хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудад Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын бусад хууль, захиргааны хэм хэмжээний акт, салбар, салбар дундын хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ хамаарах ба эдгээрийн үйлчлэх хүчин чадал нь эрэмбэлэгдсэн байна. Эдгээр хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэхийг мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д заажээ.

 

15.Зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд маргааны зүйл болсон хамтын хэлэлцээр болон байгууллагын хамтын гэрээ гэдэгт тус тус юуг ойлгох, эдгээр эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актын зорилго, зохицуулах зүйлийн хүрээг хуулиар хэрхэн тодорхойлсныг харгалзах нь ач холбогдолтой байна.

 

16.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог, 4.1.8-д хамтын хэлэлцээр гэж хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс, аймаг, сум, нийслэл, дүүрэг, салбар, салбар дундын хэмжээнд холбогдох талуудын хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог тус тус ойлгоно гэжээ.

 

Мөн хуулийн 34-39-р зүйлд зааснаар хамтын хэлэлцээр, хамтын гэрээ нь өөр өөрийн зохицуулах зүйл, үйлчлэх хүрээ, оролцогч талуудаар ялгаатай байна. Тухайлбал, хамтын хэлэлцээр тэр тусмаа салбарын хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудал, тодруулбал, салбарын ажилчдын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нийтлэг харилцааг зохицуулж, энэ нь салбарын хүрээнд үйлчилдэг бол хамтын гэрээ нь илүү нарийвчилсан харилцаа буюу тухайлбал, үндсэн цалингаас гадна нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ, ажил олгогчоос ажилтанд олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ зэрэг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд үйлчлэх ажилтны болон ажил олгогчийн төлөөлөгчдийн хоорондын хэлэлцээр хийх замаар харилцан тохиролцсон хуулиар тогтоосон нөхцөлөөс илүү таатай нөхцөлийг ажилтанд олгосон, тухайн ажил олгогч, ажилтны эд хөрөнгийн эрхтэй холбоотой харилцааг шууд зохицуулах шинжтэй байдгаараа өөр байна.

 

17.Нэхэмжлэгч нь 2021-2022 оны Эрчим хүчний салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бөгөөд уг хамтын хэлэлцээрийн зорилго, зарчмаас үзэхэд салбарын хэлэлцээрийг үндэслэн эрчим хүчний салбарын өмчийн хэлбэр харгалзахгүй бүх аж ахуйн нэгж байгууллагууд хамтын гэрээ байгуулж ажиллана гэж заасан, хэлэлцээрийн ажлаас халагдсан үеийн тэтгэмжийн талаарх 5.1.7-дахь заалт нь эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдах тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ажилласан жилээс шалтгаалж тэтгэмжийн хэмжээг олгох, үүнд 16 түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг бодож олгоно гэсэн нь бөөнөөр халах үеийн өөрөөр хэлбэл, байгууллага, салбар нэгж татан буугдах, хувьчлагдах үеийн нийтлэг баримталбал зохих зохицуулалт байна. Энэ хэрэг маргааны хувьд хамтын хэлэлцээрт заасан бөөнөөр халах үеийн тохиолдол бий болоогүй байна.

 

Харин байгууллагын хамтын гэрээгээр зохицуулах зүйлийг тогтоохдоо тухайн байгууллагын онцлог, ажил олгогч болон ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд шууд нөлөөлөх бусад хүчин зүйлийг харгалзан тогтоох ба хариуцагч байгууллагын 2020 онд батлагдсан хамтын гэрээ хүчинтэй үйлчилж байгааг зохигч маргаагүй, уг гэрээний 2.3-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар орон тоо бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд ...ажилтны хууль ёсны эрх ашиг, нийгмийн баталгааг хангах зорилгоор ...16 ба түүнээс дээш жил ажилласан бол 12 сарын албан тушаалын болон тарифт цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасны дагуу хариуцагч нь тэтгэмжид 14,710,800 төгрөг олгосон нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хуульд ажлаас халагдсан үеийн тэтгэмжийг 4 ба түүнээс дээш гэж заасан, ажил олгогч хамтын гэрээнд заасан хэмжээгээр 12 сарын үндсэн цалингаар ажилтанд илүү таатай нөхцөлөөр тэтгэмж олгосон нь хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

18.Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлыг анхаарч дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 209/МА2023/00002 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 135/ШШ2022/01573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 82 дугаар зүйлийн 82.1-т тус тус заасныг баримтлан “ДСЦТС” ХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,326,670 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Цд олгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосны тэтгэмжид 33,618,332.5 төгрөг гаргуулах, тус компанийн гүйцэтгэх захирлын 2022.04.07-ны өдрийн 177 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “333,896 төгрөг” гэснийг “68,177 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ДСЦТС” ХК /өмгөөлөгч З.Э/-ийн 2023.01.23-ны өдөр төлсөн 317,263 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

 

                                                                        Д.ЦОЛМОН

 

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД