МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТУСГАЙ САНАЛ


2015 оны 09 дүгээр сарын 28 -ны өдөр  Улаанбаатар хот


Ч.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа би Ч.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргад холбогдох, тус сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 4 дүгээр багийн Засаг даргыг томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгаж, ... нийт 22 сарын хугацаанд авах ёстой байсан цалин болох 10.531.510 төгрөгийг Б.Батбаяраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай, Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар санал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүний олонхын саналаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа ... шүүхийн шийдвэрт хавсаргана” гэж заасны дагуу тусгай санал бичив.

Маргааны үйл баримтын талаар:

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж 02 дугаар тогтоол гаргасан, уг тогтоолоор багийн Засаг даргад нэр дэвшин, олонхийн санал авсан Ч.Цэрэндоржийг 4 дүгээр багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг Төгрөг сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн, Төгрөг сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/79 дүгээр захирамжаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4 дэх заалт ...”-ыг үндэслэн  Ч.Цэрэндоржийг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан байна.

Нэхэмжлэгч Ч.Цэрэндорж “...миний бие хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, хууль зөрчсөн зүйл огт байхгүй байхад ... намайг томилохоос татгалзаж байгаа нь ... /хууль бус/” гэж, хариуцагч “...багийн иргэдийн Нийтийн Хурал хууль зөрчин хуралдаж /шийдвэр гаргасан/, ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу /татгалзах эрхтэй/...” гэж тус тус маргажээ.

Маргаан бүхий Төгрөг сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/79 дүгээр захирамжийг Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн а/379 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, уг захирамжид холбогдуулан талууд маргаагүй тул дээрх захирамжуудын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэлийн бусад шаардлагад холбогдуулан дүгнэлт хийлгүй, зөвхөн нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийн “...4 дүгээр багийн Засаг даргыг томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага, түүнийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт холбогдуулан энэхүү тусгай саналыг бичсэн болно.

Хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалт болон түүнийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар:

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийн “...4 дүгээр багийн Засаг даргыг томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг тайлбарлан хэрэглэхгүйгээр “...нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийг Төгрөг сумын 4 дүгээр багийн Засаг даргаар томилох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Төгрөг сумын Засаг дарга Б.Батбаярт даалгаж” шийдвэрлэсэн, хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээсэн, ингэхдээ уг маргааны хувьд хэрэглэх ёстой Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэнгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн ... баг...-ийн Хурлаас нэр дэвшүүлж, ... харьяалах сум...-ын Засаг дарга ... дөрвөн жилийн хугацаагаар томилно” 3-т “...дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “баг .../-ийн/ Засаг даргад ... нийтийн Хуралд оролцож байгаа иргэд ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-т “энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг .../-ийн/ Засаг даргыг сум ...-ын Засаг дарга ... 4 жилийн хугацаагаар томилох”, 26.4-т “... нэр дэвшигчийг ... эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал...” гэж тус тус заасан байх тул сумын Засаг дарга нь багийн Засаг даргад томилуулахаар иргэдийн Нийтийн Хурлаас санал болгосон нэр дэвшигчийг эхний удаад татгалзах эрхтэй, уг эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтаар түүнд тусгайлан олгосон гэж үзэхээр байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх”, “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх”, “ялгүй байх” шаардлагууд нь багийн Засаг даргад нэр дэвшигчид тавигдах ерөнхий шаардлага бөгөөд энэ шаардлагуудыг нэр дэвшигч хангасан байдал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан сумын Засаг даргын “томилохоос татгалзах” бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “...томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэсэн нь багийн иргэдийн Нийтийн Хурлаас Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн этгээдийг сумын Засаг дарга “байнга татгалзах” боломжийг хязгаарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан журмын дагуу иргэдийн Нийтийн Хурлаас дахин нэр дэвшүүлсэн тохиолдолд сумын Засаг дарга Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор нэр дэвшсэн этгээдийг томилох шийдвэр гаргах үүрэгтэй байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.Цэрэндоржийг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолоор анх багийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэн Төгрөг сумын Засаг даргад уламжилсан, Төгрөг сумын Засаг даргаас Ч.Цэрэндоржийг томилохоос татгалзсан шийдвэр гаргаснаас хойш 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан журмын дагуу дахин хуралдаж, Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тогтоол гаргаагүй, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Цэрэндорж болон хариуцагч Төгрөг сумын Засаг дарга нарын хооронд хуулиар тусгайлан журамласан харилцаа үүссэн, уг харилцааг зохицуулсан хуулийн нарийвчилсан зохицуулалт байхад шүүх түүнийг тайлбарлан хэрэглээгүй, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тусгайлан олгогдсон хариуцагчийн бүрэн эрхийг шууд үгүйсгэж, “...Ч.Цэрэндоржийг ... 4 дүгээр багийн Засаг даргаар томилох ...-ыг даалгаж” шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хууль дээдлэх нь шүүхийн ... үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 7.3-т “шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль...-ийг хэрэглэнэ”, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэнгүй гэж үзлээ.

Шүүгчийн зүгээс хэргийг хэлэлцэх явцад дээрх хуулийн заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаж, “...Ч.Цэрэндоржийг 4 дүгээр багийн Засаг даргаар томилохыг даалгасан” анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй талаар шүүх бүрэлдэхүүнд санал гаргасан боловч олонхийн дэмжлэг аваагүй тул цаашид нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, нутгийн өөрөө удирдах болон төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч субъектүүдийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоход ач холбогдолтой гэх үүднээс энэхүү тусгай саналыг гаргав. 

 

 

ШҮҮГЧ                                        Д.МӨНХТУЯА