Шүүгчийн нэр | Б.Мөнхтуяа |
Шийдвэрийн огноо | 2022.12.12 |
Шийдвэрийн дугаар | 001/СХХТ2022/0004 |
Хэргийн индекс | |
Маргааны төрөл | Нээлттэй сануулах |
Хуулийн зүйл, заалт | МУШТХ-ийн 50.1.40, 57.1.1 |
Шийдвэрлэсэн байдал | Сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан |
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо | 2024.01.05, дугаар: |
Анхан шатны шүүх | Сахилгын хороо |
Давж заалдах шатны шүүхийн магадлалын огноо | 2024.01.05, дугаар: |
Давж заалдах шатны шүүх | Сахилгын хороо |
Шүүгч Н.Д, М.Б, С.Г
нарт холбогдохсахилгын хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Батдэлгэр, М.Батсуурь, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, сахилгын хэргийн оролцогч М.Б, С.Г, нарийн бичгийн дарга Б.Намсрай нарыг оролцуулж хийсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар хяналтын тогтоолтой, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д, М.Б, С.Г нарт холбогдох сахилгын хэргийг түүний гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Мөнхтуяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 167 дугаар магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40, 57 дугаар зүйлийн 57.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д, М.Б, С.Г нарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
2. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар хяналтын тогтоолоор Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 167 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгч Н.Д, М.Б, С.Г нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
3. Сахилгын хэргийн оролцогч Н.Д, М.Б, С.Г нар Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолдоо:
Гомдол гаргаж буй шийдвэр: Илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэнгийн 2022.04.04-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийг хянан хэлэлцэж гаргасан 2022.04.27-ны өдрийн 167 дугаар магадлал, Сахилгын хорооны 2022.06.07-ны өдрийн 08 дугаар хяналтын тогтоолыг тус тус эс зөвшөөрч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т зааснаар гомдол гаргаж байна. 1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т зааснаар мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасан оролцогчийн хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах эрхийг эдлүүлээгүй, хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй болно. Энэ нь сахилгын хэрэгт авагдсан ажиллагааны баримтаар нотлогдох бөгөөд гомдол баримт хавсаргах боломжгүй байна. 2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д би 2021.12.15-ны өдөр “С У” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүгч М.Б, шүүгч С.Г нарын бүрэлдэхүүнтэйгээр хуульд заасан журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргаж, шүүхийн шийдвэрийг бичиж боловсруулан, шүүх бүрэлдэхүүний саналыг тусган гарын үсэг зуруулж ёсчлуулсан байна.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д “Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгч М.А ын дүгнэлтийг үндэслэсэн болох нь 2021.12.15-ны өдрийн 872 дугаар шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт “...нэхэмжлэлийн хүрээнд шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ” гэж дурдсанаар нотлогдоно.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч М.А “Нэхэмжлэгчийн тендерийн багцад өгсөн үнийн дүн гуравдагч этгээдийн үнийн дүнгээс бага байсан. Мөн тендерийн үнэлгээний хороо хуралдахдаа амралтын өдөр хуралдсан гэж маргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй санагдаж байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд тус дүгнэлт болон хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгтавагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэсэн.Хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан болон үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг тодорхой бичсэн бөгөөд шүүхийн шийдвэрт “...Тус өдрийн хурлаар тендерийг хянан үзэж шийдвэр гаргасан болох нь хэрэгт авагдсан үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, хүснэгт зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн тендерийг хянан үзэж тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж үзлээ. ...Нэгэнт “С У” ХХК-ийн үнийн санал бүхэлдээ төсөвт өртгөөс давсан эсэх, эсвэл Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас нийлүүлэх барааны үнэ давсан эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр буюу үнэлгээний дүгнэлт байхгүй тул хэргийн оролцогчдын энэ талаарх үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй юм...” зэрэг дүгнэлтүүдээр иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн талаар тусгасан болох нь харагдаж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.9-д “Шүүх бүрэлдэхүүн энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно” гэж зааснаар үзвэл хуулийн тус заалт нь сонгох шинжтэй бөгөөд заавал шийтгэл оногдуулах агуулгагүй гэж үзэхээр байна.
Иймд тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг бичээгүй нь энэ хэргийн тухайд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй үндэслэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэсэн болон дүгнэсэн болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байхад сахилгын хороо яагаад Үндэслэх хэсэгт үндэслэлүүдийг тусгаагүй гэж үзсэн болохоо тайлбарлаагүй, дүгнэлт өгөөгүй байна. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сахилгын хэргийн оролцогч Н.Д, М.Б, С.Г нар Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолд нэмэлт тайлбартаа:
“Илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэнгийн 2022.04.04-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийг хянан хэлэлцэж гаргасан 2022.04.27-ны өдрийн 167 дугаар магадлал,Сахилгын хорооны 2022.06.07-ны өдрийн 08 дугаар хяналтын тогтоолыг тус тус эс зөвшөөрч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т зааснаар гаргасан гомдолд нэмэлт тайлбарыг хүргүүлж байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар сахилгын оролцогч буюу шүүгч нь материалтай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах эрхтэй бөгөөд тус эрхийг шүүгч нарт бодитоор эдлүүлээгүй, хэргийн материалтай танилцах нөхцөл бололцоогоор хангаагүй.Сахилгын хорооны анхан шатны хуралд шүүгч Н.Д оролцож хуралдааныг үргэлжлүүлсэн боловч хэргийн оролцогч, шүүгч С.Г, М.Б нар хэргийн материалтай танилцсан эсэх, танилцаж нэмэлт нотлох баримт гаргах эрхийнхээ дагуу баримт гаргах эрхийг тодруулаагүй юм.
Иймд Сахилгын хорооны 2022.04.27-ны өдрийн 167 дугаар магадлал, 2022.06.07-ны өдрийн 08 дугаар хяналтын тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн тайлбартаа:Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн би “С У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Л.Бат-Эрдэнэ нарын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д, М.Б, С.Г нарт холбогдуулан гаргасан өргөдлийг 2022.01.21-ний өдөр хүлээн авч 2022.02.21-ний өдрийн 505 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн. Холбогдох өргөдлийн дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагааг явуулж, 2022.04.04-ний өдрийн 13 дугаар илтгэгч гишүүний сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг үйлдсэн.
Дээрх дүгнэлтийг хянан хэлэлцсэн сахилгын хорооны хуралдааны 2022.04.27-ны өдрийн 167 дугаар магадлалаар илтгэгч гишүүний сахилгын зөрчил үйлдсэнийг нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч сахилгын шийтгэл оногдуулсан бол Сахилгын хорооны 2022.06.07-ны өдрийн 08 дугаар хяналтын тогтоолоор тус магадлалыг хэвээр үлдээсэн.
Дээрх хяналтын тогтоолд хэргийн оролцогчид болох шүүгч Н.Д, М.Б, С.Г нар гаргасан гомдолдоо: “...Илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэнгийн 2022.04.04-ний өдрийн 13 дугаар дүгнэлтийг хянан хэлэлцэж гаргасан 2022.04.27-ны өдрийн 167 дугаар магадлал, Сахилгын хорооны 2022.06.07-ны өдрийн 08 дугаар хяналтын тогтоолыг тус тус эс зөвшөөрч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т зааснаар гомдол гаргаж байна. 1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т зааснаар мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасан оролцогчийн хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах эрхийг эдлүүлээгүй, хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй болно. Энэ нь сахилгын хэрэгт авагдсан ажиллагааны баримтаар нотлогдох бөгөөд гомдол баримт хавсаргах боломжгүй байна.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д би 2021.12.15-ны өдөр “С У” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүгч М.Б, шүүгч С.Г нарын бүрэлдэхүүнтэйгээр хуульд заасан журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргаж, шүүхийн шийдвэрийг бичиж боловсруулан, шүүх бүрэлдэхүүний саналыг тусган гарын үсэг зуруулж ёсчлуулсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6-д “Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгч М.А ын дүгнэлтийг үндэслэсэн болох нь 2021.12.15-ны өдрийн 872 дугаар шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэгт “...нэхэмжлэлийн хүрээнд шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.” гэж дурдсанаар нотлогдоно. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч М.А “Нэхэмжлэгчийн тендерийн багцад өгсөн үнийн дүн гуравдагч этгээдийн үнийн дүнгээс бага байсан. Мөн тендерийн үнэлгээний хороо хуралдахдаа амралтын өдөр хуралдсан гэж маргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй санагдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд тус дүгнэлт болон хэргийн оролцогчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэсэн Хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан болон үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг тодорхой бичсэн бөгөөд шүүхийн шийдвэрт “...Тус өдрийн хурлаар тендерийг хянан үзэж шийдвэр гаргасан болох нь хэрэгт авагдсан үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, хүснэгт зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн тендерийг хянан үзэж тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж үзлээ. ...Нэгэнт “С У” ХХК-ийн үнийн санал бүхэлдээ төсөвт өртгөөс давсан эсэх, эсвэл Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас нийлүүлэх барааны үнэ давсан эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр буюу үнэлгээний дүгнэлт байхгүй тул хэргийн оролцогчдын энэ талаарх үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй юм....” зэрэг дүгнэлтүүдээр иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн талаар тусгасан болох нь харагдаж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.9-д “Шүүх бүрэлдэхүүн энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно” гэж зааснаар үзвэл хуулийн тус заалт нь сонгох шинжтэй бөгөөд заавал шийтгэл оногдуулах агуулгагүй гэж үзэхээр байна. Иймд тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг бичээгүй нь энэ хэргийн тухайд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй үндэслэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэсэн болон дүгнэсэн болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байхад сахилгын хороо яагаад Үндэслэх хэсэгт үндэслэлүүдийг тусгаагүй гэж үзсэн болохоо тайлбарлаагүй, дүгнэлт өгөөгүй байна” гэжээ.
Сахилгын хэргийн оролцогч нараас гаргасан гомдлын агуулга болох “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т зааснаар мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д зээсэн оролцогчийн хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах эрхийг эдлүүлээгүй, хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй...” гэх тухайд:
Илтгэгч гишүүн би “С У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Л.Бат-Эрдэнэ нарын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д, М.Б, С.Г нарт холбогдуулан гаргасан өргөдлийг 2022.01.21-ний өдөр хүлээн авч 2022.02.21-ний өдрийн 505 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэх тухай захирамжийг гаргаж, холбогдох шүүгчдэд захирамжийг гардуулан, эрх үүргийг танилцуулсан. Хэргийн оролцогч шүүгч Э.Д-д 2022.02.23-ны өдөр, шүүгч М.Б-т 2022.02.24-ний өдөр, шүүгч С.Г-д 2022.02.24-ний өдөр тус тус эрх үүргийг тайлбарлан өгсөн баримт хавтаст хэрэгт авагдсан. Дээрх эрх үүрэг танилцуулсан баримтад “Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах эрхийг эдэлнэ. Үүнд: 1. Өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах нотлох баримт гаргаж өгөх; 2. Сахилгын хорооны хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох, тайлбар гаргах, хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлтийг нэг удаа бичгээр болон цахимаар гаргах; 3. Сахилгын хорооны гишүүн, хуралдааны бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах; 4. Илтгэгч гишүүний сахилгын хэрэг үүсгэх тухай болон Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаас бусад захирамж. Сахилгын хорооны магадлалыг эс зөвшөөрвөл хуульд заасны дагуу гомдол гаргах зэрэг эрхтэй болохыг тайлбарлан өгч холбогдох шүүгч нар танилцан гарын үсэг зурсан, сахилгын хэргийг шалгах явцад дээрх эрхүүдийг эдлэх эрх нээлттэй, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах бүрэн боломжтой байсан боловч сахилгын хэргийн оролцогчид дээрх эрхээ өөрсдөө эдлээгүй болно. Илтгэгч гишүүний зүгээс сахилгын хэргийн оролцогч нар дээрх эрхийг эдлэхэд саад учруулаагүй бөгөөд дээрх эрхийг эдлүүлээгүй талаар ямар нэг үйл баримт, нотолгоог сахилгын хэргийн оролцогч нар ирүүлээгүй байна.
“...Хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй” гэх тухайд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.4-т “Сахилгын хэргийн оролцогчид Сахилгын хорооны хуралдаан болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө товыг мэдэгдэж, энэ тухай баримт үйлдэх сахилгын хэрэгт хавсаргана. Сахилгын хэргийн оролцогч Сахилгын хорооны хуралдааны товыг лавлах үүрэгтэй” гэж заасанчлан 2022.04.04-ний өдрийн 13 дугаар илтгэгч гишүүний сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хэлэлцэх сахилгын хорооны хуралдааныг гишүүний 2022.04.11-ний өдрийн 818 дугаар захирамжаар 2022.04.27-ны өдрийн 10 цагт товлон зарлаж, хуралдааны товыг 2022.04.19-ний өдөр шүүгч Н.Д-гийн ... дугаарын утсанд, М.Б шүүгчид ... дугаарын утсанд, С.Г ... дугаарын утсанд өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнийн ... дугаарын утсанд тус тус мэдэгдсэн баримт, 2022.04.27-ны өдрийн 167 дугаар сахилгын хорооны хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар тухайн сахилгын хорооны хуралдаанд хэргийн оролцогч шүүгч Н.Д биеэр ирж оролцсон, шүүгч М.Б, С.Г нарын “...шүүх хуралдаан давхацсан тул сахилгын хорооны хуралдааныг шүүгч нарын эзгүйд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэсэн хүсэлтийг сахилгын хорооны хуралдаан даргалагч уншиж танилцуулсан баримт, шүүгч М.Б, С.Г нарын сахилгын хороонд гаргасан хүсэлт,
2022.05.30-ны өдрийн 1068 дугаар “Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны тов тогтоох тухай гишүүний захирамжаар 2022.06.07-ны өдрийн 15 цагт товлон зарласан сахилгын хорооны хянан үзэх хуралдааны товыг 2022.05.30-ны өдөр шүүгч Н.Д-гийн ... дугаарын утсанд, М.Б шүүгчид ... дугаарын утсанд, С.Г ... дугаарын утсанд өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнийн ... дугаарын утсанд тус тус мэдэгдсэн баримт, 2022.06.07-ны өдрийн хянан үзэх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар тухайн сахилгын хорооны хуралдаанд хэргийн оролцогч, шүүгч Н.Д М.Б, С.Г нар биеэр ирж оролцсон зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан зэргээс хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй гэх сахилгын хэргийн оролцогчдын гомдол үндэслэлгүй байна.
“...тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг бичээгүй нь энэ хэргийн тухайд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй үндэслэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэсэн болон дүгнэсэн болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байхад сахилгын хороо яагаад Үндэслэх хэсэгт үндэслэлүүдийг тусгаагүй гэж үзсэн болохоо тайлбарлаагүй, дүгнэлт өгөөгүй байна” гэх тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлд Шүүхийн шийдвэрийн агуулгад заавал тусгах зүйлсийг заахдаа 107 дугаар зүйлийн 107.1-т “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ” гээд 107.3-т “Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана гэж тусгайлан заасан байна. Мөн тус хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийн 50.1.40-д “энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй” гэж заасан байх бөгөөд тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж, 66 дугаар зүйлийн 66.9-д “Шүүх бүрэлдэхүүн энэ хуулийн 66.7- д заасныг биелүүлээгүй бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно” гэж тусгайлан заасан.
Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д:
“Агуулга” гэдэг нь - үйл ажлын мөн чанар; ярианы гол санаа, сэдэв, **утга агуулга гэж тайлбарласан,
“Тодорхой” гэдэг нь -илт, илэрхий, тод; тодорхой ухагдахуун; саналаа товч бөгөөд тодорхой хэлэх; утга учир нь тодорхой; тодорхой санагдах; нэгд нэгэнгүй, дэлгэрэнгүй; тодорхой ярих; тодорхой мэдэх; бодитой; *тодорхой арга хэмжээ авах; тодорхой жишээ гэж тодорхойлсон байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.15-нь өдрийн 0872 дугаар шийдвэрийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар гэх зэргийг тусгаж, иргэдийн төлөөлөгч М.А-ын дүгнэлтийн агуулгыг буюу тайлбар тольд тайлбарласнаар дүгнэлтийн гол утга санааг бичээгүй, мөн дүгнэлтийн талаарх үндэслэлээ Үндэслэх хэсэгт тодорхой буюу толь бичигт тайлбарласнаар нэгд нэгэнгүй, дэлгэрэнгүй тусгаагүй, “...иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн...” гэсэн 3 үгийн хүрээнд тусгасныг “дүгнэлтийн талаарх үндэслэлээ” тусгасан гэж үзэх боломжгүй бөгөөд холбогдох шүүгч нарын ирүүлсэн тайлбар, С.Г шүүгчийн тайлбарт “тухайн шүүхийн шийдвэрийн тухайд тодорхойлох хэсэгт шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг бичилгүй орхигдуулсан байсныг анзааралгүй гарын үсэг зурсан байна” гэх, 2022.04.27-ны өдрийн сахилгын хорооны хуралдааны тэмдэглэлд тусгагдсан хэргийн оролцогч Н.Д-гийн хуралдаан даргалагчийн асуусан асуултад “тийм. Дүгнэлтийг үндэслэх ёстой, тодорхой бичээгүйгээ хүлээн зөвшөөрч байгаа, үүн дээр маргахгүй гэж хариулсан хариулт, 2022.06.07-ны өдрийн 08 дугаар хянан үзэх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан сахилгын хэргийн оролцогч М.Б-ийн “тусгах ёстой, энэ бол яалт ч гүй алдаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэх тайлбар зэрэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тодорхой бичээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх тул дээрх гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр хянан үзэх тогтоолд гаргасан сахилгын хэргийн оролцогчдын гомдлыг шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.6-д зааснаар буцаах үндэслэлтэй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
4. Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаас, шүүгч Н.Д, М.Б, С.Г нарын гаргасан гомдлоор сахилгын хэргийг хянан хэлэлцэж, Шүүхийн сахилгын хорооны магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Шүүхийн сахилгын хорооны хуралдаанд буцааж шийдвэрлэв.
5. Үйл баримтын талаар:
5.1 Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д, М.Б, С.Г нар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “С У” ХХК-ийн нэхэмжлэлтэй .... эмнэлэгт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж, шүүгч М.Б, С.Г нар бүрэлдэхүүнд оролцсон байна.
5.2 “С У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Л.Бат-Эрдэнэ нар Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө, ...шүүгч Н.Д нь “С У” ХХК-ийн нэхэмжлэлтэй .... эмнэлэгт холбогдох /гуравдагч этгээдээр “Ч” ХХК оролцсон/ тендерийн маргаантай хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн “Шүүгчид хориглох зүйл”-ийг зохицуулсан 50.1.1, 50.1.19, 50.1.23, 50.1.40, 66.7 дахь заалтуудыг зөрчсөн, ...иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичээгүй, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгаагүй, ...хариуцагч тал болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчтэй хувийн дотно харилцаатай, ...ашиг сонирхлын... давуу байдал бий болгосон, ...шүүгч нь албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашигласан, ...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж, нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. ...шүүх хуралдаанд 34 үндэслэл хэлэлцүүлж байхад зөвхөн 1 үндэслэлд дүгнэлт өгсөн. ...шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Б, С.Г нар оролцсон, эдгээр шүүгч нар бидний гаргасан гомдолд холбоотой тул оролцоог хамтатган шалгаж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
6. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
6.1 Гомдол гаргагч А.Эрдэнэбилэг, Л.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг Шүүхийн сахилгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулсан байна.
6.2 Шүүхийн сахилгын хорооны гишүүн гомдол шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 13 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг үйлдсэн байх ба уг дүгнэлтэд ...шүүгч Н.Д-д холбогдуулан гаргасан өргөдлийн тухайд, ...шүүгч нь өмгөөлөгч Д.Э-тэй хувийн дотно харьцаатай гэх үндэслэл тогтоогдоогүй, ...гомдолд заасан ...шинжээчийн дүгнэлтийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдаанд 34 үндэслэл хэлэлцүүлсэн байтал зөвхөн 1 үндэслэлд дүгнэлт хийсэн гэх гомдол нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой, ...харин шүүгч шийдвэрийн тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг бичээгүй, мөн үндэслэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлийг тусгаагүй, бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Б, С.Г нар нь уг алдааг хянаж засах үүргээ биелүүлээгүй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж дүгнэжээ.
Улмаар Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 818 дугаар захирамжаар нотлох дүгнэлтийг хэлэлцүүлэх Сахилгын хорооны хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10.00 цагт хийхээр товлон зарлаж, шүүгч нарт нотлох дүгнэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гардуулж, хуралдааны товыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн байна.
6.3 Шүүхийн сахилгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 167 дугаар магадлалаар, гишүүний гаргасан “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хянан хэлэлцэж, дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40, 57 дугаар зүйлийн 57.1.1-д заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Д, М.Б, С.Г нарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
6.4 Улмаар, шүүгч нарын гаргасан гомдлоор Шүүхийн сахилгын хороо магадлалыг хянаж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар хяналтын тогтоолоор ...анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг бичээгүй, үндэслэх хэсэгт мөн дүгнэлтийн талаарх үндэслэл тусгагдаагүй нь тогтоогдсон, шүүгч Н.Д, М.Б, С.Г нарт сахилгын шийтгэл оногдуулсан нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-д заасанд нийцсэн гэж дүгнэн, магадлалыг хэвээр үлдээсэн байна.
7. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
7.1 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.2-т сахилгын хэргийн оролцогч сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохыг, 105 дугаар зүйлийн 105.2-т илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэсний дараа шалгах ажиллагаа явуулах үндэслэлүүдийг нэрлэн зааж тус тус хуульчилсан.
7.2 Сахилгын хэргийн оролцогч шүүгч Н.Д, М.Б, С.Г нар Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг эс зөвшөөрч, гаргасан гомдолдоо ...Шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т зааснаар, Сахилгын хороо нь мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасан оролцогчийн хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах эрхийг эдлүүлээгүй, хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй болно... гэж, ...гомдолд ирүүлсэн нэмэлт тайлбартаа ...Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар сахилгын хэргийн оролцогч буюу шүүгч нь хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах эрхтэй бөгөөд тус эрхийг шүүгч нарт бодитоор эдлүүлээгүй, хэргийн материалтай танилцах нөхцөл бололцоогоор хангаагүй.Сахилгын хорооны анхан шатны хуралдаанд шүүгч Н.Д оролцож хуралдааныг үргэлжлүүлсэн боловч хэргийн оролцогч, шүүгч С.Г, М.Б нар хэргийн материалтай танилцсан эсэх, танилцаж нэмэлт нотлох баримт гаргах эрхийг тодруулаагүй. Иймд ...гаргасан гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.3 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.4-т “Сахилгын хэргийн оролцогчид Сахилгын хорооны хуралдаан болохоос долоогоос доошгүй хоногийн өмнө товыг мэдэгдэж, энэ тухай баримт үйлдэж, сахилгын хэрэгт хавсаргана. Сахилгын хэргийн оролцогч Сахилгын хорооны хуралдааны товыг лавлах үүрэгтэй” гэж заасан.
Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Сахилгын хороо нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10.00 цагт товлогдсон хуралдааны товыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгч Н.Д, М.Б, С.Г нарт утсаар мэдэгдсэн байх ба тухайн өдрийн хуралдаанд шүүгч Н.Д биечлэн ирж оролцсон, шүүгч М.Б, С.Г нар “...шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэх” хүсэлтийг гаргасан, мөн түүнчлэн Сахилгын хороо 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагт товлогдсон Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны товыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүгч нарт мөн утсаар мэдэгдэж, шүүгч Н.Д, М.Б, С.Г нар хуралдаанд биечлэн оролцсон зэргээс дүгнэхэд хэргийн оролцогч нарын “...хуралдааны товыг зохих ёсоор мэдэгдээгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
7.4 Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д сахилгын хэргийн оролцогч нь өргөдөл, мэдээлэл, сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй байхаар хуульчилсан.
Шүүхийн сахилгын хороо хэргийг хянан шийдвэрлэхдээ сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, тодруулбал сахилгын хэргийн оролцогч шүүгч Н.Д, М.Б, С.Г нарт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасан өргөдөл, мэдээлэл, хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхийг эдлүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т заасан Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл, аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн баримт мэдээлэл, тэдгээрийн агуулга, хэлбэрийн хувьд бүрэн танилцах оролцогчийн эрх нь, нөгөө талаас уг ажиллагааг хэрэгжүүлж буй байгууллага, албан тушаалтны чиг үүрэгтэй нягт уялдан хангагдаж байдаг нийтлэг зарчмаас үүдэлтэй юм.
Илтгэгч гишүүнээс “...хуулийн дагуу холбогдох шүүгчдэд захирамжийг гардуулж, эрх үүргийг танилцуулсан. ...сахилгын хэргийг шалгах явцад ...оролцогчийн эрхээ эдлэх нь нээлттэй, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах бүрэн боломжтой байсан боловч сахилгын хэргийн оролцогчид өөрсдөө эрхээ эдлээгүй болно. Илтгэгч гишүүний зүгээс сахилгын хэргийн оролцогчдод эрхээ эдлэхэд саад учруулаагүй бөгөөд дээрх эрхийг эдлүүлээгүй талаар ямар нэг үйл баримт, нотолгоог сахилгын хэргийн оролцогч нар ирүүлээгүй...” гэж хяналтын гомдолд тайлбар гаргасан байгаа боловч Сахилгын хороо нь сахилгын хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуульд заасан эрхийг бодитой эдлүүлж, үүргийг хүлээлгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ.
8. Иймээс Шүүхийн сахилгын хороо нь сахилгын хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхийг эдлүүлээгүй зөрчлийг арилгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нь зүйтэй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.8.3-т зааснаар сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 115.8.3-т заасныг баримтлан Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 167 дугаар магадлал, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаар хяналтын тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгч Н.Д, М.Б, С.Г нарт холбогдох сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
М.БАТСУУРЬ
Б.МӨНХТУЯА