МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ

2015 оны 10 дугаар сарын 26 -ны өдөр                                                                                     Улаанбаатар хот


“Алтайн хүдэр” ХХК болон “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”
ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа би “Алтайн хүдэр” ХХК болон “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци” ТББ-ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох, тус газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А199 дүгээр “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсгийн “уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж” хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 398 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хууль, Гаалийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонхийн саналаар шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа ... шүүхийн шийдвэрт хавсаргана” гэж заасны дагуу тусгай санал бичив.

Маргааны үйл баримтын талаар:

Анх Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай” тушаалаар “уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж - 1000 кг тутамд 1000 төгрөг, үүнээс нүүрс 1000 кг тутамд – 1500 төгрөг” гэж тогтоосон, үүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны А/83 дугаар тушаалаар “уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж – 1000 кг тутамд 1500 төгрөг” гэж өөрчилсөн, дээрх хоёр тушаалыг Хууль зүйн яамнаас хянан үзэж, “...үйлчилгээний хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг харгалзан тогтоох эрх олгогдсон байхад ... төлбөрийн хэмжээг нэмж тогтоосон нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-д нийцээгүй” гэх үндэслэлээр “.../дээрх/ тушаалуудыг хүчингүй болгож, хуулиар тусгайлан олгогдсон эрх хэмжээнд нийцүүлэн батлах” гэсэн дүгнэлтийг Хууль зүйн дэд сайдын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2/2334 дүгээр албан бичгээр Гаалийн ерөнхий газарт хүргүүлжээ.

Үүний дараа Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/199 дүгээр “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай” тушаалаар Гаалийн тухай хуулийн 26.1, 26.2 дахь хэсэг, Хууль зүйн яамны 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2/2334 дүгээр албан бичгээр ирүүлсэн дээрх дүгнэлтийг тус тус үндэслэн, тушаалын 1 дүгээр хавсралтаар “гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж”-ийн хэмжээг батлахдаа “нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг тонн тутамд 1500 төгрөг” гэж тогтоосон, үүнийг нэхэмжлэгч нараас “... дүгнэлтэд заасан зөрчлүүдийг засалгүй, хэвээр нь баталсан, ... хураамжийн хэмжээг үндэслэлгүй нэмэгдүүлж, дарамт учруулсан, ... хууль, ... журам зөрчсөн” гэж, хариуцагч “...хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалт болон түүнийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар:

Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/199 дүгээр “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай” тушаал нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр бөгөөд түүний “хууль, тогтоомжид нийцсэн” эсэхийг шүүх үнэлэхдээ:

- баталсан этгээд нь ийм шийдвэр гаргах эрхтэй эсэх (abuse of power)

- шийдвэр гаргахдаа хууль тогтоомжоор тусгайлан заасан журмыг баримталсан эсэх (procedural fairness)

- шийдвэрээр тогтоосон хэм хэмжээ (шийдвэрийн агуулга) нь хуульд нийцсэн эсэх (legality)

- үндэслэлтэй эсэх (reasonableness, rationality) гэсэн шалгууруудыг баримтлан шалгах ёстой, үүнийг захиргааны эрх зүйн нийтлэг зарчмын хүрээнд “doctrine of ultra vires” гэж нэрлэдэг.

Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “.../гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний/ хураамжийн хэмжээг ... гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно” гэж заасан тул Гаалийн ерөнхий газрын дарга энэ асуудлаар шийдвэр гаргах “эрхтэй эсэх” талаар маргаангүй, харин бусад гурван шалгуурыг хангаж чадаагүй тул уг захиргааны акт “хууль тогтоомжид нийцээгүй байна” гэж би үзлээ.

1. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг баталж, уг журмын 1.2-т “.../журмыг/ эрх бүхий этгээдээс гаргах захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсруулах, батлах, ...хянах, бүртгэх, нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөх”-өөр заажээ.

Үүний дагуу эрх бүхий этгээд захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа уг тусгайлан тогтоосон журмыг мөрдөх үүрэгтэй байтал Гаалийн ерөнхий газрын дарга 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/199 дүгээр “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай” хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахын өмнө уг журамд заасны дагуу нөлөөллийн шинжилгээ хийх, нөлөөллийн шинжилгээг Хууль зүйн сайдын 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тушаалаар баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын дагуу хийх, эрдэмтэн, судлаач, шинжээч, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй бүлгийн гэх зэргээр журамд заасан хүрээнд тэдний санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион явуулах, нөлөөллийн шинжилгээний танилцуулга, хэлэлцүүлгийн мэдээллийг хянуулах гэх мэт  нарийвчлан тогтоосон үйл ажиллагааны журмыг (due process) хангаагүй нь уг захиргааны актыг “хууль бус” гэж үзэх үндэслэл болно.  

Гэтэл анхан шатны шүүх “...Хууль зүйн яам ... маргаан бүхий ... тушаалыг хянаж ... улсын нэгдсэн бүртгэлийн 3409 дүгээрт бүртгэсэн тул...” шийдвэр гаргах журмыг зөрчөөгүй” гэж дүгнэсэн, давж заалдах шатны шүүх маргааны дээрх үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй, хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг “үндэслэлтэй” гэж үзлээ.

Хэрэв хяналтын шатны шүүхээс захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг Хууль зүйн яам бүртгэсэн нь түүнийг “хууль тогтоомжид нийцсэн” гэх үндэслэл болно гэж дүгнэвэл цаашид Хууль зүйн яаманд “бүртгэгдсэн” хэм хэмжээ тогтоосон захиргааны актын талаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан иргэн, хуулийн этгээдийн гомдол, нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан үзэх шаардлагагүй болохоор байна.

Түүнчлэн хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг бүртгэсэн Хууль зүйн яамны шийдвэрт гомдол гаргаагүй нь захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах, уг актын хууль зүйн үндэслэлийг шүүхээр хянуулах иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “захиргааны акт”-ын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар “гомдол”, “нэхэмжлэл” гаргах иргэн, хуулийн этгээдийн эрхийг ноцтой зөрчих үр дагаварт хүргэх юм.       

2. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ”, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...“бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг”, 3.1.12-т “... “гаалийн бүрдүүлэлт” гэж ...барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг” тус тус ойлгохоор, 26 дугаар зүйлийн 26.2-т “... /гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний/ хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг харгалзан гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно” гэж тус тус зааснаас үзвэл “гаалийн бүрдүүлэлтийн хураамж” төлөх хууль зүйн үндэслэл нь гаалийн байгууллагаас Гаалийн тухай хуульд заасан “гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ” үзүүлсэн байх, үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоохдоо “үйлчилгээний зардлыг харгалзах” хуулийн тусгайлсан шаардлагыг гаалийн хилээр нэвтрүүлж байгаа барааны нэр төрлөөс үл хамааруулан нийтлэг байдлаар тогтоон, хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гаалийн хилээр нэвтрүүлж байгаа бараа нь уул уурхайн эсхүл хөдөө аж ахуйн, өөр бусад бүтээгдэхүүн эсэхээс үл хамааран гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ болох “...гаалийн бичиг баримтыг шалгах, ...шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ...барааг олгох, ...хилээр гаргахыг зөвшөөрөх” үйлчилгээг гаалийн байгууллага иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж, түүнийхээ хариуд үйлчилгээний зардлыг харгалзан тогтоосон хэмжээгээр үйлчилгээний хураамж авах эрхтэй байна.

Гаалийн ерөнхий газрын дарга маргаан бүхий 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/199 дүгээр “Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн хэмжээ”-г батлахдаа “...гаалийн хилээр нэвтэрсэн бараа, тээврийн хэрэгсэлд /нийтлэг байдлаар/ гаалийн бүрдүүлэлт хийхэд 7000 төгрөг” гэсэн атлаа “...экспортод гаргах нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж - тн тутамд 1500 төгрөг” гэж тогтоосон, энэ тохиолдолд үйлчилгээний хураамжийг ялгаатай тогтоосон үндэслэл нь Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “үйлчилгээний зардлыг харгалзах” зарчмын хүрээнд тодорхойлогдох ёстой гэж үзнэ.

Гэтэл хариуцагч үйлчилгээний хураамжийн хэмжээг ялгаатай тогтоосон үндэслэлээ “...уул уурхайн компаниуд ... давхар татвараас хөнгөлөх гэрээнд хамрагдсан, ...1 кг тутамд 1 төгрөг 50 мөнгөний хураамж ногдуулж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй, ... ашигт малтмалыг экспортын ямар ч татваргүйгээр гаргаж байна”, “...уул уурхайн бүтээгдэхүүний онцлог ачилт, тоосжилт, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, ажиллах нөхцөл, цаг хугацаа харьцангуй их шаарддаг” гэх мэтээр шүүхэд тайлбарлаж байгаагаас үзвэл хариуцагч нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоохдоо “...үйлчилгээний зардлыг харгалзах” хуулийн шаардлагад нийцүүлээгүй, “тонн тутамд 1500 төгрөг” гэж үндэслэлгүйгээр тогтоосон гэж үзэхээр байна.

Гаалийн ерөнхий газрын дарга маргаан бүхий 2013 оны А/199 дүгээр тушаалаар гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийг өмнөхөөс нь 50 хувиар нэмэгдүүлсэн, энэ үндэслэлээ “...гаалийн байгууллагын үйл ажиллагааны зардал нэмэгдсэн” гэж тайлбарласныг шүүхүүд хүлээн авч, “...боомтуудын нийт зардал 2008-2013 онд 258 хувиар өссөн.../иймээс/ үйлчилгээний хураамжийг үйлчилгээний зардалд үндэслээгүй гэж үзэх ... үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь буруу юм.

Учир нь, гаалийн байгууллагын үйл ажиллагааны нийт зардал нэмэгдсэн нь тодорхой нэг нэр төрлийн барааны хувьд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийг шууд нэмэгдүүлэн тогтоох үндэслэл болохгүй, гаалийн байгууллагын үйл ажиллагааны нийт зардлыг зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний зардалтай шууд холбон авч үзэх үндэслэлгүй байв.

Түүнчлэн шүүх “...тн тутамд 1500 төгрөг гэж тогтоосон нь Гаалийн ерөнхий газрын даргын хуулиар олгогдсон эрх, хэмжээнийхээ хүрээнд байна”, “гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний зардлыг гаалийн байгууллагын үйл ажиллагааны нийт зардалтай уялдуулан авч үзэх үндэслэлтэй” гэж дүгнэжээ.

Гэтэл Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтаас үзэхэд гаалийн бүрдүүлэлтийн хураамжийг зорилго, агуулга нь гаалийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд бус зөвхөн гаалийн хилээр бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “...гаалийн бичиг баримтыг шалгах, ...шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ...барааг олгох, ...хилээр гаргахыг зөвшөөрөх” үйлчилгээг үзүүлэхэд гарах зардлыг нөхөх агуулгатай байх тул энэ заалтаар гаалийн хилээр нэвтэрч байгаа бараа, бүтээгдэхүүнийг өөрийн үзэмжээр нэр төрлөөр нь ялгаварлан, тоо хэмжээнээс нь шууд хамааруулан хураамжийн хэмжээ тогтоох эрхийг Гаалийн ерөнхий газрын даргад олгосон гэж үзэхгүй.  

Шүүхүүд хариуцагчийн “хураамжийн хэмжээ тогтоох эрх” нь түүний “абсолют” эрх биш, хураамжийн хэмжээг тогтоохдоо зөвхөн “үйлчилгээний зардалд үндэслэх” хуулийн тусгай шаардлагыг хангах нарийвчилсан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “...үйл ажиллагааны зардал өссөн” гэх ерөнхий үндэслэлээр үйлчилгээний хураамжийг “тонн тутамд 1500 төгрөг гэсэн нь үндэслэлтэй” гэж дүгнэснээр цаашид гаалийн хилээр нэвтрүүлж байгаа аливаа бараа, бүтээгдэхүүний ширхэг эсхүл килограмм тутамд гаалийн бүрдүүлэлтийн хураамж авах, үйлчилгээний хураамжийг үйл ажиллагааны зардал өссөн хэмжээгээр (энэ тохиолдолд шүүхийн дүгнэснээр 258 хүртэл хувиар) нэмэгдүүлэн тогтоох хууль зүйн боломжийг агуулгын хувьд хүлээн зөвшөөрөх үр дагавар үүсгэхээр байна.   

3. Аливаа захиргааны акт хуульд нийцсэн байхаас гадна агуулгын хувьд энгийн ухамсрын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц, ойлгомжтой, логик уялдаатай, “үндэслэлтэй” (rational) байх хууль зүйн шаардлага бий.

Миний бодлоор, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ нь төрийн үйлчилгээ болохын хувьд төрөөс иргэн, аж ахуйн нэгж байгууллагад гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг “ашиг олох” зорилгоор үзүүлэх ёсгүй, энэ ч үүднээс Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...үйлчилгээний хураамжийн хэмжээг үйлчилгээний зардалд үндэслэх” зарчмыг хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн зарим үйлчилгээ үнэ төлбөргүй, эсхүл зардлаас хамаарахгүй бага байдаг бол зарим нь зардалд үндэслэгдсэн байх боломжтой, харин төрөөс үзүүлсэн үйлчилгээний хураамж нь үзүүлсэн үйлчилгээ, түүнд гарсан зардлаас илүү буюу бизнесийн зарчмаар, төрд “ашиг”, “нэмүү өртөг” бий болгох зорилготой байж болохгүй, ийм зорилгоор төрөөс үйлчилгээ үзүүлэх нь төрийн үндсэн чиг үүргийн агуулгад нийцэхгүйн дээр Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны А/199 дүгээр тушаалаар тогтоосон журмын дагуу гаалийн хилээр нэг машин малын арьс шир (тоо хэмжээ харгалзахгүй) гаргахад гаалийн байгууллага 7000 төгрөгийн, нэг машин уул уурхайн бүтээгдэхүүн буюу жонш, нүүрс, төмрийн хүдэр гаргахад (нэг машинд 80 тн гэж үзвэл) 120 000 төгрөгийн гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж авахаар байгаа нь ямар ялгаатай үйлчилгээ үзүүлсний төлөө үйлчилгээний хураамжийг ийнхүү ялгаатай тогтоосон нь ойлгомжгүй, үйлчилгээний хураамжийн хэмжээг “тонн тутам”-аар тооцож авах үндэслэл тодорхойгүй, зөвхөн нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүнд үйлчилгээний хураамжийг ялгавартай буюу бусад бараа, бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэт өндөр тогтоосон байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн  Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “...шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй байна.

Түүнчлэн тонн тутамд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэггүй атлаа тонн тутамд суурь “үнэлгээ” тогтоож, “нүүрс”, “уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн” гэх зэргээр барааны нэр төрөл, хэмжээнээс хамааруулан үйлчилгээний хураамжийг тогтоосон нь хуулиар тодорхойлсон “үйлчилгээний хураамж”-ийн агуулгатай зөрчилдсөн, харин Татварын ерөнхий хуулиар тогтоосон “...хэмжээ, болон ... үнийн дүнгээс хамааралтай” тогтоодог шууд татвар, “... бараа, үйлчилгээний нэр төрөлд” хамааруулан тогтоодог шууд бус татварын агуулгатай ижил байна гэж дүгнэхээр байна.

Шүүгчийн зүгээс хэргийг хэлэлцэх явцад дээрх үндэслэлүүдийг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаж, шүүхийн шийдвэр, магадлалд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар шүүх бүрэлдэхүүнд санал гаргасан боловч олонхийн дэмжлэг аваагүй тул цаашид захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт холбогдох маргааныг шүүх зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэх үүднээс энэхүү тусгай саналыг бичив.

 

 

ШҮҮГЧ                                    Д.МӨНХТУЯА