В.Ц-ын нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох иргэний хэрэг

Шүүгчийн нэр П.Золзаяа
Шийдвэрийн огноо 2023.03.01
Шийдвэрийн дугаар 001/ХТ2023/00035
Хэргийн индекс 181/2021/02725/и
Маргааны төрөл Хөдөлмөрийн маргаан
Хуулийн зүйл, заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2
Шийдвэрлэсэн байдал

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн

Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2022.08.31, дугаар: 181/ШШ2022/01924
Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо 2023.01.04, дугаар: 210/МА2022/02079
Давж заалдах шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар: 001/ХТ2023/00035
Улаанбаатар хот


В.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч М.Батсуурь, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/01924 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2022/02079 дүгээр магадлалтай,

 

В.Цын нэхэмжлэлтэй

“Э С Р” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. В.Ц нь “Э С Р” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/01924 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч В.Ц-н урьд эрхэлж байсан Худалдан авалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 39,156,745/гучин есөн сая нэг зуун тавин зургаан мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Ц-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2022/02079 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/01924 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Ц-г Худалдан авалт, хангамж, дэд бүтцийн газарт өмнө эрхэлж байсан албан тушаалтай адил чанарын өөр албан тушаалд томилохыг хариуцагч “Э С Р” ХХК-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 36,715,658 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,441,087 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...57 дугаар зүйлийн 57.1, 57.3” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.2, 60.1” гэж, “...дурдсугай.” гэснийг “...дурдаж, хариуцагч “Э С Р” ХХК-аас 341,528 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Ц-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын гомдолдоо: ...Магадлалын хянавал хэсгийн 7-д “талууд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулиар тогтоосон журмыг баримталсан эсэх талаар маргаж байна” гэж дүгнэснээр шүүх талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа бий болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Үүгээрээ давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэг. Эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй тухайд: Хариуцагчийн зүгээс эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулиар тогтоосон журмыг баримталсан эсэх талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн үйлдэл нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон асуудлыг хүлээн зөвшөөрч дараагийн олговор гаргуулах хэлцэл хийгдсэнээр цоо шинэ эрх зүйн харилцаа үүсэж дуусгавар болсон байдаг.

2021.08.09 Гүйцэтгэх захирлын 2021 оны Б/291 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарсан. Үндэслэл: Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.1, 43.1, ТУЗ-ын 25-р тогтоол

2021.08.09 Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хэлцэл хийсэн.

2021.08.11 Ажлаас халагдсан тэтгэмжийг 6 сартай тэнцэх хэмжээгээр олгуулах тухай хүсэлт гаргасан бусад ажилчдын хамт гаргасан.

2021.08.11 Ажлаас халагдсан тэтгэмжийг 2 сартай тэнцэх хэмжээгээр олгуулах тухай хүсэлтийг өөрөө гаргасан /уг хүсэлтдээ 07.09-ний өдрийн мэдэгдлийн дагуу/ өөрөө хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан.

2021.08.18 Дээрх хүсэлтийг үндэслэн Гүйцэтгэх захирлын А/72 тоот тушаалгарч 2 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.Өөрөөр хэлбэл:Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар бүтэц орон тоо цөөрсөн үндэслэлээр дуусгавар болгосон хууль зүйн факт нь тэтгэмж авахтай холбоотой хүсэлтийг 2021.08.11-ний өдөр нэхэмжлэгч гаргаснаар дуусгавар болж шинээр харилцан тохиролцсоны үндсэн дээр тэтгэмж авах харилцаа үүссэн байна.Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2016.05.10-ны өдрийн 2 дугаар зөвлөмжид “Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, энэ нь эрх зүйн маргаантай харилцаа мөн болохыг тогтоосноос гадна шүүх уг харилцаанд маргааны зүйл юу болохыг тогтоох шаардлагатай юм” гэж тусгайлан заасан. Мөн тус зөвлөмжид маргаантай харилцааг зөв тодорхойлоход шүүгчийн зайлшгүй хийх ажиллагааг тусгайлан зохицуулахдаа “Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоохын тулд хэргийн нөхцөл байдал хангалттай бүрэн тогтоогдсон буюу цаг хугацааны хувьд болж өнгөрсөн үйл явдлуудын талаарх дүр зураг хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой болсон байх ёстой” гэж маш тодорхой заасан байна.Энэ агуулгаар харвал 2021 оны Б/291 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарч, уг тушаалаа нэхэмжлэгч В.Ц хүлээж авсны дараа тухайн тушаалын 2 дахь хэсэгт заасан цалин хөлсний тооцоо хэсэгт 2 сарын тэтгэмж нэмж авах хүсэлт гаргаснаар Б/291 дүгээр тушаалд холбогдох эрх зүйн харилцаа дуусгавар болж, тэтгэмжтэй холбоотой эрх зүйн харилцаа бий болсныг давж заалдах шатны шүүх анхаарч дүгнээгүй.Учир нь хариуцагч нь уг үндэслэлийг давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт ч маш тодорхой тайлбарлаж, давж заалдах гомдлыг хангахгүй байх үндэслэлээ уг үндэслэлээр тайлбарласан ч давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн уг үндэслэлд шүүх огт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаагүй.Хоёр. Эрх зүйн харилцаа тус бүрд дүгнэлт өгөөгүй:Талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл (эс үйлдэхүй)-г хэлцэл гэнэ” гээд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.Хэлцэл нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хууль зүйн тодорхой үр дагавар бий болгоход чиглэгдсэн, эрх зүйн дагуу үйлдэл (эс үйлдэхүй) байх бөгөөд манай тохиолдолд нэхэмжлэгч В.Ц нь тухайн орон тоо цөөрсөн болохыг бүрэн ухамсарлаж, ойлгон өөрт холбогдуулан гаргасан тушаалыг хүлээн авсан. Тэрээр өөрийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй нөхцөл байдлыг бүрэн ухамсарлаж өөрийн чөлөөт хүсэл зоригийн дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй харилцаанд эрх, үүрэг, өөрт хамаарах цалин хангамжийн хэсгээ өөрчлөн нэмэлтээр 2 сарын хугацаатай тэнцэх хэмжээний тэтгэмж авах хүсэлт илэрхийлсэн нь Иргэний хуулийн 40.1-ийн дагуу түүний хүсэл зориг хүчин төгөлдөр бөгөөд уг хүсэл зоригийг хариуцагч тал хүлээн авснаар талуудын хоорондын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж буй харилцаа өөрчлөгдөж, шинээр тэтгэмж авах эрхийн харилцаа бий болсон байхад давж заалдах шатны шүүх энэ хэсэгт огт дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар хоёул хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулиар тогтоосон журмыг баримталсан эсэх талаар маргасан мэтээр хийсвэр дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна.Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд:Давж заалдах шатны шүүхийн магадлалын 7.6-д “анхан шатны шүүх ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд өөрт нь мэдэгдэх журмыг зөрчсөн гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч адил чанарын өөр ажил, албан тушаалд тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. ...В.Ц-ыг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ.Давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэсэн нь дараах байдлаар илт хууль бус байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг ойлгоогүй байна. Учир нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2дахь хэсэгт “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр” гэдэг нөхцөлийг хэрэглэлгүйгээр шууд хуулийн 36.2-ийн дараачийн адил чанарын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдсэн нь 36.2-ийг буруу тайлбарлан хэрэглэсэн үйлдэл болсон.Ерөөс 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг 36.1-тэй цуг хэрэглэх бөгөөд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн шүүхийн шийдвэрээр тогтооход баримтлах хэм хэмжээ юм.Гэтэл В.Ц-ын хувьд жинхэнэ утгаараа тус орон тоо нь цөөрч байхгүй болсон байхад давж заалдах шатны шүүхээс 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг хэрэглэхийг тулгасан нь нэгдүгээрт: үлдсэн 2 орон тооноос нэгийг хасаж В.Ц-ыг ажилд авахыг тулгасан өөр ажилтны эрх ашигт хохиролтой шийдвэр, хоёрдугаарт: өөр хууль бус үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөд шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа дахин томилогдох үед тухайн орон тоо нь цомхотгогдсон байвал 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг хэрэглэх зохицуулалтыг андуурч хэрэглэсэн нь магадлал угаас үндэслэлгүй гарсныг илтгэж байна.Иймээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил буюу талуудын тайлбар. үндэслэлд үндэслэл бүхий тайлбар өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, эрх зүйн харилцааг зөв тогтоогоогүй, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг буруугаар тайлбарлаж, анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэсэн зэрэг үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

 

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.02.02-ны өдрийн 001/ШХТ2023/00144 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

 

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Нэхэмжлэгч В.Ц нь хариуцагч “Э С Р” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 39,156,745 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...ээлжийн амралттай байх хугацаанд орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан, энэ талаар хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, хэлтсийн дарга миний өмнөөс мэдэгдлийг авсан байсан, мэдэгдэл болон тушаалд заасан үндэслэл зөрүүтэй, орон тоо хасагдсан эсвэл цөөрсөн аль нь ч ойлгомжгүй байгаа, миний ажиллаж байсан Хангамж худалдан авалтын хэлтэс нь Хангамж худалдан авалтын газар болж өргөжсөн бөгөөд миний ажиллаж байсан худалдан авалтын мэргэжилтэн гэх албан тушаал хэвээр байгаа, орон тоо цөөрөөгүй, өөр хүн ажиллаж байгаа, хариуцагч нь ажилтнуудыг бөөнөөр халсан тул 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байхад 30 хоногийн өмнө мэдэгдсэн, эдгээр үндэслэлээр хариуцагчийн 2021.08.09-ны өдрийн Б/291 тоот тушаал хууль бус” гэж үзсэн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “Э С Р” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.07.06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс газар болж, Худалдан авалт, хангамж, дэд бүтцийн газрын хангамжийн мэргэжилтний орон тоог 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн, энэ талаар нэхэмжлэгчид 30 хоногийн өмнө мэдэгдсэн, мэдэгдлийг хэлтсийн даргад өгчих гэж утсаар мэдэгдсэний дагуу түүнд өгсөн, нэхэмжлэгч нь 2 сарын тэтгэмж олгохыг хүсч ажилтнуудын хамт хүсэлт гаргаж байснаар мэдэгдлийг авснаа хүлээн зөвшөөрсөн, ...улмаар тэтгэмжээ ч авсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцжээ.

 

9. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагчийн тушаалыг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх ажил олгогчийн тушаалын үндэслэл болох орон тоо цөөрсөн үйл баримтыг тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрсөн боловч хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн гэж дүгнэн, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Цыг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн тухай хариуцагч талын гомдол шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болсон ба давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд хүргүүлсэн тухайд агуулгыг бус хуульд заасан хэлбэрийн шаардлагыг илүү баримталсан нь алдаатай болсон, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс үзэв.

 

11. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа, гэрээг цуцалсан үндэслэл, журам, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг эрх зүйн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дах хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

 

12. Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд 2019.12.16-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, В.Ц нь 2021.01.18-ны өдрөөс тус байгууллагын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн худалдан авалтын мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан ба ажил олгогч “Э С Р” ХХК бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг В.Цт 2021.07.09-ний өдөр гардуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдсон, компанийн гүйцэтгэх захирлын 2021.08.09-ний өдрийн Б/291 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг баримтлан компанийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн үндэслэлээр В.Цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021.08.09-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогджээ.

 

“Э С Р” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.07.06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, үүнд Хангамж худалдан авалтын хэлтэс нь Хангамж, худалдан авалт, дэд бүтцийн газар болж, мэргэжилтний орон тоог 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн, үүний дагуу гүйцэтгэх захирал 2021.08.09-ний өдрийн Б/291 дугаар тушаалаар нэхэмжлэгч В.Цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх63, 67/

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэж заасан.

 

Хариуцагч байгууллага хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид гардуулахдаа Худалдан авалтын хэлтсийн дарга Н.С-р дамжуулан 2021.07.09-ний өдөр өгсөн болох нь гэрч Н.С-н “...В.Ц зуслан дээр байгаа, хот орж чадахгүй тул мэдэгдлийг миний өмнөөс нэр бичээд авчих гэсний дагуу хүлээж авсан” гэх мэдүүлэг, гэрч Э.М-н “...бүтцийн өөрчлөлт гараад бүх ажилчдад мэдэгдэл өгөх талаар удирдлагаас чиглэл өгсөн, тухайн үед В.Ц ээлжийн амралттай, утсаа аваагүй болохоор хэлтсийн дарга Н.Сд мэдэгдлийг өгөөд В.Цын нэрийг бичүүлж авсан” гэх мэдүүлэг, В.Ц нь 2021.08.11-ний өдөр 2 сарын тэтгэмж олгохыг хүссэн өргөдлийг ажил олгогчид гаргаж байсан баримтад тулгуурлан хуульд заасан хугацаанд мэдэгдлийг гардуулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь 2021.07.01-2021.07.28-ны хооронд ээлжийн амралттай байсан ба энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

13. Улсын Дээд шүүхийн 2006.07. 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан сарын өмнө мэдэгдэх гэснийг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулна гэж тайлбарлажээ. Энэ тайлбарт ажилтанд ...мэдэгдэл хүргүүлэх хэлбэрийн шаардлагыг буюу хуульд заасан хугацаанд гэрээг цуцлах тухай ажилтанд мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээ баталгаажуулах талаар тусгасан хэдий ч баталгаажуулаагүй боловч мэдэгдсэн үйл баримт тогтоогдох бодит нөхцөлийг үгүйсгээгүй юм. Нөгөө талаар, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй боловч ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ажилтанд мэдэгдэх журмыг зөрчсөн бол тушаалыг бүхэлд нь хууль бус гэж үзэх үр дагавар үүснэ гэх дүгнэлт үндэслэл муутай байна. Улмаар ажлын байр цөөрсөн нөхцөл байдал бүрэн тогтоогдож байхад ажилд эргүүлэн тогтоох үндэслэлгүй юм. Энэ утгаар давж заалдах шатны шүүх хуулийн дээрх хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзнэ.

 

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэх зохицуулалт зөвхөн энэ зүйлд буюу 36 дугаар зүйлийн 36.1.-д заасан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой.

 

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн, эсхүл ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй болно. Харин хуулиар ногдуулсан энэ үүргээ ажил олгогч тухайн орон тоо цомхотгогдсоноос болж биелүүлж чадахгүйд хүрэх тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болохыг хуулийн 36.2-т зохицуулсан бөгөөд тухайн эрх зүйн хэм хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан бүх тохиолдолд хамааруулах үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх  хуулийн эдгээр хэм хэмжээг зөв тайлбарлаж хэрэглээгүй байв.

 

15. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2022/02079 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2022/01924 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 341,529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАЯРМАА

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Г.АЛТАНЧИМЭГ

 

                  ШҮҮГЧИД                                                                  М.БАТСУУРЬ

 

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД